| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/0258/И |
| Дугаар | 130/ШШ2016/00776 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2016/00776
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Д сумын 1 дүгээр багт оршин суух,Ж овогт Хын Мий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Д сумын 1 дүгээр багт оршин суух,Ж овогт Аын Ад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч А.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн эдэлбэр буюу бэлчээрийн газарт А.Аын барьсан өвөлжөөг албадан нүүлгэж өгөхийг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.М би тус Д сумын 1 дүгээр багийн "Х" гэдэг газрын "Н"-ын энгэрт 1996 оны 8 дугаар сард малын өвөлжөөний саравч хашаа болон гэр бүлийн хэрэгцээнд зориулагдсан өвөлжөөг барьж тэнд эхнэр 4 хүүхдүүдийн хамт мал маллаж, үл хөдлөх хөрөнгө эзэмшин амьдарч байгаа билээ. Анх 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар захирамжаар тус сумын Засаг дарга У.Б нь энэ газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх эрхийн акт гаргасан бөгөөд, 2008 оны 02 дугаар сарын 26-нд сумын Засаг дарга М.С нь №21 тоот захирамжаар мөн энэ газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшихийг баталгаажуулж, газар эзэмших ************ дугаарын (************) гэрчилгээ олгосон. Гэтэл аймгийн Засаг дарга Х.Д нь уг 21 дугаарын захирамжийн 2 дахь заалтад Бэлчээрийн зааг нь М.Тий улаан давааны доод талын чулуу буулгасан, Хусман талыг, Цагаан давааны доод талын машин замын дээд тал Тий доод зааг нь Саясийн хар үзүүр хүртэл гэж тогтоосугай, гэж бичсэнийг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 6 дугаар зүйлийн 6.2.1-д ...бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэснийг зөрчсөн байна гэж 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/68 дугаар захирамжаар хүчингүй болгосон юм. Аймгийн Засаг даргын энэхүү А/68 дугаарын захирамжид заасан зөрчлийг зөв залруулан засаж тус Д сумын Засаг дарга А.А нь 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр А/22 дугаарын захирамжаар миний одоо амьдарч, эзэмшиж буй Х Нан дахь өвөлжөөг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь хэсэгт заасныг үндэслэж эрхийн акт гарган өгч улмаар сумын газрын даамал энэ захирамжийг баримтлан ************ дугаартай 0,7 га газрыг 15 жил эзэмших эрхийн №*********** бүртгэлтэй газрын гэрчилгээ олгосон. Одоо би энэ гэрчилгээний дагуу 07 га газар эзэмшиж тус өвөлжөөнд амьдрах бүрэн эрхтэй болсон бөгөөд үндсэндээ энэ газарт 20 жил мал маллан оршин сууж байгаа юм. Бидний олон жил мал бэлчээж байсан, малаа хариулж ирсэн малын бэлчээр бөгөөд малчид, иргэд бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа тус хужирлант гэх газарт бидний гэрээс 400-500 метрийн зайтай газарт Аын А нь өвөлжөөний хашаа байшин барьж Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2-т заасан болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөд байна. Би сумын Засаг дарга болон Газрын даамал зэрэг холбогдох хүмүүст хандаж гомдол гаргахад тэдгээр албан тушаалтан нар Газрын хэмжилт хийж Аын болон түүний хүү А нарын үйлдлийг хууль зөрчсөн байна гэж үзэж өвөлжөөг бэлчээрээс зайлуулах тухай тэдэнд шаардсан хэдий ч тэд хүлээж аваагүй юм. Ингээд Засаг дарга А.А нь бидэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж нийтийн эдэлбэр буюу бэлчээрийг чөлөөлүүлэх, А.Аын өвөлжөөг албадан нүүлгэх гомдлоо гарга гэж зөвлөснөөр тус шүүхэд хандаж байна. Малчид бид хэдэн малынхаа буянаар бэлчээр газрыг бараадаж малаа хариулж ашиг, шимийг нь хүртэж амьдардаг бөгөөд зарим иргэд бусдын амьдрах эх сурвалж болсон бэлчээрийг зүй зохисгүй ашиглан, улмаар А.А нь бэлчээр, нийтийн эзэмшил газарт дур мэдэн өвөлжөө барьж малчид бидний амьдрах, малыг бэлчээх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нийтийн эдэлбэр эзэмшил газар болох бэлчээрт өвөлжөөгөө барьсан А.Аын өвөлжөөг албадан нүүлгэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус аймгийн Д сумын иргэн А.А миний бие Д сумын иргэн Х.Мий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
1.Иргэн Х.М нэхэмжлэлдээ Д сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хужирлаг нэртэй газарт миний барьсан хашаа байшинг албадан нүүлгэж өгөх талаар хүсэлт гаргажээ. Миний бие А.А уг газарт дураараа очиж хашаа байшин бариагүй ************ нэгж талбарт бүртгэгдсэн ************* дугаартай газар эзэмших эрхийн хууль ёсны гэрчилгээтэй тул өөрийн эзэмшлийн газартаа хашаа татсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Монгол улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д "Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна", 27.4-д "хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", 52 дугаар зүйлийн 52.7-д "өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно" гэж заасны дагуу би хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй уг газрыг эзэмшиж байгаа болно.
2. Иргэн Х.Мд газар эзэмшүүлсэн Д сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 дүгээр захирамжаар бэлчээрийн хил заагийг тогтоосон нь Монгол улсын Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д "бэлчээр, бэлчээр дэх уст цэг, бүхий газрыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана", мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т "...тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ ..." гэснийг зөрчсөн байх тул уг захирамжийг аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/68 дугаар захирамжаар хүчингүй болгосноор иргэн Х.Мий газар эзэмших эрх нь хүчингүй болсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би тус шүүхээс очиж үзлэг хийсэн газарт 1995 оны 08 дугаар сард өвөлжөө барьсан. Урьд нь өвөлжөө байхгүй байсан тул сумын Засаг даргад хандсан. Сумын Засаг даргаас та өөрөө газраа сонгож аваад өвөлжөө барьж болно гэж хэлсэн. Үүний дагуу би хөрш айлуудтай тохиролцож, ойлголцож багийн нийтийн хурал хийсэн. Уг хурлын шийдвэрийг Засаг даргад танилцуулж зөвшөөрөл авч өвөлжөө барьсан. Уг хуралд Аын аав нь М гэх хүн бас байсан. Үүнээс хойш 20 жил болсон. Гэтэл энэ хүмүүс миний эзэмшил газарт ирж өвөлжөө барина гэснээр маргаан гараад эхэлсэн. Уг 20 жилийн хугацаанд хэн нэгэнтэй маргалдаад бэлчээрийн газарт маргаж байгаагүй. Үүнийг нэхэмжлэгч нар сайн мэдэж байгаа. Өвөлжөө барьсан бүх зардлаа би өөрөө гаргасан. Тухайн үед надад өвөлжөө барих ажилд тусалсан 10 хэдэн хүний тодорхойлолт одоо надад байна. Тухайн үеийн Газрын тухай хуульд зааснаар холбогдох газарт би өргөдлөө гаргаснаар эрх бүхий албан тушаалтнууд зөвшөөрөл өгч бичиг баримт олгосон. 2007 оны 12 дугаар сарын 08-ний өдөр сумын төвөөс комисс ирж бэлчээрийн газрыг тогтоож өгсөн. Малчин хүмүүсийн дунд ихэвчлэн бэлчээрийн газраас болж маргаан гардаг. Холбогдох эрх бүхий этгээд бэлчээрийн газрыг тогтоож өгсний дагуу хүмүүс өөр өөрсдийн газарт малаа бэлчээдэг. Надад эзэмшүүлж, тогтоож өгсний үндсэн дагуу би уг бэлчээрийн газрыг өөрийнхөө бэлчээрийн газар гэж бодож явж байгаа. Өөрөөр хэлбэл төрөөс надад эзэмшүүлсэн газар гэж бодож байгаа. Хариуцагч А.Ад 2015 оны гэрчилгээ байгаа юм байна. Уг гэрчилгээг үндэслээд бидний хажууд нүүж ирсэн тул тэрнээс хойш маргалдаж байгаа. Тэгээд тэр захирамжийг хаанаас авсан гэдгийг шалгаж үзэхэд уг захирамжаар өөр газарт өвөлжөө барихаар зөвшөөрөл олгосон байна. Уг захирамжийг буруу ашигласан тул хүчингүй болсон. Сумын Засаг даргаас маргаан бүхий газарт энэ хүмүүст өвөлжөө барих зөвшөөрөл өгөөгүй. Малчин хүмүүс яагаад хамт хөрш суугаад эвтэй найртай сууж болохгүй байгаа вэ гэж та бүхэн бодож байж магадгүй. Бид нар одоо тэгж эвтэй, найртай хөрш суух ямар ч боломжгүй болсон. Өдөр болгон хэрүүл маргаан гардаг болсон. Хэрэв ийм байдА үргэлжлээд байвал үүнээс ч том асуудал гарах шинжтэй. Газар эзэмшүүлэх захирамж, газар эзэмших гэрчилгээг үндэслэж энэ хүмүүсийг албадан нүүлгэж өг гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.А хэнээс яаж газар эзэмших эрх авсан болоод тухайн маргаан бүхий газарт өвөлжөө барих эрхтэй болохыг ойлгохгүй байна. Газар өвөөгийн газар байсан гэж байгаа. Хэрвээ өвөөгийнхөн газар байсан бол үүнийг одоо өөрсдөө нотлох байх. А.Аын өвөө нь 20 жилийн хугацаанд надтай ямар ч хэрүүл маргаан хийгээгүй байхад энэ хүмүүс өнөөдөр ингэж маргалдах эрхтэй юм бэ? 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сумаас комисс ирэхэд А өөрөө байсан. Тэр үед энэ хүмүүс энэ газар бол бидний газар гэсэн ямар нэгэн хэрүүл маргаан гаргаагүй. Маргаан юунаас гарсан бэ гэхэд А, А нар нь нүүж ирээд өвөлжөө барьснаас гарсан. Ескендир бид хоёр бэлчээрийн газрыг яаж ашиглахаа өөрсдөө мэднэ. Нэхэмжлэгч А.А нарт дураараа нүүж ирээд хэн нэгнийг хүчлэх ямар эрхтэй вэ гэх үүднээс би шүүхэд хандсан. Бид хөдөө малчин бөгөөд ойр хавьд айлууд байдаг. Үүнийг шүүхээс үзлэг хийхээр очсон хүмүүс харсан байх, зураг нь ч ирсэн байх. Тогтоож хуваарилж өгсөн өөр өөрсдийн эзэмшил газарт өвөлжөөгөө барьж амьдарч байна. Нутгийн иргэд хууль ёсоор эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээний дагуу л хашаа хороогоо барьж захирагдаж байна. Шүүхээс түрүүн эвлэрэх санал байна уу гэж тодруулж байна. Бид нарын зүгээс эвлэрэх хугацаа аль хэдийн өнгөрсөн гэж бодож байна. 2015 оны 11 дүгээр сарын 10 өдөр Аын гэрт багийн нийтийн хурал хийж материА танилцаад, тухайн газраас А.Аыг нүүлгэх талаар сумын Засаг дарга захирамж гаргасан. Захирамж гарсны дараа шаардах хуудас ирсэн бөгөөд энэ үед эдгээр хүмүүс өвлийн сар сууж байгаад тэгээд та нарын нүү гэсэн газарт чинь нүүе гэж хэлсэн. Тэрний дараа надад ирээд чи битгий шаардаад байгаарай мал төллөх үед буюу 2 сар гаргаад нүүе, өвөл хүйтэний үед хэцүү гэхээр нь би за тэгвэл хэлсэн зүйлээ биелүүлэх юм бол тэгээрэй гэж хэлсэн. Тэгээд дээшээ доошоо өргөдөл гаргасаар байгаад өнөөдөр ийм байдалд хүрсэн. Эв найртай хамт хөрш сууж амьдрах ямар ч боломжгүй болсон, өдөр болгон хэрүүл, маргаан гардаг. Эдгээр хүмүүс асуудлыг дандаа хүчээр шийдэх гэж оролдоно. Би хэдэн хүүхдүүдтэй. Тэр хүүхдүүддээ та нар болиорой шүүх өөрөө асуудлыг шийднэ гэж болиулж байна. Энэ хүмүүсийн зарим үйлдлийг харахад хүн амьний гэмт хэрэг гарах хэмжээнд хүрлээ. Радиогоор Сьезд гэх хүн Улаанхус суманд хоёр хүн газрын маргааны улмаас нэг нэгийгээ алсан харамсА хэрэг гарсан талаар ярьж байсныг сонссон. Өөрөөр хэлбэл хөдөө малчин хүмүүс газрын маргааныг хүчээр битгий шийдээрэй, хуулийн дагуу шийдвэрлүүлээрэй гэж урьдчилан сэрэмжлүүлж байсан. Үүнийг бол зөв гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.А ямар ч зөвшөөрөлгүй, хууль бус нүүж ирээд өвөлжөө барьсан тул эдгээр хүмүүсийг албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгч би газар эзэмших гэрчилгээтэй гэж байна. Гэхдээ уг гэрчилгээг яаж авсан, яагаад хүчингүй болгосон талаар сумын засаг дарга тодорхой хэлж өгсөн байна. Түрүүн хэдэн хүний тодорхойлолтыг гаргаж өгч байна, ийм нотлох баримтууд надад бас байгаа. Үнэн юм үнэнээрээ байх ёстой. А.А гэрчилгээг сумын Засаг даргаас авсан, гэхдээ өөр газрыг үзүүлээд гэрчилгээ авсан. Уг гэрчилгээг буруу ашиглаад миний эзэмшил газарт ирээд байшин барьсан тул маргаан гарсан. Суманд эхлээд Засаг даргын захирамж гардаг, дараа нь газар эзэмшүүлж, үүний үндсэн дээр газрын гэрчилгээ олгодог. Гэрчилгээ олгосноор малчинтай гэрээ байгуулдаг хуультай. Энэ 3 баримт нийлж байж хүчинтэй болдог бөгөөд надад энэ 3 баримт байгаа, харин хариуцагч нарт байхгүй. Миний эзэмшсэн газар Газрын тухай хуульд нийцэж байна. Хариуцагч нар заль хэрэглэж захирамж авсан тул эдгээр хүмүүсийг албадан нүүлгэж өгөх талаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч А.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч бид нарыг 2007 онд захирамж гаргаж авсан гэж байна. Захирамж гаргаж авсан нь үнэн. Гэхдээ тухайн үед миний өвөөд маань 800000 төгрөгөөр зараад энэ хүмүүс нүүгээд явсан байсан. Уг газар нь дээр үеэс манай өвөө өөрөө эзэмшиж малаа бэлчээж байсан байна. Манай өвөөгөөс асууж аваад түр оршин суудаг байсан. 2008 онд бид өөр газарт нүүхээр болсон гээд хашаа хороогоо манай өвөөд зараад явсан байна. Тэгээд би 2014 онд гэр бүл болоод тусдаа гаргахад өвөө маань та нар энэ газарт суугаарай гээд гэрчилгээ авч надад өгсөн. Тухайн жил өвөө маань нас барснаас хойш нэхэмжлэгч Х.М ирээд намайг өвөлжөө барьсан байхад маргаж эхэлсэн. Тэрнээс хойш байнга бид нарт хүч хэрэглэдэг, хүүхдүүд нь манай аавыг зоддог. Энэ хүмүүс сумын цагдаа нарыг дагуулж манай аавд ирээд хүч хэрэглээд гарыг нь гавлаж байгаад уг гэрчилгээг хурааж аваад явсан байна. Тэрнээс хойш дандаа ийм хэрүүл маргаантай байгаа. Нэхэмжлэгч Х.М нь өөрөө тусдаа бэлчээрийн газартай, өвөлжөөтэй. Бид нарын жоохон газарт яагаад булаацалдаад байдаг юм бэ. Бид нарыг ядуу хүн гээд хүч хэрэглэж байгаа юм уу ойлгохгүй байна. Би саяхан гэр бүл болсон, залуу гэр бүл байгаа. Х.М нь өөрөө тусдаа бэлчээрийн газартай, өвөлжөөтэй мөртлөө бид нарын газарт булаацалдаж байгааг ойлгохгүй байна. Шүүхээс асуудлыг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч А.Ад холбогдуулан нийтийн эдэлбэрийн буюу бэлчээрийн газарт А.Аын барьсан өвөлжөөг албадан нүүлгэхийг хүссэн байна.
Нэхэмжлэгч Х.Мд Баян-Өлгий аймгийн Д сумын 1 дүгээр багийн нутаг Х Нан-д өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/68 дугаартай захирамжаар хүчингүй болгосноор Д сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/22 дугаар захирамжаар Х.Мд урьд нь эзэмшиж байсан Х Нанд 700 м2газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн ба уг захирамжийг үндэслэж тус сумын газрын даамал 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр *********** дугаартай Баян-Өлгий аймгийн Д сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/22 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ************ дугаар бүхий 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай 1 дүгээр багийн нутаг Х Нан-д өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдөр Х.М нь тус сумын газрын даамАИргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Одоо би энэ гэрчилгээний дагуу 07 га газар эзэмшиж тус өвөлжөөнд амьдрах бүрэн эрхтэй болсон бөгөөд үндсэндээ энэ газарт 20 жил мал маллан оршин сууж байгаа юм. Бидний олон жил мал бэлчээж байсан, малаа хариулж ирсэн малын бэлчээр бөгөөд малчид, иргэд бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа тус хужирлант гэх газарт бидний гэрээс 400-500 метрийн зайтай газарт Аын А нь өвөлжөөний хашаа байшин барьж,Газрын тухай хуулийг зөрчөөд байна, мөн нэхэмжлэгч Х.М нь Засаг дарга А.А нь бидэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж нийтийн эдэлбэр буюу бэлчээрийг чөлөөлүүлэх, А.Аын өвөлжөөг албадан нүүлгэх гомдлоо гаргахыг зөвлөснөөр би шүүхэд хандаж байгаа, ...хууль тогтоомжийг үндэслэн нийтийн эдэлбэр эзэмшил газар болох бэлчээрт өвөлжөөгөө барьсан А.Аын өвөлжөөг албадан нүүлгэж өгөхийг хүсье гэх боловч Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ... хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж тус тус заасан байна.
2. Хариуцагч А.А нь Баян-Өлгий аймгийн Д сумын 1 дүгээр багийн нутаг Хужирлаг-т өвөлжөөний зориулалтаар газар эзэмшдэг болох нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон ************* дугаартай Баян-Өлгий аймгийн Д сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ************ дугаар бүхий 1000 м2 газрыг 30 жилийн хугацаатай 1 дүгээр багийн Хужирлаг-т өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэвгэх Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-гээр тогтоогдож байна.
Уг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай Гэрчилгээ шинэчлэх, гэрээ байгуулах тухай захирамж хавтаст хэрэгт авагдсан бөгөөд Д сумын 1 дүгээр багийн Засаг дарга Ш.М Д сумын 1 дүгээр багийн иргэн А овогтой А нь Хужирлаг гэдэг газарт байгаа өвөлжөөг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон №************* дугаар гэрчилгээтэй. Д сумын 1 дүгээр багт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт гаргажээ.
Дээрх нотлох баримтаас үзэхэд тус сумын 1 дүгээр багийн нутагт нэхэмжлэгч Х.М нь Х Нан-д, хариуцагч А.А нь Хужирлаг-т тус тус өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй ба уг Х Нан, Хужирлаг-т гэх газрууд нь нэг газар болох нь зохигч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн Д сумын газрын даамлыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлгээр, маргаан бүхий газарт очиж үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургаар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.М нь тус шүүхэд нийтийн эдэлбэр буюу бэлчээрийн газарт А.Аын барьсан өвөлжөөг албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Х.Мд газар эзэмших гэрчилгээгээр олгосон 700 м2 газрыг эзэмшдэг ба уг эзэмшиж байгаа газарт Х.Мий өвлийн сууц, малын хашаа хороо нь байрласан байна.
Харин хариуцагч А.Аын барьсан гэх хашаа хороо нь нэхэмжлэгч Х.Мд эзэмшүүлсэн газраас 569 метрийн зайтай газарт байрлаж байгаа нь маргаан бүхий газарт газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч А.Аын өвөлжөөний хашаа хороо барьсан газар нь нийтийн эдэлбэр буюу бэлчээрийн газар гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагч нарын тайлбараар бүрэн нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байхад Д сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/22 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж нь үндэслэлгүй гарсан байна.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна гэж тодорхой заасан байх ба үүний дагуу иргэн Х.Мд 700 м2 газрыг эзэмшүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, 29.4-т Иргэнд энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнд багтаан эзэмшүүлэх газрын дээд хэмжээ, байршлыг хүн амын нягтрал, газрын нөөцийг харгалзан тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно гэж тус тус заасан байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ", мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно", мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т "...Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. ..." гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч А.Аын өвөлжөөний газар нь нийтийн эдэлбэр бэлчээрийн газар байсан бол түүнд ************* дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байх байсан ба уг газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Д сумын Засаг даргын А/68 дугаартай захирамжаар хүчингүйд тооцсон байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Д сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/67 дугаартай Газрыг албадан чөлөөлөх тухай захирамжийн 1 дэх заалтаар ...иргэн М.А, А.А нарын газрыг албадан чөлөөлж, газарт учруулсан хохирлыг тэднээр нөхөн төлүүлэх-ээр дурдсан ба уг захирамжийн 2 дахь заалтаар ...газрыг албадан чөлөөлөх ажлыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөрт багтаан гүйцэтгэж дүнг мэдэгдэхийг Цагдаагийн төлөөлөгч Х.Д, Газрын даамал Б.Б, 1 дүгээр багийн Засаг дарга Ш.М нарт үүрэг болгосон боловч энэ нь захирамж нь одоог хүртэл биелэгдээгүй байна.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Багийн Засаг дарга К.Х гэх тодорхойлолтыг, мөн хариуцагч А.Аын гаргаж өгсөн С.Б, Х.М, О.М, багийн Засаг дарга Ш.М нарын тодорхойлолтыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Х.Х, Д.Е, Р.Х, А.Х нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эх сурвалжийг зааж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Мий газар эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х.Мий нийтийн эдэлбэр буюу бэлчээрийн газарт А.Аын барьсан өвөлжөөг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Мий нийтийн эдэлбэр буюу бэлчээрийн газарт А.Аын барьсан өвөлжөөг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН