Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 628

 

 

 

 

 

 

 

   2020          4            7                                   628

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч О.О, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт О.О, Тайж овогт Д.М нарт холбогдох эрүүгийн 2006 01496 0776 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Боржигин овогт О.О, 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Чандмань хүрд” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 1, Архангай аймаг Их тамир сум 3 дугаар баг Бортод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1 дүгээр гудамж 159 тоотод оршин суух, регистрийн АЙ92042116 дугаартай.

 

2. Монгол Улсын иргэн, Тайж овогт Д.М, 2001 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Кар ваш” угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 5, эх, эгч, 2 ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 13 дугаар гудамж 18 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн УК01211499 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч О.О, Д.М нар нь 2020 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, харилцан бие биенийхээ нүүрэн тус газар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.О, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн хэлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн хэлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Д.Мөнхдоржийн хохирогчоор өгсөн: “2020 оны 03 сарын 10-ны өдөр өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кар ваш авто угаалгын газарт ажиллаж байсан. Орой 20.00 цагийн үед захирал болох Баттулга, түүний ах нартай хамт 0.75 литрийн хэмжээтэй 3 шил архийг тавуулаа хувааж уусан бөгөөд 22.00 цаг өнгөрөөгөөд тарцгаасан. Би архи уучихаад гэртээ очмооргүй санагдаад хамт ажилладаг ах болох Ууганбаярын гэрт нь 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах нийтийн байранд очсон. Намайг Ууганбаяр ахынд очиход үл таних эрэгтэй, эмэгтэй хоёртой хамт пиво уугаад сууж байсан бөгөөд би хамт уусан. Тэр үед Ууганбаяр ахын найз болох үл таних эрэгтэй хүн надтай маргалдаж байгаад миний нүүрэн хэсэгт 4-5 удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 7-8 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад О.Отгонбаярын хохирогчоор өгсөн: “Би 2020 оны 03 сарын 10-ны өдөр ажлаа тараад өөрийн найз болох Ууганбаяр болон Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн дунд буудлын тэнд байрлах гэрт нь очсон. ...Гэрт нь байж байтал манай найзын ажлын газрын хүн гээд нэг үл таних хүн ирсэн. Орж ирээд юм яриад байж байгаад намайг хараагаад байсан ба би чимээгүй байж байтал тухайн залуу нь өөдөөс салаавч гаргасан. Тухайн үед бид нар унтах гэж байсан ба “унтах гэж байгаа юм бол унт” гэж хэлтэл босож ирээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би мордоод унагаачихсан ба манай найз Ууганаа нь болиоч гээд загинаж байсан. ...цагдаа дагуулж ирсэн. Тэр үед тэр залуу над руу дайраад миний нүүр хэсэг рүү 3 удаа мөргөсөн.” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 4-5 дугаар тал/

 

 Гэрч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай ажлын залуу болох Мөнхдорж над руу залгаад “согтуу байна, танайд очиж хонож болох уу” гэж асуухад нь би зөвшөөрсөн бөгөөд ирэхдээ нэг том пиво авч ирээд бид нар хамт ууцгаасан. Удалгүй манай найзтай маргалдсан бөгөөд Мөнхдорж Отгонбаярыг нэг удаа гараараа цохиход хариуд нь Отгонбаяр түлхээд нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон. Би очиж салгахад Мөнхдорж гарч яваад удалгүй цагдаа дагуулж ирээд дахин Отгонбаярыг дахин зодож байсан, хаана нь яаж цохисон талаар сайн хараагүй.” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 9-10 дугаар тал/

 

 Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай дүү Мөнхдорж  тэнд байсан дээгүүрээ нүцгэн залуутай зодолдоод байсан, яг хаана нь цохиж байгааг хараагүй.” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 11-12 дугаар тал/

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 3534 дүгээр “1. Д.Мөнхдоржийн биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

 /хх-ийн 14-15 дугаар тал/

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 3576 дугаар “1. О.Отгонбаярын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

 /хх-ийн 19-20 дугаар тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 40, 45 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 41, 46 дугаар тал/

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч О.О, Д.М нар нь 2020 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, харилцан бие биенийхээ нүүрэн тус газар цохиж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч О.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн хэлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх,

Шүүгдэгч Д.Мөнхдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн хэлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх,

Мөрдөн байцаалтад Д.Мөнхдоржийн хохирогчоор өгсөн “...Орой 20.00 цагийн үед захирал болох Баттулга, түүний ах нартай хамт 0.75 литрийн хэмжээтэй 3 шил архийг тавуулаа хувааж уусан бөгөөд 22.00 цаг өнгөрөөгөөд тарцгаасан. Би архи уучихаад гэртээ очмооргүй санагдаад хамт ажилладаг ах болох Ууганбаярын гэрт нь 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах нийтийн байранд очсон. Намайг Ууганбаяр ахынд очиход үл таних эрэгтэй, эмэгтэй хоёртой хамт пиво уугаад сууж байсан бөгөөд би хамт уусан. Тэр үед Ууганбаяр ахын найз болох үл таних эрэгтэй хүн надтай маргалдаж байгаад миний нүүрэн хэсэгт 4-5 удаа гараараа цохисон.” гэх /хх7-8/,

Мөн О.Отгонбаярын хохирогчоор өгсөн “...Гэрт нь байж байтал манай найзын ажлын газрын хүн гээд нэг үл таних хүн ирсэн. Орж ирээд юм яриад байж байгаад намайг хараагаад байсан ба би чимээгүй байж байтал тухайн залуу нь өөдөөс салаавч гаргасан. Тухайн үед бид нар унтах гэж байсан ба “унтах гэж байгаа юм бол унт” гэж хэлтэл босож ирээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би мордоод унагаачихсан ба манай найз Ууганаа нь болиоч гээд загинаж байсан. ...цагдаа дагуулж ирсэн. Тэр үед тэр залуу над руу дайраад миний нүүр хэсэг рүү 3 удаа мөргөсөн.” гэх /хх4-5/,

 Мөн гэрч Б.Ууганбаярын өгсөн “...манай ажлын залуу болох Мөнхдорж над руу залгаад “согтуу байна, танайд очиж хонож болох уу” гэж асуухад нь би зөвшөөрсөн бөгөөд ирэхдээ нэг том пиво авч ирээд бид нар хамт ууцгаасан. Удалгүй манай найзтай маргалдсан бөгөөд Мөнхдорж Отгонбаярыг нэг удаа гараараа цохиход хариуд нь Отгонбаяр түлхээд нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон. Би очиж салгахад Мөнхдорж гарч яваад удалгүй цагдаа дагуулж ирээд дахин Отгонбаярыг дахин зодож байсан, хаана нь яаж цохисон талаар сайн хараагүй.” гэх /хх9-10/,

Мөн гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн “...манай дүү Мөнхдорж  тэнд байсан дээгүүрээ нүцгэн залуутай зодолдоод байсан, яг хаана нь цохиж байгааг хараагүй.” гэх /хх11-12/,

О.Отгонбаярын яллагдагчаар өгсөн “...Би Ууганаагийн хамт ажилладаг залуутай маргалдаад түүнийг нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна.” /хх-33/,

Д.Мөнхдоржийн яллагдагчаар өгсөн “...Би ажлын газрын ах болох Ууганбаярын найз гэх залуутай маргалдаж  байгаад түүний нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиж өшиглөсөн.” /хх39/ мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 3534 дүгээр дүгнэлт  /хх14-15/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 3576 дугаар дүгнэлт /хх19-20/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.О, Д.М нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.О, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.О, Д.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч, хохирогч О.О, Д.М нарын хэн аль нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм хорын хохирол нэхэмжлээгүй, эвлэрсэн байх тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй шүүх гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч О.О, Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.О, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.О, Д.М нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэднийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар О.О, Д.М нар нь ажил эрхэлдэг, орлого олох боломжтой байх тул тэдэнд  оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох шаардлагагүй байх ба торгох ялыг шүүгдэгч О.О, Д.М нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.О, Д.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.О, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт О.О, Тайж овогт Д.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О, Д.М нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.О, Д.М нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.О, Д.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.О, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ