| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2019/0427/Э |
| Дугаар | 336 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 336
2020 4 07 2020/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Гомбо,
хохирогч Д.Л, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овогт Бгийн Мд холбогдох эрүүгийн .............. тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, дугаарын регистртэй, Шангас овогт Бгийн М.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лыг үүрч унагасны улмаас эрүүл мэндэд нь бүсэлхийн 4, 5 бүсэлхийн 5, ууцны 1-р нугаламын мөгөөрсөн цагирагын урагдал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.М-ий өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнийн 02 цагийн үед бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах шонхор караокед байж байгаад найз А-тэй утсаар яриад гэрт хүргээд өгчих гэж хэлэхэд за одоо очлоо гэж хэлээд удалгүй хүрээд ирсэн. Энэ үед Б мөн ойролцоо интернет тоглоомын газарт тоглож байгаад хүрээд ирсэн. А-, Б бид хоёрыг хүргэж өгөх гээд машиндаа суулгаад явсан. Гандангийн гэрлэн дохионы уулзвар дээр зогсож байтал хажууд саарал өнгийн Приус-20 маркийн машин ирж зогсоод цонхоо онгойлгоод яасан ахын дүү гэж хэлээд хөдлөөд явсан. Ингээд Гандангийн явган хүний гарцан дээр манай машиныг шахсан, энэ одоо яагаад байгаа юм болоо гээд бид нар машиндаа хоорондоо ярилцсан. Ингээд шахаад байхаар нь машин шүргэсэн юм болов уу гэж бодоод байрны ойролцоо ард нь очоод зогссон. Машинаас буугаад та яагаад байгаа юм бэ гэсэн чинь намайг заамдаад авсан, Б араас болиоч гээд гарыг нь татсан чинь Бы нүүр лүү гараараа нэг удаа цохисноо утсаа гаргаж ирээд хүн рүү яриад гараад ир гэж хэлэхэд нэг эрэгтэй гүйж гарч ирээд Быг хоёулаа нийлээд заамдаад авсан. Быг хоёр талаас нь нүүр лүү нь хэд хэдэн удаа цохихоор нь би сүүлд гарч ирсэн хүнийг болиулах гээд мөрнөөс нь арагш татсан чинь эргэж хараад намайг заамдаж аваад өмсөж байсан цамц ураад нүүр лүү гараараа цохих гэхээр нь миний зүүн талын хацар урьд нь цөмөрсөн байсан болохоор би цохиулахгүйн тулд үүрээд шидсэн чинь ойролцоох машины хажууд унаад унах үедээ уг машиныг хөлөөрөө цохисон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 31-32, 2-р хх-н 25-28/,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Лын өгсөн:
“...Би 2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 02:50 цагийн орчим Баянгол дүүргийн 15-р хороо 29-05 тоот гэртээ байхад дүү Э- миний захисан дриллийг аваад байрны гадаа ирчихсэн байна гэхээр нь би бие нь муу явж чадахгүй байгаа болохоор тосож авах гээд гартал манай дүү Э-ыг үл таних 2 залуу хоёр талаас нь заамдчихсан зодож байсан. Тэгэхээр нь очоод больцгоо наадах чинь өвчтэй хүүхэд гэтэл намайг хоёулаа барьж аваад хоолой боож зүүн гарыг мушгиж газар унаган дээрээс ам руу цохисон. Газраас босоогүй байхад хүрч ирээд шүд рүү тохойлдоод гараараа нударсан. Хажуунаас манай дүү мөн та нар настай хүнийг болиоч гэж хэлсэн хэн салгасан талаар би мэдэхгүй. Намайг зодож байсан эрэгтэйг салгаад цааш аваад явсан.
Юнимэт эмнэлэгт нурууны зураг авхуулахад таны аарцаг салсан байж магадгүй мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Нурууны имрайн зураг авхуулахад мөгөөрсөн цагираг ар хэсэгт урагдсан байна хагалгаанд орох шаардлагатай байна, нугас дарах магадлалтай гэсэн.
Тухайн үед миний шүд, гар орчим их хөндүүрлэж өвдөж байсан ба тухайн үед би өвдөж байсан хэсэгтээ анхаараад явж байсан. Тэгээд анх шинжээч эмчид үзүүлснээс хойш хэд хоногийн дараа ...2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр би Имрай томографикийн шинжилгээнд орсон чинь дүгнэлт дээр нь мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдсан, 4,5-н жийргэвчний түвшин нугасны хөндий рүү урд хэсгээрээ шахагдсан гэсэн онош гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 16-17, 45, 161-163, 2-р хх-н 10-13/,
Мөрдөн байцаалтад гэрч М.А-ийн өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 02:10 цагийн орчим өөрийн найз М, Б нарын хамт гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн одоо банк бусын нэр дээр байгаа 32-92 УНО улсын дугаартай Соната 6 маркийн хар өнгийн машинтай хөдөлгөөнд оролцоод явж байхад гэсэр сүмийн хажуугаар дээшээ өгсдөг уулзвар дээр манай найз М хажууд зогсож байсан Приус 20 маркийн машины жолоочтой цонхоо онгойлгочихоод маргалдаж байгаад цаашаа явсан. Манай найз цонхоороо хараад дуу дуулаад гараа хөдөлгөөнд явж байтал тэр Приусын жолооч юугаа хараад байгаа юм ахын дүү чи яасан сагсуу юм бэ гэж хэлсэн. Манай найз чам руу хэн харсан юм гэхэд ногоон гэрэл асаад цааш хөдөлсөн. Тэр Приус-20 маркийн машин байрны гол руу орохоор нь дагаж ортол тэр машины жолооч шууд бууж ирээд манай найз М-ийг та нар яах гэж байгаа юм намайг зодох гэж байгаа юм уу гээд заамдаж аваад нэг хүн рүү утасдаж дуудсан. Тэгтэл нэг ах гарч ирээд манай найзуудтай барьцалдаж аваад Бы ам руу Приусын жолооч цохиод цус гаргасан. М сүүлд гарч ирсэн ахад юу болсон талаар тайлбарлах гэтэл ерөөсөө үгийг нь сонсохгүй цамцнаас нь зуураад тавихгүй М гарыг нь тавиулах гээд дугтарсан чинь газар унаад тэр сүүлд гарч ирсэн ахын гутлаар цохиод тэнд байсан машины арыг хагалсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 11/,
Мөрдөн байцаалтад гэрч М.Э-ы өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед Маршал таунаас гараад найз охин Янжимаагийн хамтаар Гандангаас хороолол руу өгсдөг уулзвар дээр зогсож байтал хажууд зогсож байсан хар өнгөтэй машинаас өндөр туранхай жолоочийн эсрэг талд сууж байсан 20 гаран насны эрэгтэй найз охин Янжмаагийн нүдний шил зүүсэн байсан болохоор гараараа дооглоод инээгээд юм яриад байхаар нь цонхоо буулгаад яасан ахын дүү гэж хэлсэн чинь өөдөөс Оросоор яриад байсан. Ногоон гэрэл асаад цааш замаар явахад дараагийн уулзвар дээр гүйцэд түрүүлж ирээд шахаад зогсож бай гэсэн би урд нь гараад их нялхас руу түрүүлээд явсан. Би хөлөө хугалсан байсан болохоор Л ахын байрны гадна очихоор бууж ирээд дрилл аваарай гээд утсаар яриад байрны өмнө зогстол нөгөө шахаад байсан машин ардаас ирж зогссон. Би машинаас буугаад очтол уг машинаас 3 эрэгтэй хүн бууж ирээд хоёр нь гартаа пиво барьсан, нэг нь жолооч байсан. Яасан ахын дүү гэж хэлсэн чинь өндөр туранхай эрэгтэй би яахаараа чиний дүү байдаг юм гээд маргалдаад надтай барилцаж авсан. Хамт байсан эрэгтэйн нэг нь намайг уруул руу гараараа 1 удаа цохисон. Энэ үед Л ах гарч ирсэн. Наадах чинь өвчтэй хүүхэд та нар зүгээр байлга гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Надтай маргалдаад байсан өндөр эрэгтэй Л ахтай зууралдаад үүрч аваад хар өнгийн Мурано маркийн машин руу ахыг аваад шидээд дээр нь гараад суусан байсан. Энэ үед би хамт явж байсан эрэгтэйтэй нь зууралдаж байсан намайг тавиадах би салгаатхая гэж уг эрэгтэй хэлсэн. Би гараа автал нөгөө эрэгтэй найзыгаа очиж салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 18-19, 2-р хх-н 21-23/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Бы өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед М бид хоёр модны хоёрт байрлах интернет тоглоомын газарт тоглож байгаад найз А-ийг утсаар дуудаад ирээд аваад хүргээд өгөөч гэж хэлсэн. Ингээд А- удалгүй ирээд бид хоёрыг аваад Нарангийн гол руу гэрт хүргэж өгөх гээд Гандангийн гэрлэн дохион дээр зогсож байтал хажууд саарал өнгийн Приус 20 маркийн машин цонхоо онгойлгоод яасан ахын дүү гэж хэлсэн. Бид нар гайхаж байснаа хөдлөөд цаашаа явсан. Гэтэл машиныг шахаад тойргоор эргээд байрны гадна зогсохоор нь дагаж зогсоод машинааас буугаад яасан ах яагаад шахаад байгаа юм бэ гэхэд та нар яах гээд байгаа юм бэ гээд уг машины жолооч миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Утсаар ахыгаа гараад ир гэж дуудсан. Ах гэх эрэгтэй гарч ирээд намайг заамдаад хоолой боосон мөн уг машины жолооч мөн заамдсан байсан, М ирээд салгаад нөгөө гарч ирсэн хөгшин ахтай зууралдаад цааш явсан. Жолооч намайг мөн нүүр лүү гараараа дахиад цохисон. Хажууд мөн хөгшин эрэгтэй М-ийг нүүр лүү нь цохих үед М үүрээд машин руу шидсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 20-21, 2-р хх-н 14-16/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Я-гийн өгсөн:
“...2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнийн 02 цагийн үед найз залуу Э- бид хоёр Маршал таунаас машинтай хөдлөөд хороололд Л ахад дрилл хүргэж өгөх гээд гарсан. Гандангийн гэрлэн дохион дээр зогсож байтал хажууд зогсож байсан машинтай хүмүүс цонхоо онгойлгоод толгойгоо гаргаад юм яриад байсан. Машины цонх хаалттай байсан болохоор юу яриад байсан нь сайн сонсогдоогүй. Цонхоо буулгаад яасан гэж асуусан чинь өөдөөс Орос хэлээр юм яриад байсан. Ногоон гэрэл асаад хөдлөөд ахуйн үйлчилгээ тал руу зүүн эргэхэд зогсчих гээд заагаад хашаад байсан. Ингээд эх нялхас тал руу эргээд цааш яваад 29 дүгээр байрны гадна талд очоод зогстол ард ирээд машинтай зогссон байсан. Уг машинаас жолоочийн эсрэг талд сууж явсан 170 см орчим өндөр шар царайтай туранхай эрэгтэй бууж ирээд Э-ы хажууд ирээд яасан эх гэж хэлсэн чинь Э- машинаас буусан. Э- ахын дүү яасан гэж хэлсэн чинь өөдөөс нь маргалдаад зогсож байтал Л ах гэрээсээ гараад ирсэн. Яаж байна юу болж байна гэж асуутал Э- юу болсон талаараа хэлсэн чинь өндөр шар царайтай эрэгтэй Л ахыг өргөж аваад хажууд байсан машин руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 866 тоот:
1. 2019-04-08-ны Соронзон резонанст томографийн шинжилгээгээр бүсэлхийн 4,5, бүсэлхийн 5 ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь бүсэлхий нуруу хэсгээр огцом хөдөлгөөн хийх үед үүснэ. Ямар үйлдлээр үүссэнийг тогтоох боломжгүй.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.
5.6. Дээрх гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэх дүгнэлт,
- хохирлын баримтууд /2-р хх-н 39-41/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лыг үүрч унагасны улмаас эрүүл мэндэд нь бүсэлхийн 4, 5 бүсэлхийн 5, ууцны 1-р нугаламын мөгөөрсөн цагирагын урагдал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Б.М-ий “...би цохиулахгүйн тулд үүрээд шидсэн чинь ойролцоох машины хажууд унаад унах үедээ уг машиныг хөлөөрөө цохисон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг,
хохирогч Д.Лын “...очоод больцгоо наадах чинь өвчтэй хүүхэд гэтэл намайг хоёулаа барьж аваад хоолой боож зүүн гарыг мушгиж газар унагасан дээрээс ам руу цохисон. ...Имарай томографикийн шинжилгээнд орсон чинь дүгнэлт дээр нь мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдсан, 4,5-н жийргэвчний түвшин нугасны хөндий рүү урд хэсгээрээ шахагдсан гэсэн онош гарсан...” гэх мэдүүлэг,
гэрч М.А-ийн “...М сүүлд гарч ирсэн ахад юу болсон талаар тайлбарлах гэтэл ерөөсөө үгийг нь сонсохгүй цамцнаас нь зуураад тавихгүй М гарыг нь тавиулах гээд дугтарсан чинь газар унаад тэр сүүлд гарч ирсэн ахын гутлаар цохиод тэнд байсан машины арыг хагалсан...” гэх мэдүүлэг,
гэрч М.Э-ы “...надтай маргалдаад байсан өндөр эрэгтэй Л ахтай зууралцаад үүрж аваад хар өнгийн Мурано маркийн машин руу ахыг аваад шидээд дээр нь гараад суусан байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Бы “...мөн хөгшин эрэгтэй М-ийг нүүр лүү нь цохих үед М үүрээд машин руу шидсэн...” гэх мэдүүлэг,
гэрч С.Я-гийн “...өндөр шар царайтай эрэгтэй Л ахыг өргөж аваад хажууд байсан машин руу шидсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 866 тоот дүгнэлт, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Л, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан хэргийг бүлэглэн үйлдсэн байх магадлалтай хэргийг прокурорт буцаах саналтай байна гэв.
2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1483 дугаартай захирамжаар гэрч М.А- нь Б.Мтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд гэрч М.Э- мэдүүлэхдээ “...Тухайн үйл явдал болж байхад А- үйл явдлыг хараад зогсож байсан ба ямар нэгэн үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлгээс үзэхэд уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хохирлын талаар
Хэргийн хохирогч Д.Лын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээс тогтоогдсоноор шүүгдэгч Б.Мэс 947,115 төгрөг гаргуулж, хохирогч Д.Лд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцлага хүлээлгэхгүй гэх саналуудыг тус тус гаргасан ба 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд ... хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй... гэж заасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Б.М-ий тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шангас овогт Бгийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мэс 947,115 төгрөг гаргуулж хохирогч Д.Лт олгосугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.М