Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2017/00097/И |
Дугаар | 00078 |
Огноо | 2017-01-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 00078
2017 оны 01 сарын 13 өдөр Дугаар 142/ШШ2017/00078 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1991 онд төрсөн, 26 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 31 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух Еншейбү овгийн Балдоржийн Цэрэндашид /регистрийн дугаар ФБ91020518/ холбогдох 63000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 14 хоног баривчлагдсан байр хоолны зардал 63000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулан өгч манай ажилд туслана уу” гэжээ.
Хариуцагч Б.Цэрэндаш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 63000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Б.Цэрэндашид холбогдуулан 63000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 63000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Б.Цэрэндашид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага 63000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА