Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00398

 

 

 

 

 

 

 

 

 

 “Хера экуйпмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2016/01642 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Хера экуйпмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Авто комбинат монгол” ХХК-д холбогдох

 

Кабель шугам сэргээн засварлах зардал 2 119 743 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч. П.Идэртогтох,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Автокомбинат” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дулааны шугамаа сэргээн засварлах явцад "Хера индастриал парк"-ийн цахилгааны ерөнхий өндөр хүчдэлийн 6000 кв-ийн кабель шугамыг техникээр таслан гэмтээсэн. Гэмтсэн кабель шугамыг газар дээр нь "Автокомбинат" ХХК-ийн захирал П.Идэртогтохыг дуудан үзүүлж уг асуудлыг хэлсэн боловч кабелийг тасалсан гэдгийг хүлээн зөвшөөрөлгүй хашаанаасаа хөөн гаргасан билээ. Иймд бид мэргэжлийн байгууллагаар уг кабель шугамын гэмтлийн шалтгааныг тодорхойлуулан дүгнэлт гаргуулахаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудад тус тус хандаж зохих дүгнэлтийг гаргуулан “Автокомбинат монгол” ХХК-ийн захирал П.Идэртогтоход кабель шугам сэргээн засварлах зардлыг гаргуулахаар удаа дараа хандсан боловч өөрийн эзэмшлийн газраас кабель шугамыг суга татах тухай заналхийлсэн хариу өгсөн болно. “Автокомбинат монгол” ХХК-ийн энэ үйлдэл нь Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2, 228 дугаар зүйлийн 228.1-т заасныг тус тус ноцтойгоор зөрчиж байна. Цахилгаан тасарсан хэсэг нь “Автокомбинат монгол” ХХК-ийн хашаан дотор кабель тасарсан байдалтай байсан. Тухайн үед хариуцагч тоног төхөөрөмжөөр газар шорооны ажил хийж байхдаа тасалсан байна гэсэн дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын газарт бид нар хандаж дүгнэлт гаргуулсан. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр мөн адил тухайн үед газар дээр нь үзлэг хийж, тасарсан кабелтай танилцаад "Автокомбинат монгол" ХХК-ийн буруугаас тасарсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэвч "Автокомбинат монгол" ХХК-ийн захирал дүгнэлт хийж байх үед өөрийг нь байлцуулаагүй гэдэг шалтгаанаар хоёр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл гадны механик үйлчлэлээр буюу техникээр гэмтээсэн байж болох талаар дүгнэлт гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор шүүхийн журмаар шинжээч томилуулах хүсэлтийн дагуу Эрчим хүчний яамны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 03216 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК болон мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлттэй холбоотой ойролцоо, өмнөх дүгнэлтийг баталсан дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Хариуцагч "Автокомбинат монгол" ХХК нь энэ үеэр газар шорооны ажил хийсэн болох нь тогтоогддог. Хариуцагч "Автокомбинат монгол" ХХК нь уг үйлдэлд буруутай ба "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-тай гэрээ байгуулан засвар үйлчилгээг хийлгэсэн. Уг тог тасрах үед их хүйтэн байсан тул зэргэлдээ дулааны шугам хөлдөх аюул нүүрэлсний зэрэгцээ, манайхаас цахилгааны эх үүсвэр авдаг байгууллагууд хохирох байсан учраас бид хугацаа алдалгүй засварлаад буруутай этгээдээс хохирлоо дараа нь тооцон гаргуулна гэж үзээд засварласан. Бид нар тус кабелыг засуулахаар хандсан боловч засаж өгөөгүй. Бид нар УБЦТС-ын ажилчидтай гэрээ байгуулаад энэ кабелыг засварласан байгаа. Энэ кабелыг сэргээн засах зардалд 2 119 743 төгрөг гаргуулах материалын зардлыг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна. Уг зардалд кабелийн гэмтэл тодорхойлоход буюу кабель туршилтын ажлын зардал 341 000 төгрөг, засварлахад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д гэрээт ажлын хөлсөнд 6-10 кв-ийн кабель шугамд холболтын муфьт угсрахад 1 549 743 төгрөг, паазын холболт буюу таслалт залгалт холболт ДТА үйлчилгээнд 130 000 төгрөг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ажлын байрны тэмдэг авахад 71 500 төгрөг, ажлын наряд бичихэд 27 500 төгрөг тус тус зарцуулсан гэжээ.

              Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай “Автокомбинат монгол" ХХК нь нэхэмжлэгч "Хера экуйпмент" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй, учир нь манай компани энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. “Автокомбинат монгол” ХХК-ийн эзэмшлийн газар доогуур явж байгаа цахилгааны кабель шугамыг бид тасдаагүй, манай дулааны шугам, тухайн компанийн цахилгааны кабель шугам нь хоорондоо 7-9 метрийн зайтай, паралель түвшинд байдгийг “Хера экуйпмент” ХХК-ийн ажилтнууд манай газар дээр кабель шугамаа хайж байх үед л мэдсэн. Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний газартай манай компани гэрээтэй ажилладаг бөгөөд тус газрын шаардлагын дагуу 2014 оны 9 дүгээр сард манайх өөрийн зардлаар дулааны бүх шугамаа бүрэн хэмжээгээр сольж, шинэчилэн газар шорооны ажлаа дуусгаж, 10 дугаар сарын 6-ны өдрөөс хариуцсан эрх бүхий этгээдийн зөвшөөрсөний дагуу дулаанаа авсан. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Н.Баярсайхан, Улсын мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын Улсын ахлах байцаагч Н.Насанжаргал нар шалгалт хийж, дүгнэлт гаргахдаа манай компанид мэдэгдэж, байлцуулаагүй, тэдний гаргасан дүгнэлтийг бидэнд ирүүлж байгаагүй, бусад хэрэгт авагдсан албан бичгээ ч манайд ирүүлж байгаагүй. Миний зөвшөөрөлгүйгээр хууран мэхлэх замаар манай эзэмшлийн газар дээр хайгуул хийж, цахилгааны шугам, түүний эвдрэлээ олсон гэх бөгөөд кабелийн шугамаа тасдуулсан гэж тус компанийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, бодит үнэнийг тогтоож өгнө байх гэж шударга шүүхэд найдаж байна. Иймд "Хера экуйпмент" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч "Автокомбинат монгол" ХХК-иас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2 119 743 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Хера экуйпмент" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Автокомбинат монгол" ХХК-иас 48 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хера экуйпмент" ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

    Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч "Автокомбинат монгол" ХХК нь 2014 оны 9 дүгээр сард өөрийн эзэмшил газартаа "Улаанбаатар дулааны сүлжээ" ХК-иас өгсөн заавар, чиглэлийн дагуу "Автокомбинат монгол" ХХК-ийн дулааны шугамын трасс зургийг баримтлан дулааны шугамыг технологийн дагуу бүрэн хэмжээгээр сольсон. "Улаанбаатар дулааны сүлжээ" ХК-тай байгуулсан гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс дулаанаа авч эхэлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... хариуцагч "Автокомбинат монгол "ХХК нь дулааны шугам сүлжээний ажил гүйцэтгүүлж байсан болох нь байгуулж, дулааны төлбөр тооцоог 2014 оны 10 дугаар сарын 24, 30-ны өдрүүдэд хийсэн болох нь давхар тогтгоогдож байна", "...түүнчлэн хариуцагч "Автокомбинат монгол" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8547 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшдэг болох нь тогтоогддог” гэж дүгнэжээ. "Автокомбинат монгол" ХХК шүүхэд 2014 оны 9 дүгээр сард өөрийн эзэмшил газраар дайран өнгөрсөн дулааны шугамаа батлагдсан трассын чиглэл, зохих гэрээ, трассын болон кадастрын зургийг нотлох баримтаар гарган өгсөн. Харин манай гаргаж өгсөн нотлох баримтууд нь юунд үндэслэгдэн "Автокомбинат монгол" ХХК-ийн эсрэг түүнийг буруутгах шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Эрчим хүчний яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дүгнэлтэд “Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас харахад уг кабель шугам нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээс гэмтсэн байна" гэж дүгнэсэн. Харин шүүх хэрэгт авагдсан боловч, нотлох баримтын шаардлага хангаагүй шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй фото зурагт үндэслэн "харсан" шинжээчийн өрөөсгөл дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Гадны хүчин зүйлийн үйлчлэл гэдгийг яг ямар зүйлийн үйлчлэл гэдгийг ердөө ч тоггоогоогүй. Мөн гэмтэл гарсан газар нь "Автокомбинат монгол” ХХК-ийн эзэмшил газар байсан гэдэг байдлууд нь "Автокомбинат монгол" ХХК-нийг буруутай гэж дүгнэхэд хангалттай үндэслэл биш бөгөөд хариуцагчийн газар дээр дулааны шугам сольсон, газар шорооны ажил хийгдсэн эсэх нь уг цахилгааны кабель шугам гэмтсэнтэй цаг хугацааны болон батлагдсан шугамын трасс зураг, мэргэжлийн байгууллагын хяналт тавьсан инженер гэрчийн мэдүүлэгтэй ямар шалтгаант холбоотой гэдгийг шүүх тогтоогоогүй, таамгаар шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзнэ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дүгээр зүйлийг үндэслэн "Автокомбинат монгол" ХХК-ийг буруутгахдаа нэхэмжлэгч байгууллагын шаардах эрхтэй эсэх, хэрэв шаардах эрхтэй бол хууль ёсны нотлох баримт бичгээр шаардах эрх нь баталгаажсан эсэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэмтсэн гэх цахилгааны кабель шугамын эзэмшил, өмчлөл, түүний трассын чиглэл, байрлал хаана байсан гэх асуудлыг нэг мөр тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирэхгүй байх зэргээр олон удаа хойшилж байсан. Хариуцагч байгууллагын захирал П.Идэртогтох нялх хүүхэдтэй эхнэрийгээ эмнэлэгт үзүүлсэн асуудлаар шүүх хуралдаанд ялимгүй хоцорч ирсэн, өмгөөлөгч шүүх хуралдаан болдог өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд 09:00 цагаас орсон, шүүх хуралдаан 11.00 цагт дуусч, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирэхэд шүүх хуралдаанд оруулаагүй, урьдчилан шүүгчийн туслахад утсаар хэлсэн боловч, оруулаагүй. Шүүх хуралдаан завсарлаад, шийдвэр гаргах үе шатанд шүүх хуралдааны танхимд ороход энэ шүүх хуралдаанд томилогдон оролцох байсан иргэдийн төлөөлөгч байхгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эсэх тухай ямарваа нэгэн дүгнэлт байхгүй, хэрэв шинжлэн судалсан бол ямар нотлох баримт нь ямар үйл баримтыг илэрхийлж, ямар үйл баримтууд нь шалтгаант холбоотой байгаа гэдгийг нарийвчлан шинжлэн судлаагүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 9-ний өдрийн 184/ШШ2016/01642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

                                                                                                                                                  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК нь хариуцагч “Автокомбинат монгол” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 2 119 743 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Автокомбинат монгол” ХХК-ийн буруутай үйлдлээс  цахилгааны кабель шугам гэмтсэн хэмээн дүгнэсэн ба энэ байдал нь шинжээч Эрчим хүчний яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон гэж шийдвэртээ заажээ. Зохигчдын хоорондох эрх зүйн маргаантай холбоотой асуудал болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогч нартай ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.-т заажээ.

 

Анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 184/ШШ2016/01642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 870 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО                                          

                                                          ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                                                                                    

                                                                                                          Г.ДАВААДОРЖ