Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 459

 

 

 

 

 

 

 

     2020          5              05                                         2020/ШЦТ/459     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн .................... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... дугаарын регистртэй, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монгол Үндэсний их сургуулийн урд замд “Хонда фит” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч А.Т- /эрэгтэй, 16 настай/-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б-ий өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамт ажилладаг Т-, Батзаяа нарын хамт Налайх дүүрэгт байдаг ажлаас гарсан. Би Хонда фит маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг би унаад хот руу явсан. Тасганы овоогоор өгсөөд Зурагтын хажуу талаас шахмал түлш аваад буцаад Гандангийн уулзвар орсон. Тэр үед Гандангийн арын автобусны буудлын баруун талын гэрлэн дохиотой гарцан дээр зам хөндлөн гарч байсан хүнийг мөргөсөн. Тэгээд машинаас бууж ирээд өөрийн 94777854 дугаарын утсаар 102,103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 63-64/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч А.Т-ын өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ээж дүү нарын хамт гэртээ байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад гэрийнхээ хойд талын хүнсний дэлгүүр орж юм авах гээд гарсан. Тэгээд Гандангийн ар талын автобусны буудлын дэлгүүр орох гээд ертөнцийн зүгээр урд талаасаа хойд тал руу явган хүний гарцаар гарч байтал замын хойд талын зам дээр нэг машин ирээд мөргөсөн. Би тэр үед газар унаад нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Миний баруун тал руу буюу хөл рүү мөргөөд би газар унахдаа толгойгоороо унаад гэмтсэн. Толгойд яс цууралттай гэсэн. Одоо миний бие гайгүй байгаа. Гомдол санал байхгүй, эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-гийн өгсөн:

“...Манайханд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Жолоочоос нийт 2,500,000 төгрөг авч эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20/,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч О.Ренцэнхандын өгсөн:

“...Энэ тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сард хүргэн Батзоригт зарсан. Энэ машин нь банк бус санхүүгийн байгууллага дээр зээлтэй байгаа. Уг тээврийн хэрэгслийг зарсан учир ямар нэгэн асуудалд нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Т-ын өгсөн:

“...Би хамт ажилладаг Б-э, Батзаяа нарын хамт Налайх дүүрэгт байдаг өөрсдийн ажлаас гараад Б-ийд бид ирж хонох гээд Хонда фит маркийн ... улсын дугаартай машинтай явж байсан. Тэгээд Гандангийн зүүн талын уулзвараар баруун тийш явж байгаад Гандангийн арын автобусны явган хүний гарцан дээр нэг хүн мөргөсөн. Осол болсны дараа бид гурав машинаас буугаад нөгөө хүн дээр очиход таталт өгөөд газар дээр хэвтэж байсан. Тэр хүн явган хүний гарцаар гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот: 

  1. А.Т-ын биед дух ясны баруун хажуугаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун гайморын хөндийн гадна хананы хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи доргилт, тархины эдийн хаван, духанд зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 41-42/,

 

  Тээврийн цагдаагийн алба Замын цагдаагийн газрын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ... тоот:

  1. Осол хэрэгийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчины байдал, явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн, унасан гэх цэгүүдийн байрлал, тэдгээрийн хоорондын зай, осол хэргийн дараах тээврийн хэрэгслийн байрлал, түүнд үүссэн эвдрэл, гэрчийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд Х.Фит маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын дүрмийн 8 дугаар бүлгийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

  2. Явган зорчигч А.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

  3. Хавтаст хэрэгт авагдсан материал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын бусад байгууламж нь эвдрэл гэмтэлгүй байна гэх дүгнэлт /хх-н 54-55/,   

 

  - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5/,

  - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-10/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 65/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 67/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 79/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монгол Үндэсний их сургуулийн урд замд “Хонда фит” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч А.Т- /эрэгтэй, 16 настай/-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Б-ий “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ...Гандангийн арын автобусны буудлын баруун талын гэрлэн дохиотой гарцан дээр зам хөндлөн гарч байсан хүнийг мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч А.Т-ын “...Гандангийн ар талын автобусны буудлын дэлгүүр орох гээд ертөнцийн зүгээр урд талаасаа хойд тал руу явган хүний гарцаар гарч байтал замын хойд талын зам дээр нэг машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Т-ын “...Б-ийд бид ирж хонох гээд Хонда фит маркийн ... улсын дугаартай машинтай явж байсан. Тэгээд Гандангийн зүүн талын уулзвараар баруун тийш явж байгаад Гандангийн арын автобусны явган хүний гарцан дээр нэг хүн мөргөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн алба Замын цагдаагийн газрын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн насанд хүрээгүй хохирогч А.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч А.Т-ын өгсөн “...Гомдол санал байхгүй, эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-гийн өгсөн “...Манайханд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Жолоочоос нийт 2,500,000 төгрөг авч эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, энэ хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жил хүртэл хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөхгүй байх эрх хязгаарлах саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыгтөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт хураагдан ирсэн №1218911 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт хураагдан ирсэн №1218911 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ