Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

   2020         4 09                                           2020/ШЦТ/345                                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян-Эрдэнэ овогт Эгийн Ад холбогдох эрүүгийн тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, дугаарын регистртэй, Баян-Эрдэнэ овогт Эгийн А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сод төвийн байранд иргэн Д.Аын зүүн шуу болон хэвлийн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.А-ын өгсөн:

“...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тэр өдөр байсан хүмүүст өөрийгөө Ч гэж танилцуулсан. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 58-59/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Аын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12:00 цагийн үед манай эгчийн ажиллуулдаг газар байнга ирдэг хэдэн залуучууд ирж Биллъярд тоглонгоо зөвшөөрлийн дагуу пиво ууцгаасан. Тэгээд тэр хүмүүс тэндээ хоноод 2019 оны 12 дугаар сарын 26-ны өглөө хоорондоо муудалцаад хоёр залуу нь бие биенээ цохиж аваад нэг залуу нь ууж байсан пивоныхоо шилийг гартаа бариад хүн цохих гээд яваад байсан. Тэгээд тэр залуучууд маргаанаа болиод хэсэг гайгүй болсон бөгөөд хэсэг байж байгаад дахин маргаад эхлэхээр нь би тэр хүмүүс дээр очин маргааныг зогсоогоод “одоо та нар гарчих” гээд үүдрүү гарсан. Тэр үед манайд үйлчлүүлж байсан хэдэн залуучуудын нэг нь ууж байсан пивоныхоо шилийг гартаа барин ардаа нуугаад миний араас гарч ирж байсан. Тэгээд манай төвийн үүд рүү явах шатаар бууж байтал нөгөө гартаа пивоны шил барьсан залуу хажуудаа байсан хананд пивоны шилээ цохиж хагалаад надруу дайрсан. Тэр үед би өөрийн зүүн гараараа нөгөө залуугийн шилийг хаасан чинь тэр залуу гартаа барьсан хагархай шилээр миний зүүн гарын шуу орчим нэг удаа хатгасан. Тэгээд хоёр дахь удаагаа гартаа барьсан шилээр надруу дахин нэг удаа хатгаж миний хэвлийн зүүн талруу хальт хатгасан.

Би гомдолтой байна тэр залуу өөрөө ирээд уулзаж чадахгүй, дандаа ээжээрээ яриулаад байсан бөгөөд өөрөө эр хүн шиг ярьчихаж чадахгүй байсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.Л-ы өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой 22:00-23:00 цагийн хооронд өөрийн найз охин Цолмонтуяагийн 10-р хороололд байдаг гэрээс нь гэртээ харих гээд байж байтал манай найз Мө өөрийнхөө 89008855 дугаарын гар утаснаас залгаад Баянгол дүүргийн 12 дугаар хороо бичил хороололд байрлах А гээд эмэгтэйн ажиллуулдаг караокед хэдэн найзуудын хамтаар байна, ярих ажил байна хүрээд ирээч гэхээр нь би найз охиныхоо гэрээс гараад Мөөжгийн хэлсэн газар очсон. Намайг очиход тэр караокед А, М болон Мөөжгийн бас арван жилийнх нь найз гээд нэрийг нь санахгүй байна нэг залуу байсан бөгөөд тэд архи, пиво ууцгааж байсан. Тэгээд би ороод тэд нартай уулзаад Мөөжгийн ярина гээд байсан ажлыг ярьсан. Тэгээд байж байтал гаднаас Мөөжгийн найз гээд нэрийг нь мэдэхгүй нэг билүү хоёр залуу ирсэн бөгөөд бас манай М гээд найз ирсэн. Тэгээд бид нар Аын караокед дуулж, жаахан ууж байтал М сүүлд ирсэн найзуудыгаа хүргэж өгчихөөд ирье гээд гарсан. Тэр үед би Аын караокед найз М болон Атай тэр караоке ажиллуулдаг гээд хоёр эмэгтэйн хамтаар тавуулаа үлдсэн. Тэгээд байж байтал М ирэхгүй болохоор нь би за за би явдаг юм билүү гэсэн чинь А “найзыгаа иртэл байж байхгүй юудаа” гэхээр нь би Мөөжгийг хүлээхээр үлдсэн.

Тэгээд байж байтал манай өөр нэг найз Төгөлдөр надруу залгаад хаана байгааг асуухаар нь би байгаа газраа хэлтэл Төгөлдөр “...би очъё л доо...” гээд хүрээд ирсэн. Тэгээд Төгөлдөр ирээд бид нар дахиад тэр караокед дуулангаа байж байтал Төгөлдөр гарчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд Төгөлдөр гарч яваад ирэхдээ Ч гэх залууг дагуулан ирсэн. Төгөлдөр, Ч нар ирэх үед цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна, нилээн орой болчихсон байсан. Тэгээд Ч, Төгөлдөр нар ирээд байхад миний жаахан нойр хүрээд байхаар нь тэр караокед унтсан. Харин Төгөлдөр, Ч нар тэр караокед А болон манай найз М нар жаахан согтууруулах ундаа хэрэглээд, дуулаад байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цагийг нь санахгүй байна ямар ч байсан өглөө болсон байхад би сэргээд бостол А, Ч гээд залууг “...чи согтуу байна, чи яв...” гээд хөөгөөд байсан. Тэр үед Ч гэх залуу хариуд нь Ад “...чи юу вэ...” гэх зэргийн юм хэлээд байсан. Тэр үед би караокены өрөөнөөс найз Мгийн хамтаар ямар нэгэн юм болж магадгүй гээд гарсан. Намайг найз Мгийн хамтаар өрөөнөөс гарахад Ч гээд залуу Атай караокены тек орчим хэрэлдээд зогсож байсан бөгөөд Ч гээд залуу нэг пивоны шил аваад хананд цохиж хагалсан. Тэр үед А, Ч хоёр маргаж байгаад А Ч гэх залууг хоёр гараараа түлхэх шиг болсон бөгөөд тэр үед Ч гээд залуу караокенаас гараад зугтаасан. Тэгэхээр нь би Ч маргааныг улмаас гараад зугтаачихлаа гэж бодоод зогсож байтал А надруу эргээд харсан чинь одоо яг аль гарнаас нь гэдгийг нь мэдэхгүй нэг гарных нь бугуй орчмоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Пын өгсөн:

            “...Би тэр охинтой уулзсан байгаа. Би одоо он, сар өдрийг сайн санахгүй байна. Намайг өглөө 07:00 цаг өнгөрч байхад гэртээ амарч байтал миний гар утас руу нэг дугаараас дуудлага ирээд “...танай хүү чинь эмэгтэй хүн пивоны шилээр зүсээд гэмтээчихээд, зугтаачихлаа. Одоо яаралтай хурдан ир...” гэхээр нь би тэр хүний яриад байгаа бичил хороололд байдаг нэг обьектын гадна очоод надтай яриад байсан залуутай холбогдож ярьтал, нөгөө залуу надад “...би таныг дуудаагүй, таны хүүг дуудсан. Тэгээд танай хүү ирээд учраа олох хэрэгтэй байна...” гэхээр нь би “...чи чинь өөрөө түрүүн залгаад хүрээд ир гээ биздээ...” гэсэн чинь нөгөө залуу надад “...та хэрэггүй, та одоо яв...” гэсэн. Тэр үед би бичил хорооллын урдхан талд байдаг нэг хоёр давхар гаднаа караоке баар гэсэн хаягтай обьект руу ортол тэр газрын шатан дээр хагархай пивоны шил байхаар нь би “...за энэ газар мөн юм байна...” гэж бодоод дотогш орон шатаар хоёр давхарт гартал ямар ч хүн байгаагүй. Тэгээд би тэр газрын ресепшинийх нь гаднаас тогшоод хүн байна уу гэсэн чинь цаад булангаас нэг өндөр эмэгтэй гараад ирсэн. Тэгээд би тэр эмэгтэйд болсон зүйлийн талаар хэлсэн чинь нөгөө эмэгтэй “...за байж байгаарай...” гээд анх гарч ирсэн хэсэг рүүгээ яваад өөр нэг намхан биетэй эмэгтэйн хамтаар гараад ирсэн. Тэгээд тэр сүүлд гарч ирсэн намхан биетэй эмэгтэй надад “...эгчээ би ямар нэгэн асуудал байхгүй, би цагдаа гэж явахгүй...” гээд байсан. Тэгээд байж байтал анх гарч ирсэн өндөр биетэй эмэгтэй надад “...та эгчээ энэ эмэгтэйд гарах эмчилгээний зардлыг нь гаргаад өгчихгүй юудаа, тэгээд цагдаа сэргийлэх гэж яваад яахав...” гэж яриад байсан. Бас намайг тэр хоёр хүүхэнтэй яриад зогсож байхад тэр хоёр эмэгтэйн араас хоёр согтуу залуу гарч ирсэн бөгөөд нэг залуу нь манай хүүг шөнө гэртээ унтаж байхад нь гар утас руу нь залгаж дуудсаар байгаад авч явсан залуу байсан. Тэгээд би тэр хоёр залуугийн манай хүүг дуудаад байсан залууд “...чи шөнөжин хүүг маань дуудсаар байгаад ийм асуудалд оруулсан байна. Мөн яагаад энэ газар чинь шөнийн 04:00 цагт хаалгаа бариад хаасан байх ёстой байтал хаалгүй, тэгээд ганц эмэгтэй гурвын гурван залуутай архидаад байж байдаг юм. Би энэ талаар асуудал яривал ярина шүү...” гэсэн чинь нөгөө залуу надад “...би танай хүүг дуудсан болохоор буруутан болдог юм уу...” гээд байсан.

Тухайн үед хохирогч гэх охин “...та настай хүн байна, та тэгээд боломжоороо надад хэдэн төгрөг өгчихгүй юу...” гээд байсан. Тэгээд бас тэр охин “...та настай хүн байна, хоёулаа тохиръё...” гээд байсан. Тэгээд би тэр охиноос яг хэдэн төгрөг нэхэмжилж байгаа юм бэ гэж асуухад яг тодорхой хариу хэлээгүй. Тэгээд сүүлд тэр охин байж байгаад нэг залгаад мөнгө нэхээд байдаг байсан бөгөөд байн байн залгаад байхаар нь би за ярьшиг гээд хаясан.

Хохирогч Д.А гэх охинтой уулзахад зүүн гараа шилээр зүсүүлсэн гээд цагаан өнгийн марлаар ороочихсон байсан. Харин яг уулзаж байхад тэр охин хэвлийн орчмоо бас шилээр зүсүүлсэн гээд бага зэргийн шалбарсан шарх харуулаад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 75-76/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 тоот: 

  1. Д.А-н биед зүүн шуу, хэвлийд сорви тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 21-22/,

 

  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сод төвийн байранд иргэн Д.Аын зүүн шуу болон хэвлийн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.А-ын “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тэр өдөр байсан хүмүүст өөрийгөө Ч гэж танилцуулсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Аын “...манайд үйлчлүүлж байсан хэдэн залуучуудын нэг нь ууж байсан пивоныхоо шилийг гартаа барин ардаа нуугаад миний араас гарч ирсэн байсан. Тэгээд манай төвийн үүдрүү явах шатаар бууж байтал нөгөө гартаа пивоны шил барьсан залуу хажуудаа байсан хананд пивоны шилээ цохиж хагалаад надруу дайрсан. Тэр үед би өөрийн зүүн гараараа нөгөө залуугийн шилийг хаасан чинь тэр залуу гартаа барьсан хагархай шилээр миний зүүн гарын шуу орчим нэг удаа хатгасан. Тэгээд хоёр дахь удаагаа гартаа барьсан шилээр надруу дахин нэг удаа хатгаж миний хэвлийн зүүн талруу хальт хатгасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Л-ы “...Ч гээд залуу нэг пивоны шил аваад хананд цохиж хагалсан. ...би Ч маргааныг улмаас гараад зугтаачихлаа гэж бодоод зогсож байтал А надруу эргээд харсан чинь одоо яг аль гарнаас нь гэдгийг нь мэдэхгүй нэг гарных нь бугуй орчмоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ц.Пын “...караоке баар гэсэн хаягтай обьект руу ортол тэр газрын шатан дээр хагархай пивоны шил байхаар нь би ...за энэ газар мөн юм байна... гэж бодоод дотогш орон шатаар хоёр давхарт гартал ямар ч хүн байгаагүй. ...Хохирогч Д.А гэх охинтой уулзахад зүүн гараа шилээр зүсүүлсэн гээд цагаан өнгийн марлаар ороочихсон байсан. Харин яг уулзаж байхад тэр охин хэвлийн орчмоо бас шилээр зүсүүлсэн гээд бага зэргийн шалбарсан шарх харуулаад байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт хохирогчийн зүгээс гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баян-Эрдэнэ овогт Эгийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ