Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 468

 

 

 

 

 

 

 

     2020             5            08                                       2020/ШЦТ/468

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,   

улсын яллагч Г.Билгүүжин,                                            

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-ид холбогдох эрүүгийн .............. тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн............ дугаарын регистртэй, Б.Б-.

 

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 160 тоот хашаанд байрлах Мон фүүд Ланд ХХК-ий үйлдвэрийн байрны агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 500 гр савалгаатай 41 ширхэг мовъёос, 90 кг овъёос зэргийг хулгайлан авч нийт 338,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бийн өгсөн:

“...Прокурорын гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн үедээ л ийм сэдэл санаа төрсөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 55-56/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-ийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр манай Мон фүүд ХХК-ийн ажилчид 1 өдөр Төв аймгийн Сөгнөрөгийн гол руу амралтанд явсан байсан юм. Ингээд орой 20 цагийн орчимд ажил дээрээ буюу Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мон Фүүд Ланд ХХК-ын үйлдвэрийн байран дээрээ ирэхэд хойд талын айлын эмэгтэй “танай байгууллагад хулгай гараад байна. Хүн дөнгөж сая булан тойроод явчихлаа” гэж хэлэхээр нь манай ажилчин Б- араас нь явсан юм. Тэгэхэд тухайн хулгай хийсэн хүн нь автобусны буудал дээр шуудайтай зүйлээ үүрээд зогсож байсан ба шууд цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгууллагаас 30 кг-ийн 3 шуудай овъёос, 41 ширхэг Мовъёос нэртэй өглөөний хоол алдагдсан юм. Манай байгууллагад нийт 338,000 төгрөгийн хохирол учирсан. Манай компани нь алдсан овъёос болон мовъёоснуудаа тухайн үед хүлээгээд авчихсан ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 34-37/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Б-ы өгсөн:

“...Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны орой ажлынхаа хашаанд гэртээ байж байхад манай хажуу айлын хүн танайхаас хүн юм хулгайлаад байна нэг юм үүрээд хойшоо явчихлаа гэхээр нь би хойноос нь яваад барьж аваад шалгахад 3 шуудай овъёос, нэг нь 500 гр өглөөний хоол 41 ширхэгийг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 38/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 47-48/,  

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59/,   

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 65/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 160 тоот хашаанд байрлах Мон фүүд Ланд ХХК-ий үйлдвэрийн байрны агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 500 гр савалгаатай 41 ширхэг мовъёос, 90 кг овъёос зэргийг хулгайлан авч нийт 338,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                                       

шүүгдэгч Б.Бийн “...Прокурорын гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-ийн “...үйлдвэрийн байран дээрээ ирэхэд хойд талын айлын эмэгтэй “танай байгууллагад хулгай гараад байна. Хүн дөнгөж сая булан тойроод явчихлаа” гэж хэлэхээр нь манай ажилчин Б- араас нь явсан юм. Тэгэхэд тухайн хулгай хийсэн хүн нь автобусны буудал дээр шуудайтай зүйлээ үүрээд зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Б-ы “...Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны орой ажлынхаа хашаанд гэртээ байж байхад манай хажуу айлын хүн танайхаас хүн юм хулгайлаад байна нэг юм үүрээд хойшоо явчихлаа гэхээр нь би хойноос нь яваад барьж аваад шалгахад 3 шуудай овъёос, нэг нь 500 гр өглөөний хоол 41 ширхэгийг авсан байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Бийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Б.Бийн гэмт үйлдлийн улмаас хохирогч байгууллагад 338,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 47-48 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн байцаалтад хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-ийн өгсөн “...Манай компани нь алдсан овъёос болон мовъёоснуудаа тухайн үед хүлээгээд авчихсан ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 34-37/ харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг харгалзан шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ