Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 124/2021/0037/З |
Дугаар | 221/МА2021/0579 |
Огноо | 2021-10-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0579
2020 оны 03 сарын 31 өдөр 221/МА2020/0222 Улаанбаатар хот
Э.Т-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагч Э.Т, өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Э.Т-ын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э.Т-ын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176466 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Э.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан Э.Т-д олгож,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч Х.Б нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тэрээр зардлын данс нээлгэсэн боловч уг данс, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон ... эрх бүхий албан тушаалтан зөрчил нь тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ... талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн ... шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна ... хуульд санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил болохоос тухайн зардлын дансанд төвлөрсөн болон түүнийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаарх тайланг төрийн аудитын байгууллагад ирүүлэхтэй холбоотой зөрчил биш болохыг шүүх анхаарч үзээгүй ... цаг хугацааны хувьд сонгууль болохоос өмнө бүртгүүлсэн байх үүрэгтэй холбоотой, нөгөөх нь сонгууль болсны дараа зардлын дансанд төвлөрсөн болон зарцуулсан талаарх тайланг аудитаар баталгаажуулан бүртгүүлэхтэй холбоотой 2 тусдаа үйл баримтын ялгаа заагийг зөв тодорхойлоогүй ... нийцлийн аудит хийлгэсэн тайлан, дүгнэлт нь сонгууль болсны дараа тухайн сонгуулийн үеэр зардлын дансан дахь орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй /зориулалт бусаар зарцуулсан эсэх/ гэсэнтэй холбоотой болохоос хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна ... шүүх “... зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан журам гэж үзэж, Э.Т-ыг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй ... шүүхийн дүгнэлт өөрөө хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдогч хуульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, түүнийг үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд ... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.Т-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Басанжавын давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, гомдол гаргагч Э.Т-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176466 дугаар шийтгэлийн хуудсаар 2020 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ховд сумын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Э.Т-ыг “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Гомдол гаргагч Э.Т дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “... сонгуульд нэр дэвшигч заавал өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан заалт байхгүй ... сумын Ардчилсан намд хуулийн хугацаанд дансны мэдээллээ өгсөн ... Аймгийн Ардчилсан нам ямар шалтгаанаар хоцроосныг мэдэхгүй ... миний бие хуулийн хугацаандаа Төрийн аудитын газарт дансны мэдээллээ өгсөөр байтал ... 10 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэсэн үндэслэлээр маргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаан бүхий актын үндэслэлээ “... Э.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь ... хэрэгт авагдсан ... нотлох баримтаар тогтоогдсон ... хуульд заасан журмыг зөрчсөн болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон прокурорын хяналт дор шийтгэлийн хуудас бичсэн ...” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх “... Э.Т-ын хувьд сонгуулийн зардалд ашиглахаар нээлгэсэн дансаа холбогдох байгууллагад бүртгүүлээгүй боловч ... хуульд заасны дагуу сонгуулийн зардлын нэг данс ашиглаж, сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулж хөндлөнгийн аудитаас “Зөрчилгүй” гэх дүгнэлт гарсан, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас сонгуулийн зардлын дансны тайлан, дүгнэлтийг хүлээн авсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд сонгуулийн зардлын дансны орлого, зарлага, зарцуулалт нь дээр дурдсан хууль, журмын зорилгод нийцсэн” гэж маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, холбогдох хуулийг буруу тайлбарлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-д “... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Сонгуулийн хуулийг зөрчих”, 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх … талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгох” гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээхээр, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахаар байна.
Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд гомдол гаргагч нь Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Ховд сумын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн, нэр дэвшигчийн зардлын дансыг Хаан банканд нээлгэсэн байх боловч дээрх хуульд зааснаар сонгуулийн зардлын данс, банкны нэрийг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хуульд заасан хугацааны дотор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх бөгөөд гомдол гаргагч хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуульд заасан хугацааны дотор сонгуулийн зардлын данс, банкны нэрийг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлсэн гэж маргаагүй байна.
Харин гомдол гаргагч гомдлын үндэслэлдээ “...сумын Ардчилсан намд хуулийн хугацаанд дансны мэдээллээ өгсөн ... Аймгийн Ардчилсан нам ямар шалтгаанаар хоцроосныг мэдэхгүй” гэж тайлбарлан маргасан байх боловч энэ нь хуульд заасан сонгуулийн зардлын данс, банкны нэрийг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гомдол гаргагчийг зөвтгөх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны мэдээллээ сумын Ардчилсан намд өгснийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд хуульд зааснаар сонгуулийн зардлын данс, банкны нэрийг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хуульд заасан хугацааны дотор биелүүлээгүй зөрчил нь нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176466 дугаар шийтгэлийн хуудсыг хуульд нийцээгүй, уг шийтгэлийн хуудасны улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй, хариуцагчийн “... зөрчил нь тогтоогдсон гэж үзэж ... торгох шийтгэл ногдуулсан ... шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-д ... заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна ... хуульд санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил болохоос тухайн зардлын дансанд төвлөрсөн болон түүнийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаарх тайланг төрийн аудитын байгууллагад ирүүлэхтэй холбоотой зөрчил биш ... сонгуулийн үеэр зардлын дансан дахь орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй гэсэн нь хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” байхаар хуульчилсан.
Хариуцагч татварын улсын байцаагч “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргагчид торгох шийтгэл ногдуулсан байхад шүүх маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй “сонгуулийн зардлын дансны орлого, зарлага, зарцуулалт нь хууль, журмын зорилгод нийцсэн” гэх зэрэг дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасантай нийцээгүй байна.
Харин нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэх үүргээ бусад этгээдээр, тухайлбал, намын орон нутгийн салбараар гүйцэтгүүлэхээр тохиролцсон, тийнхүү тохиролцсон этгээд нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хохирол учирсан гэж үзвэл тухайн этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх хэрэгт захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг хавсаргаагүй, хариуцагчийн давж заалдах гомдолд шүүхийн дардас дараагүй зэрэг зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э.Т-ын “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176466 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ