Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00162

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр                     Дугаар 142/ШШ2017/00162                                 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 04 дүгээр гудамжны 12б тоотод оршин суух Шарнууд овгийн Дарьзавын Оюунцэцэгийн /регистрийн дугаар ГО81080865/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: 1975 онд төрсөн, 42 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг СӨХ-ийн 03-58 тоотод оршин суух Илжгэн овгийн Нямсамбуугийн Бямбажавд /регистрийн дугаар ОК75110717/ холбогдох гэм хорын хохиролд 240 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Оюунцэцэг, хариуцагч Н.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дарьзав овогтой Оюунцэцэг миний бие 2016 оны 10 сарын 11-ний өдөр 17 цагийн үед “Төгөл” худалдааны төвийн хажуу дахь замын гарцаар явган зорчигчдыг гаргаад Тоёота харьер маркын ОРХ 65 66 улсын дугаартай автомашинтай зогсож байтал ОРХ 92 52 улсын дугаартай Соната 6 маркын машинтай Н.Бямбажав нь миний машины араас ирж мөргөсөн. Миний машины арын гуперны зүүн тал хонхойж, дунд хэсэгтээ хоёр газар цуурсан тул ижил гупер авч өгч хохирол барагдуулж өгөхийг хүссэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хохирлыг минь барагдуулж өгөхгүй зугтаад байгаа тул гуперыг вьетнам засвар дээр засуулах 220.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7 850 төгрөг, машины үнэлгээний 9 000 төгрөг, нийт 240 000 төгрөгний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Бямбажав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2016 оны 10 дугаар сарын 11-нд 17 цагийн орчим Төгөл их дэлгүүрийн хажууд 65-66 ОРХ тоёота маркийн автомашины араас мөргөсөн нь үнэн. Маргааш нь 150 000 төгрөг авч очоод тохиролцсон хэл амаар доромжлоод тохирсон мөнгийг аваагүй. Орой нь Хишигболд байцаагч үнэлгээ хийлгэж ир гээд бид үнэлгээ хийлгэхээр болсон боловч Оюунцэцэг очоогүй. Хэд хоногийн дараа дахин үнэлгээний газар очиж үнэлгээ хийлгэхэд 130 000 төгрөгөөр үнэлсэн. Оюунцэцэг өөрөө машиныхаа үнэлгээг голоод гарын үсгээ зурахгүй явсан. Бид нараас үнээлгээнээс илүү мөнгө шаардсан байна. Би үнэлгээний мөнгөнөөс илүү мөнгө төлж чадахгүй 130 000 төгрөгийг л төлнө”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

            Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь хариуцагч Н.Бямбажавд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 240 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н.Бямбажав нь 2016 оны 10 сарын 11-ний өдөр 17 цагийн үед “Төгөл” худалдааны төвийн урд талын явган хүний гарцаар явган зорчигч гаргаад зогсож байтал араас ирж мөргөсөн. Миний машины арын гуперны зүүн тал хонхойж, дунд хэсэгтээ хоёр газар цуурсан.Энэ эвдрэлийг вьетнам засвар дээр засуулахад 220 000 төгрөг шаардлагатай.Мөн миний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 төгрөг, хохиролын үнэлгээ гаргуулахад төлсөн 9 000 төгрөг, нийт 240 000 төгрөгний хохирлыг барагдуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөгүй байгаа үндэслэлээ “...Д.Оюунцэцэгийн машины араас мөргөсөн нь үнэн. Маргааш нь 150 000 төгрөг авч очоод тохиролцох гэсэн боловч хэл амаар доромжлоод мөнгийг аваагүй. Д.Оюунцэцэгийн машинд учирсан хохиролыг үнэлгээний газар очиж үнэлгээ хийлгэхэд 130 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мөнгөнөөс илүү мөнгө төлж чадахгүй 130 000 төгрөгийг л төлнө” гэж тайлбарлаж байгаа.

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийг Тоёота харьер маркын ОРХ 65 66 улсын дугаартай автомашинтайгаа “Төгөл” худалдааны төвийн урд талын явган хүний гарцан дээр зогсож байхад нь ОРХ 92 52 улсын дугаартай Соната 6 маркын машин жолоодож явсан Н.Бямбажав ирж мөргөсөн, үүний улмаас Д.Оюунцэцэгийн автомашины хойд буфер эвдэрч хонхойж, цуурсан нь зохигчдын тайлбар, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 1173 тоот тайлан, 107 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдсон.

Дээрхи баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгосон.

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 107 тоот шинжээчийн дүгнэлтэнд “...Соната 6 маркын ОРХ 92 52 улсын дугаартай автомашин жолоодож явсан Н.Бямбажав нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалт буюу жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна....Д.Оюунцэцэг нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй.Н.Бямбажав замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалт зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй” гэж дүгнэсэн байх ба хариуцагч өөрийн гэм буруугийн тухайд маргаагүй.

 

Тиймээс хариуцагч Н.Бямбажавын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Оюунцэцэгт гэм хор учирсан, Н.Бямбажавын гэм буруу нь Д.Оюунцэцэгт учирсан гэм хортой шалтгаант холбоотой гэж үзэж хариуцагч Н.Бямбажаваас нэхэмжлэгчид учирсан хохиролыг “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тооцож гаргуулах үндэстэй гэж үзлээ.

Үндэслэл нь “Ашид билгүүн” ХХК 1173 тоот дүгнэлт гаргаж нэхэмжлэгчид учирсан хохиролыг 130 000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч “...машинаа вьетнам засвар дээр засуулна, засуулахад 220 000 төгрөг шаардлагатай” гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр автомашинаа вьетнам засварын газраар засуулаагүй, хариуцагч өөрт нь 220 000 төгрөгийн хохирол учирсан талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Тиймээс “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тооцож 130 000 төгрөг, үүн дээр үнэлгээний хөлс 19 000 төгрөг гарснаас хариуцагч 10 000 төгрөгийг төлсөн тухайд талууд маргаагүй тул үлдсэн 9 000 төгрөгийг нэмж нийт 139 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 101 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцож нэхэмжлэлийн нийт дүнг 240 000 гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хураамж нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тусдаа зохицуулагдах учир нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцсон нь үндэслэлгүй болжээ. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан вьетнам засварын газрын хөлс 220 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7 850 төгрөг, үнэлгээний хөлс 9 000 төгрөг нь нийт 236 850 төгрөг болж байхад тэрээр 240 000 гэж илүү тооцсон тул илүү тооцсон 3 150 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Бямбажаваас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 139 000 төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4 820 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Бямбажаваас 139 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 101 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Бямбажаваас 4 820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунцэцэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                               ШҮҮГЧИД                                    Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                                    Б.ХИШИГДАВАА