| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/0043/и |
| Дугаар | 47 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 47
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багт оршин суух Загар овогт Цэдэндоржийн Дашням
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.01.09-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнийг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Загар овогт Цэдэндоржийн Дашням шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Би Дарьганга суманд 1957 онд төрсөн. 16 наснаасаа эхэлж эцэг эхээ дагаж 1973 оноос мал малласан. Одоо тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1973-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Загар овогт Цэдэндоржийн Дашням нь 1973 оны 03-р сараас 1974 оны 6 сарыг хүртэл, 1978 оны 9 дүгээр сараас 1990 оныг дуустал Дарьганга сумын Дарьганга нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2013.04.03-ны өдрийн 201/15 тоот лавлагаа, гэрч Г.Дарьсүрэнгийн шүүхэд өгсөн “ . . . Манай аав З.Гомбожавыг Дарьганга нэгдлийн 1 дүгээр бригадын дарга хийж байх үеэс Ц.Дашням нь аав ээжийнхээ хамт мал маллаж байсан. Би сургууль төгсөж ирээд Дарьганга нэгдлийн нягтлан бодогчоор ажилд ороход Ц.Дашням нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Аав ээжийнхээ гар дээр мал маллаж байгаад Наран сумаас эхнэр авч айл гэр болж бие дааж мал малласан. Ц.Дашням Дарьганга нэгдлийг тарах хүртэл мал малласан. Нэгдэл тарж Жаргалант хоршоолол болоход уг хоршоололд малчнаар ажиллаж байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч “ Д.Энхтуяагийн шүүхэд өгсөн ” . . .Бид багаасаа л нэг нутагт хамт өссөн. Би 1977 онд илгээлтээр хөдөө гарч малчин болсон. Ц.Дашням надаас 3 ах. Ц.Дашням нь 7 дугаар анги төгсөөд Дарьганга сумын Дарьганга нэгдэлд илгээлтээр малчин болсон. Тэр үед 15 настай л малчин болсон байхаа. Гэхдээ 16 наснаасаа нэгдлийн гишүүн болж цалин хөлсөө авсан байж магадгүй. Тэр талаар бол нарийн сайн мэдэхгүй байна. Ц.Дашням бол 1975-1978 онуудад цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Эднийх Хөөвөр, Үүд гэх газруудаар нутагладаг, бог мал маллаж байсан. Ц.Дашням насаараа л мал малласан. Одоо ч малаа маллаж байгаа. Бид хамт ажиллаж байсан болохоор сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар Ц.Дашнямын ажиллаж байсан нь нотлогдож байх тул 1973-1990 онуудад ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Дашнямыг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Загар овогт Цэдэндоржийн Дашням нь 1973 оны 3 сараас 1974 оны 6 сарыг хүртэл, 1978 оны 9 дүгээр сараас 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг тус тус баримтлан Ц.Дашнямыг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Дашням шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ