Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 00357

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын  28-ны өдрийн 101/ШШ2016/06783 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: В.Оросмаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 14 704 791 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Зоригтбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Зоригтбаатарт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн В.Оросмаа 2016 оны 12 сарын 12-ны өдөр "Фүжи холдинг ББСБ" ХХК-тай 12/19 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 10 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцаанд В.Оросмаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25 дугаар гудамж, 296 тоотод байрлах, Ү-2204010527 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0255994 тоот гэрчилгээний дугаартай, 52 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууц,                  Г-2204007159 тоот гэрчилгээний дугаартай 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаанд бариулсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 12-ны өдөр дуусах боловч хариуцагч В.Оросмаа нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа байнга зөрчиж, зээл, хүүний төлбөрөө хугацаа хэтрүүлж байнга шаардуулдаг. Мөн манай компаниас зээл төлөлтийн графикт заасан хуваарьт оруулах мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авахгүй хохироосоор байна. В.Оросмаа нь зээлийн 12/19 тоот гэрээний 4.2.1 заасныг зөрчиж байгаа тул гэрээний 7.2.3, 7.2.5-д зааснаар зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 9 113 500 төгрөг, үндсэн хүү 4 679 908 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 896 383 төгрөг нийт 14 689 791 төгрөг, нотариатын тасалбар 15 000 төгрөг бүгд 14 704 791 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

    Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  З.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлөлтийн байдлыг зээлийн гэрээнд тусгагдсаны дагуу графикийн дагуу тооцоо хийж гаргахад нийт төлөлтөөс үндсэн зээл 3 012 700 төгрөг, хүүнд 3 987 300 төгрөгийг тус тус төлсөн байна. Дээрх тооцоогоор үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6 987 300 төгрөг, хүүгийн төлбөр 3 673 800 төгрөг, нэмэгдсэн хүү 896 400 төгрөг нийт төлбөр 11 557 500 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна. Зээлийн гэрээг байгуулсан 2013 оны 12 сарын 12-ны өдөр бөгөөд ББСБ-аас зээл олгосон өдөр нь 2013 оны 12 сарын 16-ны өдөр юм. Нийт 4 өдрийн зөрүүтэй зээлийн хүү тооцогдож байгаа нь 1 539 900 төгрөгийн илүү төлөлт гарч байна. Үүнийг дээрх төлөх төлбөрөөс хасаж тооцно гэжээ.

 

              Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх
хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Оросмаагаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү,
хохиролд нийт 10 187 318 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Фүжи холдинг ББСБ" ХХК-д
олгож, нэхэмжлэлээс 4 517 473 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 231 573 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Оросмаагаас 177 947 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Фүжи холдинг ББСБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

                 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Фүжи холдинг ББСБ" ХХК нь хариуцагч В.Оросмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9 113 500 төгрөг, үндсэн хүү 4 679 908 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 896 383 төгрөг, нотариатын тасалбар 15 000 төгрөг нийт 14 704 791 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч В.Оросмаагаас нэхэмжлэгч "Фүжи холдинг ББСБ" ХХК-д үндсэн зээл 6 987 317 төгрөг, зээлийн хүүнд 2 288 618 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 896 383 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг нийт 10 187 318 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлээс 2 126 183 төгрөг, хүүнээс 2 391 290 төгрөг, нийт 4 517 473 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Фүжи холдинг ББСБ" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд ба энэхүү эрхийнхээ хүрээнд зээлдэгч В.Оросмаатай 2013 оны 12 сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдүүлсэн ба хариуцагч В.Оросмаа нь cap бүрийн 30-нд зээл, хүү нийт 500 000 төгрөгийг “Фүжи холдинг ББСБ” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. 2014 оны 5 сарын 17-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 791 500 төгрөг, хүүнээс 1 708 027 төгрөгийг тус тус хэвийн төлж байсан ба үүнээс хойш талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2.1-т заасан “Гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээл болон хүүг хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй” заалтаа зөрчин зээл хүүг хуваарийн дагуу төлөөгүй болно. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2.2-т заасан “Ашигласан хугацааг хуанлийн өдрөөр тооцож Монголбанкнаас баталсан хүү нэмэгдүүлсэн хүү бодох аргачлалын дагуу хүүг бодно” гэж заасны дагуу "Фүжи холдинг ББСБ" ХХК нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар баталсан хүү бодох аргачлал болох “хүү=үндсэн дүн *зарласан хүүгийн хувь*хугацаа, хуанлийн тоогоор/365”, томьёоллоор тооцоолж үндсэн зээл 9 113 500 төгрөг, үндсэн хүү 4 679 908 төгрөгийг тус тус нэхэмжилсэн атал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан үндсэн зээл, хүүг тооцоолж гаргасан тооцооллыг хэрхэн яаж, ямар журмыг үндэслэж тооцоолсон талаар огт дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийг шийдвэрээс хэрэгсэхгүй болгосон үндсэн зээлээс 2 126 183 төгрөг, хүүнээс 2 391 290 төгрөг, нийт 4 517 473 төгрөгийг "Фүжи холдинг ББСБ” ХХК-д хариуцагч В.Оросмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК нь хариуцагч В.Оросмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 14 704 791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК нь 10 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч В.Оросмаа нь жилийн 42 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн хоног тутамд  нийт төлбөрийн үлдэгдлээс 0,7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25 дугаар гудамжны 296 тоотод байрлах, 621 м.кв газар, 52 м.кв хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн  6-10 дугаар тал/                                         

                                                                                                           

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч В.Оросмаагаас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талууд зээлийн гэрээний 2.2-т зээлийн хүүг сар бүр төлөх хуваарийг нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нь гэрээ цуцлах хүртлэх хугацаанд биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч В.Оросмаа нь зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж, биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК  нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар  зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэрээг цуцалснаар талуудын хувьд гэрээний дагуу хүү төлөх үүрэг дуусгавар болох тул нэхэмжлэгч гэрээг цуцлах хүртэлх хугацааны зээлийн хүүг шаардсан нь буруу биш бөгөөд талуудын хоорондын уг гэрээ шүүхийн шийдвэр гарснаар цуцлагдана.  Иймд гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны гэрээний дагуу төлбөл зохих хүүг төлөгдсөн төлбөрөөс суутган авах эрхтэй байхад анхан шатны шүүх зээлийн төлбөрт төлсөн мөнгийг үндсэн зээлийн төлбөрт тооцож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой юм.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1-т “Эргэн төлөлтийн дагуу төлөгдөх нийт төлбөрийн үлдэгдлээс хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцож нэмэгдүүлсэн хүү төлүүлнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцэхгүй, хууль зөрчсөн гэрээний зохицуулалт болно. Иймд нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК нь хариуцагч В.Оросмаагаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

 

Зээлдэгч В.Оросмаагийн зээлийн төлбөрт төлсөн төлбөрийг тооцож үзэхэд, гүйцэтгээгүй үлдсэн үүрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс их байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасан талуудын мэтгэлцэх зарчимын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ өөрөө тодорхойлсон зээлийн гэрээний үндсэн төлбөр 9 113 500 төгрөг, хүү 4 679 908 төгрөг, нийт 13 793 408 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай  нийцнэ.

 

            Анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүрэг гүйцэтгүүлэгч нотариатын зардалд 15 000 төгрөгийг төлсөн, уг төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэж, уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын  28-ны өдрийн 101/ШШ2016/06783 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтын “… нэмэгдүүлсэн хүү …” гэснийг хасч, “… 10 187 318 төгрөг …” гэснийг “13 808 408 төгрөг” гэж, “… 4 517 473 төгрөг …” гэснийг “896 383 төгрөг” гэж,

2 дахь заалтын  “… 177 947 төгрөг …” гэснийг “226 992 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                  ШҮҮГЧИД                                               Э.ЗОЛЗАЯА    

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ