Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 03

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Манал-Овоот ХХК-д холбогдох “хугацаандаа төлөөгүй татварын өр 2.493.744 / хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга долоон зуун дөчин дөрөв / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 3674118 тоот регистрийн дугаартай “Манал-Овоот” ХХК нь 2008.02.01-ний өдөр татвар төлөгчөөр бүртгүүлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт барилгыг дуусгах шатны ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016.11.11-ний байдлаар үл хөдлөх хөрөнгийн албан татварт 800.000 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татвар 1.449.010,2 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 244.733,8 төгрөг, нийт 2.493.744 төгрөгийн урьд оны өртэй байна. Иймд Манал-Овоот ХХК-ны хугацаандаа төлөөгүй татварын өр 2.493.744 / хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга долоон зуун дөчин дөрөв / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Манал-Овоот ХХК-ныг төлөөлж тус компаны захирал Б.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Татварын хэлтсийн нэхэмжилсэн үл хөдлөх хөрөнгийн албан татварт 800.000 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татвар 1.449.010,2 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 244.733,8 төгрөг, нийт 2.493.744 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Манал-Овоот ХХК-аас “хугацаандаа төлөөгүй татварын өр 2.493.744 / хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга долоон зуун дөчин дөрөв / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Манал-Овоот ХХК-г төлөөлж захирал Б.Мөнхбат нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамж 54.850 төгрөгийн 50 хувь болох 27.425 төгрөгийг хариуцагч Манал-Овоот ХХК-аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн “хугацаандаа төлөөгүй татварын өр 2.493.744 / хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга долоон зуун дөчин дөрөв / төгрөгийг хариуцагч Манал-Овоот ХХК / захирал Б.Мөнхбат / төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 54.850 төгрөгийн 50 хувь болох 27.425 төгрөгийг хариуцагч Манал-Овоот ХХК-аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Ш.ОЮУНГЭРЭЛ