| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2020/0650/Э |
| Дугаар | 704 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 704
2020 4 17 704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Д.Ариунжаргал,
хохирогч Б.Батжаргал,
шүүгдэгч Г.Энхбаатар, түүний өмгөөлөгч Б.Уранзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Ганбатын Энхбаатарт холбогдох эрүүгийн 2006 01563 0798 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржгон овогт Ганбатын Энхбаатар, 1987 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Даацын Цамхаг” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 35 дугаар гудамж 841 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ИЦ89070979 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Энхбаатар нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батжаргалын толгойн тус газар нь гараараа цохин газарт унагаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Энхбаатарын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Батжаргалтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хохирогч Батжаргал нь уг ажлыг хийж дуусгах байтал хугацаат ажлаас хойш 8 хоног утсаа салгаад алга болсон. Энэ нөхцөл байдлаас болоод маргаан үүсээд хохирогч Батжаргалыг цохисон нь үнэн, энэ үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батжаргалын өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 3-ны өдөр би фейсбүүк дээрээс шүүгдэгч Г.Энхбаатарын зарыг хараад 2020 оны 03 дугаар сарын 04-нд шүүгдэгч Г.Энхбаатарын компанийн ажил гүйцэтгэж байсан газар нь экскаватор машинаа авч очсон. Гэрээний урьдчилгаа болох 726.000 гаруй төгрөгөөр бензин авч хийгээд тэр өдрөө дансаар 1.200.000 төгрөг авсан. Тухайн үед газар хөлдүү цэвдэгтэй байсан болохоор би хамгийн хурдан шуурхай хугацаанд хийнэ гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгч Г.Энхбаатарын хашаанд зайлуулж болохгүй айлын хашаа, амбаар, дээрээ гэрлийн утастай болохоор том экскаватор ажиллахад ажлын бүтээмж муу байсан. Тийм болохоор тодорхой хугацаанд удсан. Гэхдээ би шүүгдэгч Г.Энхбаатартай ажил гүйцэтгэх гэрээг 2 хоногийн дотор хийнэ гэж хийгээгүй. Шүүгдэгч Г.Энхбаатар, “Батжаргал аа чиний гэрээ чинь энэ байна гэрээндээ гарын үсгээ зураач ээ” гэхээр нь би зурсан. Эхлээд нэг хувийг нь надад өгөөгүй, сүүлд энэ хэрэг болсны дараа намайг гэрээгээ ав гээд өгөхөөр нь харсан чинь он сар нөхөөд бичсэн байсан. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Г.Энхбаатарын компанийн ажилчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би харилаа гэсэн чинь шүүгдэгч Г.Энхбаатарын ажилчид над дээр ирээд “Батжаргалаа эд нар ямар хогийн юм боддог нөхдүүд вэ? өмнөх экскаватор нь энэ ажлыг хаяад явсан, чамайг бас хаяаад явчих байх гээд хашааны хаалгыг 2 машин хаагаад тавьсан байна” гэж надад хэлэхээр нь би “Энэ ажлыг би хаяж явахгүй, миний экскаватор дугуйтай биш гинжтэй экскаватор, тэрийг том шалаанзаар ачна, маш их ажиллагаа шаарддаг, ямар өөдгүй бодолтой хүмүүс вэ” гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр очоогүй. Тэр цохиулдаг өдөр миний экскаватор эвдэрсэн болохоор 2 өдөр сэлбэг хайж явж байхдаа ерөнхий инженер, Г.Энхбаатарын туслах нарт 2 өдөр сэлбэг хайж байна гэж хэлсэн. Тэгээд сэлбэгээ аваад ирсэн чинь шүүгдэгч Г.Энхбаатар “чи хийсэн ажлаа хардаа” гээд алхаж байгаад гэнэдүүлээд цохисон. Би тухайн үед 10-15 минут ухаан алдаад, сэрсэн чинь цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Эмнэлэг надад өвчин намдаах тариа хийгээд Гэмтэл яв гэж зөвлөсөн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст очоод өргөдөл, гомдол гаргасан. Тэгээд би шүүгдэгч Г.Энхбаатарт “би ажлаа назгайрч хаяагүй, техник эвдэрсний улмаас удсан, чи өөрөө техниктэй хүн мэднэ биз дээ” гэж хэлсэн чинь “чи ингэх ёсгүй, гэрээний дагуу хийх ёстой” гээд цагдаагийн газар муудалцаад би шүүгдэгч Г.Энхбаатарт “би ажиллаж чадахгүй, 10 нүх ухах ёстойгоос 9 нүх ухсан, 1 нүх дутуу, би чамд 1 нүхний 250.000 төгрөг өгөөд хоёулаа болъё” гэсэн чинь шүүгдэгч Г.Энхбаатар “би ч гэсэн гомдол гаргана, чи намайг зодсон” гэсэн. Тухайн үед би ахтайгаа хамт явж байсан. Манай ах нуруу, нугасны өвчтэй, нуруундаа хадаастай, аарцгандаа хадаастай, гүйж, явахад хэцүү хүн, шүүгдэгч Г.Энхбаатартай зодолдох шалтгаан байгаагүй. Шүүгдэгч Г.Энхбаатарын намайг цохидог өдөр 20 гаруй ажилчид харж байсан.” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед ажлын байр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 25-580 тоотод ах Батмагнайгийн хамтаар очсон. Ах бид хоёрыг очиход Энхбаатар гэх захирал ирчихсэн байсан бөгөөд уулзаж байгаад хамт алхаж явж байгаад миний нүүрэн хэсэгт нэг удаа тохойгоороо тохойлдсон бөгөөд би ухаан алдсан байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9 дүгээр тал/
Гэрч Л.Жавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед ажлын байр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 25-580 тоотод ирсэн. Намайг ажил дээрээ ирэхэд манай ажилчид бүгд ирсэн байсан бөгөөд барилгын суурь ухах ёстой байсан хүмүүс ирээгүй, түүнээс болж ажил зогсоод байсан. Тус хүмүүс нь үдээс хойш ирэхэд манай байгууллагын захирал хамт ирж таарсан. Манай захирал тус хүмүүст ажлаа гэрээний дагуу хийх талаар шаардахад үл ойлголцол гарч маргалдаж эхэлсэн бөгөөд манай захирал нэг залуутай нь барилцаад авсан байсан. Би очиж салгаад байж байхад цагдаа нар ирээд зодолдсон хүмүүсийг авч явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3608 дугаар “1. Б.Батжаргалын биед баруун гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тэнийлгэгч шөрмөсний гэмтэл, баруун чамархай, баруун гарын 3 дугаар хурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 20 дугаар тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа,
/хх-ийн 38 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 40 дүгээр тал/
Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ,
/хх-ийн 72 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Энхбаатар нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батжаргалын толгойн тус газар нь гараараа цохин газарт унагаж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Энхбаатарын өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Батжаргалтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хохирогч Батжаргал нь уг ажлыг хийж дуусгах байтал хугацаат ажлаас хойш 8 хоног утсаа салгаад алга болсон. Энэ нөхцөл байдлаас болоод маргаан үүсээд хохирогч Батжаргалыг цохисон нь үнэн, энэ үйлдэлдээ гэмшиж байна.” гэх,
мөн хохирогч Б.Батжаргалын өгсөн “...Тэгээд шүүгдэгч Г.Энхбаатарын хашаанд зайлуулж болохгүй айлын хашаа, амбаар, дээрээ гэрлийн утастай болохоор том экскаватор ажиллахад ажлын бүтээмж муу байсан. Тийм болохоор тодорхой хугацаанд удсан. Гэхдээ би шүүгдэгч Г.Энхбаатартай ажил гүйцэтгэх гэрээг 2 хоногийн дотор хийнэ гэж хийгээгүй. Шүүгдэгч Г.Энхбаатар, “Батжаргал аа чиний гэрээ чинь энэ байна гэрээндээ гарын үсгээ зураач ээ” гэхээр нь би зурсан. Эхлээд нэг хувийг нь надад өгөөгүй, сүүлд энэ хэрэг болсны дараа намайг гэрээгээ ав гээд өгөхөөр нь харсан чинь он сар нөхөөд бичсэн байсан. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Г.Энхбаатарын компанийн ажилчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би харилаа гэсэн чинь шүүгдэгч Г.Энхбаатарын ажилчид над дээр ирээд “Батжаргалаа эд нар ямар хогийн юм боддог нөхдүүд вэ? өмнөх экскаватор нь энэ ажлыг хаяад явсан, чамайг бас хаяаад явчих байх гээд хашааны хаалгыг 2 машин хаагаад тавьсан байна” гэж надад хэлэхээр нь би “Энэ ажлыг би хаяж явахгүй, миний экскаватор дугуйтай биш гинжтэй экскаватор, тэрийг том шалаанзаар ачна, маш их ажиллагаа шаарддаг, ямар өөдгүй бодолтой хүмүүс вэ” гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр очоогүй. Тэр цохиулдаг өдөр миний экскаватор эвдэрсэн болохоор 2 өдөр сэлбэг хайж явж байхдаа ерөнхий инженер, Г.Энхбаатарын туслах нарт 2 өдөр сэлбэг хайж байна гэж хэлсэн. Тэгээд сэлбэгээ аваад ирсэн чинь шүүгдэгч Г.Энхбаатар “чи хийсэн ажлаа хардаа” гээд алхаж байгаад гэнэдүүлээд цохьсон. Би тухайн үед 10-15 минут ухаан алдаад, сэрсэн чинь цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Эмнэлэг надад өвчин намдаах тариа хийгээд Гэмтэл яв гэж зөвлөсөн.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Г.Энхбаатарын яллагдагчаар өгсөн “...би Батжаргалтай маргалдаж байгаад түүний нүүрэн хэсэгт 1 удаа гараараа цохьсон.” гэх /хх 36/,
мөн хохирогч Б.Батжаргалын өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед ажлын байр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 25-580 тоотод ах Батмагнайгийн хамтаар очсон. Ах бид хоёрыг очиход Энхбаатар гэх захирал ирчихсэн байсан бөгөөд уулзаж байгаад хамт алхаж явж байгаад миний нүүрэн хэсэгт нэг удаа тохойгоороо тохойлдсон бөгөөд би ухаан алдсан байсан.” гэх /хх 9/,
мөн гэрч Л.Жавхлангийн өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед ажлын байр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 25-580 тоотод ирсэн. Намайг ажил дээрээ ирэхэд манай ажилчид бүгд ирсэн байсан бөгөөд барилгын суурь ухах ёстой байсан хүмүүс ирээгүй, түүнээс болж ажил зогсоод байсан. Тус хүмүүс нь үдээс хойш ирэхэд манай байгууллагын захирал хамт ирж таарсан. Манай захирал тус хүмүүст ажлаа гэрээний дагуу хийх талаар шаардахад үл ойлголцол гарч маргалдаж эхэлсэн бөгөөд манай захирал нэг залуутай нь барилцаад авсан байсан.” гэх /хх 15/ мэдүүлгүүд болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3608 дугаар дүгнэлт /хх20/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Энхбаатар нь хохирогч Б.Батжаргалыг тохирсон хугацаанд гүйцэтгэх ёстой ажлыг гүйцэтгээгүй гэсэн шалтгаанаар маргалдан, үл ойлголцсоны улмаас дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Энхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Энхбаатарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Батжаргал нь гэм хорын хохиролд эмчилгээний зардал нэхэмжилж, 149.790 төгрөгийн бичмэл баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр “гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан, нэхэмжлэх зүйл, санал, хүсэлт байхгүй.” гэсэн тул шүүгдэгч Г.Энхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Энхбаатарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч Г.Энхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Энхбаатар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Г.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Ганбатын Энхбаатарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Энхбаатарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Энхбаатар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ