Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 887

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Баярхүү,

насанд хүрээгүй хохирогч А.Айн хууль ёсны төлөөлөгч С.Нийн өмгөөлөгч Г.Ц,

шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Г.Э, А.Г,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч А.Г, Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ад холбогдох 201726030726 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. Б овогт Б.А, 1979 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .............................. оршин суудаг гэх,

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: .............................../,

          Б.А нь 2016 оны 7 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-15а тоотод оршин суух бага насны А.Айг 09 нас 02 сартай байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдал болон тухайн үйлдлийн учир холбогдлыг үл ойлгох байдлыг далимдуулан түүний бэлэг эрхтнийг хуруугаараа оролдох, уруул дээр нь үнсэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн давтан үйлдлээр 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-15а тоотод оршин суух бага насны А.Айг 10 нас 01 сар 16 хоногтой байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдал болон тухайн үйлдлийн учир холбогдолыг үл ойлгох байдлыг далимдуулан түүний бэлэг эрхтнийг хуруугаараа оролдох, хуруугаа бэлэг эрхтэн рүү нь хийх, хөхийг нь базах, уруул дээр нь үнсэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Аг бага насны хүүхдийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар Б.Аг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Агийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч А.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 5 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр яллаж байгаа боловч уг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн нөхцөл байдал, зүйлчлэлийн хувьд хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн хэт яллах талын байр суурьтай мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан нь онолын хувьд маргаантай байдал үүсгээд байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Насанд хүрээгүй хохирогч А.Айн ээж С.Н нь хувиараа “Нандин сондор” гэдэг төрийн бус байгууллага ажиллуулдаг. Б.Аг хааяа дуудаж том машин бариулдаг, сүүлийн 2 жил цалингүй ажиллуулж байгаа, ажлын чинь хөлсийг өгнө гэдэг боловч одоо болтол өгөөгүй байгаа. Б.Агийн хамаатны байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад хөлсийг нь төлж чадалгүй байрыг нь хураалгах шатанд байгаа зэрэг шалтгаануудын улмаас Б.Агийн эсрэг зохион байгуулалттай, бодож төлөвлөсөн зохиомол хэрэг үүсгэсэн байх магадлалтай тул мөрдөн байцаалтын шатанд дээрх асуудлыг нарийн шалгаж мухарлалгүй, хэт яллах байр суурийг барьж байгаа нь туйлын харамсалтай байна. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь тус хуралдаанд насанд хүрээгүй хохирогч А.А, түүний хууль ёсны төлөөлөгч С.Н, түүний өмгөөлөгч Г.Ц нарыг оролцуулан шүүх хуралдаан явагдсан байдаг. Хавтаст хэргээс харахад Г.Ц өмгөөлөгчийг А.Айн аав гэрээ хийж өмгөөлөгчөөр ажиллуулсан. Гэтэл С.Н А.Айн ааваас гэрлэлтээ цуцлуулж А.Айг асран хамгаалах эрх ганц С.Нт ирсэн байдаг. Хууль зүйн үүднээс авч үзэхэд насанд хүрээгүй хохирогч А.Айн төлөөллийн асуудал С.Нийн зөвшөөрлөөр “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” хүчин төгөлдөр болохоор харагдаж байна. Энэхүү асуудлуудыг харгалзан үзэхэд хууль бус шүүх хуралдаан болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

  Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Аг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөн хуулиар ял шийтгэл оногдуулсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ... гэж заасан байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд гэмт хэргийг давтан үйлдэх гэдэг ойлголтыг тайлбарласан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг 2 ба түүнээс дээш бие даасан эхлэл, төгсгөлтэй үйлдсэн байх явдал юм. Өөрөөр хэлбэл, нэг хэргийг ердийн, хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдэхийг хэлнэ. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн санаа нь тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд уг үйлдэлдээ ял шийтгүүлсэн буюу ял шийтгүүлээгүйн аль аль нь хамаарна гэж тайлбарлажээ. Дээрх тайлбарыг гэмт хэргийн давтан үйлдэл хэрхэн яаж тайлбарлагдах, бүрэлдэхүүн, шинж байдал нь ямар байх талаас нь хуульд ижил төстэй тайлбар байдаг тул тогтоолоос иш татсан болно. Д.Б.Агийн үйлдэл нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдэж, хохирогч ээждээ болсон үйл явдлыг мэдэгдснээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан хэрэг юм. Хохирогч “2016 оны 7 дугаар сард өөрийг нь оролдсон гэж мэдүүлдэг атлаа 2016 оны 9 дүгээр сард оролдсон байх гэж өөрөө цаг хугацаагаа эргэлзэж таамагласан байдалтай мэдүүлснээс гадна тухайн цаг хугацаанд байцаан шийтгэх ажиллагаанд тогтоогдвол зохих зүйлүүд тогтоогдоогүй. Энэ талаар хангалттай нотлох баримт байхгүй тул Д.Б.Ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, хэргийг шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч А.Айн хууль ёсны төлөөлөгч С.Нийн өмгөөлөгч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч нарын гомдлоос харвал нэг талаас гэмт хэрэг бүхэлдээ зохион байгуулалттай гүтгэлэг байсан, нөгөө талаас гэм буруутай боловч зүйлчлэлийн хувьд өөрчлөх үндэслэлтэй мэтээр тус бүр зарчмын зөрүүтэй байр сууринаас гомдол гаргажээ.

1. А.Г өмгөөлөгч гомдолдоо “хууль ёсны төлөөлөгч С.Н нь өс хонзон, шунахайн сэдэлтээр зохион байгуулалттайгаар Б.Аг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн байж болзошгүй, түүнийг шалгаж тогтоогоогүй, төлөөлөл өмгөөлөл хууль зүйн дагуу хийгдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Гэвч хэргийг мөрдөн шалгах явцад Б.А болон түүний өмгөөлөгчөөс өс хонзон шунахайн сэдэлтээр бусдыг гүтгэж байгаа талаар мэдүүлээгүй, мөрдөн байцаах болон урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны шатанд мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой гомдол, тодорхой ажиллагаа хийлгүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй болно. Б.А нь насанд хүрээгүй хохирогч А.Айг оролдож ёс бусаар бэлгийн дур хүслээ хангасан үйлдэлдээ мөрдөн байцаалтын туршид өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хохирогч А.Айн зохих журмын дагуу буюу хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгчийн хамт 2016 оны 6 дугаар сарын 21, 2017 оны 7 дугаар сарын 25, 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд өгсөн мэдүүлгүүд, анх 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэрэг болсон тухай мэдсэн даруйд мөрдөгчөөс хууль сануулан зохих журмын дагуу авсан гэрч нарын буюу А.А, С.Н, С.Н, Ц.С, Ч.А, Б.А нарын мэдүүлэг нэг цаг үед болсон үйл явдлыг тодорхой, тогтвортой мэдүүлж байгаа байдал болон бусад нотлох баримтуудыг анхан шатны шүүх зөв, бодитоор үнэлэн Б.Аг бага насны хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн буруутайг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь Б.А болон түүний төрөл төрөгсдөд өртэй зэрэг нөхцөл байдлаас өс хонзон болон шунахайн сэдэлтээр хүнд хэрэгт холбогдуулан зохион байгуулалттайгаар гүтгэсэн гэх ор үндэслэлгүй гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн А.Г өмгөөлөгч гомдолдоо “хохирогчийн өмгөөлөгч Г.Цийн өмгөөллийн гэрээ, хүсэлт хууль бус бөгөөд насанд хүрээгүй хохирогч А.Айн аав нь өмгөөлөгч авах эрхгүй” талаар өгүүлжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нь өмгөөлөгч Г.Цээр өөрийгөө өмгөөлүүлэх тухай хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан болно. Тус хүсэлт хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан бөгөөд хууль зүйн туслалцаа авах, үзүүлэх тохиролцоо хүчинтэй  хэвээр байгаа болно. Хохирогч А.Айн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээж С.Н, аав Б.А нар тогтоогдсон болно. Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол хавтаст хэргийн 34, 36 дугаар талд авагдсан билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.5 дугаар зүйлүүдэд хууль ёсны төлөөлөгчийн тоог хязгаарлаагүй бөгөөд хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүн өмгөөлөгч сонгож болно. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 17.2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “эцэг, эх хоёул гэрлэлтээ цуцлуулсанаас үл хамааран үр хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй. Харин шүүгдэгч Б.А болон түүний гэр бүлийн зүгээс хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх хугацааны туршид дарамталж, гомдол саналаа татаж авах талаар удаа дараа сануулж, элдвээр харааж зүхэж ирсэн бөгөөд дээрх нөхцөл байдлаас шалтгаалж хууль ёсны эрх ашгийг хамгаалахад хүндрэлтэй байгаа талаар бид шүүхэд мэдүүлж байсан. Иймд хууль ёсны төлөөлөгч С.Нийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт, хохирогчийн өмгөөлөгч Г.Цийн өмгөөллийн гэрээ, хүсэлт хууль зүйн хүчин төгөлдөр бөгөөд насанд хүрээгүй хохирогч А.Айн аав нь өмгөөлөгч авч өгөх эрхтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан нөхцөл журмын дагуу явагдсан болно.

2. Г.Э өмгөөлөгч гомдолдоо “шүүгдэгч Б.А нь хэргийг давтан үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж хэргийг шийдвэрлэж өгөхийг” хүсчээ. Гэвч шүүгдэгч Б.А нь хохирогчийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр оролдсон бөгөөд тус гэмт хэрэгтээ холбогдуулан байцаалт авах явцад хохирогч А.Айг урд 2016 оны 7 дугаар сард наадмын үеэр, 2016 оны 9 дүгээр сард намар сэрүүн орж байхад оролдож байсан талаар мэдүүлсэн болно. Энэ нь урьд болсон хэргийн талаар өгсөн хохирогчийн мэдүүлгээс гадна тухайн цаг мөчид Б.А нь Улаанбаатар хотод, хэрэг болсон газар байсан цаг хугацаатай тохирч байгаа нь гэрч А.А, С.Н, С.Н, Ц.С, Ч.Д, Б.А нарын мэдүүлгээр нотлогддог. Хохирогч А.А нь хэрэг болох үед насанд хүрээгүй байсан. Тодруулбал, 2016 оны 7 дугаар сард 09 нас 02 сартай, 2017 оны 06 дугаар сард 10 нас 01 сартай буюу бага насны хохирогч болох нь тогтоогдсон болно. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийг давтан гэж үзэх үндэслэлтэй ба бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэл нь тогтоогдсон. Б.Ад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж, бяцхан охины зөрчигдсөн эрхийг хамгаалж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Тухайн гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар буюу бага насны хүүхэд гэдгээр зүйл анги нь хүндэрсэн. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг гэмт хэргийг давтан үйлдсэн гэдгээр зүйл ангийг хүндрүүлсэн зүйл байхгүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар буцаан хэрэглэх асуудал яригдаж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэвэл уг гэмт хэрэг маань 12.2 дугаар зүйл биш, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 буюу бүх насаар нь хорих хүртэл ял шийтгэлтэй тул шинэ хуулийг буцаан хэрэглэвэл тухайн яллагдагчийн эрх зүйн байдал дордоно гэдэг үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн. Хууль бус шүүх хуралдаан болсон талаар өмгөөлөгч гомдолдоо дурдсан байсан. Тухайн шүүх хуралдааны хувьд насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эх 2 нь хоёулаа түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байдаг. Хууль ёсны төлөөлөгч хэд байх талаар хуульд заасан хязгаарлалт байхгүй. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нь өмгөөлөгч Г.Цээр өмгөөлүүлж, шүүх хуралдаанд оролцох хүсэлт хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан. Иймд хууль бус шүүх хуралдаан явагдсан гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.А нь 2016 оны 7 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-15а тоотод оршин суух бага насны А.Айг 09 нас 02 сартай байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдал болон тухайн үйлдлийн учир холбогдлыг үл ойлгох байдлыг далимдуулан түүний бэлэг эрхтнийг хуруугаараа оролдох, уруул дээр нь үнсэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн давтан үйлдлээр 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бага насны А.Айг 10 нас 01 сар 16 хоногтой байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдал болон тухайн үйлдлийн учир холбогдолыг үл ойлгох байдлыг далимдуулан түүний бэлэг эрхтнийг хуруугаараа оролдох, хуруугаа бэлэг эрхтэн рүү нь хийх, хөхийг нь базах, уруул дээр нь үнсэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч А.Айн “... Намайг 9 настай буюу 3 дугаар анги төгсөөд 4 дүгээр ангид ороод удаагүй байхад Б.А ах анх урд талын эзэнгүй байшин дотор бэлхүүсээр тэвэрч өргөөд уруул дээр үнсээд, нэг гараа өмд рүү хийж боожгойг минь хуруугаараа оролдож байсан. Тэрнээс хойш ер нь дандаа хүн байхгүй үед эзэнгүй байшинд тоглох гээд ороход нааш ир гээд тэвэрч авна, уруул дээр үнсээд гараа өмд рүү хийж боожгойг минь хуруугаараа оролдож байсан. Яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна, олон удаа л гэж бодож байна. Хэзээ, хэзээ гэдгийг нь санахгүй байна. Хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр 12 цагийн үед би урд талын эзэнгүй байшин руу орж усан буугаа авах гээд ороход Б.А ах хувцсаа угааж байсан. Би буугаа авч гараад гэртээ орж ус хийгээд гадаа гарч буудаж үзтэл ажиллахгүй байсан. Дамбаа өвөө хашаан дотор машинаа янзлаад зогсож байсан. Би Б.А ахын байсан байшингийн хаалган дээр нь очоод энэ ажиллахгүй, ус нь гарахгүй байна, янзлаад өгөөч гэхэд Б.А ах ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би буугаа аваад очсон. Миний бууг авч дээшээ тавиад намайг тэвэрч өөрөө явган суугаад, өвөр дээрээ намайг суулгасан, гадаа халуун байсан учир би тэр үед дээгүүрээ цээживчтэй, доогуураа гэрийнхээ богино шорттой байсан. Шортны ар талд урагдсан байсан учраас Б.А ах миний уруул дээр үнсээд нэг гараараа хөх бариад нөгөө гараараа шортны ар талын уранхай хэсэг рүү хуруугаа хийж хөдөлгөөд миний боожгойг оролдсон. Би тэгэхээр нь шүлсээ хаямаар байна гээд өвөр дээрээс нь буух гэхэд намайг буулгахгүй, энд шүлсээ хая гээд байсан. Тэгэхээр нь би гадаа Дамбаа өвөө байгаа, би ориллоо шүү гээд хатгамлын машины доод талаас барихад намайг тавьчихсан. Тэгээд би гараад гэртээ гүйгээд орсон. Гэрт Нандинчимэг эгч Билэгт дүүтэй хамт байсан. Эмээ ээж хоёр гэрээ нүүлгэх гээд явчихсан, өвөө эмнэлэгт үзүүлэх гээд явсан байсан. Гэрт өөр хүн байгаагүй. Орой гэрийнхэн ирээд бид нар унтацгаасан. Б.А ахын хийсэн үйлдлийн талаар хэнд ч хэлээгүй. Би эмээ, дүүгийнхээ хамт газар ор засаж унтсан. Өглөө босоод харахад миний нөмөрч унтсан хөнжлийн даавуу цус болсон байсан. Би тэгэхээр нь бандаашаа хартал бандаашны дотор хэсэг цус болчихсон байсан. Ээж миний бандаашийг сольж өгөөд даамсаг гэх зүйл хийж өгсөн. Би урьд нь даамсаг гэх зүйл хийж үзээгүй. Ээжийг яасан ямар нэг зүйл болсон юм уу гэж асуухад нь би айгаад юу ч хэлээгүй. Ер нь бол Б.А ах эрхтэнг минь оролдсоноос цус гарсан байна гэж би мэдэж байсан, гэхдээ хэнд ч юу ч хэлээгүй. Тэр өдөр ээж Дархан явчихсан байсан. Эмээ, өвөө, Билэгт, Сүлд бид нар гэртээ үлдсэн байсан. Н эгч ажилдаа явчихсан байсан. Би тэр орой өндөр халуурсан. Тэр үед ээж Дарханаас ирээд яасан юу болсон гээд асуугаад байхаар нь би ээждээ Б.А ахын хийсэн үйлдлийн талаар буюу болсон асуудлын талаар бүгдийг нь хэлсэн. Миний бие өвдөж халуурсан нь Б.А ахын хийсэн үйлдлээс болсон гэж бодож байна. Б.А ах хуруугаа миний эрхтэн дотор өмнө нь хийдэг байсан. Тэгэхэд цус гарч байгаагүй. 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хуруугаа хийснээс болж миний биенээс цус гарсан, орой нь халуурсан. Тэгээд гэрийнхэн минь цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-38-39/,  

Гэрч С.Н-ийн: “...  2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би өөрийнхөө байшинд Нандинцэцэг эгчийн бага хүүхдийн хамт байсан. Тэр үед А.А унадаг дугуй унана гээд байшингаас гарч ороод яваад байсан. Орой нь гэнэт А.А халуураад байсан. Нандинцэцэг эгч яагаад халуураад байгаа талаар А.Аас асуусан. Тэгээд Аринбямбаа ах А.Айг оролдсон байна гэж хэлсэн. Тэр үед би Б.А ах дүүг оролдсоныг мэдсэн. Тэгээд цагдаад хандсан. Хэзээ хаана хэрхэн яаж оролдсон талаар би мэдэхгүй байна. Б.А ах намайг оролдоод байдаг юм чинь дүүг минь бас намайг оролдсон шиг оролдсон гэж ойлгосон...” /хх 43-44/,

Гэрч Ц.Сү-ын: “... Б.А нь манай эхнэр Аюушийн төрсөн дүү байгаа юм. Миний том охин Нандинцэцэг хойшоо, урагшаа явж хүүхдийн тоглоом зөөдөг. Тэр ажилдаа туслуулахын тулд хааяа Б.Аг дуудаж ирүүлдэг. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бостол манай зээ охин А.Айн нөмөрч унтсан хөнжил дээр хүрэн өнгийн зүйл болчихсон байсан. Би тэр үед гайхаад энэ юу болчихсон юм бэ, вариань болчихсон юм болов уу гэж бодоод нойтон салфетикаар арчсан чинь арилаагүй. Би тэр зүйлийг эхнэр Аюуш болон, охин Нандинцэцэг, Нандинчимэг нарт харуулсан. Тэд хараад цус юм шиг байна гэсэн. Тэгээд бид хоорондоо биенийх нь юм ирж байна гэж бодсон. Гэхдээ манай зээ охин 2007 онд төрсөн, одоо 10 настай, биенийх нь юм ирэх арай болоогүй баймаар юм гэж бодсон. Нөгөө хэд А.Ад ариун цэврийн хэрэгсэл хийж өгсөн. Гэтэл тэр орой 19-20 цагийн үед А.Айн бие нь өвдөөд байгаа бололтой хэвтээд босохгүй байсан. Ээж нь 22 цагийн үед ирсэн. Тэгээд охинтойгоо ярилцсан бололтой Аюушийг дуудаад “ээж болохоо больчихсон байна, Б.А ах охиныг минь оролдсон байна гэж хэлсэн байсан” тэр яриа болох үед Б.А байшинд байгаагүй. Хаана юу хийж байсныг нь мэдэхгүй. Удалгүй гаднаас Б.А ороод ирсэн. Тэгэхээр нь би болон манай эхнэр хүүхдүүд чи охиныг оролдсон байна, яаж байгаа юм бэ гэхэд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, өдөр дугуй унаад байсан тэрнээс болсон байх гээд байхаар нь бид над Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа дуудаж байх үед Б.А байшингаас гараад зугтаачихсан. Бид нар татаж чангаагаад, дийлэхгүй алдсан...” /хх-46-48/,

  Гэрч С.Нийн: “... 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр босоход манай охин А.Айн нөмөрч унтсан хөнжил нь цус болчихсон байсан. Газар эмээтэйгээ хамт унтсан юм. Тэгээд бид нар эхлээд хөнжлийг нь вариань болчихсон байна гэж бодоод нойтон салфетикаар арчсан боловч арилахгүй байсан. Сайн харахад цус болчихсон байсан. Бид нар тухайн үед А.Айн биений юм ирж байна гэж бодсон. Манай охин 2007 оны 5 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, 10 настай. Ийм эрт биений юм нь ирнэ гэж баймааргүй юм, гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүд ийм болчихсон юм байх даа гэж бодоод түүнд ариун цэврийн хэрэгсэл хийж өгөх гээд дотоожийг нь шувталтал дотоож нь цус болчихсон байсан. А.Аас өөр цус гарах боломж огт байгаагүй. Орой нь би ажлаасаа ирээд үзтэл ариун цэврийн хэрэгсэл нь цус болоогүй байсан. А.А бие нь муу байгаа бололтой нурмайгаад хэвтэж байсан. Халууныг нь үзтэл халуурч байсан. Би тэр үед охиноосоо миний охин ээждээ үнэнээ хэлчих, чиний биений юм ирээгүй юм биш үү, хүний биений юм ирэхээр өдөржингөө цус гойждог юм. Чамд хүн амьтан хүрсэн үү, яасан бэ гэж асуухад “Бямбаа ах” гэж хэлсэн. Хаана, миний охин яг яасан юм бэ гэж асуухад урд байшинд гэж хэлсэн. Өөр юм надад юу ч хэлээгүй. Тэр үед нь би Б.Аг охиныг минь хүчиндсэн байна гэж бодсон. Яагаад гэвэл намайг 7-8 настай байхад Б.А 13-14 настай байхдаа оролдох гээд байдаг байсан. 10-11 настай байхад тэр 16-17 настай байсан. Тэгээд намайг хүчиндэж байсан. Тухайн үед өсвөр насны хүүхэд алдаа гаргаж дээ гэж бодоод гэрийхэндээ болон найз нөхөддөө тэр талаар хэлж, ярьж байгаагүй, нуучихсан...” /хх-50-51/,

Гэрч Ч.А-ийн “... 2017 оны 6 дугаар сарын 20-ны өглөө бостол А.А бид хоёрын нөмөрч унтсан бор шар өнгийн хөнжлийн даавуу цус болсон байсан. Би хаанаас, ямар цус болчихвоо гээд гайхсан. Н-т хэлтэл А.Айн сарын тэмдэг ирж байгаа юм биш үү гэхээр нь нээрээ тийм юм байна, өөр цус гарах боломж байхгүй гээд түүнд ариун цэврийн хэрэглэл хийж өгсөн. Хөнжил болон А.Айн өмсөж байсан дотоож цус болсон байсан. Тэгээд Нандинцэцэг Дархан руу ажилтай гээд явсан. А.А босоод тоглоод зүгээр гүйгээд явсан. Тэгж байгаад 12 цагийн үед А.А халуурах гээд бие нь жоохон зовиурлаад ирэхээр нь би оронд нь хэвтүүлсэн. Тэгээд удаагүй халуурч эхэлсэн. Н орой 20-21 цагийн үед Дарханаас ирсэн. Ирчихээд А.Айн ариун цэврийн хэрэгслийг үзтэл ямар ч цус болоогүй байсан. Тэгээд охиноосоо юу болсон талаар асууж шалгаатал А.А ээжийнхээ чихэнд юм шивнэж хэлсэн. Яг юу гэж хэлснийг нь би сонсоогүй. Гэтэл Нандинцэцэг гэнэт орилоод чарлаад унасан. Тэр үед Б.А гаднаас ороод ирсэн. Тэгэхэд Нандинцэцэг чи яаж байгаа юм бэ гээд Б.А руу дайрахаар нь би Б.Аг А.Айг хүчиндсэн юм байна гэж бодсон. Яагаад гэвэл А.Айн эрхтнээс өглөө нь цус гарсан учир би тэгж бодсон. Тэгээд Б.Агаас хүүхэд яасан юм бэ гэж асуухад би яагаа ч үгүй, тийм юм болоогүй гээд байсан. Н тэр үед эмнэлэг болон цагдаа руу ярьж дуудлага өгсөн. Гэтэл Б.А гараад зугтаачихсан...” /хх- 53-54/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... А.А нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна. А.Айн охин хальс бүтэн урагдалгүй байна. А.Айн үтрээний арчдас, наалдацад үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна...” гэх 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8132 тоот шинжээчийн дүгнэлт /хх-108/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн “... Б.А нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчингүй байсан байна. Б.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 722 тоот шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-125-126/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-11/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-12-17/, нас тоолсон тэмдэглэл /хх-31-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Б.Аг бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь  Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна.

Харин шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар Б.Ад холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэж, Б.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Гэхдээ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Харин Б.Агийн гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж зааснаар тухайн зүйл хэсгийг журамлаж шийдвэрлэх нь зүйтэй.

 Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч А.Гаас “... хохирогч нар Б.Агийн эсрэг зохион байгуулалттай, бодож төлөвлөсөн зохиомол хэрэг үүсгэсэн байх магадлалтай, мөн өмгөөлөгч Г.Цийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан нь хууль бус шүүх хуралдаан болсон гэж үзэх үндэслэлтэй ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.А нь насанд хүрээгүй хохирогч А.Айн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон байх бөгөөд зохиомол хэрэг үүсгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эцэг Б.А /хх-36/, эх С.Н /хх-34/ нарыг тогтоосон байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нь өмгөөлөгч Г.Цээр өмгөөлүүлэх тухай хүсэлтээ илэрхийлсэн хүсэлт /хх-42/ зэргээс оролцох ёсгүй өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, хууль бус шүүх хуралдаан явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Г.Э нь “... Б.Агийн үйлдлийг давтан гэж үзэж зүйлчилсэн нь үндэслэлгүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх ба прокурорын яллах дүгнэлтэд Б.Агийн үйлдлийг бага насны хүүхдийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх шинжээр хэргийг зүйлчилсэн тул давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч А.Г, Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар Б.Аг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар Б.Аг 5 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч А.Г, Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН