| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2020/0654/Э |
| Дугаар | 715 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт М.Г-д холбогдох эрүүгийн 2006 00785 0256 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигин овогт М.Г-д, 1995 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2б хэсэг гудамж 26 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн НД95012716 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруултэнгэр 2” хотхоны автомашины зогсоолоос иргэн Ө.Тэмүүлэнгийн эзэмшлийн “Приус 30” маркийн 36-20 УБЯ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой таксинд явах зорилготой Тэмүүжин дүүтэйгээ хамт гарсан. Банкны зээлтэй, мөн хүнд өртэй байсан болохоор “Саруул Тэнгэр 2” байрны хойно зогсож байрны дундуур алхаад явж байхад үнэтэй обудтай машин зогсож байхаар нь 4 дугуйг нь тайлж байгаад байрны жижүүрт баригдсан. Жижүүр нь цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 4-5 дугаар тал/
“Дамно” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн: “Үнэлэгдэж буй эд хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр нийт 980.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх үнэлгээ,
/хх-ийн 40-41 дүгээр тал/
Хохирогч Ө.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн үед өөрийн 36-20 УБЯ дугаартай автомашиныг Баянзүрх дүүргийн 19 хороо “Саруултэнгэр-2” хотхоны 102 дугаар байрны гадаа орхиод гэртээ орсон ба өглөө 06 цаг 02 минут орчим жижүүрээс залгаад машины 4 дугуйг чинь хулгайлаад байна гэсний дагуу гарч ирэхэд 2 залуу миний машины 4 дугуйг салгаж аваад явах гэж байхад нь жижүүрүүд барьж авсан байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12-13 дугаар тал/
Гэрч Ч.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 30-ны 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 хороо “Саруултэнгэр-2” хотхоны тээврийн хэрэгслийн зогсоолын орчимд эргүүл хийгээд явж байхад 103 дугаар байрны булангийн орчимд ...20-25 орчим насны эрэгтэй зүүн гартаа дугуй барьчихсан байхаар нь “хөөе” гээд дуудтал дугуйгаа машин доогуур тавьчихсан. Яваад очтол залуугийн хажууд спорт обудтай, обудан дээрээ А1 гэсэн бичиглэлтэй 4 дугуй байсан. Тэгэхээр нь нөгөө залууг барьж аваад цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24 дүгээр тал/
Насанд хүрээгүй гэрч Ц.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өгсөн: “Нагац ах М.Г намайг таксинд хамт явъя гээд 64-43 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулгаад явсан. ...“Саруултэнгэр-2” хотхоны арын зогсоол дээр ирээд машины дугуй хулгайлах гэж байгаа талаараа надад хэлсэн. Тэгэхээр нь “би хулгай хийж болохгүй” гэж хэлэхэд ах миний үгэнд ороогүй, бид хоёр маргалдаж байгаад би ахын машинд ороод суусан. Ах дугуйны торцов, данхраадаа... аваад “Саруултэнгэр 2” хотхон руу орсон. Ах гарч ирэхгүй байхаар нь би “Саруултэнгэр” хотхон руу ороход манай ах цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлж байсан ба цаанаас шаргал өнгийн хувцастай эрэгтэй хүн ирээд бид хоёрыг барьж аваад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21-22 дугаар тал/
М.Гын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Баярсайхан гэдэг хүн надруу залгаад 830.000 төгрөгөө авмаар байна гэсэн. Надад тухайн үед өгөх мөнгө байхгүй байсан. Фэйсбүүк дээр Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн обуд 900.000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгэхээр нь үнэтэй обуд хулгайлаад заръя гэж бодоод Баянзүрх дүүргийн Сансар худалдааны төв, КТМС-ийн ойр орчмын гэрэлтүүлэг муутай харанхуй байрнуудаар явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруултэнгэр-2 хотхоны арын шороон зогсоол дээр очсон. Тэгээд дүү Тэмүүжиндээ машины дугуй хулгайлах гэж байгаагаа хэлтэл манай дүү “хулгай хийж болохгүй” гэж хэлсэн, би маргалдаж байгаад явсан. Дүү уурлаад машиндаа ороод суучихсан. Тээврийн хэрэгслийн дундуур явж байтал цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн обуд нилээд гялтганасан, үнэд хүрэх юм шиг санагдсан. 4 дугуйг тайлж байтал байрны дундаас нэг залуу гарч ирээд намайг барьж аваад цагдаа дуудаад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 65-66 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 46 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 45 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруултэнгэр 2” хотхоны автомашины зогсоолоос иргэн Ө.Тэмүүлэнгийн эзэмшлийн “Приус 30” маркийн 36-20 УБЯ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 980.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой таксинд явах зорилготой Тэмүүжин дүүтэйгээ хамт гарсан. Банкны зээлтэй, мөн хүнд өртэй байсан болохоор “Саруул Тэнгэр 2” байрны хойно зогсож байрны дундуур алхаад явж байхад үнэтэй обудтай машин зогсож байхаар нь 4 дугуйг нь тайлж байгаад байрны жижүүрт баригдсан. Жижүүр нь цагдаа дуудсан.” гэх,
Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Тэмүүлэнгийн өгсөн “Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн үед өөрийн 36-20 УБЯ улсын дугаартай автомашиныг Баянзүрх дүүргийн 19 хороо “Саруултэнгэр-2” хотхоны 102 дугаар байрны гадна орхиод гэртээ орсон ба өглөө 06 цаг 02 минут орчим жижүүрээс залгаад машины 4 дугуйг чинь хулгайлаад байна гэсний дагуу гарч ирэхэд 2 залуу миний машины 4 дугуйг салгаж аваад явах гэж байхад нь жижүүрүүд барьж авсан байна.” гэх /хх12-13/,
Мөн гэрч Ч.Баасанжавын өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 30-ны 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 хороо “Саруултэнгэр-2” хотхоны тээврийн хэрэгслийн зогсоолын орчимд эргүүл хийгээд явж байхад 103 дугаар байрны булангийн орчимд ...20-25 орчим насны эрэгтэй зүүн гартаа дугуй барьчихсан байхаар нь “хөөе” гээд дуудтал дугуйгаа машин доогуур тавьчихсан. Яваад очтол залуугийн хажууд спорт обудтай, обудан дээрээ А1 гэсэн бичиглэлтэй 4 дугуй байсан. Тэгэхээр нь нөгөө залууг барьж аваад цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн.” гэх /хх23-24/,
Мөн насанд хүрээгүй гэрч Ц.Тэмүүжингийн өгсөн “Нагац ах М.Г намайг таксинд хамт явъя гээд 64-43 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулгаад явсан. ...“Саруултэнгэр-2” хотхоны арын зогсоол дээр ирээд машины дугуй хулгайлах гэж байгаа талаараа надад хэлсэн. Тэгэхээр нь “би хулгай хийж болохгүй” гэж хэлэхэд ах миний үгэнд ороогүй, бид хоёр маргалдаж байгаад би ахын машинд ороод суусан. Ах дугуйны торцов, данхраадаа... аваад “Саруултэнгэр 2” хотхон руу орсон. Ах гарч ирэхгүй байхаар нь би “Саруултэнгэр” хотхон руу ороход манай ах цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлж байсан ба цаанаас шаргал өнгийн хувцастай эрэгтэй хүн ирээд бид хоёрыг барьж аваад цагдаа дуудсан.” гэх /хх21-22/,
Мөн М.Гын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Баярсайхан гэдэг хүн надруу залгаад 830.000 төгрөгөө авмаар байна гэсэн. Надад тухайн үед өгөх мөнгө байхгүй байсан. Фэйсбүүк дээр Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн обуд 900.000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгэхээр нь үнэтэй обуд хулгайлаад заръя гэж бодоод Баянзүрх дүүргийн Сансар худалдааны төв, КТМС-ийн ойр орчмын гэрэлтүүлэг муутай харанхуй байрнуудаар явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруултэнгэр-2 хотхоны арын шороон зогсоол дээр очсон. Тэгээд дүү Тэмүүжиндээ машины дугуй хулгайлах гэж байгаагаа хэлтэл манай дүү “хулгай хийж болохгүй” гэж хэлсэн, би маргалдаж байгаад явсан. Дүү уурлаад машиндаа ороод суучихсан. Тээврийн хэрэгслийн дундуур явж байтал цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн обуд нилээд гялтганасан, үнэд хүрэх юм шиг санагдсан. 4 дугуйг тайлж байтал байрны дундаас нэг залуу гарч ирээд намайг барьж аваад цагдаа дуудаад хүлээлгэж өгсөн.” гэх /хх65-66/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээ /хх 40-41/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-8/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Гыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ө.Тэмүүлэн нь мөрдөн шалгах ажиллагаанд 4 дугуйг биет байдлаар нь буцаан авсан байна /хх-8/. Мөн хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо тухайн үед биет байдлаар 4 дугуйг буцаан авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэж тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Год эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-т зааснаар М.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 240 нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт М.Г-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Год 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар М.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ