Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
Хэргийн индекс | 125/2017/0028/З |
Дугаар | 29 |
Огноо | 2018-04-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж, шүүгч Г.Янжиндулам, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19 –ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгох, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай,
“2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, гуравдагч этгээд Т.Цэцэгбадам, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, иргэдийн төлөөлөгч Х.Гүльбарчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие математикийн багш мэргэжилтэй. 2002 оны 9 сарын 2-нд тус сургуульд математикийн багшаар, 2013 оны 08 дугаар сарын 21-ээс сургуулийн захирлаар тус тус томилогдон тогтвор суурьшилтай тасралтгүй ажиллаж ирсэн. Тухайн байгууллагад 15 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, өөрийн хариуцсан ажилдаа эзний ёсоор хандан төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин ажиллаж сургуулийн “ Бүтээлч багш”, “Оюунлаг багш”,сумын “Шилдэг ажилтан”-аар шалгарч, шавь нараа аймаг нийслэлийн олимпиадад амжилттай бэлдэн оролцуулж ирсэн ба сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хүүхдэд ээлтэй сургууль, дотуур байрыг бий болгох, хамт олны нийгмийн асуудлыг анхаарах, сургуулийн гадаад дотоод орчныг сайжруулах, сургалтын амжилт чанарыг дээшлүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан сургуулиа анх удаа аймгийн “Топ үнэлгээтэй сургууль“ болгож нэг сая төгрөгөөр шагнагдаж байсан.
Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот “Х.Түмэндэлгэрт сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийн дагуу намайг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Захирамжийн үндэслэл болсон “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчин Алтай сумын дотуур байрны жижүүрээр 33 дахь ажиллаж буй эгч Х.Түмэндэмбэрэл, өвчний улмаас чөлөөтэй байсан хүний оронд түр 6 ... хичээлийн байрны үйлчлэгчээр ажиллаад гарсан эгч Х.Түмэннасан нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Учир нь дээрх хуулийн 8 дугаар зүйл нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор, ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах үүргийг албан тушаалтанд үүрэг болгосон заалт байна. Хэрвээ албан тушаалтан энэ үүргээ биелүүлээгүй бол хуулийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцогдохоор байна. Засаг даргын Б/43 захирамжийн агуулга нь хуулийн 8.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй гэсэн заалтыг үндэслэл болгосон атлаа дээрх хуулийн 11.1–д заасан албан тушаалтанд албан үүргээ гүйцэтгэхдээ холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Миний бие дээрх хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн хууль бус үйлдэл хийгээгүй байхад сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсанд гомдолтой байгаа төдийгүй дээрх хууль бус үйлдлийг хянуулахаар төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй байгаа болно.
Манай эгч Х.Түмэндэмбэрэл нь тухайн сургуульд 1983 онд орж, улсад 34 жил ажилласан өрх толгойлсон эмэгтэй байгаа. Х.Түмэндэмбэрэлийг ажлаас гаргах боломж байхгүй. Би эгч Х.Түмэннасанг ажилд аваад чөлөөлсөн асуудал байгаа. Х.Түмэннасан эгч хичээлийн байрны үйлчлэгчээр ажилласан, шал хэдэн сар угаагаад ажлаас гарсан. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг ихэвчлэн бичгээр хүргүүлж байсан. 2016 оны 12 сард би зөрчил үүссэн тухай мэдүүлгийг гаргаж өгөөгүй, 2016 оны 09 дүгээр сард зөрчил үүссэн тухай мэдүүлгийг би өөрөө Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Цэцэгсүрэнд авчирч өгсөн. 2017 оны 3 ба 5 дугаар саруудад зөрчил үүссэн тухай мэдүүлгийг өгсөн гэж бодож байгаа. Захирлын тушаалаар ур чадвар, үр дүнгийн урамшуулал өгсөн нь учиртай бэ гэхээр үндсэн цалин, нэмэгдэл цалингаас гадна багш, ажилтнуудад жилд 4 удаа улирлын үр дүнгийн урамшуулал олгодог. Энэ урамшууллыг захирал шууд олгож өгдөггүй. Сургууль 4 заах аргын нэгдэлд хуваагдан ажилладаг. Заах аргын ахлагч нар нь 5 хувийн нэмэгдэл авч, багш, ажилтнуудаа удирдаж, ажлыг нь хянаж үзэж, үнэлдэг. Тэр заах аргын ахлагч нь сайн ажиллаж байгаа багш, ажилтнуудаа захиралд уламжилж хурлаар хэлэлцэж шагнуулж нэмэгдэл цалин олгуулах, ажлын байранд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлэх юм бол хариуцлага тооцуулах эрх бүхий чиглэлээр заах аргын ахлагч, менежер нар ажилладаг байгаа. Энэ хүмүүсийн гаргасан, бодож тооцоолсны дагуу захирал тушаал гаргаж үр дүнгийн урамшууллыг олгодог. Би өөрөө дур мэдэж урамшуулал олгосон зүйл байхгүй. Сургуулийн дотоод журамд заасны дагуу шинээр санаачилсан ажил нь үр дүнд хүрсэн тохиолдолд тухайн багш, ажилтанд нэмэгдэл цалин олгож болно гэсэн байгаа. Энэ асуудлын талаар захирлын дэргэдэх хурлаар хэлэлцүүлэх эсвэл ямар нэгэн аян өрнүүлж үр дүнд хүрсэн багш ажилтнуудаа урамшуул олгодог. Төсөв санхүүдээ багтааж тухайн хүмүүсийг урамшуул олгож ажиллаж байсан.
Хариуцагч, Ховд аймгийн Засаг даргын Д.Галсандондог шүүхэд гаргасан тайлбартаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн болон албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ” гэжээ. Нэхэмжлэгчийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж үзсэн Авлигатай тэмцэх газрын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/3766 дугаар албан бичигт Х.Түмэндэлгэрийн эгч Х.Түмэндэмбэрэл нь тус сургуулийн дотуур байрны жижүүр тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй тул дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж ажиллах шаардлагатай гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр нь тус сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа буюу 2016 онд уг хуулиар тогтоосон хязгаарлалтын зөрчиж хамаарал бүхий этгээдтэй холбоотой удаа дараагийн шийдвэр гаргах, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан.
Мөн тус сургуулийн захирал Х.Түмэндэлгэр нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар өөрт хамаарал бүхий этгээд болох Х.Түмэннасанг үйлчлэгчээр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4, 29.2.3, 29.2.2 дахь заалтуудыг харьцуулан үзвэл албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ 4 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй сахилгын зөрчилд нийтийн албанаас халах шийтгэл оногдуулсан болно.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний Б/43 дугаар захирамжаар Х.Түмэндэлгэрийг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т нийтийн албанаас халах сахилгын шийтгэлийг хэзээ, хэрхэн оногдуулах талаар тодорхой заасан. Нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчлүүдээс 11 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн. Мөн дээрх хуулийн 8 дугаар зүйлд зааснаар өөрт болон хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахдаа мэдэгдэл, тайлбар гаргаагүй, томилох эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй гэх зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл оногдуулсан.
Өөрөөр хэлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд нийтийн албан дахь хориглолт, хязгаарлалтыг тодорхой заасан байхад нэхэмжлэгч нь уг заалтыг зөрчиж, хамаарал бүхий этгээд Х.Түмэннасанг тус сургуульд үйлчлэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаар тушаал гаргаж, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгож, хамаарал бүхий этгээдтэй холбоотой хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.”, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.” гэж заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн.
Нэхэмжлэгч нь анх 2013 онд Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдож, 4 жилийн хугацаанд ажиллахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдэгдэл, тайлбарыг 1 удаа гаргаж мэдэгдсэн байдаг. Гэтэл тус сургуульд Х.Түмэндэлгэртэй хамаарал бүхий 2 этгээд буюу түүний төрсөн эгч нар нь ажиллаж байсан. Эдгээр хүмүүстэй холбоотой шийдвэр гаргахдаа ямар ажиллагаа хийх ёстойг хуульд тодорхой заасан. Хамаарал бүхий этгээдүүдтэй холбогдуулан гаргасан шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа ба нэхэмжлэгч нь хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон байдал харагдаж байгаа юм.
Нэхэмжлэгч нь хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэрийг 2014 онд нийт 2 удаагийн шийдвэр, 2015 онд 10 удаагийн шийдвэр гаргасан байх ба Төрийн албаны хуулиар тогтоосон төрийн албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох, мөнгөн урамшуулал олгох журмуудыг зөрчсөн байдал харагддаг. Алтай сумын ЕБС-ийн захирлыг аймгийн Засаг дарга томилж, Засаг даргаас тогтоосон цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, ээлжийн амралтаа эдэлдэг. Гэтэл аймгийн Засаг даргаас үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох, нэмэгдэл олгох, мөн ээлжийн амралт олгох захирамж гарсаар байтал Х.Түмэндэлгэр нь давхардуулж өөртөө нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох, ээлжийн амралт олгосон тушаалыг гаргасан байдаг. Гэтэл Х.Түмэндэлгэр нь өөртөө тушаал гаргаж давуу байдал олгох эрхгүй юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны Боловсролын тухай хуулийг дагаж мөрдөх 2 удаагийн тушаал буюу 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 299, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар тушаалуудыг нэхэмжлэгч үндэслэн тушаал гаргасан байдаг. 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 299 дүгээр тушаалыг баримталж ажилтанд цалин, хөлс, ур чадварын нэмэгдэл, урамшуулал олгосон. Гэтэл уг журмаар хэнд мөнгөн урамшуулал олгох талаар тодорхой заасан бөгөөд боловсролын салбарын ТҮБД-ээр цалинждаг албан тушаалтнууд хамаарч байдаг. Гэтэл хамаарал бүхий этгээдүүд болох Х.Түмэндэлгэрийн эгч нар нь ТҮ-ээр цалинждаг албан хаагчид байхад дээрх журмыг баримтлан тушаал шийдвэр гаргасан байдаг. Сургуулийн багш нар сайн ажиллаад урамшуулал авахад дотуур байрны багш ямар хамааралтай юм вэ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан бол...” гэж заасан. Нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчил нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул үүнд нь тохирсон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Т.Цэцэгбадам шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2001 оноос хойш тус сургуульд тасралтгүй 9 жил багшаар ажиллаж, 2010 оноос эхлэн сургалтын менежерээр ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сараас эхлэн сургуулийн захирлаар томилогдсон. Би сургуулийнхаа хамт олныг удирдан зохион байгуулах ажлыг 10 гаруй жил хийхдээ зөрчил гаргаж байгаагүй, хэд хэдэн амжилтуудыг гаргаж байсан.
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь тус сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан өөрийн эгч Х.Түмэндэмбэрэлд 2014 оны 06 дугаар сард ээлжийн амралт олгож, цалин хөлс, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ур чадварын нэмэгдэл олгосон байдаг. Тухайн үед манай сумын 90 жилийн ой болж байсан ба сургуулийн багш ажилчид 100 хувь хамрагдаж, оролцсон байхад ганцхан өөрийн төрсөн эгч Х.Түмэндэмбэрэлд ур чадварын нэмэгдэл олгож, түүнтэй адилхан ажилласан хүмүүст ур чадварын нэмэгдэл олголгүй орхигдуулсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар ур чадварын нэмэгдэл олгох тухай бүтээлч аяны уралдаан зарлаж, төсвийн мөнгийг хавтгайруулан олгож, үүнд мөн эгч Х.Түмэндэмбэрэлийг оруулсан байсан.
2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/06 дугаар тушаалаар эгч Х.Түмэндэмбэрэлд ур чадварын нэмэгдэл олгосон. Нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар өөртөө сар бүр утасны төлбөр гаргаж, нийт 300000 төгрөгийг өөртөө авсан байсан. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалаар сургуулийн багш, ажилчдад урамшуулал олгохдоо эгч нараа оруулсан байсан. Мөн дотуур байранд гаднаас согтуу хүн орж хүүхдүүдийг зодож дээрэлхсэн үйлдэл гарсан ба тухайн үед дотуур байрны багш н.Болормаа, н.Нарантуяа, жижүүр н.Нэргүй, н.Дамдинжав нараас 40 хувийн нэмэгдлийг нь хассан мөртлөө эгчдээ давуу байдлаа ашиглаж 45 хувийн нэмэгдэл олгосон. Мөн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/18 дугаар тушаалаар “Цөм” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн багш нарт урамшуулал олгох ёстой байхад эгч Х.Түмэндэмбэрэлд мөн л 10 хувийн ур чадварын нэмэгдэл олгосон байсан. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/35 дугаар тушаалаар хөрөнгө гаргаж, багш нарын баярын тэмцээн зохион байгуулахдаа өөрийн нэр дээр шагнал гаргаж, өөрөө гарын үсэг зурж тушаал гаргаж, мөнгийг авсан байсан.
2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар өөрийн эгч Х.Түмэннасанг ажилд томилсон боловч түүнийг ажлаас нь чөлөөлсөн тушаалыг гаргаагүй юм. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаар тушаалаар, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/46 дугаар тушаалаар багш нарт үндсэн цалингийн нэмэгдэлд олгохыг даалгасан мөртлөө өөрийн эгч Х.Түмэндэмбэрэлд 18 хувийн ур чадварын урамшуулал олгосон байсан. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаар тушаалаар улирлын мөнгөн урамшуулал олгохдоо сургуулийн дотоод журмыг зөрчиж, хүний оронд түр ажиллаж байсан өөрийн эгч Х.Түмэндэмбэрэлд үр дүнгийн урамшууллыг 30 хувиар тооцож олгохдоо нягтлангийн гарын үсэггүй өөрөө дур мэдэн олгосон байсан.
2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар сурагчид гэж урамшуулал олгохдоо мөн л өөрийн эгч Х.Түмэндэмбэрэлийн нэрийг оруулсан байна. Байгууллагын оны шилдэг ажилтнаар өөрийнх эгч Х.Түмэндэмбэрэлийг шалгаруулж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/59 дүгээр тушаалыг урьдчилж гарган 20 хувийн урамшууллыг эгчдээ олгосон.
Сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Х.Түмэндэлгэрийг сургалтын менежерээр томилсон боловч нэг ч удаа ажилдаа ирээгүй, утсаар залгасан боловч утсаа аваагүй, тушаалыг бичиг хэргийн ажилтнаар хүргүүлсэн боловч хариу өгөөгүй юм. 2017 оны 05, 06 дугаар саруудад Х.Түмэндэлгэр нь ажилдаа ирээгүй боловч сургуулийн захиргааны зүгээс нэхэмжлэгчид 05 дугаар сарын цалинг 100 хувь тооцож, 627170 төгрөгийг олгосон. 2017 оны 06 дугаар сард ажилдаа нэхэмжлэгч ирээгүй боловч ажлын 21 хоногоос 6 хоногоор цалинг нь бодож олгосон бөгөөд үр дүнгийн урамшуулал болон амралтын мөнгө зэрэг нийт 1489509 төгрөгийг олгосон тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Х.Түмэндэлгэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэх мэдүүлгийг захирлаар ажиллах хугацаанд 1 удаа гаргасан байдаг ба үүнийг нь Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга баримтжуулан өгсөн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг үндэслэж, нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид бүтэн жилийн хугацаанд үр дүнгийн урамшууллыг 4 удаа өгдөг. Эндээс үзэхэд үр дүнгийн урамшуулал олгохдоо нэхэмжлэгч нь 16 удаа мэдэгдэл тайлбар гаргах ёстой. Мөн амралтыг олгох зэргийг оруулбал жилд дор хаяж 20 удаа мэдэгдэл, тайлбар гаргасан байх ёстой байтал 1 удаа гаргасан байдаг. Мөн Засгийн газрын 293 дугаар тушаалаар зөвхөн багш нарт, 299 дүгээр тушаалаар нэр заасан 7 албан тушаалтан урамшуулал авах ёстой байтал жижүүр, үйлчлэгч нарыг оруулж урамшуулал олгосон нь дээрх журмыг зөрчсөн гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг үндэслэн Х.Түмэндэлгэрийг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь зохицуулалт нь албан тушаалтан хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдэхийг шаардсан, харин 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт нь өөрт болон хамаарал бүхий этгээдтэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа юм. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д “...11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага тооцох...”-оор заасан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хориглосон үйл ажиллагааг нэхэмжлэгч нь гаргаагүй юм.
Хэргийн материалд нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдээгүй, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотолж чадахгүй байх тул хориглосон үйлдэл гараагүй гэж үзэж байна. Х.Түмэндэлгэр нь сургуулийн захирлаар ажиллаж байхдаа эгч Х.Түмэннасанг үйлчлэгчийн ажилд авч, улирлын мөнгөн урамшуулал олгосон гэж буруутгаж байна. Бага боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан эрхийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, Х.Түмэннасанг ажилд авч, урамшуулал олгосон юм. Х.Түмэннасанг түр ажлын байранд биш байнгын ажлын байранд томилон хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан ба дарамт шахалт ирсний улмаас 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил үүргээс нь харилцан тохиролцож, чөлөөлсөн. Үр дүнгийн урамшуулал олгох эрх мөн дээрх хуульд заасан байх бөгөөд уг эрхийнхээ хүрээнд мөнгөн урамшуулал олгосон юм. Ингэж урамшуулал олгохдоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/299, А/293 дугаар тушаалаар батлагдсан журмаар ажилчдын ажлыг ямар байдлаар үнэлж дүгнэх ёстой вэ гэхээр ажилтан нь 1, 3 дугаар улирлын ажлыг өөрөө үнэлдэг, 2, 4 дүгээр улирлын ажлыг ажилтан өөрөө үнэлж, үүнийг нь ажлын хэсэг магадлан баталгаажуулж, хамгийн сүүлд захирлын тушаал гаргаж давхар баталгаажуулахаар заасан.
Үүний дагуу батлагдаж, захирлын тушаал гаргасан нь нотлогдож байна. Эхлээд ажилтан нь өөрийнхөө ажлыг өөрөө үнэлж, захирал баталгаажуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын А/299 дүгээр тушаалаар батлагдсан журмын 3.2, 3.3, 3.4 дэх заалтыг баримталсан ба 5.7-д зааснаар урамшуулал олгох тухай шийдвэрийг захирал гаргах ёстой. Мөнгөн урамшуулал олгох шийдвэрт хамаарал бүхий этгээдүүдийн нэр орсон болохоос биш тусгайлан давуу эрх олгож, мөнгөн урамшуулал олгосон зүйл байхгүй юм.
Ажилтны ажлын үр дүн гүйцэтгэлийг ямар байдлаар үнэлсэн бэ гэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/299 дүгээр тогтоолд заасан 7 албан тушаалтны ажлыг 5 шалгуур үзүүлэлтээр, 5 оноогоор дүгнэж, бусад ажилчдын ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/60 дугаар тушаалаар үнэлэх талаар заасан. Х.Түмэндэмбэрэлийн хөдөлмөрийн гэрээний 6.2-т дотуур байрны жижүүрийн хүлээх үүргийг зааж өгсөн ба уг гэрээг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Иймд гэрээг байгуулсан талууд өөрсдөө хөдөлмөрийн гэрээг дүгнэх эрхтэй юм. Хөдөлмөрийн гэрээнд заасан 15 тохиолдлыг харгалзан үзэж, дүгнэсний үүднээс мөнгөн урамшуулал олгох ёстой. Ур чадварын нэмэгдлийг авахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/299 дүгээр тушаалаар батлагдсан чиглэлийн 5.2, 5.3-т зааснаар 80-аас дээш хувийн үнэлгээ авсан бол ур чадварын нэмэгдэл авах эрхтэй болдог. Хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр хангалттай сайн ажиллаж байсан учраас ур чадварын нэмэгдлийг өгч байсан талаар дурдсан байна.
Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.8-д мэдэгдлийг гаргах 3 тохиолдлыг тодорхой заасан байдаг. Энд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахдаа, хуулийн төсөл боловсруулах, шийдвэрийн төслийг боловсруулах ажилд оролцохдоо, мөн Засгийн газар, яам, агентлагийн дарга, бүх шатны Засаг даргын түвшинд шийдвэр гаргахад мэдэгдэх ёстой гэж заасан. Уг журам зааснаар сургуулийн захирал мэдэгдэл гаргах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа ч энэ нь үндэслэлгүй юм.
Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 , 8.3-т заасныг зөрчсөн бол 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар хариуцлага тооцохоор зохицуулсан байгаа. Харин хариуцлага тооцсоны дараа дахин зөрчил гаргавал мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар хариуцлага тооцох ёстой учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар 4-өөс дээш удаа зөрчил гаргасан бол удаа дараа гэж үзэхээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Ажилгүй байсан хугацааны цалингаа захирлаар ажиллаж байх үеийн цалингийн зөрүү, ээлжийн амралтын мөнгөний зөрүүгээр тооцож, нийт 4640854 төгрөгийг нэхэмжилсэн. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, сургалтын менежерээр томилогдсон цалингийн зөрүү зэргийг тооцож энэ дүнг гаргасан юм.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбарласнаар А/299 дүгээр тушаалын дагуу ажилтны ажлын үр дүнг тооцож тушаал гаргахдаа А/60 дугаар тушаалыг судлалгүйгээр шийдвэр гаргаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж өгнө үү гэж хүсэж байна. Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2014-2016 онуудад гарсан тушаалууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нь 2014 онд 2 удаа, 2015 онд 8 удаа, 2016 онд 12 удаа, нийт 22 удаа тушаал гаргахдаа нэг ч удаа мэдэгдэл гаргаж, хянуулж байсан зүйл байхгүй, мэдэгдэл гаргаж хянуулж байсан баримт хэрэгт авагдаагүй юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар нэхэмжлэгч нь өөрийн эгчдээ урамшуулал, нэмэгдлүүдийг ямар үндэслэлээр удаа дараа олгож байсан, урамшуулал, нэмэгдлүүдийг олгох үндэслэл бүрдсэн байсан эсэхийг тодруулах ёстой гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
Хичээлийн жилийн 1, 3 дугаар улирлын ажлыг журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу ажилтан өөрөө ажлаа үнэлж, хамт олны хуралдаан дээр тайлагнах ёстой. Гэтэл ийм ажиллагаа хийгдэж байгаагүй бөгөөд нотлох баримт хэрэгт авагдаагүй юм. Харин хичээлийн жилийн 2, 4 дүгээр улирлын ажлыг ажилтны ажлын үнэлгээг сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баталгаажуулж, дүгнэх ёстой байдаг. Гэтэл ажлын хэсэг байгуулсан баримт хэргийн материалд байхгүй юм. Ажилтны өөрөө үнэлсэн болон сургуулийн захирлын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн магадлан баталгаажуулсан үнэлгээг захирал тушаал гаргаж баталгаажуулах ёстой байсан. Гэтэл энэ талаар ямар ч баримт хэрэгт байхгүй юм.
Урамшуулал олгох үндэслэлийг тодруулж, шүүх гэрчүүдийг асуусан. Гэхдээ гэрч нарын мэдүүлэг нь эх сурвалжаар нотлогдох ёстой бөгөөд эх сурвалж баримт хэрэгт авагдаагүй. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалыг баримталж байсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх тушаалыг 2014, 2015 онд гарсан тушаалуудад баримтлаагүй.
Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдийг бид нэг бүрчлэн гаргаж ирсэн. Өөрт хамаарал бүхий шийдвэрээ урамшуулал, нэмэгдэл олгохдоо Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын 2.3 дахь заалтыг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалтыг зөрчиж нэмэгдэл олгосон. 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/09 дугаар тушаалаар утасны ярианы төлбөр олгохдоо өөртөө болон Х.Түмэндэмбэрэлд олгосон ба ингэхдээ мэдэгдэл гаргаж, хянуулаагүй ба Засгийн газрын 1999 оны 84 дүгээр журмаар тогтоосон үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтанд сургуулийн захирал, жижүүр нь хамаарахгүй байхад утасны зардал гаргаж авсан байгаа юм. 2015 онд нийт 8 удаа тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/299 дүгээр тушаал, 2014 оны А/60 дугаар тушаалуудыг зөрчсөн.
Х.Түмэндэлгэрийн хувьд үр дүнгийн гэрээгээ аймгийн Засаг даргатай байгуулдаг ба урамшуулал, үр дүнгийн нэмэгдлийг Засаг дарга олгох хууль зүйн үндэслэлтэй байхад өөртөө урамшуулал олгосон байгаа юм. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/07 дугаар тушаалаар улирлын мөнгөн урамшуулал олгосон ба Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/299 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан баримтлах чиглэлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байна. Уг чиглэлд заасан урамшуулал нь олгох ёсгүй, олгох боломжгүй урамшуулал биш юм. гэхдээ урамшууллыг олгохдоо хууль болон журмыг зөрчиж, мэдэгдэл гаргах ёстой байсан боловч нэг ч удаа мэдэгдэл гаргаагүй юм. Х.Түмэннасанг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилж, 09 дүгээр сарын 20-ны өдөр улирлын мөнгөн урамшуулал олгосон байгаа. Энэ мэтчилэн 22 удаагийн тушаал гаргахдаа мэдэгдэл тайлбар гаргаж байгаагүй, хянуулаагүй, удаа дараа тогтоол, журмыг зөрчсөн байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.
Иймд аймгийн Засаг даргын захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 826 дугаар магадлалд тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ямар баримтуудыг үндэслэж тушаал гаргаж, урамшуулал, нэмэгдлүүдийг олгож байсан талаар нотлох баримт байхгүй, хууль зөрчиж баримт шаардахгүйгээр өөрийн үзэмжээр өндөр урамшуулал олгож байсан нь нотлогдон тогтоогдсон.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Х.Гүлбарчин шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр нь нялх нярай хүүхэдтэй, бас одоо ажилгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр нь 2017 оны 6 дугаар сарын 23-ний өдөр тус шүүхэд Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг Даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгох, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх цалин, олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” гэж тодруулж, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “...ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх...”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд хандсан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, буцаасныг нэхэмжлэгч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангуулан ирүүлсэн байх тул шүүх хэлэлцэх үндэстэй байна.
Нэхэмжлэгчээс Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрээр 33 дахь жилдээ ажиллаж байгаа төрсөн эгч Х.Түмэндэмбэрэл, 6 сарын хугацаанд хичээлийн байрны үйлчлэгчээр түр ажиллаад гарсан төрсөн эгч Х.Түмэннасан нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актын үндэслэл болсон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэж,
Хариуцагчаас нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр нь Алтай сумын сургуулийн захирлаар ажиллах хугацаанд буюу 2016 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчиж, хамаарал бүхий этгээдтэй холбогдох удаа дараагийн шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулсан.” гэж мэтгэлцэжээ.
1. Нэхэмжлэгч Х.Түмэндэлгэрийн “Ховд аймгийн Засаг Даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгох, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн Б/43 дугаар “Х.Түмэндэлгэрт сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжаар “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг үндэслэн уг хуулиар тогтоосон хориглолт хязгаарлалтыг зөрчиж, хамаарал бүхий этгээд Х.Түмэндэмбэрэл, Х.Түмэннасан нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х.Түмэндэлгэрийг буруутгаж, нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/239 /“Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам/, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/299 дугаар тушаал “Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл/, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 /Захирал нь багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох үүрэгтэй/, Сургуулийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1./Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ./-д зааснаар багш ажилчдад үр дүн, улирлын мөнгөн урамшуулал олгох, ээлжийн амралт олгох асуудлыг тус тус шийдвэрлэхээр заажээ.
Нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр нь Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/06 дугаар, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/09 дүгээр, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/13 дугаар, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/18 дугаар, 2015 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн А/22 дугаар тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/29 дүгээр, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/37 дугаар, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/07 дугаар, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/24 дүгээр, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаар 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар Х.Түмэндэмбэрэлтэй холбоотой, Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаар, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/46 дугаар, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/55 дугаар, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар шийдвэр гаргахдаа сургуулийн захирлынхаа хувьд боловсролын салбарын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд багш, ажилчдад цалин хөлс, мөнгөн урамшуулал олгох тушаалуудыг гаргах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд хамаарал бүхий этгээд болох Х.Түмэндэмбэрэл, Х.Түмэннасан нарт тухайлсан шийдвэр гаргаагүй, сургуулийн нийт багш, ажилчид хамааралтай шийдвэр гаргасан болох нь гэрч Г.Эрдэнэбилэгийн “...Сургуулийн дотуур байрны жижүүрийн ажлын дүгнэхдээ байрны 2 багштай хамт дүгнэдэг байсан,...улирлын мөнгөн урамшууллыг ганцхан Х.Түмэндэмбэрэлд олгож байгаагүй, бүх ажилчдын ажлыг дүгнэж урамшуулдаг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цэцэгмаагийн “...Ур чадвар, үр дүнгийн урамшууллыг ганцхан Х.Түмэндэмбэрэлд олгож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Нарантуяагийн “...Х.Түмэндэмбэрэл нь хүндэт самбар, дотуур байрны коридорын гэрлийг сольж, цахилгаан бага зарцуулдаг гэрлээр солих, гадна сүүдрэвч хийсэн гэх зэрэг ажлуудыг хийхэд оролцсон байдлыг харгалзан ур чадварын нэмэгдлийг улирлаар олгодог...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.Түмэндэлгэрийг Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллахаас өмнө хамаарал бүхий этгээд болох Х.Түмэндэмбэрэл нь тус сургуулийн дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан болох нь Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тушаал, гэрч Ю.Болормаагийн “...Би 2009 онд тус сургуулийн дотуур байрны багшийн ажилд томилогдсон. Намайг ажилд ороход Х.Түмэндэлгэр нь тус сургуульд багшаар, Х.Түмэндэмбэрэл нь дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, Б.Цэцэгмаагийн “...2003 оноос эхлэн ажиллаж байна. Намайг ажилд ороход Х.Түмэндэлгэр багшаар, Х.Түмэндэмбэрэл нь байрны жижүүрээр ажиллаж байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Хариуцагчаас “нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр нь төрсөн эгч Х.Түмэннасанг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сургуулийн үйлчлэгчээр ажиллуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн” гэж буруутгажээ.
Гэтэл хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх үндэслэлээр биш мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т зааснаар “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэг”-ээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг нийтийн албанаас халсан нь буруу байна. Нэгэнт хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэлээ зөв гаргаж чадаагүй болох нь тогтоогдож байхад шүүх түүнийг зөвтгөх боломжгүй байна.
Хариуцагч нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан ба нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр нь хамаарал бүхий этгээд болох Х.Түмэндэмбэрэл, Х.Түмэннасан нартай холбоотой шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь буруу байна.
Гэхдээ нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн учир хариуцагч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3–т /... энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах.../ хариуцлага хүлээлгэхээр байхад хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэжээ.
Иймд Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Түмэндэлгэрт нийтийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар “Х.Түмэндэлгэрт сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Х.Түмэндэлгэрийг Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны цалингийн зөрүү, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин нийт 4640854 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаагаа тодруулсан ба нэхэмжлэгч “...2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны цалингийн зөрүү, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин...” гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “нэхэмжилсэн мөнгөний хэмжээг тооцсон” баримт шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Х.Түмэндэлгэрийг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерээр түр томилсон байна. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан болох нь Х.Түмэндэлгэрийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаар тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 4640854 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл дунд ангийн сургалтын менежерээр авсан цалингийн зөрүү, 2017 оны 11 дүгээр 04-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх нийт ажилгүй байсан хугацааны цалин нийт 4592755 төгрөгөөс нэхэмжлэгчийн авсан ээлжийн амралтын олговор 1482901 төгрөгийг хасаж, 3109854 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийн даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 1531000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Түмэндэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3109854 төгрөгийг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 1531000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР
ШҮҮГЧ С.ЕРКЕШ
ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ