Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 364

 

 

 

 

 

 

 

     2020          4              15                                        2020/ШЦТ/364

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М-э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орлой овогт Л- Бт холбогдох эрүүгийнтоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

дугаарын регистртэй, Орлой овогт Л- Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэл” нэртэй нийтийн караоке дотор үйлчлүүлж байхдаа иргэн Г.О-ийн өмчлөлийн Самсунг А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 585,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Бын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой ажлаасаа тараад явж байгаад Гэрэл нэртэй караокед ороод нийтийн зааланд суугаад тэндээ архи пиво согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад нийтийн заал байсан хүмүүс бүжиглээд О- надтай хамт бүжиглэхийг урихаар нь хамт бүжиглээд эргээд ширээндээ суусан. Удалгүй О- тэнд сууж байсан хүмүүстэй маргалдахаар нь би ширээн дээр байсан гар утсыг нь аваад гараад явсан. Тэгээд тэр утсыг өдөр танилцсан 22-р байрны жижүүр Ууганбаярт уг утсыг өөрийн утастай хамт өгөөд тэндээсээ эргээд караоке руу явсан...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.О-ийн өгсөн:

            “...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр орой 20 цагийн үед хорооллын эцэст байрлах Гэрэл нэртэй караокены нийтийн зааланд найз Н-ийн хамт орж үйлчлүүлж байхад манай ширээн дээр үл таних 3 залуу суусан. Тэгээд хажуугийн ширээн дээр сууж байсан өндөр туранхай 25 орчим насны эрэгтэйтэй юм яриад байсан. Тэгэхээр би хажуугийн ширээн дээр суу гэж хэлсэн. Тэгээд микрофоны утсан дээр хөлөөрөө гишгэчихсэн байсан болохоор би утсыг нь татсан. Тэгээд уг 3 залуутай маргалдаж байгаад эргээд хартал миний ширээн дээр байсан утас байхгүй. Ширээний хажууд сууж байсан эрэгтэй байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн утас руугаа найзынхаа утсаар залгасан чинь дуудаад авахгүй байж байснаа утас холбогдох боломжгүй байна гэсэн хариулт өгсөн.

            Тэгээд цагдаа дуудаад нөгөө 3 залуутай маргалдаад караокены гадаа байж байтал хажуугийн ширээнд сууж байсан залуу хүрээд ирсэн. Тэгээд уг залуучуудыг дагуулаад хамт цагдаагийн хэлтэс дээр очсон. Тэгээд байж байтал цагдаа уг залууд үзлэг хийхэд миний гар утасны цагаан өнгийн гэр өмднийх нь дотор талаас гарсан гээд миний утасны гэрийг цагдаа надад үзүүлэхэд миний алдсан Самсунг А-50 маркийн гар утасны яагаан өнгийн гэр мөн байсан. Тэгээд уг залуу цагдаад гар утсыг байрны жижүүрт үлдээчихсэн байгаа гээд хорооллын эцэст байрлах 22-р байран дээр очоод цагдаагийн хамт Б гэх залуу ороод удалгүй гарч ирж миний А-50 гар утсыг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 11/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч А.У-ын өгсөн:

            “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай 22-р байран дээр нэг залуу ирээд утасны цэнэг дуусчихлаа та дансаараа мөнгө шилжүүлээд өгөөч гээд манай эхнэрийн дансаар 50,000 төгрөг шилжүүлж аваад явсан. Тэгээд тэр өдрийнхөө шөнө 00 цагийн орчимд манай байранд уг залуу нилээн согтуу ирээд энэ хоёр утсыг хадгалж байгаач гээд надад нэг нь самсунг маркийн том хэмжээтэй би загварыг нь мэдэхгүй хар өнгийн утас, нөгөө утас нь Айфоне маркийн шаргал өнгийн гэртэй нүүр нь шар өнгийн гэртэй утас байсан. Надад Самсунгийн устыг унтраагаад өгсөн. Харин айфоне маркийн утас нь огт цэнэггүй байсан. Тэгээд Б буцаад гараад явчихсан. Удалгүй Б нь 2 цагдаагийн хамт ирээд хар утсаа гаргаад өгчих гэхээр нь би Самсунг маркийн гар утсыг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Т.М-ий өгсөн:

“...Караокед байхдаа бид нар юу болсон талаар мэдээгүй. Быг явсан гэж бодсон. ...Бтай хамт цагдаагийн хэсэг рүү явахад Бын дотуур өмднөөс уг утсаа алдсан гэх эмэгтэйн утасны ягаан өнгийн гэр гарч ирсэн…” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Шинэбаярын өгсөн:

“…Би Быг бүтэн нэрээс нь илүү А- гэдэг нэрээр нь мэднэ. 01 дүгээр сарын 26-ны өдөр найзуудтайгаа шөнийн 24 цагийн үед хорооллын эцэст байдаг Гэрэл караокед орсон. Тэндээ А- бид нар караокены өрөөнд сууж байгаад А- явлаа гээд гараад явчихсан. Тэгээд бид нар караокены цагаа дуусгаад гараад явж байтал үүдэнд нэг эмэгтэй утсаа алдсан гээд байж байсан. Тэгээд бид нарыг тэр эмэгтэй өөртэй нь танилцсан залуутай хамт байсан гээд байсан. Бид нар тухайн үед ямар учиртай болохыг мэдэхгүй байсан. Тэгээд байж байтал Б ирчихсэн байсан. Цагдаатай хамт Б болон утсаа алдсан эмэгтэй хамт цагдаагийн газарт очиход Бын дотор талынх нь өмднөөс нэг гар утасны гэр гараад ирсэн. Харин утсаа алдсан эмэгтэй уг гар утасны гэрийг хараад миний утасны гэр мөн байна гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг /хх-н 20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Н-ий өгсөн:

“...Би өөрийн найз О-ийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр орой 20 цагийн үед Хорооллын эцэст байрлах Гэрэл нэртэй караокены нийтийн зааланд миний төрсөн өдрийг нөхөж тэмдэглэхээр уулзсан. Харин үйлчлүүлж байхад ширээн дээр үл таних залуучууд ирж суусан. Тэгээд манай хажуугийн ширээнд суусан эрэгтэй юм яриад байсан. Тэгэхээр нь ширээн дээрээ суу гэхэд суухгүй байсан. Тэгээд ширээндээ суу гэхэд суухгүй байсан. Үүнээс болоод маргалдаад байж байтал манай найзын ширээн дээр байсан гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 24-25/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэл” нэртэй нийтийн караоке дотор үйлчлүүлж байхдаа иргэн Г.О-ийн өмчлөлийн Самсунг А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 585,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Бын “...О- тэнд сууж байсан хүмүүс маргалдахаар нь би ширээн дээр байсан гар утсыг нь аваад гараад явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.О-ийн “...Тэгээд цагдаа дуудаад нөгөө 3 залуутай маргалдаад караокены гадаа байж байтал хажуугийн ширээнд сууж байсан залуу хүрээд ирсэн. Тэгээд уг залуучуудыг дагуулаад хамт цагдаагийн хэлтэс дээр очсон. Тэгээд байж байтал цагдаа уг залууд үзлэг хийхэд миний гар утасны цагаан өнгийн гэр өмднийх нь дотор талаас гарсан гээд миний утасны гэрийг цагдаа надад үзүүлүүлэхэд миний алдсан Самсунг А-50 маркийн гар утасны яагаан өнгийн гэр мөн байсан. Тэгээд уг залуу цагдаад гар утсыг байрны жижүүрт үлдээчихсэн байгаа гээд хорооллын эцэст байрлах 22-р байранд очоод цагдаагийн хамт Б гэх залуу ороод удалгүй гарч ирж миний А-50 гар утсыг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч А.У-ын “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай 22-р байран дээр нэг залуу ирээд утасны цэнэг дуусчихлаа та дансаараа мөнгө шилжүүлээд өгөөч гээд манай эхнэрийн дансаар 50,000 төгрөг шилжүүлж аваад явсан. Тэгээд тэр өдрийнхөө шөнө 00 цагийн орчимд манай байран дээр уг залуу нилээн согтуу ирээд энэ хоёр утсыг хадгалж байгаач гээд надад нэг нь самсунг маркийн том хэмжээтэй би загварыг нь мэдэхгүй хар өнгийн утас, нөгөө утас нь Айфоне маркийн шаргал өнгийн гэртэй нүүр нь шар өнгийн гэрэтй утас байсан. Надад Самсунгийн устыг унтраагаад өгсөн. Харин айфоне маркийн утас нь огт цэнэггүй байсан. Тэгээд Б буцаад гараад явчихсан. Удалгүй Б нь 2 цагдаагийн хамт ирээд хар утсаа гаргаад өгчих гэхээр нь би Самсунг маркийн гар утсыг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Т.М-ий “...Бтай хамт цагдаагийн хэсэг рүү явахад Бын дотуур өмднөөс уг утсаа алдсан гэх эмэгтэйн утасны ягаан өнгийн гэр гарч ирсэн…” гэх мэдүүлэг,

гэрч Т.Шинэбаярын “…Б болон утсаа алдсан эмэгтэй хамт очиход Бын дотор талынх нь өмднөөс нэг гар утасны гэр гараад ирсэн. Харин утсаа алдсан эмэгтэй уг гар утасны гэрийг хараад миний утасны гэр мөн байна гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Н-ий “...Би өөрийн найз О-ийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр орой 20 цагийн үед Хорооллын эцэст байрлах Гэрэл нэртэй караокены нийтийн зааланд миний төрсөн өдрийг нөхөж тэмдэглэхээр уулзсан. ...маргалдаад байж байтал манай найзын ширээн дээр байсан гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Л.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Мөрдөн байцаалтад хохирогч Г.О-ийн өгсөн “...Б гэх залуу ... миний А-50 гар утсыг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 11/-ийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Орлой овогт Л- Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.М-Э