| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/0043/и |
| Дугаар | 59 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 59
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-ний нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд байрлах Алтан-Овоо арвижих дэлгүүрийн эзэн Чулуунцэцэгт холбогдох “зээлээр авсан барааны үнэ 96.510 / ерэн зургаан мянга таван зуун арав / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-ыг төлөөлж Г.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Алтан-Овоо арвижих дэлгүүрийн эзэн Чулуунцэцэг нь манай дэлгүүрээс 2014.04.04-ний өдөр 7 хоногийн хугацаатай зээлээр бараа авч үлдэгдэл 96.510 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Бид эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Чулуунцэцэг нь ирээгүй. Иймд Алтан-Овоо арвижих дэлгүүрийн эзэн Чулуунцэцэгээс 96.510 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Чулуунцэцэг нь 96.510 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал хариуцагч Чулуунцэцэгээс зээлээр худалдаж авсан барааны үнэ 96.510 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Чулуунцэцэг нь барааны үнэ 96.510 төгрөгийг төлж хохиролгүй болгосон нь нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагч Чулуунцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Чулуунцэцэгт холбогдох зээлээр худалдаж авсан барааны үнэ 96.510 / ерэн зургаан
мянга таван зуун арав / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Чулуунцэцэг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагч Чулуунцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Баялагийн ундрах Баруун-Урт ХХК-д олгосугай.
3. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ