Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 410

 

 

 

 

 

 

 

   2020            4              23                                       2020/ШЦТ/410                                

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Г Дд холбогдох эрүүгийтоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн

дугаарын регистртэй, Боржигин овогт Г Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр маргааны улмаас Т.О-ийн нүүрэн хэсэгт гараар цохиж баруун дээд бага араа хөдөлгөөн орсон дотор салт язарсан гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Ды өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хорооллын эцсийн И-Март худалдааны төвийн хажуугаар явж байтал нэг саарал өнгийн приус-20 автомашин ухарч байгаад миний баруун өвдгийг шүргэсэн. Тэгээд би тэр машиныг баруун гараараа тулаад ухрахыг нь хүлээгээд зогссон. Тэгээд нөгөө саарал Приус-20 автомашинаас эмэгтэй хүн буугаад ирэхээр нь би чи хүн дайрлаа шүү дээ гэтэл чи явган хүнийхээ замаар яваач дайруулсан чинь хаана байгаа юм гэсэн. Тэгтэл тэр эмэгтэй намайг татаж чангайгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 33-35/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.О-ийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 12:30 цагийн орчимд би Хорооллын эцсийн И-Март худалдааны төвийн гадна 73-97 УНТ улсын дугаартай машинтайгаа ухарч байтал гэнэт нэг эрэгтэй хүн машины цонх багаж хоёрыг цохихоор нь гайхаад цонхоо онгойлгоод яаж байгаа юм бэ гэхэд чи намайг дайрчихлаа гээд шууд миний нүүр ам хэсэгт 1 удаа цохисон. Би тэгэхээр нь таныг мөргөөгүй гэж хэлэхэд чи намайг дайрсан гээд намайг дахиад цохих гээд дайраад байсан. Энэ үед ойрхон цагдаа харагдахаар нь би цагдаа гээд орилсон тэгтэл тэр хүн зугатаах гэхээр нь би араас нь гүйж очоод цамцнаас нь зуурч байгаад цагдаа руу дагуулж орсон. Гомдолтой байна, энэ хүнд хуулийн хариуцлага тооцуулж өөрт учирсан эмчилгээний зардлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 5-6/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2801 тоот: 

  1. Т.О-т баруун дээд бага араа хөдөлгөөн орсон дотор талст язарсан гэмтэл үүсчээ.

  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

  3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно.

  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19-20/,

 

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-17/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр маргааны улмаас Т.О-ийн нүүрэн хэсэгт гараар цохиж баруун дээд бага араа хөдөлгөөн орсон дотор салт язарсан гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Ды “...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хорооллын эцсийн И-Март худалдааны төвийн хажуугаар явж байтал нэг саарал өнгийн приус-20 автомашин ухарч байгаад миний баруун өвдгийг шүргэсэн. Тэгээд би тэр машиныг баруун гараараа тулаад ухрахыг нь хүлээгээд зогссон. Тэгээд нөгөө саарал Приус-20 автомашинаас эмэгтэй хүн буугаад ирэхээр нь би чи хүн дайрлаа шүү дээ гэтэл чи явган хүнийхээ замаар яваач дайруулсан чинь хаана байгаа юм гэсэн. Тэгтэл тэр эмэгтэй намайг татаж чангайгаад байсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Т.О-ийн “...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 12:30 цагийн орчимд би Хорооллын эцсийн И-Март худалдааны төвийн гадна 73-97 УНТ улсын дугаартай машинтайгаа ухарч байтал гэнэт нэг эрэгтэй хүн машины цонх багаж хоёрыг цохихоор нь гайхаад цонхоо онгойлгоод яаж байгаа юм бэ гэхэд чи намайг дайрчихлаа гээд шууд миний нүүр ам хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2801 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Т.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэрэгт хохирогчийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх тул хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлж байх тул хохирогчийг хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Г.Дыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Г Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Т.О- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ