| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0380/и |
| Дугаар | 61 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 61
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хорооны НҮ-ийн гудамжинд байрлах МТ Сайншанд ХХК-ний нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Онгон сумын Шар бүрд гэх газар байрлах Строймонтаж ХХК-д холбогдох “гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 52.940.220 / тавин хоёр сая есөн зуун дөчин мянга хоёр зуун хорь / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МТ Сайншанд ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани Строймонтаж ХХК-тай гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллаж 02/15 тоот гэрээ, мөн барьцааны 03/15 тоот гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай компани гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч тал уг гэрээний 5.2.2-т заасны дагуу худалдан авалт хийснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг МТ Сайншанд ХХК-ний дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх байсан боловч өнөөдрийн байдлаар төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Иймд энэхүү гэрээний 5.2.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 35.293.480 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5-тай тэнцэх хэмжээний алданги 2015.10.31-ний өдрөөс 2016.07.08-ны өдрийг хүртэл нийт 248 хоног, нийт 43.763.915,2 төгрөг болсныг гэрээний үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 17.646.740 төгрөг болж байна. Иймд Строймонтаж ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт 52.940.220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Строймонтаж ХХК-ыг төлөөлж захирал Ц.Баярсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие МТ Сайншанд ХХК-аас Онгон суман дахь шатахуун түгээх станцдаа 35.000.000 төгрөгийн шатахуун авсан. Борлуулалт муу 24 цагаар 4 түгээгч авч ажиллуулаад алдагдалд орсноос өр үүссэн. Ингээд МТ Сайншанд компанитай шатахууны гэрээ хийсэн. Гэрээний үүргийн дагуу алданги төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би шатахуун түгээх станцаа зах зээлийн үнэ ханшаар 120.000.000 төгрөгөөр үнэлж байна. МТ Сайншанд ХХК-ны нэхэмжилж байгаа 52.940.220 төгрөгийг төлнө. Маргах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч МТ Сайншанд ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Строймонтаж ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 35.293.480 төгрөг, түүний алданги 17.646.740 төгрөг, нийт 52.940.220 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МТ Сайншанд ХХК нь хариуцагч Строймонтаж ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 52.940.220 / тавин хоёр сая есөн зуун дөчин мянга хоёр зуун хорь / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Строймонтаж ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 422.652 төгрөгийн 50 хувь болох 211.326 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 211.326 төгрөгийг хариуцагч Строймонтаж ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч МТ Сайншанд ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч МТ Сайншанд ХХК-ны нэхэмжилсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 52.940.220 / тавин хоёр сая есөн зуун дөчин мянга хоёр зуун хорь / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Строймонтаж ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 422.652 төгрөгийн 50 хувь болох 211.326 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 211.326 төгрөгийг хариуцагч Строймонтаж ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч МТ Сайншанд ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ