Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 477

 

 

 

 

 

 

 

   2020            5              12                                       2020/ШЦТ/477                                

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,  

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мд холбогдох эрүүгийн __________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________ дугаарын регистртэй, Л.М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн гадна тус сургуулийн газрын маргаантай асуудлын улмаас иргэн Н.У-тэй маргалдаж хоолойг нь боож хойш нь түлхэн дагзаар нь төмөр хашаа мөргүүлж, зүүн хацарт нь гараараа цохиж зүүн хацар, дагзны хуйх, хоолойд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ:

“...Маргаан болдгийн урд өдөр нь Үндэсний их сургууль хашаа барьсан. Тэнд манай ээжийн гэр байдаг. Тэр хавийн оршин суугчдын орох гарах гарцыг хааснаас болоод машин тэрэг орж гарч чаддаггүй. Тэр асуудлаас болоод 17-ны орой зодоон цохион болоод маргаантай асуудал болсон байдаг. Би тэр үед байгаагүй. 18-ны өдөр бид нар Баянгол дүүрэгт хандаад 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд бид нартай уулзалт хийсэн. Тухайн үед Үндэсний сургуулийг төлөөлж байгаа хүн байгаагүй. Газрын албанаас хүмүүс ирээд зөвшөөрөлгүй газар барьсан байна. Хашаагаа буулгах шаардлагатай гэсэн. У- гэж залуу Үндэсний сургуулийг төлөөлж гарч ирсэн. Тухайн үед газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгөхөд би мэдэхгүй. Та нар бусад газраа чөлөөлж чадахгүй байж гээд тэнд байсан хүмүүс рүү дайраад байсан. Тэгэхээр нь чи хариуцдаггүй юм бол захирлаа дуудаад өгчих. Хашаагаа буулгаад өг гэж ярьсан. Тэр залуу өөрөө дайраад байсан учир би чи төрийн албан хаагчдын шаардлагыг хүлээж авах ёстой гээд нэг удаа заамдаж авсан. Тэгэхээс түлхэж зодсон зүйл байхгүй. Заамдсан чинь цагдаа дуудаад л 10 минутын дотор хүрээд ирсэн. Хохирогчийн хэлээд байгаа шиг зүүн шанаа руу нь цохиж хашаа мөргүүлсэн  асуудал байхгүй. Үндэсний сургуулийн 3-4 залуу байсан. Бид хоёр харилцан заамдалцаад авах үед хоёр талаас хүмүүс салгасан. Бид нар эрх маань хөндөгдөж байна. Хаашаагаа буулгаж өг гэсэн шаардлага тавьсан. Цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхөд цагдаагийн дарга нь наадах асуудлаа хурдан шийд гэхээр нь шийдэгдээд болчих юм байна гэж бодсон чинь 8 дугаар сард яллагдагчаар татчихлаа гээд намайг дуудсан. У- урьд өдөр нь зодоон хийсэн талаар Отгонбаатар гэрчилдэг...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Мгийн өгсөн:

“...Би уг ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч гээд байгаа гээд залуугийн биед халдаж, зодсон асуудал байхгүй. Тэр залууг заамдан авсан нь үнэн харин зодоогүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр залуу тэр өдөр надтай маргалдахаас гадна өөр хүнтэй маргасан асуудал байгаа. Гэхдээ зодоон хийгээд байсан юм бол байхгүй. Харин хохирогч залууг хэрэг болсон өдрийн өмнөх өдөр оюутны байрныхаа үүдэнд өөр хүмүүстэй маргаан үүсгэн зодуулсан тухай оюутны байрны хажуу талд амьдардаг хүн надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 54-55/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.У-ийн өгсөн:

“...Би 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд ерөнхий боловсролын сургуулиудын элсэлтийн шалгалт манай сургууль дээр болж байсан болохоор ажиллаж байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13:00 цагийн үед сургуулийн гадна байдаг цайны газар орж хоол идчихээд сургууль руугаа орох гээд явж байтал манай сургуулийн урд талд авто зогсоол барих гэж байгаа гээд хашаа хатгачихсан байгаа юм. Тэгээд би яг тэр хашааны дундуур сургууль руугаа орох гээд явж байтал хэсэг бөөгнөрсөн хүмүүс хоорондоо маргаад ч байгаа юм шиг болж байснаа нэг эгч надруу заагаад ...энэ залуу энэ сургуульд ажилладаг, ажилтан нь байна... гэсэн чинь хажууд байсан хүмүүс намайг дуудсан. Тэгээд би тэр хүмүүсийг дуудахаар нь би яваад очтол бөөгнөрсөн байсан хүмүүс миний явж байсан зам дагуу барьсан хашааны талаар яриад ....танай захирал чинь хаана байна, та нар яахаараа нийтийн эзэмшлийн зам талбай хааж хашаа барьдаг юм... гээд байхаар нь би тэр хүмүүст би наад асуудлыг чинь мэдэхгүй байна, би энэ сургуульд зүгээр ажилладаг болохоос, наад зам талбай, хашаа барьсан талаар мэдэхгүй гэтэл тэр өдөр надтай хамт цагдаа дээр ирсэн бас миний биед халдсан ах гарч ирээд чи муу мэдэж байгаа, муу бууны нохой гэх зэргээр хэлээд намайг заамдан авч хойшоо түлхэж намайг толгойн ар хэсгээр төмөр хашааны хээ угалз мэт сөрдийсөн хэсгийг мөргүүлсэн. Тэр үед харин намайг боож хашаа мөргүүлсэн ахыг хамт байсан хүмүүс нь салгасан. Тэгээд би тэр ахаас салаад гар утсаараа цагдаад дуудлага өгөөд ярьж байтал, намайг боодог ах чи яасан их цагдаад дуудлага өгдөг юм гэж хэлээд миний зүүн шанаа орчим аль гараараа гэдгийг нь санахгүй байна нэг гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-гийн өгсөн:

“...: Би 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал Баянгол дүүргийн 11 дүгээр хорооноос тус хорооны нутаг дэвсгэр Монголын Үндсэний их сургууль ойр орчиндоо оршин суугаа айл өрхийн орж гарах гарц, орц хаан хашаа барьсан байна гэх дуудлагын дагуу газрын албаны мэргэжилтэн О, Хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтан Батбилэг нарын хамтаар шуурхай баг бүрдүүлэн маргаан болоод байгаа газар очсон. Тухайн үед дуудлагаар очиход Баянгол дүүргийн 11-р хороо Монголын Үндэсний их сургуулийн урдхан талд тус сургуулиас хашаа хатгасан талаар оршин суугчид болон тус сургуулийн ажилчид нарын хооронд маргаан болчихсон байсан. Тэгээд бид нар тухайн газар очсон даруй манай газрын албаны мэргэжилтэн тухайн сургуулийн хариуцсан албан тушаалтанд газар чөлөөлөх тухай шаардах хуудас өгөх гэтэл одоо цагдаа өргөдөл гаргаад байгаа залуу өөрийгөө би энэ сургуулийг төлөөлж байгаа юм гэж хэлэн шаардах бичиг авчихсан байснаа гэнэт би энэ сургуулийг төлөөлөөгүй, энэ бичгийг чинь би авахгүй гээд газар шидчихсэн.

Тэр үед нөгөө сургуулийн хүмүүстэй маргаад байсан оршин суугчид сургуулийг төлөөлж байгаа хүн гээд байсан залуу руу дайрах үед тус хорооны оршин суугч гэх залуу, цагдаад өргөдөл гаргаад байгаа залууг заамдан аваад хойш нь болгосон. Тэгээд бид нар тэнд байсан хүмүүстэй зодоон болох нь гэж бодоод салгасан. Тэр үед нөгөө сургуулийг төлөөлж байгаа гээд байсан залуу гэнэт цагдаа дуудна, би зодуулчихлаа гээд гар утсаа гаргаж ирээд дуудлага өгсөн. Тэр үед тэр хавьд байсан оршин суугчид тэр залуу руу чи ер нь дандаа маргаан эхлүүлчихээд, дараа нь цагдаад дуудлага өгч зодуулсан гэх зэргээр худлаа гомдол гаргаж байдаг гээд байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд оршин суугч нэг залуу болон өргөдөл гаргасан залуу нарыг аваад явснаар маргаан дууссан байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 Мөрдөн байцаалтад шинжээч С.Одончимэгийн өгсөн:

“...Үзүүлэгч Н.У-ийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд тухайн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Үзүүлэгчийн биед үүссэн гэмтлийг нэг хоногийн дотор ялгах боломжгүй шинэ гэмтлээр байна. Үзүүлэгчийн биед үүссэн дагзны хуйханд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгч Н.У-ийн биед үүссэн гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгчийн биед үүссэн дагзны хуйханд цус хуралт нь төмөр сараалж хашаа мөргөх үед үүсэх боломжтой ямар нэгэн хүч үйлчилсэн л бол үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 79-80, 129-130/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7609 тоот: 

  1. Н.У-ийн биед зүүн хацар, дагзны хуйх, хоолойд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

  3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуилах хөнгөн зэргийн гэмтэл болно.

  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-н 26/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн гадна тус сургуулийн газрын маргаантай асуудлын улмаас иргэн Н.У-тэй маргалдаж хоолойг нь боож хойш нь түлхэн дагзаар нь төмөр хашаа мөргүүлж, зүүн хацарт нь гараараа цохиж зүүн хацар, дагзны хуйх, хоолойд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.У-ийн “...миний биед халдсан ах гарч ирээд чи муу мэдэж байгаа, муу бууны нохой гэх зэргээр хэлээд намайг заамдан авч хойшоо түлхэж намайг толгойн ар хэсгээр төмөр хашааны хээ угалз мэт сөрдийсөн хэсгийг мөргүүлсэн. ...Тэгээд би тэр ахаас салаад гар утсаараа цагдаад дуудлага өгөөд ярьж байтал, намайг боодог ах чи яасан их цагдаад дуудлага өгдөг юм гэж хэлээд миний зүүн шанаа орчим аль гараараа гэдгийг нь санахгүй байна нэг гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Б-гийн “...сургуулийг төлөөлж байгаа хүн гээд байсан залуу руу дайрах үед тус хорооны оршин суугч гэх залуу, цагдаад өргөдөл гаргаад байгаа залууг заамдан аваад хойш нь болгосон...” гэх мэдүүлэг,

 

шинжээч С.Одончимэгийн “...Үзүүлэгчийн биед үүссэн дагзны хуйханд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгч Н.У-ийн биед үүссэн гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгчийн биед үүссэн дагзны хуйханд цус хуралт нь төмөр сараалж хашаа мөргөх үед үүсэх боломжтой ямар нэгэн хүч үйлчилсэн л бол үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7609 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Н.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мгээс хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар тогтоогдсон 350,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.У-эд олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Л.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Л.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мгээс 350,000 төгрөг гаргуулж хохирогч Н.У-эд олгосугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ