Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00785

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02211 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 263 дугаар магадлалтай,

Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Д.Б-, П.Еркебулан, Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний Б\25 дугаар тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Ховд аймаг дахь “Хөгжил Политехник коллеж”-ийн захирлаар томилогдон ажиллах болсон ба ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2 дахь заалтыг үндэслэн “ажил үүргээ хангалтгүй биелүүлж, муу үнэлгээ авсан” гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Энэхүү хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа буцаан томилогдсон. Гэтэл томилогдоод удаагүй байхад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 дугаартай “Ажлаас халах тухай” тушаал дахин гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн “ажиллагсдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, байгууллагын өр, авлагыг нэмэгдүүлсэн, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр удаа дараа хязгаарлалттай дүгнэлт авч байсан, санхүүгийн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмж, үүрэг даалгавар, албан шаардлага, актыг биелүүлээгүй нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б-ийн уг нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/79 дүгээр тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2 дахь заалт, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар 8.4.13, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.7, 14 дүгээр зүйлийн 14.4.1, 14.4.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3, 16.5 5 дахь заалтыг тус тус баримталсан. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь нийтийн эрх зүйн хүрээнд, захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт бөгөөд уг актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу захиргааны хэргийн шүүх хянаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болохоор хуульчилсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” нь захиргааны байгууллага болохыг хуульчилсан. Иймд уг хэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан байх тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02211 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Б- Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2,948,534 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны Д.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 62,126.54 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 263 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02211 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 263 дугаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хэргийн харьяалал зөрчсөн. Нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан хаагч боловч үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг байсан. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.4, 156.1.1 дахь заалтуудад гомдлоор үүсэх иргэний хэргийн талаар тодорхой зохицуулалт байхад анхан шатны шүүх хэрэглээгүй. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 7029 дугаартай нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан тул иргэний хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэхээс өөр аргагүй гэсэн утгатай шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө захиргааны хууль тогтоомжийг баримталсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 8.4.13-т заасан эрхийнхээ хүрээнд тушаал гаргаж байгаа тул энэ нь иргэний шинжтэй харилцаа биш, зохигч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, захиргааны хууль тогтоомжид заасан зөрчлийг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа тул захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад зохигч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тайлбар авч хэргийг шийдвэрлэх ёстой байсан боловч гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн нэр бүхий 2 акт багтаж байгаа бөгөөд уг актуудыг Сангийн сайд дүгнэлт гаргаж хүчингүй болгосон боловч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь дээрх Сангийн сайдын дүгнэлтүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд /шүүгч н.Оюунгэрэл/ нэхэмжлэл гаргаад хэрэг үүсгэсэн шүүх хурал нь удахгүй болох гэж байна. Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналтын байгууллага, аудитын шалгалтын тайлан, актуудад нэхэмжлэгч Д.Б- гомдол гаргаад Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр мөн адил шүүх хурлууд болсон, шийдвэрүүд гараад явж байгаа.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд шүүхээр эцэслэн хянагдаж шийдэгдээгүй байхад ажлаас чөлөөлсөн тушаалыг шууд үндэслэлгүй гэж хариуцагчийг буруутгаж байгаад гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч  Д.Б- нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...захиргааны хэргийн шүүхийн маргаан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 8 дугаар сарын 18-ний өдөр Б/79 дүгээр тушаал гаргаж, Д.Б-  Ховд аймаг дах Хөгжил Политехник коллежийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэл болгожээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй боловч ажилтан удаа дараа болон ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байхаас гадна  энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болсон байх шаардлагатай.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн ажил олгогч  2017 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг  ажилд эгүүлэн тогтоосон ба түүнийг ажлаас дахин халах хугацаанд тэрээр сахилгын  ямар зөрчлийг  давтан гаргасан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй. 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн,  нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн  69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцжээ.

Төрийн албаны тухай /2002/ хуульд зааснаар төрийн албыг улс төрийн,  захиргааны, тусгай, үйлчилгээний гэж 4 ангилсан ба  төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг  боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал хамаарахаар мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.1.2-т заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Д.Б-ийн ажиллаж байсан Хөгжил Политехник коллежийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албанд хамаарах тул  энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй, энэ тохиолдолд ажилтныг буруутгах улмаар талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02211 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 263 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ