Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 26

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Дарьганга сумын 2 дугаар багт оршин суух Сүрэг овогт Санжмятавын Хуяг

 

”Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг  2016.12.14-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч С.Хуяг нарыг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Хүсэлт гаргагч Санжмятавын Хуяг шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний аавыг бол Санжмятав гэдэг юм. Манай нутагийнхан Санж гэдэг. Надад хөдөлмөрийн дэвтэр анх нээхдээ л Шанжийн Хуяг гэсэн байсан. Мөн дараагийн дэвтэр дээр ч Шанжийн Хуяг гэсэн байсныг би тэр үед нь анзаараагүй юм. Гэтэл тэтгэвэр тогтоолгох гэтэл овог өөр болоод болохгүй болсон байна. Санж гэдгийг бол дуудлагаараа л Шанж гэж бичсэн байгаа юм. Миний иргэний үнэмлэхийн овог бол Санжмятав юм. Би Дарьганга суманд 1972-1982 оныг хүртэл малчин, 1982-1992 оныг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид агент, түүхий эдийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Надад байгаа Шанжийн Хуяг нэртэй 2 ширхэг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Санжмятавын Хуяг намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

 Сүрэг овогт Санжмятавын Хуягт хадгалагдаж буй 1973, 1981 онуудад нээлгэсэн Шанж овогтой Хуягийн хөдөлмөрийн дэвтэр нь Санжмятав Хуягийн дэвтэр мөн болох нь уг хөдөлмөрийн дэвтрүүд дээр наасан зураг нь С.Хуягийн зураг мөн байгаагаас гадна гэрч Чулууны шүүхэд өгсөн ”. . .Хуягийн аав Санжмятав гэдэг хүн бий. Санжмятав гуайг Санж гэж дууддаг байсан. Санжийг Шанж гэж сольж дуудах үе байсан. Хуяг нь 7 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч мал малласан. Өөр Санж, Шанжийн Хуяг нэртэй хүн байгаагүй. Хөдөлмөрийн дэвтэрт байгаа зураг нь С.Хуягийн зураг мөн байна. Хуяг ээжтэйгээ адилхан. Ээж нь Хөнхөр гэдэг хүн байсан. Эднийх 2 хүүхэдтэй дүүг нь Жаргал гэдэг” гэх мэдүүлэг, гэрч М.Энхбаярын шүүхэд өгсөн “. . . Шанжийн Хуяг гэж бол байхгүй, Санжийн Хуяг л гэж байгаа. Санж гуайн албан ёсны нэр нь Санжмятав юм билээ. Хуяг 7 дугаар ангиасаа хөдөө гарч мал малласан. Одоо ч хөдөөнөө л байдаг. Хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа зураг нь Хуягийн зураг мөн байна” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Шанжийн Хуяг нэртэй 1972 -1981 онуудад

 

 

 

 

ажилласан хоног, авсан хөлс бичигдсэн, 1981.06.10–ны өдөр нээлгэсэн 2 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Санжмятавын Хуяг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

С.Хуягийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Сүрэг овогт Санжмятавын Хуяг нь Шанжийн Хуяг нэртэй 1972 -1981 онуудад ажилласан хоног, авсан хөлс бичигдсэн 1981.06.10–ны өдөр нээлгэсэн 2 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан С.Хуягийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Хуяг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ