Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 22

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд  нээлттэй явуулсан  хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 25-2517 тоотод оршин суух Боржигон овогт Рэгзэнгийн Туяа

 

”Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.12.15-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Р.Туяа нарыг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Хүсэлт гаргагч Р.Туяа шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний нэр бол Туяа юм. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээр Нарантуяа гэж бичсэн байна. Манай эгч дүү нар бүгд Наран гэсэн нэртэй болохоор миний хөдөлмөрийн дэвтэр Нарантуяа гэж бичсэн байхаа. Би Сүхбаатар суманд малчин байсан. 1981-1983 онуудад хонь маллаж байсан юм. Надад байгаа Рэгзэнгийн Нарантуяа нэртэй  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Рэгзэнгийн Туяа намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

 Боржигон овогт Рэгзэнгийн Туяад хадаглагдаж буй 1981.06.11-нд нээлгэсэн Рэгзэн овогтой Нарантуяагийн хөдөлмөрийн дэвтэр нь Рэгзэнгийн Туяагийн дэвтэр мөн болох нь уг хөдөлмөрийн дэвтэрт дээр наасан зураг нь Р.Туяагийн зураг мөн байгаагаас гадна гэрч Ц.Эрдэнэчимэгийн шүүхэд өгсөн ”. . .Рэгзэнгийн Туяаг зарим хүмүүс андуурч Нарантуяа гэдэг. Эдний охидууд бүгд Наран нэртэй. Наранчимэг Наранцэцэг гээд эгч дүү нар нь байдаг. Р.Туяа аав ээжтэйгээ хамт мал малладаг байсан. Эднийх олон хүүхэдтэй айл байсан. Р.Туяа Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Манай нэгдэлд Рэгзэнгийн Нарантуяа гэдэг хүн байгаагүй. Туяагийн гэрийнхэн бүгд Наран нэртэй болохоор андуурч Нарантуяа гэдэг тохиолдол байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээрхи зураг нь Туяагийн зураг мөн байна гэх мэдүүлэг, гэрч Б.Баярсайханы шүүхэд өгсөн“. . .Туяа эгчийг бага байхад Нарантуяа гэдэг байсан” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Рэгзэнгийн Нарантуяа нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Рэгзэнгийн Туяа мөн болохыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хүсэлт гаргагч Р.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Боржигон овогт  Рэгзэнгийн Туяа нь Рэгзэнгийн Нарантуяа нэртэй 1981-1984 онуудад ажилласан хоног, авсан хөлс бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Р.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч Р.Туяа шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ