Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 493

 

 

 

 

 

 

 

      2020         5               14                                      2020/ШЦТ/493 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Год холбогдох эрүүгийн ........ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... дугаарын регистртэй, Л.Г.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 02 дугаар сарын 14-нээс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхоны орчимд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Д.А-ын гар луу өшиглөх зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Гын өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхонд байх ахынхаа гэрт эхнэр З, хүү У нарын хамт очоод хоол унд идэж байгаад хоолны дараа Гантулгатай водка гэсэн нэртэй 1 литрийн шилтэй архи юм ярьж байгаад ууж дуусгасан. Манай эхнэр З архи уугаагүй. Тэгээд Гантулга ахын гэрт ууж юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн үед гэртээ харихаар гарсан. Тэгээд Голден парк хотхоноос гараад би хүү Уыг тэврээд явж байгаад эхнэр Зг такси дуудаад ир гээд явуулах гэтэл чи хүүхдээ дааруулчихна гялс гэртээ хария гэж байсан. Цоглог хотхон Голден парк хоёр хотхоны голын замаар явж байсан чинь эхнэр З нь архи уулаа гээд надад уурлаад байсан. Тэгэхээр нь би бас урдаас нь уурлаж хэрэлдэж маргалдаж байсан чинь хүмүүс цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд яагаад шөнө орой гадаа гудамжинд хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ гэхээр нь эхнэр бид хоёрыг явуулчихаач гэхэд нөгөө цагдаа манай эхнэр Зд нөхөр чинь арай согтуу байна. Эрүүлжүүлэх байранд хийнэ гэхээр нь та нар яасан сүртэй юм бэ гэж эсэргүүцсэн. Тэгтэл намайг барьж аваад гарыг минь гавалсан юм. Тэгээд бүр миний уур хүрээд ганц нэг үгээр доромжилсон байх. Тэгээд маргалдаад байж байтал нэмэлт цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 59-60/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.А-ын өгсөн:

“...Би Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагг эргүүлийн цагдаагийн ажлын албан үүргийг гүйцэтгэдэг Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг 30 минутаас тасгийн ахлахаас үүрэг чиглэл авч Бугат-66 гэх цагдаагийн хэсэг дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд шөнийн 02 цаг 39 минутад Бугат-10 /жижүүрээс/ Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк, Цоглог хотхон хоёрын голд зам дээр 4 настай хүүхдээ дагуулсан эхнэр нөхөр хоёр хоорондоо зодолдож маргалдаад байна гэх дуудлагад ирхэд үл таних архи согтууруулах ундаа хэрэглэсэн залуу эхнэрээ янхан, гичий, зайл гээд орилоод эхнэрээ алгадсан би шууд тэр залууг эхнэрээс салгаад зууралдаж байхад хоёроос гурван удаа миний зүүн гарны бугалга руу өшиглөөд байсан. Тэгтэл миний хамтран үүрэг гүйцэтгэгч цагдаагийн дэд ахлагч Э.М- нь надаас салгаад бид хоёр хамтран нэг бүрийн тусгай хэрэгсэл мэх хэрэглэж гарыг нь сандалтай гавалж үүсэж болзошгүй эрсдлийг багасгасан. Тэр хооронд согтуу залуу чи надаас мөнгө авах уу? Миний аав цагдаагийн дэд хурандаа Л гэдэг чамайг ажилгүй болгоно гэх мэтээр маш их үгээр доромжилж байсан.

Би Бугат-116 чиглэлийн алаг тэрэг болох цагдаагийн ахмад Н-, жолооч цагдаагийн дэд ахлагч С- нарыг дуудаж удалгүй тэр хоёр ирж тусламж дэмжлэг үзүүлж албадан машинд суулгаж авч явах гэтэл эсэргүүцэж машины цонх мөргөөд байсан. Тэгж явсаар байгаад Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Бигэр-120 эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Тэгээд эрүүлжүүлэх байрнаас гараад машинд суугаад дуулага мэдээлэл хүлээж авдаг Табыг барихад даахгүй алдаад зүүн гарны сарвуу шуу эвгүй болсон байсан би дараагийн дуудлага мэдээллээ хүлээж аваад шалгаад хүмүүсээ шийдэж байхад гар нэг л болохгүй байсан. Энэ тухайгаа Бугат-10/Жижүүр/-ийн ахлах Хошууч И.Нэргүйд мэдэгдээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж зураг авхуулан үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл байна. Гар сойж гипс тавьсан. Буцаж ирээд үүргээ гүйцэтгэж болсон асуудлын талаар И.Нэргүйд танилцуулж өглөө 09 цаг өнгөрч байхад буусан юм. Би гомдол мэдээлэлд энэ тухайгаа  илтгэх хуудсаар гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 8-10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Х-гийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 14-нээс 15-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч бахйад гэрлүүгээ орох гээд машин зогсоол хайгаад Голден парк, Цоглог хотхоны голын замаар явж байсан. Тэгтэл зам дээр хоёр гэр бүлийн бололтой эрэгтэй, эмэгтэй хоёр муудалцаад орилж чарлаад байсан. Би тухайн үед харчихаад хажуугаар нь өнгөрч яваад зогсоол байхгүй болохоор нь эргээд явж байхад хоёр цагдаа таарсан. Би тэр хоёр цагдаад хандаж тэр урд хоёр согтуу хүн муудалцаад байна гэж хэлээд машинаа зогсоол олж тавиад гэрлүүгээ эргээд орох гэж алхаж явахад согтуу залуу нь чангаар орилоод алнаа пизда гэх мэтээр заналхийлж орилж байсан. Хажуу талд нь жаахан хүүхэд нэг эмэгтэй хоёр уйлан хоёр цагдаа шаардлага тавихад тэр согтуу залуу нь шаардлагыг нь биелүүлэхгүй төрийн цагдаа болохоор дээрэлхдэг гэж бодоо юу алалцана шүү чи надаас хэдэн төгрөг авах гээд байгаа юм гэж байнга орилж эхнэр нь юм уу тэр эмэгтэйг гичий янханаар нь дуудаад дайраад байсан. Нэг харсан тэр хоёр цагдаад тэр залууг гавалсан байсан. Цагдаа нар тухайн үед тэр залуугийн үйлдлийг болиулах гээд ойртохоор хөл гараа савчаад газраас шороо чулуу аваад шидээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Н-ын өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Бугат-116 чиглэлд цагдаагийн дэд ахлагч С-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. шөнийн 03 цагийн үед Бугат-66-д үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч А- нь станцаар согтуу хүн хүч хүрэхгүй байна. Аль болох хурдан ирээрэй Голден парк, Цоглог хотхон хоёрын голын замд гэж дуудсан. Би эрүүлэх саатуулах байранд хүн хүргэж өгөх гэж явж байсан учир А-ын дуудсан хугацаанаас хойш нилээн удаж очсон. А- дээр очиход Цагдаагийн дэд ахлагч М- нар согтуу хүн сандлаас гавалсан байдалтай байсан. Тэр согтуу залуу агсам тавьсан байдалтай элдэвээр доромжилж / ална. Та нарыг ажилгүй болгоно. Би бол мөнгөтэй хүн/ гэх мэтээр орилж хашгирч байсан. Уг залууг машинд суулгах гэж А-, С- нар зууралдаж гавыг нь тайлж машинд суулгах гэтэл ойр хавьд байгаа бүхий л зүйл рүү хөлөөрөө өшиглөж толгойгоороо мөргөөд байх шиг байсан арай гэж хүчээр машинд суулгаж эрүүлжүүлэх байранд хүргэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.С-ын өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нп шилжих шөнө Бугат-116 чиглэлд цагдаагийн ахмад Э.Н-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 03 цагийн үед Бугат-66-д үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч А- нь станцаар согтуу хүн хүч хүрэхгүй байна. Шаардлага эсэргүүцээд байна аль болох хурдан ирээрэй Голден парк, Цоглог хотхон хоёрын голын замд гэж дуудсан. Би эрүүлжүүлэх саатуулах байранд хүн хүргэж өгөх гэж явж байсан учир А-ын дуудсан хугацаанаас хойш нилээн удаж байж очсон. А- дээр очиход Цагдаагийн дэд ахлагч М- нар нэг согтуу хүн сандлаас гавалсан байдалтай байсан. Тэр согтуу залуу агсам тавьсан байдалтай элдэвээр доромжилж “ална, та нарыг ажилгүй болгоно, би бол мөнгөтэй хүн, та нар юу юм бэ та нарыг бүгдийг нь ална” гэх мэтээр орилж хашгирч эсэргүүцэж байсан. Уг залууг машин суулгах гэж А- ах, М- бид гурав зууралдаж хөдөлгөөнийг нь хязгаарлаж сандлаас гавыг нь тайлж машинд суулгах гэтэл ойр хавьд байгаа бүхий л зүйл рүү хөлөөрөө өшиглөж толгойгоороо мөргөөд байсан, арай гэж машинд суулгаад гавыг нь тайлахад дэд ахлагч А- луу гараараа далайгаад дайраад үсчээд байсан. Тэгээд би гарыг нь барьж аваад машин дотор хоёр гарыг нь холбож гавлаад эрүүлжүүлэх байр луу авч яван эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Эрүүлжүүлэх байранд хүргэж өгтөл орилж хашгичаад янз янз болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.М-ын өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10 дугаар хорооллын дэд хэсэг дээр а/ч Д.А-ын хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 02 цаг 39 минутад Бугат-10 жижүүрээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Цоглог хотхон Голден парк хотхоны хооронд эхнэр нөхөр хоёр хоорондоо маргалдаад жаахан хүүхэдтэй цуг байна гэсэн дуудлага хүлээн авч шалган очиход эхнэр нөхөр хоёр 4-5 орчим насны жаахан хүүхэд эхнэр жаахан хүүхэд хоёр нь уйлсан эрэгтэй согтуу хашгираад эмэгтэйгээ цохих гээд хараалын үгээр доромжлоод байсан. а/ч Д.А- бид хоёр амрыг эрье олны газар та яагаад танхайраад агсамнаад байна гэж хэлэхэд шууд а/ч Д.А- луу дайраад зүүн гарын бугуй хэсэг рүү өшиглөсөн. а/ч Д.А-ыг гэндүүлээд шууд өшиглөсөн. Тэгэхээр нь би хөдөлгөөнийг нь саатуулах гээд гарыг нь барьж өчих мэх хийж зүүн гарыг нь барьж аван нэг бүрийн тусгай хэрэгсэл гав хэрэглэж гавалсан. Тэгээд гавлуулчихаад тэр залуу орилоод дайраад та нар муусайн цагдаа нар надаас мөнгө авах гэж байна уу? Манай аав цагдаагийн газрын том хүн байгаа та нарыг амьтан гөлөг болгоно гээд дайраад хөлөөрөө тийрээд өшиглөөд байсан. а/ч А- бид хоёр явган байсан учир нэмэлт хүч болох Бугат-116 чиглэлийн алаг тэрэг дуудсан. Удалгүй Бугат-116 чиглэлийн алаг болох А/х Н-, д/а С- нар ирсэн. Тэр хэдтэй элбэж зөрчил гаргагч залууг барьж алаг машинд суулгах гэтэл суухгүй зүтгээд байсан. Арай гэж машинд суулгасан. Машин дотор суусан байсан ч зөрчил гаргагч залуу машины хаалга цонх зэргийг мөргөөд хөлөөрөө өшиглөөд байсан. Шууд Тайшир-120 дээр аваачиж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Эргээд а/ч А- ах бид хоёр дараагийн дуудлагад явхаар гартал дуудлага хүлээж авдаг таблетыг А- нь барьсан чинь даахгүй газар унагаад байсан. Тэгээд гар нь нэг л биш боллоо гэж мэдсэн. Тэгээд жижүүрийн ахлах х/ч И.Нэргүйд танилцуулж а/ч А- бид хоёр Гэмтлийн эмнэлэг очиж үзүүлэхээр болоод Гэмтлийн эмнэлэгт хүлээн авахаар үзүүлэхэд гарын бугуй хэсэг нь зөөлөн эдийн гэмтэл байна гэж Гэмтлийн эмнэлэгт гипсдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Б-н өгсөн:

“...Би үйлчлүүлэгч Д.А-ыг 2020 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 05:20 цагийн үед согтуу хүнд гараа мушгиулсан гэсэн асуумжтай үзэхэд зүүн гарын шуугаар өвчин эмзэглэлтэй байсан учраас зүүн гарын шууны рентген зураг авч үзсэн. Рентген зурагт илэрхий хугарлын шинжгүй байсан учир зөөлөн эдийн гэмтэл гэж үнэлэн анхны тусламж үзүүлж гипс хийсэн...” гэх мэдүүлэг /хх-н 57/,

 

- хэсгийн жижүүр болон авто эргүүлд үүрэг гйүцэтгэх алба хаагчдийн хуваарь, томилгоо /хх-н 32/,

- осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-н 55-56/,

- хохирогч Д.А-ын “...гомдол санал байхгүй, хохирлын төлбөр нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт /хх-н 67/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 02 дугаар сарын 14-нээс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхоны орчимд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Д.А-ын гар луу өшиглөх зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Гын “...намайг барьж аваад гарыг минь гавалсан юм. Тэгээд бүүр миний уур хүрээд ганц нэг үгээр доромжилсон байх. Тэгээд маргалдаад байж байтал нэмэлт цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.А-ын “...Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк, Цоглог хотхон хоёрын голд зам дээр 4 настай хүүхдээ дагуулсан эхнэр нөхөр хоёр хоорондоо зодолдож маргалдаад байна гэх дуудлагад ирхэд үл таних архи согтууруулах ундаа хэрэглэсэн залуу эхнэрээ янхан, гичий, зайл гээд орилоод эхнэрээ алгадсан би шууд тэр залууг эхнэрээс салгаад зууралдаж байхад хоёроос гурван удаа миний зүүн гарны бугалга руу өшиглөөд байсан. ...Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж зураг авхуулан үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл байна. Гар сойж гипс тавьсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Х-гийн “...хоёр цагдаа шаардлага тавихад тэр согтуу залуу нь шаардлагыг нь биелүүлэхгүй төрийн цагдаа болохоор дээрэлхдэг гэж бодоо юу алалцана шүү чи надаас хэдэн төгрөг авах гээд байгаа юм гэж байнга орилж эхнэр нь юм уу тэр эмэгтэйг гичий янханаар нь дуудаад дайраад байсан. Нэг харсан тэр хоёр цагдаад тэр залууг гавалсан байсан. Цагдаа нар тухайн үед тэр залуугийн үйлдлийг болиулах гээд ойртохоор хөл гараа савчаад газраас шороо чулуу аваад шидээд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Н-ын “...А-, С- нар зууралдаж гавыг нь тайлж машинд суулгах гэтэл ойр хавьд байгаа бүхий л зүйл рүү хөлөөрөө өшиглөж толгойгоороо мөргөөд байх шиг байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.С-ын “.... Уг залууг машин суулгах гэж А- ах, М- бид гурав зууралдаж хөдөлгөөнийг нь хязгаарлаж сандлаас гавыг нь тайлж машинд суулгах гэтэл ойр хавьд байгаа бүхий л зүйл рүү хөлөөрөө өшиглөж толгойгоороо мөргөөд байсан, арай гэж машинд суулгаад гавыг нь тайлахад дэд ахлагч А- луу гараараа далайгаад дайраад үсчээд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.М-ын “...а/ч Д.А- бид хоёр амрыг эрье олны газар та яагаад танхайраад агсамнаад байна гэж хэлэхэд шууд а/ч Д.А- луу дайраад зүүн гарын бугуй хэсэг рүү өшиглөсөн. ... Гэмтлийн эмнэлэг очиж үзүүлэхээр болоод Гэмтлийн эмнэлэгт хүлээн авахаар үзүүлэхэд гарын бугуй хэсэг нь зөөлөн эдийн гэмтэл байна гэж Гэмтлийн эмнэлэгт гипсдүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ж.Б-н “...Би үйлчлүүлэгч Д.А-ыг 2020 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 05:20 цагийн үед согтуу хүнд гараа мушгиулсан гэсэн асуумжтай үзэхэд зүүн гарын шуугаар өвчин эмзэглэлтэй байсан учраас зүүн гарын шууны рентген зураг авч үзсэн. Рентген зурагт илэрхий хугарлын шинжгүй байсан учир зөөлөн эдийн гэмтэл гэж үнэлэн анхны тусламж үзүүлж гипс хийсэн...” гэх мэдүүлэг, хэсгийн жижүүр болон авто эргүүлд үүрэг гйүцэтгэх алба хаагчдийн хуваарь, томилгоо, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Гыг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Мөрдөн байцаалтад хохирогч Д.А-ын “...гомдол санал байхгүй, хохирлын төлбөр нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт /хх-н 67/-ийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Год холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Л.Гыг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж,  битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ