Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 886

 

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Гэрэлмаа,

хохирогч М.Э,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 651 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Эийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Эд холбогдох 1706020450116 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овогт Д.Э, 1999 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр Их сургуулийн Сэтгэл судлалын 1 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ________________ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ________________/,

          Д.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камел” бааранд М.Э, Д.Э нар нь маргалдаж, харилцан зодолдож, Д.Э нь М.Эийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хохирогч М.Э нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч М.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Д.Эд зодуулж улмаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэсэн. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд Д.Э нь миний хохирлыг барагдуулна гэсэн боловч дараа нь “би чамд ямар мөнгө өгөх ёстой юм бэ” гэх мэтээр дайрч, одоо болтол хохирлоо барагдуулаагүй, утсаа авахгүй байна.  Иймд хохирлын мөнгөө яаралтай барагдуулж авах хүсэлтэй байна ...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч М.Э нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камел” бааранд М.Этэй маргалдан, зодолдож М.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Эийн “... 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 15 минутын үед Сансарын “Камел” бааранд зөөгчийн ажлаа хийж байсан. Би сурахын зэрэгцээ ажилладаг юм. Надтай хамт ажилладаг караокены бармен Д.Э гэдэг охин ажилдаа ирээгүй байсан. Гэтэл зохион байгуулагч Н надад “караокены зөөгч Д.Э ирээгүй байна, ахын дүү доор караокед очоод байж бай” гэж хэлсэн. Би караокед ороод байж байхад тэр охиныг ирэхгүй байна гээд зохион байгуулагч өөр хүн дуудсан. Хэсэг байж байгаад би дээшээ гарсан чинь Д.Э ирсэн байсан. Д.Эыг ирэхээс өмнө манайд Мэргэжлийн хяналт ирээд явсан болохоор Н ах “аягаа угаагаарай” гэж Д.Эд хэлүүлсэн байсан. Би тэрийг нь хэлээд аяга тавгаа угаагаарай гэж хэлээд цааш очиж ширээгээ арчиж байхад араас Д.Э ирээд “чи миний өөдөөс зэхэлздэг хэн бэ” гэж хэлээд цааш явсан. Тэгээд явахаар нь би араас нь “чи юу гэнээ” гэхэд миний эрүүнээс барьж аваад “хоёр нүдийг чинь ухна шүү, битгий над руу зэхэлзээд бай” гэж хэлсэн. Миний шанаа руу гараараа цохисон. Тэгээд зодоон эхэлсэн. Зууралдаад, үсдэлцээд, майжилцсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс ирээд салгасан...” /хх-6-8/,

Д.Эын яллагдагчаар өгсөн “... 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би ангийн хүүхдүүдтэйгээ заал авч тоглож байгаад орой 21 цагийн үед тарсан. Тэр үед би “Камел” баарны доор байрлах “Пирамид” караокед зөөгч барменаар ажилладаг байсан. Намайг 22 цагийн үед очиход караокед өөр охин сууж байсан. Тэгэхээр нь би тэр охиноос “... Нааска ах хаашаа явсан юм бол, чи юу хийж байгаа юм бэ, түр ажиллаж байгаа юм уу...” гэхэд “чамайг халчихсан” гэж хэлсэн. Би дээшээ гарч “Камел” бааранд Батка эгчтэй уулзахад намайг тооцоогоо хүлээж ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б эгчид “тэр охин намайг халагдсан” гэж хэлж байна гэхэд “Н ах чинь ирж байгаа, уулзаад яв” гэж хэлсэн. Би хүлээгээд зогсож байтал М.Э ирээд “доошоо орж аяга тавгаа угаа, чиний ажил юм байгаа биз дээ” гэж надад тушаасан байдалтай хэлээд, муухай хараад ширээгээ арчих гээд цааш явсан. Батка эгч “чам руу ямар муухай хардаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд би тэр охин дээр очоод “чи ямар муухай хардаг юм бэ, наад нүдээ аятайхан байлгаарай” гэж хэлээд буцаж Батка эгч дээр очоод байж байтал М.Э миний араас ирээд надаас хэрүүл өдөөд, намайг гарах уу, гарч байгаад учраа олъё гээд байсан. Би “үгүй, чамтай зодолдохгүй” гэж хэлэхэд “чи айгаад байгаа  юм уу, чааваас” гэх зэргээр намайг өдөөд байхаар нь би нүүрэн дээр нь  гараа тавиад цааш нь түлхсэн. Тэгтэл миний өөдөөс дайрч ирээд зодоон болсон. Намайг сандал руу огцом түлхсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь буцаагаад түлхэж дараад, үс тавь, боль гэж хэлсэн. Бааранд хэдэн эгч нар сууж байсан ба тэр эгч нар ирж салгасан...” /хх-28-29/ гэх мэдүүлгүүд,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... М.Эийн биед дух, хүзүү, нүүр, дээд доод мөчид, хэвлий, умдагт цус хуралт, гүн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 12063 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Д.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч М.Эөөс “... хохирлын мөнгийг яаралтай гаргуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад хохирогч М.Э нь хохиролд 300.000 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлдэг хэдий ч хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байх ба анхан шатны шүүхээс хохирогч М.Э нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байх тул баримтаа бүрдүүлэн хохирол, зардлаа гаргуулах боломжтой байна.

Харин анхан шатны шүүх хохирогч М.Эт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ...” гэсэн заалтыг зөрчиж,  мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын “... шүүх хуралдаанд оролцох...” гэсэн хохирогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.  

Иймд хохирогч М.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 651 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 651 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН