Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 778

 

 

 

 

 

 

 

   2020          4           29                                         778

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Г.М-т холбогдох эрүүгийн 1906 05924 0509 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол овогт Г.М, 1995 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Ачит сүлд” ХХК-д сантехникчээр ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 85а байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн ЙС95042315 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.М нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санто” хорооллын барилгын хашаанаас 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 62-36 УАА улсын дугаартай автомашиныг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мөнхбаяыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Өлзийдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэрэг явдал болсон өдөр 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өглөөний 10-аас 11 цагийн орчимд манай засвар хийж байсан барилгын хашаанаас Мөнхбаяр унаж явсныг засвар хийж байсан компанийн захирал болох Батсуурь нь тухайн үед харсан байсан.” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 9-10 дугаар тал/

 

“Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 14847058 дугаар авто машины техникийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 21 дүгээр тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 45 дугаар тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 46-47 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Г.М нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санто” хорооллын барилгын хашаанаас 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 62-36 УАА улсын дугаартай автомашиныг хулгайлж, “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн байцаалтанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх,

Хохирогч Д.Өлзийдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн “...Хэрэг явдал болсон өдөр 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өглөөний 10-аас 11 цагийн орчимд манай засвар хийж байсан барилгын хашаанаас Мөнхбаяр унаж явсныг засвар хийж байсан компанийн захирал болох Батсуурь нь тухайн үед харсан байсан.” гэх, /хх 9-10/,

Гэрч Б.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 11 цагийн орчимд Г.М нь надад хандаж “би ажлын өрөөнд орж ажлын хувцасаа өмсчихөөд ирье” гэж хэлээд надаас ажлын өрөөний түлхүүр авсан юм. ...би хоол идэх үедээ барилгын гадна байрлах зогсоолд байрлуулсан 62-36 УАА улсын дугаартай “Хонда инсайт” загварын автомашиныг анзаарч харж байсан ба ариун цэврийн өрөө орчихоод буцаад ирэхэд автомашин алга болсон байсан.” гэх /хх 18/ мэдүүлгүүд,

“Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 14847058 дугаар авто машины техникийн үнэлгээний тайлан, /хх 21/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Мыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Өлзийдэлгэр нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролд 658.800 төгрөгийг авсан нь /хх 61/ тогтоогдож байна. Мөн хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, үнэлгээгээр гарсан 658.800 төгрөгийг бэлнээр авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэж тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-т зааснаар Г.М нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 320 нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг шүүгдэгч Г.М нь биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Г.М-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Г.М нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг шүүгдэгч Г.М нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ