Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 28

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН

ЗАРИМ ХЭСГЭЭС ТАТГАЛЗСАН, НЭХЭМЖЛЭГЧ

ХАРИУЦАГЧ НАРЫН ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Я, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр “Нөөцөөс нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Манхан сумын Төсөв төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас нягтлан бодогчийн ажилд буцааж сэлгэн ажиллуулахгүй байгаа Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн ажилд буцааж сэлгэн ажиллуулахыг даалгуулах,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2005 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2007 онд Манхан сумын хүн эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. 2009 оноос Манхан сумын Засаг даргын Тамгын газрын Ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажилласан. 2015 онд Манхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Лхагвасүрэн нь төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.У бид хоёрын ажлын байрыг ажлын шаардлагын улмаас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сэлгүүлэн ажиллуулахаар болж тушаал гарган намайг төрийн сангийн мэргэжилтнээр, Б.У-ийг нягтлан бодогчоор томилсон. 2017 оны 1 сард миний бие Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргад өөр өөрийн ажлын байранд буцаж ажиллах тухай хүсэлтээ илэрхийлэхэд Төрийн албаны тухай хуульд зааснаар 1 жилийн хугацаагаар сунган ажиллуулна гэсэн.

Гэтэл миний ажиллаж байсан Төрийн сангийн мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар зарласан байсан.  Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулаагүй, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Б.Гэрэлмааг нөөцөөс нэр дэвшүүлж, намайг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулаад хугацаа дуусахад нь буцааж ажлын байранд нь шилжүүлэн ажиллуулах зохицуулалттай байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Манхан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нөхөх захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт томилох эрх бүхий этгээдээс тус салбар зөвлөлд албан бичгээр ирүүлсэн. Уг захиалгыг Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хянан хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлд заасны дагуу Манхан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нөөцөөс нөхөхөөр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Улмаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар Манхан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нөөцөөс нөхөх зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд зарласан.Уг зарын дагуу манай салбар зөвлөлийн нөөцөд бүртгэлтэй иргэн Б.Гэрэлчулуун Манхан сумын Засаг даргын Тамгын газрын төсөв төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны сул орон тоонд өрсөлдөхөөр материал ирүүлсэн. Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөөс нөхөгдөх сул ажлын байрны зар хүчинтэй байх хугацаанд Б.Гэрэлчулуунаас өөр иргэн материал ирүүлээгүй байна.

Төрийн жинхэнэ албанд анх орон нөөцийн жагсаалтанд бүртгэгдэж, томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагыг хангаж буй Б.Гэрэлчулууныг Манхан сумын Засаг даргын Тамгын газрын төсөв төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд томилуулахаар тус зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж, дүгнэлтийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Манхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед Манхан сумын Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан  Т.Сайнбаяр нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд Төсөв, төрийн сангийн мэргэжилтний захиалга хүргүүлэхдээ төрийн албанд 5 жил ажилласан байх шаардлага тавьсан байдаг. 2017 оны 01 дүгээр сард Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ТЗ-3 дахь шатлалд ажилласан хүмүүст ажилласан жил хамаарахгүй тул засах шаардлагатай гэж мэдэгдсэний дагуу миний бие ажилласан жилийн шаардлагыг засаж явуулсан. 2017 оны 4 дүгээр сарын 25-нд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Б.Гэрэлчулууныг уг албан тушаалд томилох тухай тогтоол ирүүлсэн. Ирсэн бичгийг Г.С-д танилцуулахад сэлгэн ажиллаж байсан тул буцаад ажлын байрандаа ажиллах тухай ярьсан. Өмнө нь Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Сайнбаяр Г.С нарын хооронд ямар хэлцэл хийгдсэнийг би мэдэхгүй. Тухайн үед удирдлагын шийдвэрээр 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай сэлгэн ажиллуулсан тул Г.С төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа тухай хариу тайлбарыг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн.

2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан тоот ирсний дагуу 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, ажилласан хугацааны амралтыг 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бодож олгосон. Одоо уг албан тушаалд Б.Гэрэлчулуун ажиллаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Б.У-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтэй байна. Учир нь Г.С болон У нарыг сэлгэн ажиллуулж, У-ийн ажиллаж байсан Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд Г.С томилсон байдаг. Одоо Г.С-ийн сэлгэн ажиллах хугацаа дуусан тул өөрийн урд эрхэлж байсан албан тушаал болох Манхан сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн албан тушаалд томилох боломжтой.

            Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан боловч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр нөөцөөс уг орон тоог нөхсөн нь Г.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа юм. Уг нь бол Г.С болон Б.У нарыг буцаан сэлгэн ажиллуулах ёстой байтал уг орон тоонд хэн одоо ямар хүн ажиллаж байгааг шалгахгүйгээр Төрийн албаны салбар зөвлөлөөс нөөцөөс нэр дэвшүүлсэн буруу юм. Хэрвээ сонгон шалгаруулалт зарласан бол Г.С сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой байсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.С нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр “Нөөцөөс нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Манхан сумын Төсөв төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас нягтлан бодогчийн ажилд буцааж сэлгэн ажиллуулахгүй байгаа Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн ажилд буцааж сэлгэн ажиллуулахыг даалгуулах,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Г.С нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр “Нөөцөөс нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Манхан сумын Төсөв төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас нягтлан бодогчийн ажилд буцааж сэлгэн ажиллуулахгүй байгаа Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн ажилд буцааж сэлгэн ажиллуулахыг даалгуулах, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.С болон хариуцагч Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Я нар “...ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд “...Г.С-ийн өөрөө төлж байсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч Г.С-г 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор /гэрээт ажилтан/ хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын цалинг 560000 /таван зуун жаран мянга/ төгрөгөөр тогтмол цалинжуулж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралгүй ажлын байраар хангах, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах Манхан сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Д.Санжидмаагийн оронд нэхэмжлэгч Г.С-г уг албан тушаалд томилж, байнгын ажлын байраар хангах, хэрвээ Д.Санжидмаа нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргахгүй бол Манхан сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор байнгын ажлын байранд ажиллуулах...”-аар харилцан буулт хийж эвлэрлийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бичгээр байгуулж, хоорондоо тохиролцон, гарын үсэг зуран баталгаажуулж, маргаанаа дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар Г.С-ийн Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Я, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр “Нөөцөөс нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Манхан сумын Төсөв төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас нягтлан бодогчийн ажилд буцааж сэлгэн ажиллуулахгүй байгаа Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн ажилд буцааж сэлгэн ажиллуулахыг даалгуулах,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар “...Г.С-ийн өөрөө төлж байсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч Г.С-г 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор /гэрээт ажилтан/ хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын цалинг 560000 /таван зуун жаран мянга/ төгрөгөөр тогтмол цалинжуулж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралгүй ажлын байраар хангах, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах Манхан сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Д.Санжидмаагийн оронд нэхэмжлэгч Г.С-г уг албан тушаалд томилж, байнгын ажлын байраар хангах, хэрвээ Д.Санжидмаа нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргахгүй бол Манхан сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор байнгын ажлын байранд ажиллуулах...”-аар эвлэрсэн эвлэрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.СОНИНБОЛОР