Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 478

 

 

 

 

 

 

 

2020               5          12                                2020/ШЦТ/478

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, Г.Наранбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ......... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .....1 дугаарын регистртэй, Л.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 37 тоотод оршин суух гэртээ өөрийн төрсөн хүү болох бага насны буюу 9 нас 11 сар 24 хоногтой Б.Е-ыг “яасан муухай бичдэг юм бэ, зургийн дугуйланд явж байж яасан муухай зурсан юм бэ” гэх зэргээр чанга дуугаар загнах үед ухаан алдан унасан Б.Е-ыг сэргээх зорилгоор зүүн хацар, нүүр лүү нь алгадаж гавал тархины гэмтэл үүсгэн болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ:

“...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Талийгаач хүү минь миний 10 жил хүлээсэн нуган үр минь байсан. Миний түшиг тулгуур болсон хүү минь байхгүй ч гэсэн миний хажууд эхнэр минь байна. Гурван сайхан охин маань байна. Бага охин минь 4 настай. Том охин маань 22 настай. Дунд охин маань 18 настай. Анх гэр бүл болсноос хойш амьдралын төлөө, гэр бүлийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж, хүүхдүүдийнхээ сурч боловсрох бүх нөхцлийг хангахын төлөө хичээж явсан. Би 2 дугаар сарын 14-ний өдөр ажилтай байж байгаад 2 дугаар сарын 15-ны өглөө сэрээд хүүгийнхээ хичээлийг шалгасан. Одоо бодоод байхад би өчүүхэн зүйлээс болж уурласан байсан. Манай хүү сэргэлэн, хөдөлгөөнтэй, тоонд сайн хүүхэд байсан учир жирийн сургуульд явуулж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрдмийн хишиг бүрэн дунд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид оруулсан. Тэр үед багш нар нь түргэн бичдэг хүний бичиг муухай байдаг шүү тэгэхдээ хэдүүлээ хамжиж дэмжээд тусалвал улам сайхан болно гэсэн асуудлаас болж тухайн үед би хүүгээ загнасан. Хүүгээ унасан үед сэрээх гэж хийсэн үйлдэл маань асар буруу үйлдэл болсон байна. Тухайн үед надад яагаад хүчтэй алгадах мэдрэмж төрсөн бэ гэхээр хүү маань төрснийхөө дараа 7 сартайдаа гүйлгээд толгойгоо даахгүй би өргөөд Эх нялхасаар гүйж байсан. Тухайн үед талийгаач хүүгээ баруун гар дээрээ тэврэхэд толгой нь гудайх үед их хүнд сэтгэгдэл төрж байсан. Хүүгээ ухаан алдсан байх үед яг тэр мэдрэмж төрөөд яачихваа гэж сандарч үсэрч дэвхцэж гүйсэн. Алгадвал сэргэчих болов уу гэж хүн амьтан руу ярьсан. Тухайн үед түргэн тусламж дуудсан. Манай байранд хоёр 12 дугаар байр байдаг учир тэрнээс болж хугацаа алдсан болов уу гэж бодоод байдаг юм. 2 дахь удаагаа түргэн тусламж руу ярьсан чинь та хөдөлгөж болохгүй гэсэн. Тэрнээс нь өмнө би сэргээх гэж цээжээр нь зөндөө олон удаа тэвэрч сэгсрээд баруун гараараа зүүн хацарт нь нилээн хүчтэй 2-3 удаа алгадсан. Миний хүү манай гэр бүлийн бурхан болж ирсэн хүн байсан. Тухайн үеийн нөхцөл байдалд надад үнэхээр хүнд байсан. Одоо сэтгэл санаа сайхан цэгцрээд байж байна. Хүүдээ зориулж мод тарилаа. Би өрхийн тэргүүн гэдэг утгаараа сайхан эхнэр, сайхан 3 охиныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж хүүхдүүдийнхээ гарыг ганзганд хөлийг дөрөөнд хүргэх хүсэл эрмэлзэлтэй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Миний хүү аав ээж хоёрынхоо хамгийн нандин эрдэнэ байсан. Аав нь хүүгээ маш их эрхлүүлдэг байсан. Аниа нар нь тоглоомоор загнахад хүртэл өмөөрч дүүгээ яагаад ингээд байгаа юм гэдэг байсан. Дандаа инээж байдаг хүүхэд байсан. Анх хүү минь төрөхөд миний хань хүүтэй болсон юм чинь гээд шинэ байранд орж байсан. Хүүгээ гоё машинд суулгана гээд машин худалдаж авч байсан. Миний хүү ээж, аав хоёрынхоо маш их хайранд хүн болж байсан. Миний хань хүүгээ хөл бөмбөгийн секц, зургийн дугуйлан, математикийн сургалт, сагсан бөмбөгийн секц, гадаад хэлний сургалтанд хүртэл хүүгээ явуулдаг байсан. Хүүгийнхээ явдаг байсан газруудаар явахад эхэндээ их эмзэглэлтэй байсан. Одоо тэр газруудаар явахад хүүгээ амьд байхад нь олон газраар дагуулж явж байсандаа гэж боддог. Ханьдаа ч тийм дурсамжийг надад олгож, хүүгийнхээ тэр олон сургалтын төлбөрийг төлж олон сайхан сургалтанд явуулдаг байсанд нь баярлалаа гэж хэлмээр байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Бийн өгсөн:

“...Би хүүхдээ юу гэж санаатай алах вэ дээ. Ер нь хүү маань миний ариун нандин хайртай өсгөсөн хүүхэд байсан. Би хүүхэддээ шаардлага тавьдаг, шаардлага тавихдаа чанга дуугарч загнасан асуудал байгаа. Би өөрөө их хахир чанга дуутай, юм хэлэхдээ их хашигарч ярьдаг. Гэр бүлийн маань эхнэр 4 хүүхэд миний хамгийн энхрий ялдам зүйл байсан. Би хүүхдээ бусдаас илүү мундаг авъяастай, хүчтэй байгаасай, эрдэм мэдлэг өндөртөй оюунлаг хүн болгохын тулд шаардлага тавьж загнадаг байсан. Ар гэрийн маань хүсэл болсон хүү маань байсан би өөрөө айлын ноён нуруу болсон сайхан хоёр эр хүн нь байсан. Намайг ажилдаа яваад ирэхэд хүү маань ирж үнсүүлнэ, охидууд маань хүртэл надад хайртай би хүүхдүүддээ хайртай байсан. Охиноосоо хойш 10 жил болж байж нуган үртэй болсон. Нуган үртэй болохоор эхнэр бид 2 бөө зайран, лам, мундаг эмч нарт хүсэлт гаргаж байж хүүтэй болсон. Би өмнө нь хүү Е-ын нэг ой гарантай байхад нь гэдэс нь гүйлгээд эх нялхас эмнэлэгт очиж үзүүлэх гээд тэврээд явж байхад толгой нь гудайгаад сонин болчихсон байсан. Би хэрэг болдог өдөр энэн шиг зүйл боллоо гэж бодоод хүүгээ унасных нь дараа зүүн хацарт хэсэгт хүчтэй хэд хэдэн удаа алгадсан. Би яг сайн санахгүй байна.

Тэр өглөө би хүү Е-ын хичээл ном даалгаврыг шалгаад тооны дэвтэр энэ тэртээ муухай бичсэн байхаар нь үзээд би унтлагын өрөөнөөсөө “яагаад байгаа юм бэ хүү минь зургийн дугуйлан энэ тэрд явж байж яагаад гоё бичиж чадахгүй байгаа юм бэ” гэж хэлсэн. Талийгаач том өрөөнд цонхон талын цагаан өнгийн буйдан дээр эгч М-той хамт сууж байсан. Энэ үед том охин Н-э дунд талын өрөөнөөс гарч ирээд “аав та яагаад байгаа юм бэ” гэхээр нь би дүү чинь муухай бичээд байна шүү дээ хичээл номыг нь сайн харалдаа гэж хэлээд би том өрөө рүү орж ирсэн. Хүү маань дэвтрээ барьчихсан М-гийн ард зогсож байсан. Би хүү рүүгээ нэг том алхаж дөхөж очоод зүүн гараараа талийгаачийн бараан хацар, нүүр хэсэгт нь нэг удаа алгадсан. Уг өрөөндөө би буцаад эргэхэд дүү уначихлаа гээд охидууд уйлаад ааваа гээд орилсон. Би тэгэхээр нь эргэж харахад М-гийн ард буйдан налаад уначихсан байсан. Очоод тэвэрч авахад өмнө нь нэг настай байсан шиг толгой нь гудайсан санагдахаар нь тийм болчих шиг боллоо гэж бодоод өөрөө тэвэрэхэд тийм мэдрэмж төрсөн. Тэгэхээр нь хивсэн дээр нь хэвтүүлээд зүүн хацар луу баруун гараараа хүчтэй алгадахад хацар нь хөхрөөд эхэлсэн. Бид сандралдаад би 103-т хүүхэд ухаан алдаад уначихлаа гэж дуудлага өгсөн. Хүүхдийн түргэнтэй дамжиж холбогдоод хөдөлгөж болохгүй гэж хэлэхэд хөдөлгөсөн гэж хэлээд яриад өнгөрсөн.

М- өөрөө анагаахын 3-р курс юм судас барьж үзээд амьсгалтай байна гэсэн. Би талийгаачийг тэвэрч байхад нэг удаа амьсгалсан. Би мөн хиймэл амьсгал хийсэн. Хэлийг нь дарж байгаад цээжин дээр нь дарахад хамар амнаас нус гарсан. Ерөөсөө ухаан орохгүй байсан. Том эгч нь Н-э ус амандаа балгаж байгаад нүүрлүү нь тургихад сэрэхгүй байсан. Би хүүг ухаан алдсанаас нь хойших сая ярьсан процессыг сайн санахгүй урд хойно нь санаад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 148-151/,   

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн өгсөн:

“...Ойрын үед уг сургалтантаа сууж чадаагүй учраас 2020 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 08:30 цагт гэрээсээ өөрийн төрсөн ээж Батхүүгийн хамт явсан. Гэрээсээ гараад машины дугуйны хээ суларсан байсан тул хий нэмүүлээд 08:50 цагийн үед сургалтандаа очиж хоолоо идчихээд жингээ өгчихөөд сургалтнаасаа 09:15 цагийн үед гараад гэрлүүгээ явсан. Ээж маань уг газарт найзтайгаа уулзана гээд үлдсэн. Би гэртээ харихаар явж байтал удалгүй 09:20 цагийн үед том охин Н-э миний утас руу залгаад дүү Тамираа /Е-/ ухаан алдаад уначихлаа гэсэн. Яасан юм бэ ээж нь очиж байна шүү дээ гээд шууд гэртээ очоод гэрлүүгээ яваад ороход Е- том өрөөний буйдан зурагтны голд ухаангүй байдалтай хажуу талаар нь харуулсан хэвтэж байсан.Түргэний эмч дээшээ битгий харуулаарай гээд ирж амжаагүй байсан. Е-ын хажууд аав Бямбадорж, Н-э, М- нар байсан жижигхэн охин Есүгэн дунд талын өрөөндөө байсан. Гэрт өөр гадны хүн бол байгаагүй. Би яасан бэ яагаад ийм зүйл болчихвоо гээд Е-ын гар, хөлийг нь барьж өгөөд нуруун дээр нь бага зэрэг алгадаж цочроо өгсөн боловч ухаан орохгүй намайг тэвэрч үзэхэд зүрх нь бага багаар цохилж байсан. Нүүр лүү нь сэргээх маягаар ус цацаж өгсөн. Тухайн үед Бямбадорж өөрөө надад юм яриагүй яанаа, яанаа миний хүү гээд үсрээд дэвхцээд байсан. Удалгүй түргэн тусламжийн эмч 09:40 цагийн үед ирээд “та нар хиймэл амьсгал хийсэн үү цээжин дээр нь дарсан уу" гэж асуугаад цээжин дээр нь дарж үзсэнээ ам руу хийдэг амьсгалын аппарат хийгээд хиймэл амьсгал хийсэн боловч ухаан орохгүй байсан Эмч клиник үхэл юм болов уу дусал хийхээр гайгүй болчихож магадгүй гэж ярьсан боловч дусал хийгээгүй.

Удалгүй нүдний хүүхэн харааг нь үзэж байгаад өнгөрчихлөө гэсэн. Удалгүй цагдаа орж ирж байсан. Би өнөөдөр юу болсон талаарч мэдэхгүй байгаад байна ганц ээж аавынхаа хүү байсан юм. Өчигдөр аав нь валентины баяр гээд талийгаачид чихэр идүүлэхгүй байж байгаад дуртай чипс шоколадыг нь авчирж өгөхөд аягүй их баярлаж байсан. Бид нар хүүгээ хараад ийм хөөрхөн том болсон байна гэж ярилцаж байсан. Миний хүү хажуугаараа хараад хэвтэж байсан /баруун талаараа/ зүүн хацарт нь жаахан улайсан байдалтай байсан. Би эхлээд уг улайсныг хивсэнд үрсэн юм болов уу гэж бодож байсан боловч сүүлд цагдаа нар ирсний дараа хүүгээ очиж харахад хөх өнгийн судал зүүн хацарт нь гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 56-59/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Н-ий өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 15-ны өглөө М- сэрсэн миний хажууд хэвтэж байсан харин Есүгэн дүү маань боссон байсан. Намайг сэрэх үед Е- өрөөнөөс орж ирээд дэвтрээ авч байх шиг байсан төд удалгүй аав чи хичээл номоо хий, цэвэрхэн бич гээд том өрөөнд дугараад байсан. М- том өрөө рүү явахаар нь би араас нь том өрөө рүү очиход аав М- бид хоёр луу дүүгийнхээ хичээл номыг хийлгээч бусад хүүхдүүд хичээлээ сайн хийсэн байна Е- луу чи одоо яагаад чадахгүй байгаа юм бэ гээд зандрангүй байдлаар харьцаад байхаар нь би М- бид хоёр одоо хичээлийн хийлгэнэ гэж хэлээд Е- луу харахад нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байсан. Тухайн үед том өрөөнд аав, би гурван дүүгийнхээ хамтаар байсан. Аав дахиад хичээл номыг нь сайн хийлгэ, зургийн дугуйланд явдаг юм чинь зургийн сайн зуруул гэж хэлээд зогсож байсан.

Манай гал тогооны өрөө том өрөө хоёр хамт байдаг аавтай юм яриад зогсож байх үед газар шалан дээр коршокны хажууд нойлын цаас унасан байхаар нь би нойлын цаасаа аваад гал тогооны текэн дээр аваачиж тавьсан. Тухайн үед аав өөрийнхөө өрөө рүү орж байх шиг байхаар нь тайвшруулах гээд дагаад ороход аав өрөөндөө ороод ер нь яагаад чадахгүй байгаа юм бэ цэвэрхэн биччих гээд аймар чанга дуугаар орилоод том өрөө рүү ороход Е- М- хоёр буйдангийн хажууд зогсож байсан ба аав том өрөө рүү орж ирээд дахиад цэвэрхэн бич л дээ дахиад бичүүл гээд орилоод байхаар нь би аавыг коридорын өрөө рүү түлхсэн. Тухайн үед М-, Т гээд чанга дуугаар орилоод байхаар нь эргээд хартал буйдан налаад газар Е- сууж байсан ба М- Е-ыг гарнаас нь зуураад хөөе Т гээд сэрээх гээд байсан тухайн үед Е-ын нүд нь сонин болоод амьсгалж чадахгүй хэцүү байх шиг байгаад байхаар нь би том өрөөний хивсэн дээр авч ирж хэвтүүлэх үед аав ирээд Е-ыг хүүе ээ миний хүү яачихваа гээд сэрээх гэж оролдсон боловч Е- сэрээгүй, цаашаа харуулаад гэдэснээс нь тэвэрч байгаад сэгсэрэхэд мөн л сэрээгүй, ингээд аав буйдан дээр тавьж байгаад хиймэл амьсгаа хийсэн боловч сэрээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 63-64/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.М-гийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ...Намайг сэрсэн байх үед Е- өрөөнд орж ирээд ширээн дээр байсан дэвтэр номнуудаас дэвтэрээ аваад гарахаар нь би аниагийн дүү юу хийж байгаа юм бэ гэж асуухад аав дэвтэр аваад ир гэж байна гэж хэлээд гарсан. Намайг орондоо байж байх үед яасан муухай бичдэг юм бэ, зургийн дугуйланд явж байж яасан муухай зурсан юм бэ гээд чанга дугараад байхаар нь би том өрөө рүү ороход аав Е- хоёр байж байсан. Тэгээд аав Е- луу гар далайхаар нь би очоод ааваа та болиочээ гэхэд амралтын хугацаанд дүүгийхээ хичээлд анхаарч хичээлийн хийлгүүлж болохгүй байгаа юм уу гээд намайг загнаад байсан. Тухайн үед Е- бид хоёр том өрөөний буйдангийн хажууд буюу жижиг хүүхдийн ширээний хажууд зогсож байсан. Аав Е-ыг загнаад байхаар нь дүүгээ хамгаалах санаатай хажууд нь зогсож байсан. Аавыг чанга дуугарснаас болоод Е- айж цочиролд ороод ухаан алдаад унах үед эгч цаанаас ирээд бид хоёр зуураад авсан. Тухайн үед Е-ын нүд нь сонин болоод нүдний хар хэсэг дээшилж доошлоод, амьсгалж чадахгүй байгаад байхаар нь аав цаанаас ирээд бид гурав өргөөд газар хивсэн дээр хэвтүүлээд би хиймэл амьсгаа хийхэд хамарнаас нь маш их нус гарсан, гэрт архи байхаар нь амандаа хийгээд цацсан боловч дүү сэрээгүй. Би уйлаад зогсож байснаа санаж байна, айж цочирдсон байсан учраас болсон зүйлээ сайн санахгүй байна.

Аав эмнэлэг рүү дуудлага өгөөд түргэний эмч дуудсан боловч удаж ирсэн мөн буруу байран дээр очсон байсан. Ингээд 20-25 минутын дараа түргэний эмч ирээд зүрхний иллэг хийгээд, хүүхэн харааг шалгахад клиник үхэл байж магадгүй дусал залгавал ороод ирж магадгүй гэж хэлсэн боловч дуслаа залгаагүй, дахиж хүүхэн харааг шалгаад хоёр эмч зүрхний иллэг, хиймэл амьсгаа хамт хийгээд 2-3 минутын дараа нас барчлаа гэж хэлсэн. Аав дүүг сэрээх гэж алгадсаны дараа сэрэхгүй болохоор би хиймэл амьсгаа хийж зүрхний массаж хийж өгсөн боловч ашигтай болоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 65-66, 69-70/,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.З-гийн өгсөн:

“...02 сарын 15-ны өдөр ахлах ахлагч Гн хамт Бугат 112-р чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өглөөний 09:40 цагийн орчим Бугат 10-аас 12-р байрны 37 тоотод 10 настай хүүхэд нас барсан гэсэн дуудлага ирсэн. Бид 2 дуудлагагүй байсан тул 5 минутын дараа хорооллын эцсээс яваад очсон. Очих замдаа дуудлага өгсөн гэх утас руу ярихад 103 эмч байсан бөгөөд хүүхэд нас барсан байна би гараад явж байна гэсэн. Уг дуудлаганд яваад ороход том өрөөнд талийгаачийн цогцсыг матрасан дээр дээшээ харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Гэрт цуг байсан гэх 2 эгч, аавыг нь өрөөнөөс нь гаргаж тууз татаж хэргийн газрын хамгаалалтанд авсан. Цогцосны гадна талын ил харагдах шарх сорвийг нь харахад зүүн хацар дээрээ алгадуулсан байдалтай хөхрөлт үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 71-72/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Гн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Бугат 112-р чиглэлд ахлах дэслэгч У.З-гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өглөөний 09:40 цагийн орчим Бугат 10-аас БГД-ийн 8 дугаар хороо 12-р байрны 37 тоотод 10 настай эрэгтй хүүхэд нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Бид 2 ээлжээ аваад удаагүй дуудлагагүй байсан тул 5 минутын дараа хорооллын эцсээс гараад шууд хаяган дээр очсон. Уг дуудлаганд яваад ороход өрөөний том өрөөнд талийгаачийн цогцосыг цонхны доод талын харалдаа матрасан дээр дээшээ харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Цогцосны гадна талын ил харагдах шарх сорвийг харахад зүүн хацар дээрээ алгадуулсан байдалтай хөхрөлт үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 73-75/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Оюун-Эрдэний өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байх хугацаанд БГД-ийн 8-р хороо 12-р байрны 37 тоотод 10 настай эрэгтэй хүүхэд хөхрөөд ухаан алдаад унасан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шууд очсон. Хороололд жолоочтойгоо явж байсан. Дуудлагаар ороход бага насны бололтой эрэгтэй хүүхэд дээшээ харсан байдалтай том өрөөний шалан дээр газар хэвтэж байсан. Гэрт нь аав. ээж нь 2 охины хамт 4 хүн байсан. Хүүхдээс гадна. Яасан юунаас болсон бэ гээд амьлуулах суурь тусламжийг хийж байхдаа асуухад нэг охин нь алгадсан чинь хөхрөөд унасан гэсэн. Ямар нэгэн суурь өвчин байхгүй өмнө нь зовиур хэлж байгаагүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 73-74/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч М.Ганцэнгэлийн өгсөн:

“...Тархины аалзан хальсны доторхи тархины цус харвалт бүхий гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлийг авсан даруйд ухаан алдан унана. Уг гэмтэл нь нэг удаагийн хүч зүйлээр үүсэхгүй. Харин олон удаагийн хүчин зүйлээр үүснэ. Хацар луу олон удаа алгадах тусам тархины суурь луу  шингэн төлөв үүснэ. Тархины суурийн дэлбэнгийн цус харвалт маш гүн зузаан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 105-106/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 505 тоот:

1.2. Амь хохирогч Олзвой овгийн Бямбадоржийн Е-ын цогцост баруун зүүн тал бөмбөлгийн зулай, дагз, суурийн дэлбэн, бага тархины биеийн аалзан хальсны дорхи тархмал цус харвалт, зүүн хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

4. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

5. Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

6. Амь хохирогчийн цус нь ОI байна гэх дүгнэлт /хх-н 94-99/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 155/,            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 157/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 37 тоотод оршин суух гэртээ өөрийн төрсөн дүү болох бага насны буюу 9 нас 11 сар 24 хоногтой Б.Е-ыг “яасан муухай бичдэг юм бэ, зургийн дугуйланд явж байж яасан муухай зурсан юм бэ” гэх зэргээр чанга дуугаар загнах үед ухаан алдан унасан Б.Е-ыг сэргээх зорилгоор зүүн хацар, нүүр лүү нь алгадаж гавал тархины гэмтэл үүсгэн болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Бийн “...Хүү маань дэвтрээ барьчихсан М-гийн ард зогсож байсан. Би хүү рүүгээ нэг том алхаж дөхөж очоод зүүн гараараа талийгаачийн бараан хацар, нүүр хэсэгт нь нэг удаа алгадсан. Уг өрөөндөө би буцаад эргэхэд дүү уначихлаа гээд охидууд уйлаад ааваа гээд орилсон. Би тэгэхээр нь эргэж харахад М-гийн ард буйдан налаад уначихсан байсан...” гэх мэдүүлэг,   

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн “...Н-э миний утас руу залгаад дүү Тамираа /Е-/ ухаан алдаад уначихлаа гэсэн. Яасан юм бэ ээж нь очиж байна шүү дээ гээд шууд гэртээ очоод гэрлүүгээ яваад ороход Е- том өрөөний буйдан зурагтны голд ухаангүй байдалтай хажуу талаар нь харуулсан хэвтэж байсан.Түргэний эмч дээшээ битгий харуулаарай гээд ирж амжаагүй байсан. Е-ын хажууд аав Бямбадорж, Н-э, М- нар байсан жижигхэн охин Есүгэн дунд талын өрөөндөө байсан. Гэрт өөр гадны хүн бол байгаагүй. Би яасан бэ яагаад ийм зүйл болчихвоо гээд Е-ын гар, хөлийг нь барьж өгөөд нуруун дээр нь бага зэрэг алгадаж цочроо өгсөн боловч ухаан орохгүй намайг тэвэрч үзэхэд зүрх нь бага багаар цохилж байсан. Нүүр лүү нь сэргээх маягаар ус цацаж өгсөн. Тухайн үед Бямбадорж өөрөө надад юм яриагүй яанаа, яанаа миний хүү гээд үсрээд дэвхцээд байсан. Удалгүй түргэн тусламжийн эмч 09:40 цагийн үед ирээд “та нар хиймэл амьсгал хийсэн үү цээжин дээр нь дарсан уу" гэж асуугаад цээжин дээр нь дарж үзсэнээ ам руу хийдэг амьсгалын аппарат хийгээд хиймэл амьсгал хийсэн боловч ухаан орохгүй байсан Эмч клиник үхэл юм болов уу дусал хийхээр гайгүй болчихож магадгүй гэж ярьсан боловч дусал хийгээгүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Н-ий “...Манай гал тогооны өрөө том өрөө хоёр хамт байдаг аавтай юм яриад зогсож байх үед газар шалан дээр коршокны хажууд нойлын цаас унасан байхаар нь би нойлын цаасаа аваад гал тогооны текэн дээр аваачиж тавьсан. Тухайн үед аав өөрийнхөө өрөө рүү орж байх шиг байхаар нь тайвшруулах гээд дагаад ороход аав өрөөндөө ороод ер нь яагаад чадахгүй байгаа юм бэ цэвэрхэн биччих гээд аймар чанга дуугаар орилоод том өрөө рүү ороход Е- М- хоёр буйдангийн хажууд зогсож байсан ба аав том өрөө рүү орж ирээд дахиад цэвэрхэн бич л дээ дахиад бичүүл гээд орилоод байхаар нь би аавыг коридорын өрөө рүү түлхсэн. Тухайн үед М-, Т гээд чанга дуугаар орилоод байхаар нь эргээд хартал буйдан налаад газар Е- сууж байсан ба М- Е-ыг гарнаас нь зуураад хөөе Т гээд сэрээх гээд байсан тухайн үед Е-ын нүд нь сонин болоод амьсгалж чадахгүй хэцүү байх шиг байгаад байхаар нь би том өрөөний хивсэн дээр авч ирж хэвтүүлэх үед аав ирээд Е-ыг хүүе ээ миний хүү яачихваа гээд сэрээх гэж оролдсон боловч Е- сэрээгүй, цаашаа харуулаад гэдэснээс нь тэвэрч байгаад сэгсэрэхэд мөн л сэрээгүй, ингээд аав буйдан дээр тавьж байгаад хиймэл амьсгаа хийсэн боловч сэрээгүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.М-гийн “...аав Е- луу гар далайхаар нь би очоод ааваа та болиочээ гэхэд амралтын хугацаанд дүүгийхээ хичээлд анхаарч хичээлийн хийлгүүлж болохгүй байгаа юм уу гээд намайг загнаад байсан. Тухайн үед Е- бид хоёр том өрөөний буйдангийн хажууд буюу жижиг хүүхдийн ширээний хажууд зогсож байсан. Аав Е-ыг загнаад байхаар нь дүүгээ хамгаалах санаатай хажууд нь зогсож байсан. Аавыг чанга дуугарснаас болоод Е- айж цочиролд ороод ухаан алдаад унах үед эгч цаанаас ирээд бид хоёр зуураад авсан. Тухайн үед Е-ын нүд нь сонин болоод нүдний хар хэсэг дээшилж доошлоод, амьсгалж чадахгүй байгаад байхаар нь аав цаанаас ирээд бид гурав өргөөд газар хивсэн дээр хэвтүүлээд би хиймэл амьсгаа хийхэд хамарнаас нь маш их нус гарсан, гэрт архи байхаар нь амандаа хийгээд цацсан боловч дүү сэрээгүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч У.З-гийн “...02 сарын 15-ны өдөр ахлах ахлагч Гн хамт Бугат 112-р чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өглөөний 09:40 цагийн орчим Бугат 10-аас 12-р байрны 37 тоотод 10 настай хүүхэд нас барсан гэсэн дуудлага ирсэн. Бид 2 дуудлагагүй байсан тул 5 минутын дараа хорооллын эцсээс яваад очсон. Очих замдаа дуудлага өгсөн гэх утас руу ярихад 103 эмч байсан бөгөөд хүүхэд нас барсан байна би гараад явж байна гэсэн. Уг дуудлаганд яваад ороход том өрөөнд талийгаачийн цогцсыг матрасан дээр дээшээ харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. ...Цогцосны гадна талын ил харагдах шарх сорвийг нь харахад зүүн хацар дээрээ алгадуулсан байдалтай хөхрөлт үүссэн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Гн “...Уг дуудлаганд яваад ороход өрөөний том өрөөнд талийгаачийн цогцосыг цонхны доод талын харалдаа матрасан дээр дээшээ харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Цогцосны гадна талын ил харагдах шарх сорвийг харахад зүүн хацар дээрээ алгадуулсан байдалтай хөхрөлт үүссэн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Оюун-Эрдэний “...Яасан юунаас болсон бэ гээд амилуулах суурь тусламжийг хийж байхдаа асуухад нэг охин нь алгадсан чинь хөхрөөд унасан гэсэн. Ямар нэгэн суурь өвчин байхгүй өмнө нь зовиур хэлж байгаагүй гэсэн...” гэх мэдүүлэг,

 

шинжээч М.Ганцэнгэлийн “...Тархины аалзан хальсны доторхи тархины цус харвалт бүхий гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлийг авсан даруйд ухаан алдан унана. Уг гэмтэл нь нэг удаагийн хүч зүйлээр үүсэхгүй. Харин олон удаагийн хүчин зүйлээр үүснэ. Хацар луу олон удаа алгадах тусам тархины суурь луу  шингэн төлөв үүснэ. Тархины суурийн дэлбэнгийн цус харвалт маш гүн зузаан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 505 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Л.Бийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.Бид 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрхийг нь хязгаарлахгүйгээр үүрэг хүлээлгэх саналыг, өмгөөлөгч Н.Мандахаас тэнсэж өгөөч гэсэн саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бид хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Л.Бид оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хувь хүний нууцад хамаарах асуудал хэлэлцэгдэх тул хаалттай явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснийг шүүх хүлээн авч хэргийг хаалттай хянан хэлэлцсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидийг хэрэгт хадгалж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бид хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Л.Бид оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бид тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ