Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

 

 

     2020           4          15                                       2020/ШЦТ/363

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч С.М,

хохирогч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан өвгөн овогт С Мд холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Цагаан өвгөн овогт С М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.М нь 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 101 дүгээр байрны 92 тоотод маргааны улмаас А.Бын биед хөлөөр өшиглөж гараар цохиж хоншоор ясны их бие, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд үс уналт-зулгаралт, баруун бугалга, зүүн тохойд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б мэдүүлэхдээ:

“...Надаас уучлалт гуйсан зүйл байхгүй. Би маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би эрүүл мэнд, гоо сайхан гээд бүх зүйлээрээ хохирсон их гомдолтой байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Мын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр Э ээжийнхээ гэр лүү явчихаад 21 цагийн үед эгч МядагБ хүргэн ах А болон үеэл дүү Б нарын хамт ирээд хоол цай хийж идээд 5-лаа 0,75 литрийн нэг шил архийг ууж дуустал Б би нэг шил архи авъя гээд нэмж нэг шил архи авснаа уугаад эхнэр бид 2 дахиж 1 литрийн нэг шил архи авсныгаа дөнгөж эхлүүлээд үлдээсэн. Хүргэн ах А машинтай яваа гээд архи уугаагүй. 01 цагийн үед ах эгч 2 явна гээд Б манайд хононо гээд үлдсэн. Би ах эгч 2-ыг гаргаж өгөөд эргээд гэртээ орж иртэл манайхан унтах гээд бүгдээрээ орондоо орчихсон байсан. Тэгтэл Б нилээн согтчихсон том өрөөнд газар хэвтэж байснаа босч ирж намайг хараад хааччихаад ирж байгаа янхан минь, банзал минь зайл гэхээр нь чи юу яриад байгаа юм би ах, эгч 2-ыг гаргаж өгчихөөд орж ирлээ гээд бид 2 маргатал миний урдаас нүүр ам самардаад дайраад байхаар нь би мангасдаад бид 2 хоорондоо зодолдтол Э сэрээд бид 2-ын дундуур орж салгаад Быг гар гэтэл гараад явсан. Удалгүй эргэж орж ирээд дахиад надруу үсчиж дайраад байсан чинь Э чи ер нь яв гээд дахиад хөөгөөд гаргасан. Удалгүй танихгүй 2 залуутай цагдаа түргэн дуудчихсан ар араасаа орж ирсэн. Цагдаа намайг хамт явъя гээд авч гарахдаа хэл амаар доромжлоод чирч гулдраад байсан. Би зүгээр явж байна шүү дээ гээд гараа татаж авахдаа цагдаагийн хамрыг гараараа шүргэтэл хамраас нь цус гарчихсан.

 Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Бын биед дээрхи гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Б бид 2 тухайн үед бараг л харилцан зодолдсон. Тухайн үед гараараа нүүр, толгой руу нь цохиж уг гэмтлүүдийг учруулсан. Толгойн дээр нь дэвсээгүй. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 51-52/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Бын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ээжийн эгч Э эгч Бээжин яваад ирсэн гээд бид нар гэрт нь очиж 2 шил виски долуулаа хувааж уугаад орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 101 дүгээр байрны 92 тоотод Э эгчийнд нагац эгч МядагБ болон хүргэн ах Атай хамт очиход Э эгчийн хамтран амьдрагч М өөрийнхөө хүүтэйгээ хамт байсан. 5-уулаа 0,5 литрийн нэг шил архи уугаад би нэмж 0,75 литрийн нэг шил архи нэмж аваад ууцгаасан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй нилээн орой болсон хойно нагац эгч нөхөртэйгөө гэрлүүгээ явлаа гэхэд М ах гаргаж өгнө гээд гарсан. Би энэ үед унтах гээд хэсэг зүйрмэглэж байтал нэг хүн миний хөлнөөс татаад архинд явъя гээд байсан. Би сэрээд хартал М ах байсан. Би босоод та манай эгчийг битгий доромжлоод бай манай эгчийн гэрээс зайл гэтэл миний нүүрлүү цохиод үснээс зулгаагаад байсан. Тухайн үед миний ухаан балартаад хэсэгхэн хугацаанд ухаан алдах шиг болсон.

Сэргэхэд миний үснээс зулгаагаад үүд рүү чирч байсан. Тухайн үед М ах гуталтай хөлөөрөө миний нүүрэн дээрээс дэвсээд зодоод байсан. Би намайг алах нь гэж бодож байтал Э эгч ирж нөхрийгөө салгах үед би хөл нүцгэн гэрээс нь гарч зугатаад 10 давхарт гараад буланд нуугдаад зогсож байтал хажуу талын хаалганаас 2 залуу гарч ирээд надаас юу болсныг асуугаад цагдаа түргэн дуудаж өгсөн. М ах би чамайг зодоогүй яагаа ч үгүй намайг хэрэгт оруулж байж тархиа цустав гээд сүрдүүлсэн мессеж явуулаад байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Эгийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр миний төрсөн эх Э болон ах А 2 Бээжин хот руу аялалаар яваад ирсэн гээд ах дүү нараараа гэрт нь цуглаж уулзсан. 7-лаа 1 литрийн 2 шил виски, 1 литрийн беллс болон 0,5 литрийн 24 лааз пиво хувааж уугаад бүгдээрээ нилээн согтсон. М гэртээ өөрийнхөө хүүтэй хамт байсан юм. Би гэрлүүгээ харилаа гээд эгч МядагБ түүний нөхөр А үеэл дүү Б болон өөрийн 9 настай охин Ц-тэй хамт 21 цагийн үед Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 101 дүгээр байрны 92 тоотод гэртээ ирэхдээ 1 литрийн нэг шил архи авч орсныгоо хувааж ууж дуустал Б би нэг юм гаргая гээд дахиад 0,75 литрийн нэг шил архи нэмж авч уугаад МядагБ эгч А ах 2 харина гээд 03 цаг өнгөрч байхад гарсан. М тэр 2-ыг таксинд суулгаж өгнө гээд гарсан. Газар Б охин 2-тойгоо зэрэгцээд хэвтэж байхад Б нөхрөө яриад уйлаад байсан. Би хэсэг зүүрмэглээд унтсан байсан. Нэг мэдсэн Б, М 2 босоод зогсчихсон Б Мыг гуйлгачин миний эгчээр тэжээлэгдэг чи ичээч зайл гээд орилоод байсан. М болохоор чи өөрөө зайл миний гэр гээд 2 биенийгээ хөөгөөд хэрэлдэж байгаад М Быг алгадтал Б газар унахад М хөнжлөөр дээрээс нь бүтээгээд нуруу бие рүү нь гараараа цохиод байсан. Би Бын дээр дарж хэвтээд боль гээд Мыг салгатал Б босч ирээд чам шиг юм намайг зодохгүй гээд нүүрлүү нь дайраад самардаад байсан чинь М Быг үсдээд доош дарахаар нь Мын гарыг тавиулж салгаад Быг гараад явчих гээд Мын 2 гарнаас бариад буйдан дээр суулгатал Б цамц гуталтайгаа цүнхээ бариад гараад явсан. М надад танайхан яахаараа зүгээр байхад намайг гуйлгачин түүлэгчингээр дууддаг юм гээд уйлж орилж байгаад тайвшираад унтах гээд 2 хүүхдээсээ уучлалт гуйгаад сууж байтал Б ганцаараа буцаж орж ирээд та нар намайг яаж байгаа юм гээд орилж хашгираад байхаар нь миний дүү тайвшираад унтчих гэтэл хамраас нь цус гарчихсан чам шиг юмаар зодуулахгүй гээд дахиж маргаад зодолдох гэж 2 биен рүүгээ дайраад байхаар нь би дундуур нь ороод зодолдуулахгүй хорьж байтал М чи муу юу гээд байгаа юм гээд дэр билүү нэг юм аваад шидтэл Б аллаа гээд орилоод гараад гүйсэн...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Бдэлгэрийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр аав М Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 101-р байрны 92 тоотод Э эгчийн гэрт байна хүрээд ир гээд дуудахаар нь яваад очтол аав ганцаараа байсан. Аав бид 2 хоол хийгээд сууж байтал 21 цаг өнгөрч байхад Э эгч охин Ц- болон хамаатныхаа том 3 хүнтэй ирээд бүгдээрээ архи ууцгаасан. Аав архинаас нь нэг их уугаагүй. Э эгч Ц- бид 3 унтах гээд хэвтэж байхад нөгөө үлдсэн эгч согтуу ганцаараа үглээд суугаад байсан. Э эгч унтаж байсан. Аав удалгүй эргээд ороод иртэл манай аавыг хаагуур явж байгаад ирж байгаа юм яв зайл новш минь гээд хөөгөөд аав руу дайраад байсан чинь аав түлхээд хоорондоо зууралдаад ноцолдоод байсан. Би айж сандраад болсон асуудлыг сайн санахгүй байна. Э эгч сэрээд тэр 2-ын дундуур орж салгаад нөгөө эгчийг гар гэтэл нөгөө эгч гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 17/,

 

мөрдөн байцаалтад гэрч Э.М-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч А-ын хамт Баянгол дүүргийн 4,5,6-р хорооны нутаг дэвсгэрт Бугат-66 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 03 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 4-р хороо Голден парк хотхоны 101-р байрны 9 давхарт зодуулсан эмэгтэй хүн байна болон мөн голден парк хотхонд хулгайд эд зүйлээ алдлаа гэх 2 дуудлага давхардаж ирсэн. Би зодуулсан эмэгтэй дуудлаганд явсан. А- ахлагч хулгайн дуудлага материалжуулахаар явсан. Би дуудлага өгсөн 99071483 дугаарын утас руу залгаад хаана байгааг нь асуутал 6 давхарт 92 тоотын үүдэнд байна гэхээр нь 6 давхарт гартал 92 тоотын хаалга онгорхой дуудлага өгсөн гэх 2 залуу орцонд зогсож байсан. Гэрлүү нь яваад ороход 103-ын түргэн ирчихсэн нэг эмэгтэй хүнийг үзээд сууж байсан. Уг эмэгтэйн нүүр ам нь цус болоод нүд нь хөхрөөд хавдчихсан зүүн талын шанаан дээр гутлын мөр гарчихсан байсан. Зодуулсан гэх эмэгтэйн эгч нь дүүгийнхээ цусыг арчаад сууж байсан. Би “юу болсон бэ” гээд асуутал зодуулсан гэх эмэгтэй дуугарахгүй “зүгээрээ” гээд суугаад байсан. Эгч нь болохоор “манай нөхөр энэ 2-ын хооронд л асуудал гарсан би мэдэхгүй” гээд байсан. Дүү нь “та энэ хүнтэй амьдарч болохгүй та харсан биздээ таны нүдэн дээр намайг зодсон шүү дээ” гээд уйлаад байсан. Гэрт нь орон дээр нэг эрэгтэй хүн унтах гэж байгаа бололтой орондоо орчихсон хэвтэж байхаар нь зодсон хүн нь гэж бодоод “та босоод ир” гээд дуудтал босч ирэхгүй хэвтэж байгаад 2-3 удаа дуудуулж байгаад босч ирээд “наадах чинь өөрөөсөө болсон би гар хүрээгүй” гээд байхаар нь “хувцсаа өмсөөд дагаад явчих” гэтэл эхнэрлүүгээ “чи дуудлага өгсөн байна дүүтэйгээ хамт зайлаарай” гээд орилоод байхаар нь аваад гарах гэтэл зодсон эмэгтэйгээ “янхан пизда” гээд хараагаад зодох гээд дайраад байхаар нь “та чимээгүй бол” гэж удаа дараа шаардлага тавьсан боловч тоохгүй дуу нь улам л чангараад дайраад байхаар нь гэрээс нь түлхэж гаргаад баруун гарынх нь шуу хэсгээс бариад цахилгаан шатанд суулгаад доошоо бууж байтал гараа угзарч татаж авахдаа миний хамар луу тохойгоороо шүргэтэл хамраас цус гарчихсан. Цахилгаан шат зогстол уг эрэгтэй түрүүлж буугаад урд гараад ганцаараа яваад байсан. Би араас нь цусаа арчаад явж байтал А- ахлагч урдаас гарч ирээд хамт уг эрэгтэйг 10-р хорооллын цагдаагийн хэсэг дээр авчраад саатуулах байранд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.А-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М-ын хамт Баянгол дүүргийн 4,5,6-р хорооны нутаг дэвсгэрт Бугат-66 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 03 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 4-р хороо Голден парк хотхоны 101-р байрны 9 давхарт зодуулсан эмэгтэй хүн байна болон мөн Цоглог хотхонд хулгайд эд зүйлээ алдлаа гэх 2 дуудлага давхардаж ирсэн. М- зодуулсан гэх дуудлага руу яваад би хулгайн дуудлага дээр очиж шалгачихаад Голден парк хотхон М- руу очтол 101-р байрны гадна М-ын хамраас цус гарчихсан байсан. Би юу болсон юм гэтэл урдаа явж байсан залууг гараараа миний хамрыг цохьчихлоо гэсэн. Зодуулсан гэх эмэгтэйн нүүр нь цус болоод хавдчихсан байсан. Аль нүдийг нь гэдгийг нь санахгүй байна нэг нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 1935 тоот: 

  1. А.Б-н биед хоншоор ясны их бие, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд үс уналт-зулгаралт, баруун бугалга, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 23-24/,

 

  - хохирлын баримтууд /хх-н 41-46/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28/,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-н 94-95/%

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-н 96-98/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.М нь 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 101 дүгээр байрны 92 тоотод маргааны улмаас А.Бын биед хөлөөр өшиглөж гараар цохиж хоншоор ясны их бие, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд үс уналт-зулгаралт, баруун бугалга, зүүн тохойд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Мын “...Б нилээн согтчихсон том өрөөнд газар хэвтэж байснаа босч ирж намайг хараад хааччихаад ирж байгаа янхан минь, банзал минь зайл гэхээр нь чи юу яриад байгаа юм би ах, эгч 2-ыг гаргаж өгчихөөд орж ирлээ гээд бид 2 маргатал миний урдаас нүүр ам самардаад дайраад байхаар нь би мангасдаад бид 2 хоорондоо зодолдтол Э сэрээд бид 2-ын дундуур орж салгаад Быг гар гэтэл гараад явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.Бын “...Сэргэхэд миний үснээс зулгаагаад үүд рүү чирч байсан. Тухайн үед М ах гуталтай хөлөөрөө миний нүүрэн дээрээс дэвсээд зодоод байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Эгийн “...М Быг алгадтал Б газар унахад М хөнжлөөр дээрээс нь бүтээгээд нуруу бие рүү нь гараараа цохиод байсан. Би Бын дээр дарж хэвтээд боль гээд Мыг салгатал Б босч ирээд чам шиг юм намайг зодохгүй гээд нүүрлүү нь дайраад самардаад байсан чинь М Быг үсдээд доош дарахаар нь Мын гарыг тавиулж салгаад Быг гараад явчих гээд Мын 2 гарнаас бариад буйдан дээр суулгатал Б цамц гуталтайгаа цүнхээ бариад гараад явсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Б.Бдэлгэрийн “...Аав удалгүй эргээд ороод иртэл манай аавыг хаагуур явж байгаад ирж байгаа юм яв зайл новш минь гээд хөөгөөд аав руу дайраад байсан чинь аав түлхээд хоорондоо зууралдаад ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.М-ын “...2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч А-ын хамт Баянгол дүүргийн 4,5,6-р хорооны нутаг дэвсгэрт Бугат-66 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 03 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 4-р хороо Голден парк хотхоны 101-р байрны 9 давхарт зодуулсан эмэгтэй хүн байна болон мөн голден парк хотхонд хулгайд эд зүйлээ алдлаа гэх 2 дуудлага давхардаж ирсэн. Би зодуулсан эмэгтэй дуудлаганд явсан. А- ахлагч хулгайн дуудлага материалжуулахаар явсан. Би дуудлага өгсөн 99071483 дугаарын утас руу залгаад хаана байгааг нь асуутал 6 давхарт 92 тоотын үүдэнд байна гэхээр нь 6 давхарт гартал 92 тоотын хаалга онгорхой дуудлага өгсөн гэх 2 залуу орцонд зогсож байсан. Гэрлүү нь яваад ороход 103-ын түргэн ирчихсэн нэг эмэгтэй хүнийг үзээд сууж байсан. Уг эмэгтэйн нүүр ам нь цус болоод нүд нь хөхрөөд хавдчихсан зүүн талын шанаан дээр гутлын мөр гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.А-ын “...2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М-ын хамт Баянгол дүүргийн 4,5,6-р хорооны нутаг дэвсгэрт Бугат-66 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 03 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 4-р хороо Голден парк хотхоны 101-р байрны 9 давхарт зодуулсан эмэгтэй хүн байна болон мөн Цоглог хотхонд хулгайд эд зүйлээ алдлаа гэх 2 дуудлага давхардаж ирсэн. ... Зодуулсан гэх эмэгтэйн нүүр нь цус болоод хавдчихсан байсан. Аль нүдийг нь гэдгийнг нь санахгүй байна нэг нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 1935 тоот дүгнэлт, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч А.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

   Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар тогтоогдсон 519,400 төгрөгийг шүүгдэгч С.Маас гаргуулж, хохирогч А.Бд олгож, хохирогч цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул хохирогч А.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цагаан өвгөн овогт С Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Маас 519,400 төгрөг гаргуулж хохирогч А.Бд олгож, хохирогч А.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ