Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 450

 

 

 

 

 

 

 

   2020            5              04                                       2020/ШЦТ/450                                

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Л.Гансүх,

хохирогч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Оад холбогдох эрүүгийн .... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Х.О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.О нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруда” төвийн ойролцоо автомашины зогсоолын улмаас иргэн Б.Нтэй маргалдан, биед нь халдан, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хацар, хүзүү, мөрөнд зулгаралт, үс халцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н мэдүүлэхдээ:

“...2020 оны 10 дугаар сард машинтайгаа уруудаад ирэхэд машины зогсоолд зай байхаар нь тэр зайнд машинаа тавьсан. Тэгээд шүүгдэгч гичий минь наад машинаа холдуул би машинаа тавих гэж байна гэж хэлсэн. Тухайн үед би юм хэлэлгүй дуугүй машинаа зогсоолд тавьчихаад хаалгаар орох гэтэл араас ирээд үсдсэн. Би тухайн үед машины зогсоолоос болж ийм байдал үүснэ гэж бодоогүй. Тэгээд Э- гарч ирээд цагдаа дуудаад цагдаагийн газар очсон. Тухайн үед би машинаа барих чадваргүй байсан тул цагдаагийн машинаар Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэст очсон. Би тухайн үед өргөдөл өгөхдөө камерийн бичлэгийг шүүж үзмээр байна гэж хүссэн. Миний хэрэг 5 дахь байцаагч дээр шалгагдаад шүүхэд шилжсэн. Би толгойн томаграфикийн зураг 130,000 төгрөгөөр авахуулсан. Шинжээч харъяа эмнэлэгтээ үзүүлээд маргааш ирээрэй гэж хэлсэн. Маргааш нь эмчид үзүүлээд очсон. Миний эмчлүүлэгчийн картанд олон эмчилгээ бичиж өгсөн. Би цаашдаа нүдний эмчид үзүүлнэ, тархины иммарайн зураг авахуулна. Тухайн үед харуулсан зурагт толгой битүү хавдартай байгаа тул тодорхой харагдахгүй байна гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Тархинд 5-6 эмчилгээ бичигдсэн. Тухайн эмчилгээг хийлгээд дахин тархины иммарайн зураг авхуулах ёстой гэж эмч хэлсэн. Мөн нүдээ эмнэлэгт үзүүлнэ. Тиймээс би цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Оын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4 замын Баруда төвийн гадна зогсоол хүлээгээд машин дотроо нөүтбүүк дээрээ ажлаа хийгээд сууж байсан. Хэдэн цагт гэдгийг санахгүй байна. Зогсоол хүлээгээд 1 цаг машиндаа суусан. Тэгээд 1 зогсоол гарахаар нь ухраад орж байсан чинь 61-44 УНХ улсын дугаартай хар өнгийн машин урд талаараа төв замаар тэр зогсоол руу ороод ирсэн. Би машин дотроо гутлаа тайлаад суучихсан байсан болохоор буулгүй машины хаалгаа онгойлгоод би наад зогсоол руу чинь орж байна шүү дээ гэхэд Н гэх эмэгтэй би тэгвэл орчихлоо гээд тавлаад хэлсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүн байж ямар бүдүүлэг юм бэ гэхэд “би орчихлоо, орж байхгүй яасан юм” гэсэн. Тэгэхээр нь буцаж хаалгаа хаагаад гутлаа өмсөөд бууж очоод чи наад машинаа холдуулаач гэсэн чинь нөгөө хүүхэн орохгүй яасан юм гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд миний уур хүрээд тэр эмэгтэйгийн машины баруун урд талын дугуй руу өшиглөхөд Н гараараа намайг  1 удаа түлхээд би хойшоогоо ухраадмашиныхааард талыг налж зогссон. Тэгээд би буцаагаад Нийг 1 удаа түлхсэн. Тэгсэн тэр хүүхэн түлхүүр барьсан гараараа зүүн хацар руу хүчтэй 1 удаа цохьчихоод яваад өгөхөөр нь араас нь очоод хоёр гараараа Нийн үснээс зулгаахад миний үснээс зөрүүлээд зулгаасан. Тэгээд бид хоёр харилцан үсээ зулгаалцаад салаад хоёулаа цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 167-168/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16:10 цагийн орчимд Баянгол дүүргийн 16-р хороо Баруда төвийн урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 61-44 УНХ улсын дугаартай субару маркийн хар өнгийн машинтай явж байгаад зогсоол дээр ирээд тавьтал нэг эмэгтэй машинаас бууж ирээд наад машинаа холдуул би машинаа тавих гэж байна гэж хэлэхээр нь би тавьчихлаа гэж хэлээд машинаа цоожлоод цаашаа эргээд алхтал нөгөө эмэгтэй араас үснээс зулгаагаад толгой руу 5-6 удаа цохихоор эргэж хараад болиоч балай юм уу хаашаа юм гэж хэлээд түлхсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй буцаж ирээд дахин үснээс зулгаагаад толгойны орой хэсэг рүү цохиж нуруу орчим гараараа цохисон чинь би газар суусан чинь манай ажилчин гарч ирээд та эгчээ болиочээ гэж хэлтэл нөгөө эмэгтэй чи энэ машинаа холдуул гэж хэлээд миний машины баруун талын 2 хаалга руу 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,    

 

Мөрдөн байцаалтад шинжээч Н.Т-гийн өгсөн:

“...Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хацар хүзүү, мөрөнд зулгаралт, үс халцралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилтоос бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилтыг нүдний алимны чичирхийлэлт хөндлөн бага далайцтай илэрнэ, дагзны булчингийн хөшингө 3 хуруу гэх онош илэрч байх тул тархи доргилт гэх гэмтэл тогтоогдож байна. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн КТГ-д тогтоогдсон гэмтэл нь тархи доргилтод нөлөөлөхгүй. Тархи доргиход толгой өвдөнө, дотор муухайрна, бөөлжих гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Би Б.Нт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 50 минутад үзлэг хийсэн байна...” гэх мэдүүлэг /хх-н 47-49/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Э-ын өгсөн:

“...Би Н эгчээс мөнгө авах гээд Баруун 4 зам дээр очсон. Тэгээд би Н эгчтэй уулзсан чинь баруун 4 замын Бундара төвд хүнд юм өгнө гээд машинаа бариад би хажууд нь суугаад явсан. Хэдэн цагт очсоныг сайн санахгүй байна. Бундара төвийн үүдэнд машинаа байрлуулаад би машинаас түрүүлж буугаад манаач ахад юм өгөх гээд буусан. Юу авч явснаа санахгүй байна. Би манаач ахад юмаа оруулж өгчихөөд Н эгчийг орж ирэхгүй байхаар нь гадагшаа гартал нэг эмэгтэйд үсдүүлчихсэн зогсож байсан. Тэгээд би очоод боль гээд хэлсэн чинь өөрсдөө салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 108-109/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот: 

  1. Б.Нийн биед тархи доргилт, хацар, хүзүү, мөрөнд зулгаралт, үс халцралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

  5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 41/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 427 тоот:

  1. Б.Нийн биед тархи доргилт, хацар, хүзүү, мөрөнд зулгаралт, үс халцралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

  3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд боломжтой.

  4. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

  6. Дээрхи гэмтлүүдээс тархи доргилт, хацар хэсгийн зулгаралт нь гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Хүзүү, мөрний зулгаралт, үсний халцралт гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-н 120-122/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 171/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 179/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 192/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.О нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруда” төвийн ойролцоо автомашины зогсоолын улмаас иргэн Б.Нтэй маргалдан, биед нь халдан, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хацар, хүзүү, мөрөнд зулгаралт, үс халцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Х.Оын “...миний уур хүрээд тэр эмэгтэйгийн машины баруун урд талын дугуй руу өшиглөхөд Н гараараа намайг  1 удаа түлхээд би хойшоогоо ухраадмашиныхааард талыг налж зогссон. Тэгээд би буцаагаад Нийг 1 удаа түлхсэн. Тэгсэн тэр хүүхэн түлхүүр барьсан гараараа зүүн хацар луу хүчтэй 1 удаа цохьчихоод яваад өгөхөөр нь араас нь очоод хоёр гараараа Нийн үснээс зулгаахад миний үснээс зөрүүлээд зулгаасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Нийн “...нөгөө эмэгтэй араас үснээс зулгаагаад толгой руу 5-6 удаа цохихоор эргэж хараад болиоч балай юм уу хаашаа юм гэж хэлээд түлхсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй буцаж ирээд дахин үснээс зулгаагаад толгойны орой хэсэг рүү цохиж нуруу орчим гараараа цохисон чинь би газар суусан чинь манай ажилчин гарч ирээд та эгчээ болиочээ гэж хэлтэл нөгөө эмэгтэй чи энэ машинаа холдуул гэж хэлээд миний машины баруун талын 2 хаалга руу 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,   

 

шинжээч Н.Т-гийн “...Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хацар хүзүү, мөрөнд зулгаралт, үс халцралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилтоос бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Э-ын “...Би манаач ахад юмаа оруулж өгчихөөд Н эгчийг орж ирэхгүй байхаар нь гадагшаа гартал нэг эмэгтэйд үсдүүлчихсэн зогсож байсан. Тэгээд би очоод боль гээд хэлсэн чинь өөрсдөө салцгаасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 427 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Оад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Х.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирол төлсөн гэх баримт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.Н нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлж байх тул хохирогчийг хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Х.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Х.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ