Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 144

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, нэхэмжлэгч “Г.Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээд “И.Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан “Г.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Г.Д” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд: “И.Т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 тоот тушаалыг хүчингүй болгох”. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г.Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “Г.Д” ХХК нь “А ж ү т” ТӨҮГ-тай анх 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд аялал жуулчлалын цогцолбор барилгыг барьж байгуулах, түүнийг ашиглах талаар тохиролцоонд хүрч, талуудын зүгээс гүйцэтгэх үйл ажиллагаа, хүлээх үүргүүдээ тодорхойлж, “Санамж бичиг” үйлдсэн байдаг. Улмаар уг санамж бичгийн дагуу талууд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан байдаг. Энэ дагуу манай компани ажилдаа орж, ихээхэн хэмжээний зардал гаргаад байгаа.

“А ж ү т” ТӨҮГ татан буугдаж, чиг үүрэг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл “А ж ү т” ТӨҮГ тохиролцсон гэрээний эрх үүрэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжсэн.

Гэвч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжлэлд хавсаргасан “Санамж бичиг” болон “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу төсөл хэрэгжүүлэхээр болсон, манай компанийн барилгын ажил гүйцэтгэхээр болсон газрыг бидэнд огт мэдэгдэлгүйгээр өөр компанид шилжүүлэн өгөхөөр акт гаргасан байна. Энэхүү актын дагуу, гэрээний үүргээ зөрчин, газрыг өөр компанид олгосноор манай компанийн үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болж, эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрээд байгаа юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 тоот тушаалыг хүчингүй болгосноор манай компанийн эрх, ашиг сонирхол сэргэх боломжтой болно.

Нэхэмжлэл гаргагчийн хүчингүй болгуулахаар хандсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 тоот тушаалаар  “И.Т” ХХК-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу яг манай компанийн үйл ажиллагаа явуулах газрыг олгосон бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн зүгээс албан бусаар, амаар 2017 оны 08 дугаар сард олж мэдсэн болно. Энэ тухай апбан ёсоор бичгээр манай компанид тодруулга өгөхийг хүсэж олон удаа хандсан боловч үр дүнд хүрээгүй юм. Нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд хариуцагчаас энэхүү актыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах боломжтой.

Нэгэнт манай компанитай гэрээ хийсэн, энэ төслийг манай компанитай хамтарч явуулахаар шийдвэрлэсэн, манай компани төслийн үйл ажиллагааг эхлүүлж, шаардлагатай зураг төсөл хийлгэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох гэх мэт ажлуудыг хийсэн атал гэнэт тухайн төсөл явагдах газрыг бидэнд мэдэгдэлгүйгээр, нууцаар өөр компанид олгосон байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчиж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “И.Т” ХХК-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар олгосон 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “Г.Д” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

“Г.Д” ХХК нь “А ж ү т” ТӨҮГ-тай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан байдаг. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь  хэсэгт заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, болон мөн Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж заасан гэрээ тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 146 дугаар тогтоолын дагуу “А ж ү т” ТӨҮГ нь Бурхан багшийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээ болон харуул хамгаалалтын асуудлыг хариуцан явуулах чиг үүрэг бүхий төрийн өмчит үйлчилгээний газар байсан. Тус төв нь тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах гэрээ байгуулах түүнчлэн тухайн ашиглаж байсан газрыг бусдад захиран зарцуулах эрхгүй, эрх зүйн чадамжгүй байгууллага байсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу газар ашиглалтын харилцаа зохицуулагдаж явдаг.

Тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэр дээр газрын ашиглалтын гэрчилгээ байсан ба “А ж ү т” ТӨҮГ нь газрын гэрчилгээ, гэрээгүйгээр “Г.Д” ХХК-тай өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн яамнаас хэлцлийн талаарх зөвшөөрөл авалгүйгээр гэрээ байгуулсан байдаг.

Иймд “А ж ү т” ТӨҮГ-ын  “Г.Д” ХХК-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” нь анхнаасаа хууль бус хэлцэл тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй этгээд юм. Иймд "Г.Д” ХХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И.Т” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “Г.Д” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу манай компани нь гуравдагч этгээдээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргаж байна. Манай компани 2016 оноос эхлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллахаар ажил хэргийн уулзалтууд зохион байгуулж, Монгол Улсын аялал жуулчлалын нэгдсэн нэг төвтэй болгох, аялал жуулчлалыг нэг стандартад оруулах зорилгоор Аялал жуулчлалын хөгжлийн төвийн барилгыг барьж байгуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд өгөхөөр болсон. Үүний дагуу төсөл боловсруулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын зөвлөл болон Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраар хэлэлцэгдэн 4 компани 1 хувь хүний хамт өрсөлдөн манай компанийн төсөл шалгарч, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар манай компанийн нэр дээр Аялал жуулчлалын хөгжлийн төвийн барилга барих газрын зөвшөөрөл гарсан билээ. Уг төсөл шалгаруулах тендерт “Г.Д” ХХК өрсөлдөж хасагдсан болно.

Ингээд 2017 оны 08 дугаар сард Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар дээрхи газрын зөвшөөрөл хүчингүй болсон билээ. Гэвч зорьсон үйлсийнхээ төлөө тууштай явж Д.О сайдтай өөрийн төслөө танилцуулж, присентаци удаа дараа тавьсны үр дүнд 2017 оны 04 дүгээр сарын 14-нд манай компанийн газар эзэмших эрх дахин сэргэсэн билээ. Манай компани нь Монгол Улсад Аялал жуулчлалын салбар тууштай хөгжихөд бүхий л бололцоо нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар зүтгэж зураг төсөл, зохих зөвшөөрлүүдийг бүгдийг авч барилга барих бүх нөхцөл бололцоогоо бүрдүүлсэн болно. Иймд манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд эзэмшиж буй газрын эрхийг хүчингүй болгох хууль зүйн акт ёс зүй байхгүй билээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г.Д” ХХК “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 тоот тушаалыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.  

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...А ж ү т” ТӨҮГ-тай 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулснаар 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсны дараа 2015 онд “А ж ү т” ТӨҮГ  татан буугдаж, чиг үүрэг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд шилжсэн тул аялал жуулчлалын цогцолбор барилгыг барих газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа яаманд хандсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 тоот тушаалаар тухайн газрыг “И.Т” ХХК-д олгосон нь нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг зөрчсөн...” гэж маргадаг. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “ ... “Г.Д” ХХК, “А ж ү т” ТӨҮГ-ын хооронд байгуулсан “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8  дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл бөгөөд мөн хуулийн 56 зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, хийсэн хэлцэл тул тус гэрээ нь хүчин төгөлдөр бус...” гэх тайлбарыг хийсэн.   

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 146 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор “А ж ү т” ТӨҮГ нь Бурхан багшийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээ болон харуул хамгаалалтын асуудлыг хариуцан хэрэгжүүлэхээр төрийн өмчит үйлдвэрийн газрын чиг үүрэгтэй  байгуулагджээ. Улмаар 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “А ж ү т” ТӨҮГ-ын хооронд “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г  байгуулсан байна. 

Тус гэрээний 3.1-д “ “А ж ү т” ТӨҮГ нь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн менежмент, ... жуулчдад зориулсан мэдээллийн цэгийг хариуцан ажиллахаас гадна дараах барилга байгууламжуудыг түрээслэгчийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, засвар үйлчилгээг хийх, өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах ажлыг хариуцан ажиллана”, 3.3-д “... эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнө хариуцна”, 3.4-т “шинээр үндсэн хөрөнгө олж авахдаа ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авна”, 5.2-д “өмч эзэмшигч байгууллагыг хувьчилсан, татан буулгасан, ... тохиолдолд гэрээг цуцалсанд тооцож үндсэн хөрөнгийн тооллого явуулж тооцоо хийнэ” гэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 310 дугаар “Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай” тогтоолоор  “А ж ү т” ТӨҮГ-ыг газрыг татан буулгаж, тус төвийн хэрэгжүүлж байсан чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон холбогдох орон нутгийн байгууллагуудад шилжүүлсэн байна. “А ж ү т” ТӨҮГ нь анх байгуулагдсан 2010 оноос 2015 онд татан буугдах хүртэл хугацаанд тухайн газрыг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгүй, маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах ба тухайн газрыг ашиглах эрхийн гэрчилгээг  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. 

Хэдийгээр “Г.Д” ХХК,  “А ж ү т” ТӨҮГ-ын  хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хариуцагчийн тайлбар нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02440 дугаар шийдвэрээр  тогтоогдож байх боловч Захиргааны хэргийн шүүх харьяаллын дагуу нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 87 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэлээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “Г.Д” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 16/11 тоот албан бичгээр  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Б т “...Бидний зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Байгаль орчны яамны аялал жуулчлалын салбарт шаардлагатай талбайг үнэ төлбөргүй шилжүүлэн өгөн хамтран ажиллаж, аялал жуулчлалын менежментийг Байгаль орчны яамтай хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаа тул ... аялал жуулчлалын төвийг барих төслийг дэмжин газрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэж хандаж байжээ. Улмаар тус яамны сайдын зөвлөх А.Ц д 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16/14 ,  Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Ч т мөн өдрийн 16/15 , Сайд Н.Б т мөн өдрийн 16/16 , мөн оны 04 дүгээр сарын 13-ны 16/29 тоот албан бичгээр  тус тус удаа дараа хандаж, төслийг дэмжин, газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж “Будда хилл центр” 15 давхар аялал жуулчлалын цогцолбор төвийн танилцуулгыг хавсарган хүргүүлж байжээ.

 Үүгээр хариуцагчийн зүгээс хийсэн “Г.Д” ХХК нь “А ж ү т” ТӨҮГ-тай Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж хийсэн “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул яам гэрээний хэрэгжилтийг хангах үүрэггүй, энэ асуудлаар нэхэмжлэгч яаманд хандаж байгаагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна. 

Мөн Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдаж, төрийн өмчийн үйлдвэрийн газрын чиг үүргийг хэрэгжүүлж байсан газартай хамтран ажиллах гэрээ байгуулсныг салбарын яамнаас зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр “А ж ү т” ТӨҮГ-ын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ.   

Ийнхүү нэхэмжлэгч “Г.Д” ХХК нь удаа дараа салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтээ албан ёсоор гаргасаар байхад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Б ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар  Богдхан уулын дархан цаазат газрын Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд 0,3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах зөвшөөрлийг “М.Э.М” ХХК-д олгосон байна. 

“М.Э.М” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/15 тоот албан бичгээр  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд Н.Б т “... А ж ү т барьж байгуулах, тодорхой талбайг тус яамны балансад шилжүүлэн өгч, хамтран ажиллах...” саналыг хүргүүлж байсан нь шүүхээс тус яамны архивт хийсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдсон. Тухайн хүсэлтийг сайд өөрийн зөвлөх А.Ц д “... асуудлыг судлан шийдэх хувилбар танилцуулах, энэ асуудлаар санал өгсөн бүх компаниудыг урьж судлан, бүх саналуудыг судлан эргэж танилцуулах...”  гэж цохсон байна. Гэсэн ч энэ асуудлаар бусад санал өгсөн компаниудтай уулзсан, саналыг судалсан, хэрхэн сайдад танилцуулж, шийдвэр гаргасан талаархи нотлох баримтыг шүүх хариуцагчаас шаардахад гаргаж өгөөгүй, мөн шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгээр эдгээр ажиллагаа хийгдсэн тухай уулзалт, хурлын тэмдэглэл болон ямар нэгэн нотлох баримт байхгүй болох нь тогтоогдсон болно. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд сайд Н.Б ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын хавсралтын 27-д “М.Э.М” ХХК-д аялал жуулчлалын чиглэлээр маргаан бүхий газрыг ашиглах зөвшөөрөл олгохоос өмнө нэхэмжлэгч “Г.Д” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрөөс хойш удаа дараа яамны сайд болон холбогдох албан тушаалтнуудад хандаж байсан нь тогтоогдож байна.  

Мөн хариуцагчийн зүгээс “Г.Д” ХХК-ийн дээр дурдсан албан бичгүүдийн хариуд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д с 2015 оны 06 дугаар сарын 26-ны 11/3920 тоот албан бичгээр  “... төрийн өмчийн эд хөрөнгийг өргөтгөх шийдвэрийг төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх боломжгүй юм. Иймд уг асуудлыг Төрийн өмчийн хороонд хандаж шийдвэрлүүлсний дараа газрын асуудлаар манай яаманд хандахыг хүсье” гэх хариуг өгсний дараа Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Т ын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1б/3421 тоот албан бичгээр  “... “А ж ү т” ТӨҮГ-ын үйл ажиллагаа зогссон тул ... урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа ... өр төлбөрийг бүрэн барагдуулан төслийг үргэлжлүүлэх саналыг “Г.Д” ХХК-иас гаргасныг зарчмын хувьд дэмжиж байгаа болно, ... энэхүү саналыг судлан үзэж хариу ирүүлэхийг хүсье” гэж хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн хорооны зөвшөөрлийг авсан тохиолдолд газрын асуудал шийдвэрлэгдэх боломжтой гэх хариуг яамнаас өгсөн нь нэхэмжлэгчид итгэл төрүүлж, асуудлыг Төрийн өмчийн хороонд хандсаны дараа газрын асуудлаар тус яаманд хандахыг хүссэн атлаа өнөөдрийг болтол асуудлыг хуулийн дагуу, шударгаар шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийг шүүхэд хандахад хүргэжээ.  

Мөн нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16/77 тоот албан бичгээр  сайд Д.Од өмнө нь яаманд хүргүүлж байсан утга агуулга бүхий хүсэлтийг дахин тавьж, удаа дараа хүсэлт гаргасан боловч сайд Н.Б ийн  тушаалаар “М.Э.М” ХХК-д ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр тухайн газрыг олгосныг дурдаж, хууль зөрчин олгосон газрын эрхийг цуцалж, “Г.Д” ХХК-ийн “Аялал жуулчлалын цогцолбор” барих төслийг дэмжин газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Энэхүү албан бичгийн хариуд тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/1496 дугаар албан бичгээр  “... “А ж ү т” ТӨҮГ татан буугдсан тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүйг мэдэгдэж байна” гэх хариуг хүргүүлжээ.  

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 тоот тушаалын  хавсралтын 15-д зааснаар “М.Э.М” ХХК-ийн газар ашиглах гэрээг цуцалсан байна. Үүний дараа нэхэмжлэгч “Г.Д” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16/80 тоот албан бичгээр  сайд Д.Од “Аялал жуулчлалын цогцолбор” барих төслийг дэмжин, газрын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг дахин гаргасан байна. Мөн нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16/97 тоот албан бичгээр  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад “Аялал жуулчлалын цогцолбор” барих төслийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөхөд дэмжлэг үзүүлэх тухай хүсэж байжээ. Түүнчлэн нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/91 тоот албан бичгээр  өмнө нь тус яамны сайд болон холбогдох албан тушаалтнуудад тавьж байсан хүсэлтээ дахин уламжилж, “Будда хилл центр” аялал жуулчлалын цогцолбор барилга барих асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж цаашдын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүссэнээс гадна 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17/30 тоот албан бичгээр  “...бидний зүгээс төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор танд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох газарт 2015 оноос 2016 оны хооронд нийт 8 удаа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг болтол хариу аваагүй, ... манай компанитай гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулагчийн зүгээс гэрээ хэлэлцээрийг цуцлах нөхцөл байдал үүсч байгааг анхааран үзнэ үү...” хэмээн хариу ирүүлэхийг хүссэн байна. Гэсэн хэдий ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар  Богдхан уулын дархан цаазат газрын  Зайсангийн аманд “И.Т” ХХК-д 0.44 га газар ашиглах зөвшөөрлийг олгожээ. 

Гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар “М.Э.М” ХХК-д аялал жуулчлалын төвийн барилга барих газрын зөвшөөрлийг олгосон 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгосон. Гэвч зорьсон үйлсийнхээ төлөө тууштай явж төслөө танилцуулж, удаа дараа төслөө танилцуулсны үр дүнд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай компанийн газар ашиглах эрх дахин сэргэж “И.Т” ХХК-д Зайсангийн аманд 0.44 га газар ашиглах зөвшөөрөл олгосон. “М.Э.М” ХХК нь үйл ажиллагааны чиглэлийг нэмж,  аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулахаар болсноор компанийнхаа нэрийг сольсон, “И.Т” ХХК нь “М.Э.М” ХХК-ийн нэр дээр өмнө ашиглах эрхтэй байсан газрынхаа эрхийг сэргээж авсан гэх тайлбарыг хийсэн.  

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын шүүхэд ирүүлсэн лавлагаагаар  “М.Э.М” ХХК нь үйл ажиллагааны чиглэлд цэцэрлэгжүүлэлт, аялал жуулчлалын чиглэлийг нэмж, оноосон нэрээ “И.Т” ХХК болгосон тул компанийн нэрийг “И.Т” нэрээр сольж, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байна. Хэдийгээр гуравдагч этгээд маргаан бүхий газарт газар ашиглах эрх нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар үүссэн байсныг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 тоот тушаалаар цуцалсныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газар ашиглах эрхээ дахин сэргээсэн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн зүгээс “М.Э.М” ХХК-ийн 0.3 га газрыг ашиглах эрх нь цуцлагдсан учир тухайн харилцаа дуусгавар болсон, мөн “Г.Д” ХХК нь  2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн өнөөдрийг болтол яаманд хүсэлт гаргаад асуудал шийдвэрлэгдэхгүй байхад “М.Э.М” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Н.Б сайдад хүсэлтээ өгөөд 2 сарын дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг олгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэх гомдлыг шууд үгүйсгэх боломжгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүс газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох хуулийн зохицуулалттай. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын ... газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заажээ. 

Хэдийгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “Г.Д” ХХК-ийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу газар ашиглах хүсэлтээ  хамгаалалтын захиргаанд гаргаагүй гэж буруутгах боловч эцсийн шийдвэрийг гаргах төрийн захиргааны төв байгууллагад 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн удаа дараа газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсаар байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан оролцоог нь хангалгүйгээр гуравдагч этгээдэд давуу эрх олгож, газар ашиглах зөвшөөрөл олгосныг зөвтгөх боломжгүй юм. Мөн шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Бийн хийсэн “...манайх эхлээд Сайдад хүсэлтээ өгсөн, гэтэл Хамгаалалтын захиргааны саналыг аваар ир гэсэн хэлсэн, тэгээд бид Хамгаалалтын захиргаанд төсөл, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгээ өгсөн, эднийх саналаа өгсөн, тэгээд Сайд тушаалаа гаргасан... ” гэх тайлбараас дүгнэхэд гуравдагч этгээд мөн нэхэмжлэгчийн адил Сайдад анх хүсэлтээ өгсөн байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн шийдвэрийг салшгүй хэсэг болохын хувьд шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой юм.   

 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т “ ... хууль тогтоомж нь ... Газрын тухай хууль, ... бусад актаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, ... байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, ... -д заасан журмыг баримтална” гэх хуулийн зохицуулалтыг хариуцагч хэрхэн хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхээс яаманд хийсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдохгүй байна.  

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гуравдагч этгээдээс өмнө нь 0.3 га газрын ашиглах эрхтэй байсныг “И.Т” ХХК-ийн нэрээр хэрхэн 0.44 га газар ашиглах эрхтэй болсныг тайлбарлаж, “...манай хажууд “А.Т” ХХК-д газар олгосон, нэхэмжлэгчийн авахыг хүсээд байгаа газартай мөн л давхцалтай ...   яагаад зөвхөн манай компанийн газартай маргаж байгаа нь ойлгомжгүй байна...” гэх тайлбар хийснийг дурдах нь зүйтэй юм.  

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд маргаан бүхий газрыг гуравдагч этгээд “И.Т” ХХК-д олгохдоо яамны зүгээс бусад аж ахуйн нэгжийн оролцоог хангаагүй, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй, нэхэмжлэгч “Г.Д” ХХК 2016 оноос эхлэн яамны Сайд болох холбогдох албан тушаалтнуудад маргаан бүхий газрын асуудлаар хүсэлтээ удаа дараа гаргасаар байтал чухам ямар үндэслэлээр цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс хожуу буюу 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан “М.Э.М” ХХК-д газар ашиглах эрхийг давуу байдлаар  олгосон нь, мөн тухайн газрын хэмжээг нэмэгдүүлэн дахин “И.Т” ХХК-д газар ашиглуулах эрх олгосон нь нэхэмжлэгч компанийн ашиг сонирхлыг хөнджээ гэж шүүх дүгнэв. 

Гуравдагч этгээдийн Сайдад, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус хүсэлтээ гаргаж, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлтээ гаргуулж, яамны холбогдох албан тушаалтнуудад “Аялал жуулчлалын хөгжлийн  төв” барих төслийн талаар танилцуулга хийсний үндсэн дээр эрх бүхий Сайдын тушаалаар маргаан бүхий газарт газар ашиглах зөвшөөрөлтэй болсныг буруутгах боломжгүй бөгөөд “И.Т” ХХК нь “Аялал жуулчлалын хөгжлийн төв” байгуулах зураг төслөө батлуулж, техникийн нөхцөл болон архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг шаардлагатай бичиг баримтаа батлуулан төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа  хангасан байгааг дурдах нь зүйтэй бөгөөд үүнд  гуравдагч этгээдийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах үүднээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагчаас  холбогдох хууль тогтоомжид заасны дагуу аж ахуйн нэгжүүдээс гаргасан саналыг нарийвчлан судалж, шударгаар шийдвэрлэн дахин шинэ акт гаргах хүртэлх хугацаагаар маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 тоот тушаалыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.  

Манай улсад барилгын ажил улирлын чанартай байдгаас гадна хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.   

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 тоот тушаалыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн  107.6-д заасныг баримтлан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 тоот тушаал хүчингүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДОЛГОРСҮРЭН