Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 481

 

 

 

 

 

 

 

   2020         05              13                                      2020/ШЦТ/481  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,

иргэний нэхэмжлэгч Ц.Б, С.Г,

иргэний хариуцагч Е.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн ............ тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... дугаарын регистртэй, Д.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Даваа овогтой Алтан-Алим нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 06 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хар хорин худалдааны төв, Эрин хорооллын хойд замд “Нэт капитал лизинг” ХХК-ний эзэмшлийн “Тоёота” маркийн “Corolla Rumion” загварын 14-34 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 51 настай явган зорчигч Б.Г-ыг мөргөж амь насыг нь хохироож, улмаар гол замаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зорчиж явсан С.Г жолоочтой автобусны баруун хойд хэсгийг мөргөж, “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийт 513,000 /таван зуун арван гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Би гомдолтой байна. Манай дүү хэрэг гарсан өдөр 1 цагийн орчимд гэрээсээ гарч явсан. 15 цагийн үед манай Э гэдэг дүү утас руу залгаад осолд орсон талаар мэдэгдсэн. Би дүүгээ алдсандаа харамсаж байна. Талийгаач эхнэр, хүүхэдгүй байсан.  Би хохирол төлбөрт 15.0 сая төгрөг хүлээн авсан. Бодит хохиролд 29.849.577 төгрөгийн зардал гарсан. Энэ талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан. Нийт 29.849.577 төгрөгөөс буяны ажлын зардал 3.546.000 төгрөг, оршуулгын зардал 3.580.000 төгрөг, бензиний зардал 333.200 төгрөг, цайллаганд 2.975.000 төгрөгийн зардал багтаж байгаа. Онгоцны билетийн хувьд гэвэл нэг дүү маань Швед улсаас ирсэн тул онгоцны зардлыг бодит хохиролд оруулж байгаа. Э гэдэг нь манай хамгийн бага дүү юм. Шүүгдэгчээс бодит хохирлыг гаргуулж өгнө үү. Манай гэрийнхэн осол гарсан замаар явах бүрт сэтгэл зүйн хувьд маш хэцүү санагддаг. Э гэдэг дүү маань сэтгэл санаа нь тогтворгүй болоод байхаар нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх гэж байсан асуудал гарч байсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.Б мэдүүлэхдээ:

“...Манай байгууллага тухайн сарын 25-ны өдрөөс дараагийн сарын 23 хүртэл ажилласан тохиолдолд нэг сар ажилласан гэж үздэг. Жолооч Г нь уг зам тээврийн ослоос болоод 2 дугаар сард 8 хоног, 3 дугаар сард 9 хоног ажиллаж чадаагүй. Иймд Гийн ажлаагүй үеийн цалинг тооцож нэхэмжилж байгаа. Г нь 2 дугаар сард 423.602 төгрөгийн цалин авсан. 3 дугаар сард 432.230 төрөгийн цалин авсан. Тэгээд Гийн 1 сарын дундаж цалин 1.099.000 төгрөг болохыг тодорхойлсон баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн. 2 дугаар сард 675.398 төгрөг, 3 дугаар сард 666.756 төгрөгийн цалин аваагүй. 1.342.160 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.2 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Г мэдүүлэхдээ:

“...Иргэний нэхэмжлэгч Ц.Б намайг төлөөлж иргэний нэхэмжлэлтэй холбоо асуудлын талаар ярьсан. Үүнтэй санал нэг байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Е.Б мэдүүлэхдээ:

“...Надад хэлэх зүйл байхгүй, би иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэв

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Аын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд би Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрин хорооллын 59-3 дугаар байранд байдаг хүргэн Бгийнхаас гараад уг байрны гадаа зогсоол дээрээс 14-34 УАВ улсын дугаартай Тоёота Королла Румеон маркийн автомашин жолоодоод хорооллоос гараад төв зам руу ороод баруун гар тийш эргэж явах санаатай хорооллоос гардаг замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байтал миний баруун гар талаас буюу замын зүүн талаас нэг хүн зам хөндлөн гарах гээд машины урдуур ороод ирсэн. Тэр хүнийг мөргөх шиг болоод би тэр хүнийг мөргүүлээд машины хойно хоцорсон гэж бодсон. Тэгээд би сандраад чигээрээ яваад гол замаар явж байсан автобус мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 226-227/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын өгсөн:

“...Би талийгаачийн төрсөн эгч нь болох хүн байна. Манай дүү эхээс тавуулаа би айлын том эгч нь юм. Манай аав, ээж хоёр талийгаачийг өлгийтэй байхад нь өргөж авч байсан. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаачийн буяны ажилд нийт 25,768,070 төгрөг зарцуулсан мөн манай хамгийн бага дүү Э Швед улсад эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан ба талийгаачийг нас барсныг сонсоод эхнэр, хүүхдийн хамт Монголд ирсэн ба түүний онгоцны тизний зардал 4,104,060 төгрөгийг нэхэмжилж байна. Манай дүү хүнд тусархуу хэнд ч хор хийж байгаагүй мөрөөрөө явж байсан хүнийг дайрч амь насыг нь хохироосонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 35-36/,  

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Е.Бн өгсөн:

“...Д.А манай хадам ээж болох хүн юм. Манай хадам ээж урьд нь Т.Приус-11 маркийн автомашин унадаг байж байсан машин нь хуучраад сайжруулж солино гээд тэр машинаа 4,150,000 төгрөгөөр зараад Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас 10,100,000 төгрөгийн зээл авч уг автомашиныг лизингээр авсан. Би бусдад учирсан хохирлыг хариуцна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 105/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн өгсөн:

“...Даевүү бус маркийн 03-87 УБЧ улсын дугаартай автобус манай байгууллагын автобус байгаа юм. Хойд буферны булан, люкны таг эвдэрсэн баруун хойд гэрэл хагарсан. Автобусанд учирсан хохирлыг үнэлгээгээр гарсан хэмжээгээр жолооч Алтан-Алим нь төлж барагдуулсан. Зам тээврийн улмаас автобус 14 хоног ажилд гараагүй эвдрэлтэй байсан энэ хугацаанд жолооч ажлаа хийгээгүй энэ хугацааны жолоочийн цалин хөлсийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 117/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.А-гийн өгсөн:

“...Ээж осол болдог өдөр манайд хоноод эмнэлэгт хүн эргэх гээд гарч яваад осол гаргасан байсан осол гаргаад над руу залгаж би ослын газар яваад очиход ээж осол гаргаад шоконд орчихсон машиндаа уйлаад сууж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 127/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Гийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ...Хархорины автобусны буудал дээр зогсож зорчигчоо буулгаж суулгасан. Энэ үед надаас ээлжээ авахаар буудал дээр зогсон хүлээж байсан манай ээлжийн жолооч автобусны баруун хойд булан санжсан байна гэж хэлэхээр нь би автобуснаас бууж ирээд хартал нэг залуу гүйж ирээд таны автобусыг тэр машин мөргөчихлөө та хараач гэсэн. Би замын голд хөндлөн зогсож байсан цагаан өнгийн машин дээр очиж хартал тэр машины урд гуперийн доогуур хүн дайруулж мөргүүлсэн байдалтай машины жолооч эмэгтэй уйлаад утсаар ярьж харагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 128/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот:

1. Талийгаач Б.Г-ын цогцост гавал болон нүүрний хэлбэр дүрс алдагдуулсан ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины эдийн няцрал, хүзүүний 1,2-р нугаламын их биеийн үйрч бяцарсан хугарал, нугасны бүрэн бус тасрал, баруун талын олон хавирганы хоёрлосон шууд бус хугарал, уушигны эдийн няцрал, цус хуралт. Баруун атгаал яс ил хугарал, баруун бугалга, тохойн хууларч урагдсан шарх. Зүүн мөрийн шонтон, баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед хэвтээ байрлалд толгой, цээжний баруун тал, баруун атгаал хэсгээр дайрагдах үед үүсгэгдэнэ. Баруун гуяны зулгаралт гэмтэл нь нас барсны дараа үүссэн байна.

3. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

5. Талийгаач нь АВО системийн АВ /II/ бүлгийн цустай байна гэх дүгнэлт /1-р хх-н 154-160/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн биологийн шинжээчийн 1179 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 03-87 УБЧ улсын дугаартай “Даевүү” маркийн автобусны баруун хойд крыло дээрээс бэхжүүлж авсан гэх дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 03-87 УБЧ улсын дугаартай “Даевүү” маркийн автобусны баруун хойд крыло дээрээс бэхжүүлж авсан гэх дээжнээс илэрсэн эрэгтэй ДНХ-ийн тогтоц нь Б.Г-ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт /1-р хх-н 209-210/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот:

1. Тоёота Королла Румеон маркийн 14-34 УАВ улсын дугаартай автомашины жолооч Даваагийн Алтан-Алим нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Баярмөнхийн Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Даевоо маркийн 03-87 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Сайнжаргалын Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх магадлагаа /1-р хх-н 215/,

 

- Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 4-6/,

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-н 8-19/,

- Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 20-21/,

- Хохирлын баримтууд /1-р хх-н 50-103/,

- Хохирол төлсөн баримт /1-р хх-н 124/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 229/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 232/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 238/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 06 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хар хорин худалдааны төв, Эрин хорооллын хойд замд “Нэт капитал лизинг” ХХК-ний эзэмшлийн “Тоёота” маркийн “Corolla Rumion” загварын 14-34 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 51 настай явган зорчигч Б.Г-ыг мөргөж амь насыг нь хохироож, улмаар гол замаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зорчиж явсан С.Г жолоочтой автобусны баруун хойд хэсгийг мөргөж, “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийт 513,000 /таван зуун арван гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Аын “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ... 14-34 УАВ улсын дугаартай Тоёота Королла Румеон маркийн автомашин жолоодоод хорооллоос гараад төв зам руу ороод баруун гар тийш эргэж явах санаатай хорооллоос гардаг замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байтал миний баруун гар талаас буюу замын зүүн талаас нэг хүн зам хөндлөн гарах гээд машины урдуур ороод ирсэн. Тэр хүнийг мөргөх шиг болоод би тэр хүнийг мөргүүлээд машины хойно хоцорсон гэж бодсон. Тэгээд би сандраад чигээрээ яваад гол замаар явж байсан автобус мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын “...мөрөөрөө явж байсан хүнийг дайрч амь насыг нь хохироосонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг, 

 

иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн “...Даевоо бус мөркийн 03-87 УБЧ улсын дугаартай автобус хэний эзэмшлийн автобус манай байгууллагын автобус байгаа юм. Хойд буферны булан, люкны таг эвдэрсэн баруун хойд гэрэл хагарсан. Автобусанд учирсан хохирлыг үнэлгээгээр гарсан хэмжээгээр жолооч Алтан-Алим нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.А-гийн “...Ээж осол болдог өдөр манайд хоноод эмнэлэгт хүн эргэх гээд гарч яваад осол гаргасан байсан осол гаргаад над руу залгаж би ослын газар яваад очиход ээж осол гаргаад шоконд орчихсон машиндаа уйлаад сууж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Гийн “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ...Хархорины автобусны буудал дээр зогсож зорчигчоо буулгаж суулгасан. Энэ үед надаас ээлжээавахаар буудал дээр зогсон хүлээж байсан манай ээлжийн жолооч автобусны баруун хойд булан санжсан байна гэж хэлэхээр нь би автобуснаас бууж ирээд хартал нэг залуу гүйж ирээд таны автобусыг тэр машин мөргөчихлөө та хараач гэсэн. Би замын голд хөндлөн зогсож байсан цагаанөнгийн машин дээр очиж хартал тэр машины урд гуперийн доогуур хүн дайруулж мөргүүлсэн байдалтай машны жолооч эмэгтэй уйлаад утсаар ярьж харагдсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн биологийн шинжээчийн 1179 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 32 тоот магадлагаа, Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Аыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудын өгсөн мэдүүлгийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 508 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.А, иргэний хариуцагч Е.Б нараас 12.112.500 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эд олгох, иргэний нэхэмжлэгч С.Гт 849.227 төгрөгийг олгохоор тус тус шийдвэр гаргаснаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч, иргэний хариуцагч нарын зүгээс дээрх хохирлыг төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч, иргэний хариуцагч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан ба шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн В ангиллын 567875 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт хураагдан ирсэн В ангиллын 567875 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ