Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0110/З |
Дугаар | 221/МА2021/0447 |
Огноо | 2021-08-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2021/0447
“Н” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 382 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Н ...” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр: ”Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1453148 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1453148 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: “ ... Хариуцагч албан тушаалтан иргэн Д.Б-өөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гомдлын дагуу 2020 оны 10 сарын 07-ны өдөр “Э" ХХК-нд холбогдуулан 20020000513 дугаар зөрчлийн хэргийг нээн,...зөрчлийн хэргийн холбогдогч “Э” ХХК-ийн төлөөлөгчөөс тайлбар, тодруулгыг авах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй.
... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг анхнаасаа хууль зөрчиж явуулж, холбогдогч бус этгээдүүдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оруулж шийтгэлийн хуудас ногдуулсан байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх нь энэ ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчиж явуулсан тухайгаа дүгнэсэн атлаа энэ үйлдлийг засах боломж олгож 3 сарын хугацаанд дахин шийтгэлийн хуудас ногдуул гэж шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулж байна.
... Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолдоо “Э” ХХК-д холбогдуулж зөрчлийг хэргийг нээсэн атлаа Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас “Н” ХХК-д шийтгэлийн хуудас оногдуулсан үйлдэл нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Энэ хоёр компани нь тус тусдаа оноосон нэртэй, улсын бүртгэлийн байгууллагад тусдаа бүртгэлтэй, өөр өөр регистрийн дугаартай байгууллагууд юм.
Энэ хоёр компани нэг нь нөгөө компанийнхаа хариуцлагыг хүлээх үүрэггүй юм. Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь дээр дурдсан хуулийн заалтууд болон зөрчил шалган шийдвэрлэх журмыг ноцтой зөрчиж зөрчлийн хэргийн холбогдогч бус этгээдэд шийтгэлийн хуудас оногдуулсан байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Оюуны өмчийн газрыг энэ алдаагаа засах хугацаа олгож, заавал аль нэг компанид нь хариуцлагыг оногдуул гэсэн утгатай шийдвэр гаргаж байгаа нь хэтэрхий нэг талын эрх ашгийг хамгаалсан буюу Захиргааны байгууллага буюу Оюуны өмчийн газрын алдаа дутагдалтай, хууль зөрчиж гаргасан шийдвэрийг улам өөгшүүлж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 382 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан магадлал гаргаж өгөхийг хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч нь иргэн Д.Б-ийн гомдлоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1453148 дугаар шийтгэлийн хуудсаар Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “Н” ХХК-ийг 5000 нэгтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг шалгаж, дахин шина акт гартал тус шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь иргэн Д.Б-ийн бүтээсэн “А” бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хивсэн дээр хэвлэсэн буюу Зөрчлийн тухай хуулийн /тухайн үед өөрчлөлт ороогүй байсан/ 8.3 дугаар зүйлийн 1-д “Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчил гарсан нь тогтоогдсон.
Иймд хариуцагч улсын байцаагч нь “Э” ХХК-д тухайн зөрчилд холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэсэн атлаа тусдаа хуулийн этгээд болох “Н” ХХК-д шийтгэл ногдуулсан нь буруу боловч нэгэнт зохиогчийн эрх зөрчсөн зөрчил үйлдэгдсэн байх тул уг зөрчил үйлдсэн этгээдийг шалгаж тогтоон, хариуцлага ногдуулж, харин уг зөрчлийг үйлдээгүй этгээдийг хариуцлагаас чөлөөлөх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, дээрх алдаагаа засах шаардлагатай.
Учир нь “Н” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож улмаар тайлбар мэдүүлэг өгсөн, ингэхдээ энэхүү зөрчилтэй огт холбоогүй талаар, “Э” ХХК нь уг зөрчлийг үйлдсэн талаар тайлбараа гаргаагүй, харин “А” ХХК-тай гэрээ байгуулж хивс үйлдвэрлэж, Хятад улсад борлуулахаар хамтарч ажилласан, тус компанийн зүгээс санал болгож ирүүлсэн зургуудыг хивсэн дээр үйлдвэрлэж, нийлүүлж байсан” гэж тайлбарласан, шүүхэд гаргасан гомдолдоо ч энэ талаар дурдсан байх тул зохиогчийн эрхийн зөрчил гарч, тухайн зураг бүхий хивс үйлдвэрлэсэн үйл ажиллагаанд оролцсоноо үгүйсгээгүй байна.
Үүнээс үзвэл “Э” ХХК, “Н” ХХК-ийн чухам аль нь тухайн зөрчлийг үйлдсэн болохыг тогтоох ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.
Давж заалдах гомдолд “... улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, холбогдогч бус этгээдэд шийтгэл ногдуулсан байхад алдаагаа засаад аль нэг компанид шийтгэл ногдуул гэсэн утгатай шийдвэр гаргасан нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлсэн, ... энэ нь манай компанийн санхүүд сөргөөр нөлөөлөхөөс гадна цаашид буруутай үйл ажиллагаа явуулаагүй байхад шийтгэл ногдуулах эрсдэлтэй” гэжээ.
Нэгэнт зохиогчийн эрхийн зөрчил гарсан нь тогтоогдсон байхад шийтгэл ногдуулах нь зайлшгүй бөгөөд харин тухайн зөрчлийг хэн гаргасныг улсын байцаагч зөв шалган тогтоох үүрэгтэй, хэрэв улсын байцаагч хэргийн нөхцөл байдлыг шалгаж гомдол гаргагч тухайн зөрчлийг гаргаагүй нь тогтоогдвол дахин акт гаргахдаа шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсаа өөрөө хүчингүй болгох, эсхүл өөрчлөх боломжтой тул гомдол гаргагчийн эрх зөрчигдөхгүй.
Иймд гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ