| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2020/0438/Э |
| Дугаар | 454 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Үүлэн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 454
2020 5 05 2020/ШЦТ/454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Д.Үүлэн,
шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Нт холбогдох эрүүгийн ....... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............. дугаарын регистртэй, П.Н.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч П.Н нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөл нэртэй хүнсний дэлгүүрт зээлээр бараа өгсөнгүй гэж маргаан үүсгэн, хохирогч Х.О-ийн толгойн тус газар пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь зулайд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Нийн өгсөн:
“...2020 оны 3 дугаар сарын 20-ны орой өөрийн найз Х-тэй уулзах гээд гэрт нь ирсэн чинь Х- гэртээ байхгүй байсан. Би Х-гийн гэрээс гараад өөрийн найз Н-эй утсаар ярьсан чинь одоо О-тай гэрт нь очиж уулзах гэж байна гэхээр нь дэлгүүрээс юм аваад О-гийн гэр лүү явах гээд “Төгөл” хүнсний дэлгүүрт орж чипс, ундаа, тамхи, чихэр, пиво аваад кассан дээр очоод тооцоогоо хийх гэсэн чинь миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Би өөрийн дансанд мөнгө байгаа гэж бодож байсан. Тэгээд худалдагч эгчид одоо удахгүй миний дансанд мөнгө орж ирнэ би түр гар утсаа үлдээчихээд буцаж ирээд авъя гэсэн чинь худалдагч эгч чи мөнгөгүй юм бол юугаа хийж дэлгүүрт орж ирдэг юм гуйлгачин түүлэгчин гичий минь гэх зэргээр хараагаад байхаар нь миний уур хүрээд худалдаж авч байсан Эса нэртэй пивоны шилээр толгой хэсэгт нь нэг удаа цохиод зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,
Мөрдөн байцаалтад хохирогч Х.О-ийн өгсөн:
“...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Төгөл хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх үед саарал өнгийн хүрэмтэй хар өнгийн масктай хүүхэд орж ирээд чипс, шампунь, самар, ундаа, 1 шил пиво авахад 8,200 төгрөг болтол нэмээд Гуали нэртэй 0,5 литрийн 12,900 төгрөгийн архи нэмж бичүүлээд дахин нэг шил огурцы нэмж аваад 25,000 орчим төгрөг болсон. Картаа өгөөд уншуултал үлдэгдэл хүрэлцэхгүй гээд карт нь уншихгүй байсан. Тэгтэл хүн рүү залгаад мөнгө чинь орж ирээгүй байна гээд утсаар яриад байхаар нь би авсан юмнуудыг нь хураалгүй картыг нь ширээний урд тавиад сууж байтал утсаа барьцаанд тавъя гэхээр нь үгүй гэтэл гуйгаад зогсоод байсан. Би болохгүй гэтэл сүртэй энэ тэр гээд надтай маргаж байгаад гэнэт миний толгой руу пивоны шилээр цохиод авсан. Би гараад зугатах гэтэл миний цамцнаас зуураад толгой дээр пивоны шилээрээ цохисоор байгаад пивоны шил хагарчихсан. Би зууралдсаар байгаад дэлгүүрийн үүдээр гартал намайг тавиад зүүн тал руу гүйгээд зугтчихсан.
Наранхишиг надаас уучлалт гуйн миний эмчилгээний зардалд 1 сая төгрөг бэлнээр өгч бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3932 тоот:
1. Х.О-ийн биед зулайд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 16-17/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч П.Н нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөл нэртэй хүнсний дэлгүүрт зээлээр бараа өгсөнгүй гэж маргаан үүсгэн, хохирогч Х.О-ийн толгойн тус газар пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь зулайд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч П.Нийн “...худалдагч эгч чи мөнгөгүй юм бол юугаа хийж дэлгүүрт орж ирдэг юм гуйлгачин түүлэгчин гичий минь гэх зэргээр хараагаад байхаар нь миний уур хүрээд худалдаж авч байсан Эса нэртэй пивоны шилээр толгой хэсэгт нь нэг удаа цохиод зугтаачихсан...” гэх мэдүүлэг,
хохирогч Х.О-ийн “...Би болохгүй гэтэл сүртэй энэ тэр гээд надтай маргаж байгаад гэнэт миний толгой руу пивоны шилээр цохиод авсан. Би гараад зугатах гэтэл миний цамцнаас зуураад толгой дээр пивоны шилээрээ цохисоор байгаад пивоны шил хагарчихсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3932 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хэргийн хохирогч Х.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Мөрдөн байцаалтад хохирогч Х.О-ийн өгсөн “...Наранхишиг надаас уучлалт гуйн миний эмчилгээний зардалд 1 сая төгрөг бэлнээр өгч бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7-8/ үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч П.Нт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос П.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч П.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч П.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ