| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2020/0649/Э |
| Дугаар | 672 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 672
2020 4 13 672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэхтөр овогт Б.Б-т холбогдох эрүүгийн 1906 05389 0592 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Бэхтөр овогт Б.Б, 1997 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1 дүгээр баг, Баян-Өндөрт оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 253 тоотод түр оршин суух бүртгэлтэй, регистрийн ДЕ97111612 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” караокены орчимд иргэн Б.Баттөртэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Тухайн өдөр ажлаасаа тараад гэртээ харих замдаа хуучин ажлынхаа найзтай уулзах гэж яваад хуучин ажлынхаа үүдэнд тамхи татаад зогсож байхад 2 эмэгтэй хүн надаас юм асууж байсан. Удалгүй хохирогч хүрч ирээд “та 3 цуг явж байгаа юм уу” гэж асуугаад намайг цохих гээд байсан. Тэгээд хохирогч халаасандаа гараа хийхээр нь би айсандаа цохисон чинь хохирогч газар унаад босож ирээгүй. Би босгох гэсэн боловч найзууд нь гарч ирээд над руу дайраад байхаар нь би явсан.” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 00 цагийн үед найзууд болох Чулуунаа, түүний эхнэр Мөнхцэцэг, Оогий болон эхнэртэй нь бид 5 “Наран” караокед орсон. Тэнд 0.75-ын 1 шил архи, хүний нэг нэг пиво авч ууцгаасан. Тухайн үед би уусан архиндаа согтоод юу болсоныг санахгүй байгаа. Нэг мэдсэн л өглөө сэрсэн ба хамт байсан хүмүүсээсээ юу болсоныг Чулуунаа, Оогий хоёртой уулзаж асуухад Чулуунаа надад намайг хүн зодсон ч ухаан алдаад “Наран” караокений гадна чи нэг цаг гаран ухаангүй хэвтсэн. Тэгээд намайг түргэн дуудаж үзүүлээд гэрт хүргэж өгсөн гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш 3 хоногийн дараа би “Наран” караокены камерыг очиж шүүж үзэхэд караокены гадна би нэг хүнтэй зууралдаж заамдалцаж байгаад камер бичихгүй газар ороод миний хөл тэрийгээд унаж байгаа юм шиг бичигдсэн байсан. Тэгсэн тэр бичлэгийг үзэж байсан караокены ажилтан залуу намайг унагаасан хүнийг “Билгээ байна” гээд таниад байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23-25 дугаар тал/
Гэрч Х.Чулууны мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд бид хоёр эргээд гараад ирсэн чинь Баттөр хүнд зодуулсан, ухаан алдаад унасан хэвтэж байсан. Тэгтэл нөгөө хоёр эмэгтэй зодсон залууг зодож маргалдаж байгаад цагдаа дуудсан чинь нөгөө залуу ганцаараа таксинд суугаад явсан. Баттөрийг зодсон залуу урьд нь Наранд зөөгч хийж байсан гэсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 34 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10704 дүгээр “Б.Баттөрийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугуйнд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 27 дугаар тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа,
/хх-ийн 37 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” караокены орчимд иргэн Б.Баттөртэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн “Тухайн өдөр ажлаасаа тараад гэртээ харих замдаа хуучин ажлынхаа найзтай уулзах гэж яваад хуучин ажлынхаа үүдэнд тамхи татаад зогсож байхад 2 эмэгтэй хүн надаас юм асууж байсан. Удалгүй хохирогч хүрч ирээд “та 3 цуг явж байгаа юм уу” гэж асуугаад намайг цохих гээд байсан. Тэгээд хохирогч халаасандаа гараа хийхээр нь би айсандаа цохисон чинь хохирогч газар унаад босож ирээгүй. Би босгох гэсэн боловч найзууд нь гарч ирээд над руу дайраад байхаар нь би явсан.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баттөрийн өгсөн “Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 00 цагийн үед найзууд болох Чулуунаа, түүний эхнэр Мөнхцэцэг, Оогий болон эхнэртэй нь бид 5 “Наран” караокед орсон. Тэнд 0.75-ын 1 шил архи, хүний нэг нэг пиво авч ууцгаасан. Тухайн үед би уусан архиндаа согтоод юу болсоныг санахгүй байгаа. Нэг мэдсэн л өглөө сэрсэн ба хамт байсан хүмүүсээсээ юу болсоныг Чулуунаа, Оогий хоёртой уулзаж асуухад Чулуунаа надад намайг хүн зодсон ч ухаан алдаад “Наран” караокений гадна чи нэг цаг гаран ухаангүй хэвтсэн. Тэгээд намайг түргэн дуудаж үзүүлээд гэрт хүргэж өгсөн гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш 3 хоногийн дараа би “Наран” караокены камерыг очиж шүүж үзэхэд караокены гадна би нэг хүнтэй зууралдаж заамдалцаж байгаад камер бичихгүй газар ороод миний хөл тэрийгээд унаж байгаа юм шиг бичигдсэн байсан. Тэгсэн тэр бичлэгийг үзэж байсан караокены ажилтан залуу намайг унагаасан хүнийг “Билгээ байна” гээд таниад байсан. Миний толгойн дагзан дээр хагарч 2 оёдол тавиулсан. Маргааш нь миний баруун хөл өвдгөөрөө хөндүүрлэж өвдөөд байсан. Одоо миний хөл бага зэрэг хөндүүрлэж толгой байнга өвдөж, хүзүү хөшөөд байгаа. Би толгойны зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. ...Эмчилгээнд гарсан 130.000 төгрөг барагдуулбал өөр гомдол санал байхгүй. Юунаас болж маргалдсан эсэхээ санахгүй байна. 2 хүүхэнтэй уулзсан гэсэн, тасарсан учраас санахгүй байна. Намайг унасан байхад Чулуун хиймэл амьсгал хийх гэж цээжин дээрээс дарсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /хх 23-25, 50/,
Мөн гэрч Х.Чулууны өгсөн “...бид нар бие засахаар гарсан чинь гадаа зогсож байсан 2 охинтой надад танилцуулаад өгье гэж өдөж далдагнаж тэр хоёр охинтой юм ярьэ байснаа сүүлдээ маргалдаж нэг эмэгтэйг нь Баттөр алгадчихаар нь Ононбаяр бид хоёр салгаад булан эргээд бие засах гэж байхад Баттөр пизда гэж муухай орилохоор нь харахад зүгээр зогсож байсан, цаана нь нөгөө 2 хүүхэнтэй хамт явсан хоёр залуу зогсож байсан. ...тэгээд бид хоёр эргээд гараад ирсэн чинь Баттөр хүнд зодуулсан, ухаан алдаад унасан хэвтэж байсан. Тэгтэл нөгөө хоёр эмэгтэй зодсон залууг зодож маргалдаж байгаад цагдаа дуудсан чинь нөгөө залуу ганцаараа таксинд суугаад явсан. Баттөрийг зодсон залуу урьд нь Наранд зөөгч хийж байсан гэсэн.” гэх /хх34/,
Мөн Б.Бийн яллагдагчаар өгсөн “2019 оны 9 дүгээр сард байсан хэдний өдөр байсныг санахгүй байна, хуучин ажилладаг байсан Цайзын баруун талын “Наран” караокед найзуудтайгаа орж 30 минут суучаад эхнэр залгаад “ирж байна” гэхээр нь гараад замын хажууд зогсож байсан чинь үл таних 2 эмэгтэй ирээд яриа өдөөд, юм яриад зогсож байсан чинь зодуулсан гэх намхан биетэй согтуу залуу гарч ирээд нэг юм хэлээд тэр 2 эмэгтэйг надаас харамласан байх, намайг бариад авахаар нь харилцан заамдалцаад зогсож байхад над руу гараа далайхаар нь зөрүүлээд нүүрэн тус газар нь цохисон чинь газар унаад босоогүй. Тэгээд нөгөө үл таних 2 эмэгтэй намайг хүн зодсон явуулахгүй гэсэн, тэгэхээр нь би машиндаа суусан чинь эхнэр тэр хүмүүстэй юм ярьж байгаад намайг аваад явсан. Би тухайн үед тал пиво уусан байсан учраас согтоогүй байсан. Тухайн үед асуудал дууссаны дараа манай эхнэр ирсэн учраас үйл явдлыг хараагүй.” гэх /хх 45/,
Мөн гэрч Д.Ононбаярын өгсөн “2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр найз Баттөр уугаад сууж байна, машин барих хэрэгтэй байна гэж дуудахаар нь очиход эрүүл байсан. Тэднийд гэр барилцаж дуусаад Цайзын хажууд байдаг “Наран” караокед Чулуун эхнэрийн хамт, Баттөр, би эхнэрийнхээ хамт бид нар орж 2 шил архи ууж байгаад гэртээ харихаар бид 3 түрүүлж гарсан чинь Баттөр үүдэнд байсан 2 хүүхэнтэй ярьж байснаа, тэнд байсан танихгүй хүмүүстэй булаалцалдах маягтай хашгираад байхаар нь дагуулж холдуулчаад Чулуун бид 2 бие засаад ирэх хооронд хашгирах шиг болсон, тэгээд яваад очсон ухаа алдаад унасан байхаар нь Чулуун хиймэл амьсгал хийж цээжин дээр нь дарсан.” гэх /хх 51/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10704 дүгээр дүгнэлт, /хх 27/, “Натур” эмнэлгийн Компьютер томографийн оношлогоо /хх31-33/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх19/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Баттөр нь мөрдөн байцаалтад гэм хорын хохиролд эмчилгээнд гарсан 130.000 төгрөг нэхэмжилж, нийт 160.200 төгрөгийн бичмэл баримт гарган өгсөн /хх53/ бөгөөд шүүхийн шатанд гэм хорын хохиролд 200.000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс дансаар шилжүүлж авсан. Мөн шүүхэд “нэхэмжлэх зүйл, санал, хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б нь өмнө ажиллаж байсан газартаа очин, буцаж явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Б.Баттөртэй үл ойлголцсоны улмаас маргалдан түүнийг цохин, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.
Шүүгдэгч Б.Б нь одоо тогтсон ажилгүй, өөрийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй, цалин авах, орлого олох боломж бага зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр буюу сар бүр 75000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг дээрхи хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхиг Сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэхтөр овогт Б.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр буюу сар бүр 75000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхиг Сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ