Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 00356

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 527 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: И.Сэргэлэнд холбогдох              

 

Газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мөнгө төлөх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Цолмон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

              Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие И.Сэргэлэнгээс газрын төлбөрийн үлдэгдэл болох 3 700 000 төгрөгийг 2015 оны 9 сарын 15-ны дотор авахаар тохирсон боловч өнөөг хүртэл ямар ч мөнгө төлөөгүй болно. Миний бие ээжийнхээ нэр дээр байсан газрыг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэлийн дагуу И.Сэргэлэнд шилжүүлсэн. Тухайн үедээ 15 000 000 төгрөгөөр өгөлцөж авалцахаар тохирсон. Гэтэл гэрээ хийх болтол 10 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд 5 000 000 төгрөгт нь буйдан, хөргөгч, 4 ширхэг дугуй зэргийг өгөхөөр тохирсон байдаг. Хоорондоо ярилцаад бэлэн мөнгө нь 10 000 000 төгрөг юм чинь гэрээгээ 10 000 000 төгрөгөөр хийе гээд хийсэн байгаа юм. Гэрээ хийсэн өдрөө 9 000 000 төгрөг, газрын гэрчилгээ гарсны дараа 1 000 000 төгрөгөө авсан. Гэрээ хийснээс хойш удалгүй манай эгч, дүүтэй хамт очоод 4 дугуйгаа авсан. Зоригтбаатарын эхнэр нь салж явахдаа тавилгаа аваад явсан учраас тавилгаа өгч чадаагүй гэсэн. Тавилгаа яах юм гэхэд би танд мөнгийг нь өгнө, хашаа хороо, барих, цахилгаан татах гээд надад мөнгө хэрэгтэй байна гээд хүлээлгээд байсан. Гэрээ хийсэн өдрөө 16 дугаар байрны 1 давхарт 3 өрөө байранд очоод энэ юмнуудыг өгнө гээд үзүүлсэн. Гэрээ хийснээс хойш үлдэгдэл мөнгөө өгөхгүй удаад байхаар нь И.Сэргэлэнтэй нотариатч дээр очоод 3 700 000 төгрөгт нэмэлт гэрээ хийсэн байдаг. Уг гэрээнд И.Сэргэлэн зөвшөөрөөд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барагдуулна гэж гарын үсэг зурж гэрээ байгуулсан байгаа. Иймд газрын төлбөрийн үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

 

    Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Цэцгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ 10 000 000 төгрөгөөр хийгдсэн байгаа. 9 000 000 төгрөгийг нь бэлнээр өгсөн, үлдэгдэл 1 000 000 төгрөгт машины 4 ширхэг дугуй өгсөн. Бид нар энэ хүмүүсийг танихгүй. Үнэхээр 15 000 000 төгрөгт зарагдсан юм бол яагаад үлдсэн 5 000 000 төгрөгтөө гэрээ хийж нотариатаар батлуулаагүй юм бэ. Анх хийсэн гэрээндээ яагаад тусгаж болоогүй юм бэ. 15 000 000 төгрөгөөр зарагдсан гэсэн нотлох баримт хаана байна вэ. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 6 дугаар сарын 03-нд нэхэмжлэгч Б.Энхжаргалтай нотариат дээр уулзсан. Энэ үед 3 700 000 төгрөгийг төлнө гэж гарын үсэг зурахдаа бодит байдлыг мэдээгүй байсан. Шүүх дээр нэхэмжлэл ирсний дараа л бодит байдлыг мэдсэн. Ээж маань тухайн үед сэтгэл санааны хямралтай байсан. Тэр үед нь хууран мэхэлж гарын үсэг зуруулсан гэж үзэж Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 6 сарын 3-ны өдөр хийсэн 3 700 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсны дараа И.Сэргэлэн эгч, н.Зоригтбаатар нар манай эгчийг дагуулж аваачаад өгөх тавилгаа харуулсан байдаг. 3 700 000 төгрөг өгөх ёстой гэдгийг И.Сэргэлэн эгч мэдэж байсан. Тийм ч болоод өгөх хугацаагаа тохирч гарын үсэг зурсан. Шүүхийн шатанд хүртэл эвлэрэх санал тавьж байсан. Бид хүнийг худлаа хэлж гарын үсэг зуруулах хүмүүс биш. Нотариат сайн тайлбарлаж өгсөн гэдгээ гэрчийн мэдүүлэгт өгсөн байгаа. Нэг гэрт амьдарч байсан улсууд хэдэн төгрөгийн өр төлбөр байгаа гэдгийг мэдэхгүй байх үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 243 дугаар зүйлийн 243.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ишжамцын Сэргэлэнгээс газар эзэмших худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Базарсадын Энхжаргалд олгож, 2015 оны 6 сарын 3-ны өдрийн 3 700 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 74 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.Энхжаргал нь Ш.Нямаагаас шүүхэд төлөөлөх эрх олгогдоогүй байхад энэхүү гэрээний үүргийг бусдаас шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ш.Нямаагаас Б.Энхжаргалд олгосон итгэмжлэлд итгэмжлэлийг бусдад шилжүүлэх талаар заагаагүй байхад өөрийн төлөөлөгчөөр Б.Энхсайханыг томилсон. Б.Энхжаргалаас Б.Энхсайханд олгосон итгэмжлэлд сөрөг нэхэмжлэлийг гардан авах, хариу тайлбар гаргах эрх олгогдоогүй байхад энэхүү ажиллагаа явагдсан. Энэ бүгдийг хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж бодож байна. Шүүх гэрээнд эрх шилжүүлсний төлбөрийг 10 000 000 төгрөгөөр тусгаж 5 000 000 төгрөгийг аман хэлбэрээр тохирч хариуцагч талаас 1 300 000 төгрөгт машины 4 ширхэг дугуй өгч, үлдэх 3 700 000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэжээ. Шүүгч 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 1891 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаа уншиж сонсгоод тайлбарласныхаа дараа гэрээг 10 000 000 төгрөгөөр байгуулсан гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа, харин 15 000 000 төгрөгөөр тохиролцсон гэдэг нь нотлогдохгүй байна гэж хэлж байсан. Гэтэл уг захирамжийг хүчингүй болгосон шүүхийн тогтоол гарсны дараа хэргийг дахин шийдвэрлэхдээ хэлж ярьж байснаасаа огт өөр шийдвэр гаргасан байна. 2015 оны 3 сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр төлбөрийг 10 000 000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Газар эзэмших эрхийг Д.Зоригтбаатар нь ээж И.Сэргэлэндээ худалдан авч өгөхдөө гэрээний үнийн талаар гол тохиролцоог хийсэн ба энэ талаар нэхэмжлэгч тал ч маргаагүй. Энэ үеэс хариуцэгч тал буюу И.Сэргэлэн нь газрын төлбөрийн талаар бодит байдлыг мэдсэн. Гэтэл шүүх энэ байдлыг "хэлцэл хийсэн өдрөө мэдсэн гэж тайлбар өгсөн" гэжээ. Тухайн үед бодит байдлыг мэдэхгүй эргэлзэж байсан талаар нь тайлбарласан. Шүүх Иргэний хуулийн 59.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзнэ. Үүнээс өмнө талийгаачийн биеийн байдлаас шалтгаалж И.Сэргэлэн нь газрын төлбөр бүрэн хийгдсэн эсэхийг мэдээгүй байсан. Мэдэхгүй байсны улмаас Б.Энхжаргалын худал үгэнд итгэж 2015 оны 6 сарын 03-ны өдрийн мөнгө төлөх тухай баримтад гарын үсэг зурсан байдаг. Хүү нь хүнд өвчтэй байгаа учир түүнтэй ярилцаж чадахгүй байгаа байдлыг нь далимдуулж бодит байдлаас зөрүүтэй зүйл ярьж байгаад төлбөр нэмж төлөх баримтад гарын үсэг зуруулсан нь хуурч мэхэлж байгаа үйлдэл юм. 2015 оны 06 сарыэ 03-ны өдрийн мөнгө төлөх тухай баримт нь И.Сэргэлэн Ш.Нямаа нарын хооронд хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээтэй холбогдох баримт ба Б.Энхжаргал нь Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар энэ хэлцлийг хийх эрхгүй байсан гэж үзнэ. 9 000 000 төгрөгийг бэлнээр төлчихөөд үлдэгдэл 1 000 000 төгрөгт нь дугуй өгчихөөд байхад төлбөр тооцооныхоо талаар мэдэх хүнийг ярих чадваргүй өвчтэй байгаагаар нь далимдуулж, дахин нэмж мөнгө төлүүлэхээр баримт үйлдэж гарын үсэг зуруулсан байгаа нь гэрч Г.Рэнцэнханд. Б.Эрдэнэсоёл нарын мэдүүлгээр нотлогдоно. Шүүх гэрч Г.Рэнцэнхандын мэдүүлгийг гуйвуулж тайлбарлаж дүгнэсэн байна. Г.Рэнцэнханд нь "... гэрээг 10 000 000 төгрөгөөр хийсэн ... Би талуудтай удаа дараа уулзаж байсан. 15 000 000 гэж ярьж байхыг нэг ч удаа сонсож байгаагүй ... И.Сэргэлэн нь 2015 06 сарын 03-ны өдрийн мөнгө төлөх тухай баримтад гарын үсэг зурах үедээ төлбөр тооцооны үлдэгдэл байгаа эсэх байгаа бол хэдэн төгрөг болох талаар мэдэхгүй байсан ... энэ баримтад гарын үсэг зурсныхаа дараа хэд хэдэн удаа ирж би буруу зүйлд гарын үсэг зурсан байна гэж байсан" гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч тал 9 000 000 төгрөгийг бэлнээр аваад үлдэгдэл 1 000 000 төгрөгийг увуулж цувуулж мөн бэлнээр авсан. 5 000 000 төгрөгөөс 1 300 000 төгрөгт тооцож дугуй авсан" гэдэг боловч энэхүү үйл баримтыг болон гэрээг 15 000 000 төгрөгөөр байгуулсан болохоо нотолж чадаагүй. Харин ч гэрээг 10 000 000 төгрөгөөр байгуулж, эрх худалдан авагч тал 9 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэх 1 000 000 төгрөгт тооцож дугуй өгсөн болох нь хэрэгт байгаа бүх баримтаар нотлогдож байна. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул энэхүү шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож. хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Энхжаргал нь хариуцагч И.Сэргэлэнд холбогдуулж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 3 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мөнгө төлөх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойд байрлалтай 1000 м.кв  газрын эзэмшигч Ш.Нямаа нь газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, гэрээ болон холбогдох бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Энхжаргалд олгосон ба уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрхийг олгосон, хүчин төгөлдөр итгэмжлэл байна. /хх-ийн 50 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Б.Энхжаргал нь дээрх итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч И.Сэргэлэнтэй газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдан авагч И.Сэргэлэн нь 10 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байна. /хх-ийн 13 дугаар тал/

 

            Иймд нэхэмжлэгч Б.Энхжаргал нь газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний үүргийг  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

             Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… уг газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний үнийн дүнг бичгээр 10 000 000 төгрөгөөр тохиролцсон боловч 15 000 000 төгрөгөөр тохиролцсон байсан, уг гэрээний үлдэгдэл төлбөр болох 3 700 000 төгрөгийг худалдан авагч төлөөгүй тул 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөх тухай хэлцэл байгуулсан” гэж тайлбарлаж, уг хэлцлийг нотлох баримтаар гарган нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч И.Сэргэлэн нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн төлбөр төлөх тухай хэлцэлд хууран мэхэлж гарын үсэг зуруулсан, 3 700 000 төгрөг төлөх  тухай хэлцэл болохыг мэдээгүй гэж маргаж, уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх  хариуцагч И.Сэргэлэнгээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 3 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхжаргалд олгож, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мөнгө төлөх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ