Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 134/ШШ2017/00021

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, НҮБ-ын гудамж, Бага тойруу-14, МТ байранд байрлах, “МТ Авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон овогт Гантөмөрийн Дуламхандын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3 дугаар байр, 7-101 тоотод оршин суух, Мөнх овогт Бадарчингийн Баянцогтод /РД: ЗЙ72092515, утас: 89320336/ холбогдох,

хохирол 12 821 678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд, Г.Энхжавхлан, хариуцагч Б.Баянцогт, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “МТ Авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд, Г.Энхжавхлан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Бадарчингийн Баянцогт нь 2012 оны 09 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл манай компанид автоцистерний жолоочоор ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа буюу 2014 оны 10 дугаар сарын 14-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас 38510 литр буюу 33119 кг Дт-г 51-45 УБЦ, 20-83 уч улсын дугаартай Норд бенз /Nord Benz/ маркийн автоцистернд ачин Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Хишиг арвин индустриал” ХХК-д хүлээлгэн өгөхөөр гарсан. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 15-ны орой 20-22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс 60 км зайд жолоочийн буруутай үйлдлээс автомашиныг хүч алдуулан ухраан алдаж, чиргүүлээ хайчлуулан торхны хойд хэсгээр мөргөснөөс чиргүүл дээш харж унан амьсгалах клапан хугарч, шатахуун асгарсан, мөн УНО 51-45 автоцистерний торхны арын хэсгээр чиргүүлийг мөргөсний улмаас чиргүүлийн хөндлөн швейлер төмөр автоцистерний торхыг цоолж, авто осол гарган шатахуун асгарсан. Ослын улмаас автомашины чиргүүл их хэмжээгээр эвдэрч, 8009 литр буюу 6856 кг 14 256 020 төгрөгийн үнэ бүхий дизель түлш асгарсан. “Магнай трейд” ХХК-иас томилогдсон комисс 2014 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагийн үед осол болсон газар дээр очиж, ослын байдалтай танилцан, фото зургийг авсан. 50 м3-ийн саванд байсан шатахуун болон чиргүүлийн ачааг “МТ Авто” ХХК-ийн 41-55 УНЯ, 84-95 БЧ улсын дугаартай Норд бенз маркийн автоцистерн болон чиргүүлд насосоор соруулан авч, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын тоолуураар залин хийж, асгарсан шатахууны хэмжээг тогтоон орлого болгон хүлээлгэн өгсөн. Б.Баянцогт нь 8009 литр буюу 6856 кг 14 256 020 төгрөгийн дизель түлш асгасан, асгарсан шатахууныг соруулах, тээвэрлэхэд гарсан шатахууны зардал 428 778 төгрөг, томилолтын зардал 222 000 төгрөг, нийт 16 821 678 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 4 000 000 төгрөгийг Б.Баянцогт төлсөн, үлдэгдэл 12 821 678 төгрөгийг сар бүр тодорхой хэмжээгээр төлж барагдуулахаар тохирсон боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй. Шатахуун болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж явах үүрэг нь зөвхөн жолоочид байдаг.

Иймд иргэн Б.Баянцогтоос 12 821 678 төгрөгийг гаргуулан өгч нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. Энэ харилцаа нь шууд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцаа биш тул бид хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэлд ач холбогдолтой нотлох баримт биш гэж үзээд өгөөгүй. Тухайн үед бид цагдаагийн байгууллагыг ослын газар дуудсан бол эрүүгийн хэрэг үүсэх байсан боловч Б.Баянцогттой амаар хэлцэл хийж, түүний 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийг үндэслэн сар бүр 1 000 000 төгрөгийн төлөлт хийнэ гэсний үндсэн дээр учруулсан гэм хорын хохирлыг төлүүлэх шаардлага гаргасан гэв.

 Хариуцагч Б.Баянцогт шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:             

Би 2012 оны 09 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сарын дунд хүртэл “МТ Авто” ХХК-ийн Чойр дахь салбарт жолоочоор ажилласан. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр чиргүүл, толгой нийлсэн 38510 литр түлшийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Хишиг Арвин Индустриал” ХХК-д хүлээлгэн өгөхөөр ачин явж байгаад Цогт-Овоо сумаас 60 километрт өөд газар 3 дугаар араанаасаа 2 дугаарт хийх гэтэл хэдэрлээд араа солих явцад хүнд ачааны улмаас чиргүүл арагш татсан. Тоормос гишгэсэн боловч чиргүүл огт тоормосгүй учир толгойг чангааж хайчлагдан, хүрд нь салсаны улмаас чиргүүл унаж, түлш асгарсан. Миний чирч явсан 20-53 УЧ дугаартай чиргүүл нь 2 ёмкос нийлүүлж залгасан, Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн, хөтлөгч гар нь богино, чиргүүлийн тоормос тавих боломжгүй, огт байхгүй, торх нь сорогдож нимгэрсэн, зарим газарт нь цооролт үүсч гагнасан, хэрэгцээнд үл нийцэх гар хийцийн стандартад тохирохгүй чиргүүл байсан. Тус чиргүүлийг чирч хол явахад шаардлага хангахгүй болохыг хэлж байсан боловч компани ашгаа бодож чирүүлдэг байсан. Нөхөөс гагнаас ихтэй учраас жаахан ширүүн явахаар нөхөөс нь тавигддаг байсан учраас аясаар нь зөөлөн явдаг байсан. Өмнө нь 8 дугаар сард Дорнод аймагт ачаа буулгахаар явахад чиргүүл нь Норд Бенз машины дугуйны эргэлтийг гүйцэхгүй ступцны шарик нь нурж, хээр эвдэрч байсан.

Ослын дараа би өөрөө эвдэрсэн чиргүүлийн хонхор хотгорыг гаргаж, муруйсан гарыг тэгшилж гагнаад торхыг будаж, байгууллагыг хохиролгүй болгосон ба холбогдох албан тушаалтан н.Батбаярт хүлээлгэн өгсөн. Авто тээврийн хуулийн 19.2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлага /авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт/-ыг тус чиргүүл нь бүрэн хангаагүй, тоормос тавих ямар ч боломжгүй байдал нь осолд хүргэсэн гэж бодож байна. Ослын дараа удирдлагууд чи төлбөрийг боломжоороо төлөөд байгаарай. Тэгвэл чамайг ажлаас чинь халахгүй гэсэн тул хохирол төлбөрийг өөрийн боломжоороо хамаг байдгаа шавхаад 4 000 000 төгрөг тушаасан ба хохирол төлөх шаардлага гарвал ажлаа хийж байгаад цалин дээрээсээ зохих хэмжээгээр өгөх санал тавьсаныг компани надтай ярилцаж тохиролгүй шууд ажлаас халсан. Тухайн үед төлбөрийн талаар ярилцаж тохирсон, гарын үсэг зурсан юм огт байхгүй. Миний буруутайг тогтоосон баримт байхгүй байхад мөнгө нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй, хууль хяналтын болон замын цагдаагийн ослын акт үйлдэгдээгүй, техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй, шатахууны үлдэгдлийг ямар нэгэн тоолуур албан ёсны баталгаажилт, стандартаас хэн тооцсон нь тодорхойгүй, өөрийн байгууллагын эрх ашгийн үүднээс гаргасан акт байдаг.

Хөдөлмөрийн харилцааны маргааны хувьд хөдөлмөрийн гэрээ байх ёстой. Гэтэл надтай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ зэргийг байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад хөдөлмөрийн харилцаанд орсон нь нийгмийн даатгалын дэвтэр, техникийн ослын акт, хавсрах хуудас зэргээр батлагддаг боловч нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм. Эдгээр нөхцөл байдлаас авч үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

            Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “МТ Авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд нь хариуцагч Б.Баянцогтод холбогдуулан жолооч өөрийн буруугаас автомашиныг хүч алдуулан ухраан алдаж, чиргүүлээ хайчлуулан торхны хойд хэсгээр мөргөснөөс чиргүүл дээш харж унан амьсгалах клапан хугарч, шатахуун асгарч, нэхэмжлэгчид нийт 12 821 678 төгрөгийн хохирол учруулсан тул үүнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

“МТ Авто” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 194/16 тоот албан бичгээр Г.Дуламханд, Г.Энхжавхлан нарт нэхэмжлэл гаргах болон, нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээх тухай итгэмжлэл олгосон тул Г.Дуламханд нь тус компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Б.Баянцогттой байгуулсан хэлцэл, тус компанид өгсөн түүний өргөдлийг /хх-21/ үндэслэн 12 821 678 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ маргаан нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан биш гэж шүүх хуралдаанд тайлбарласан.    

Хариуцагч Б.Баянцогт нь миний буруутай гэдгийг тогтоосон акт, ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт байхгүй, хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байхгүй, асгарсан түлшний хэмжээг тогтоосон үнэлгээ байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Б.Баянцогт нь “МТ Авто” ХХК-д 2012 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс ачигч, буулгагч, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс жолоочоор хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, Б.Баянцогтын А0738699 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “МТ Авто” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №56/14 тоот төлбөр төлүүлж, ажлаас халах тухай тушаал /хх-22/ зэрэг баримтаар нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Б.Баянцогттой байгуулсан хэлцлийн үндсэн дээр хохирол нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа компанид хохирол учруулсан талаар зохигч маргаагүй тул шүүх талуудын хоорондын маргааныг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн гэж үзлээ.

Хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа буюу 2014 оны 10 дугаар сарын 15-ны орой Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 60 километрт өөд газар өгсөж явахдаа автомашиныг хүч алдуулан ухрааж, чиргүүлээ хайчлуулан, чиргүүлээ унаган, автоцистерний хойд торх цоорч, их хэмжээний шатахуун асгарсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №107/14 тоот илтгэх хуудас, №14/49 тоот Техникийн ослын акт, нийт 16 821 678 төгрөгийн шатахууны зардлын тооцоо /хх9-20/ зэргээр тус тус нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх үйл баримтыг үгүйсгээгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т  “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан” тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ гэжээ. 

Түүнчлэн, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэсэн ба талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй гэж зохигч маргаангүйгээр тайлбарласан, харин хариуцагч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж, нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэсэн боловч уг хөдөлмөрийн гэрээг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар ажилтан нь өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд ажилтны буруутай үйл ажиллагаа, үүний улмаас байгууллагад учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр хохирлыг арилгуулахаар ажилтнаас шаардах эрхтэй юм. 

Гэтэл хавтаст хэрэгт түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас уг нотлох баримтыг шаардаагүй тул хэрэгт өгөөгүй гэж тайлбарласан, зохигч хэн аль нь энэ талаарх нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргаагүй, зохигч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байх тул Хөдөлмөрийн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар “ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэснийг үндэслэн Б.Баянцогтоос 12 821 678 төгрөг гаргуулах тухай “МТ Авто” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэх 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогчид хандан гаргасан байгууллагад учруулсан хохирлыг барагдуулах агуулга бүхий бичгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон амаар хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байх боловч уг төлбөр хэний, ямар буруутай үйлдлээс болж, хэзээ, хэнд, хэдий хэмжээний хохирол учирсаныг нотолж чадахгүй, зохигчийн хооронд хэлцэл хийгдсэн гэдгийг нотлохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 096.85 төгрөгийг орон нутгийн төсвийн орлгод үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар Мөнх овогт Бадарчингийн Баянцогтоос хохиролд 12 821 678 /арван хоёр сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай “МТ Авто” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 096.85 /хоёр зуун хорин мянга ерэн зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.НАРАНЧИМЭГ