Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

 

      2020         4               09                                    2020/ШЦТ/346  

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тэмээнийхэн овогт Ц-ын Гт холбогдох эрүүгийн тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

дугаарын регистртэй, Тэмээнийхэн овогт Ц-ын Г.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арктай шар байрны гадна хохирогч У.А-тай маргалдан улмаар биед нь халдаж, гараар цохиж зодон эрүүл мэндэд нь “дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, хамар, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Гын өгсөн:

“...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй. Миний хувьд хохирогч У.А-тай сайн дураараа эвлэрэн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 74-75/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч У.А-ын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ гараад хичээл рүүгээ явж байтал манай хичээл орохоо больсон гэхээр нь Ц.Гтой уулзахаар 10-р хороололд байдаг Стелла баар орсон. ...Тедигээс гараад Ц.Гын машинд суун гэрлүүгээ хүргүүлэхээр явсан. Тэгээд манай гэрлүү явах хугацаанд Ц.Г бид хоёр урд болсон асуудлаас болж маргаад яваад байсан. Тэгээд манай гэрийн гадаа ирээд байхад Ц.Г надтай маргаж байгаад миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний толгойн орой дээрх үснээс зулгаасан. Тэр үед би Ц.Гын бие рүү гараараа 1-2 удаа цохисон. Тэгэхэд Ц.Г миний зүүн хацар орчим нэг удаа алгадсан. Тухайн үед би Ц.Гтой мөргөлдсөн асуудал байхгүй. Тухайн үед миний духанд үүссэн гэмтлийг Ц.Г цохиж учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.С-гийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай гэрт нөхрийн эгч Оюунбилэг, нөхөр Шгийн хамтаар ирсэн байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Оюунбилэг эгч Баянгол дүүргийн цагдаа орох хэрэгтэй боллоо гэхээр нь би Оюунбилэг эгч, Ш ах нарыг өөрийн машинаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн. Тэгээд цагдаагийн гадаа очоод байтал Оюунбилэг эгч, Ш ах нар ороод гарч ирэхдээ У.А-ыг дагуулан гарч ирсэн.

Анх цагдаа дээр дуудахдаа хүнд зодуулчихлаа гэж байсан. Тэгээд цагдаагаас А- гарч ирэхэд үс гэзэгнээс нь зулгаасан гээд толгой дээр овоож товойсон гэж байсан. Бас хүзүү нь энд тэнд улайчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Шгийн өгсөн:

“...Охин Уранбаяр залгаад охин У.А-ыг хүнд зодуулсан байна, очоод аваатах гэхээр нь очиж авсан. Охин У.А-ыг очиж авахад дух хэсэгт бага зэрэг хавдаж бондойсон байсан. Мөн хүзүү нь хүрэнтсэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн:

“...Үзүүүлэгч У.А-ын биед учирсан гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хоорондоо нийлж байж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн үзүүлэгч У.А-ын биед үүссэн гэмтлүүд нь бүхэлдээ хэрэг болсон гэх өдрөөс өмнө буюу 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжгүй бөгөөд хэрэг болсон өдрөөс өмнө 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 775 тоот:

1. У.А-ын биед дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, хамар, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 36-37/,

 

- Хохирогч У.А-ын “...Ц.Гтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 88/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 49/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арктай шар байрны гадна хохирогч У.А-тай маргалдан улмаар биед нь халдаж, гараар цохиж зодон эрүүл мэндэд нь “дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, хамар, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Гын “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч У.А-ын “...Ц.Г надтай маргаж байгаад миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний толгойн орой дээрх үснээс зулгаасан. ...миний зүүн хацар орчим нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.С-гийн “...А- гарч ирэхэд үс гэзэгнээс нь зулгаасан гээд толгой дээр овоож товойсон гэж байсан. Бас хүзүү нь энд тэнд улайчихсан байсан..” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Шгийн “...Охин У.А-ыг очиж авахад дух хэсэгт бага зэрэг хавдаж бондойсон байсан. Мөн хүзүү нь хүрэнтсэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Үзүүүлэгч У.А-ын биед учирсан гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хоорондоо нийлж байж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн үзүүлэгч У.А-ын биед үүссэн гэмтлүүд нь бүхэлдээ хэрэг болсон гэх өдрөөс өмнө буюу 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжгүй бөгөөд хэрэг болсон өдрөөс өмнө 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 775 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч У.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Мөрдөн байцаалтад хохирогч У.А-ын “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-21/, “...Ц.Гтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 88/ зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Гт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ц.Гыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тэмээнийхэн овогт Ц-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 700 /долооон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ