Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 954

 

 

 

 

 

 

  2020         05         22                                       2020/ШЦТ/954

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Хохирогч С.Энхтайван, түүний өмгөөлөгч Ч.Ганбат /ҮД:1327/,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох 2006 01640 0850 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1970 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Гарааны уужим булган” ХХК-й захирал ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 38 дугаар байрны 314 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ч овогт Дын Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 38 дугаар байрны 314 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Энхтайваны нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Энхтайваны өгсөн: “Б надаас “танайд орох уу” гэж асуухаар нь “манай хүүхдүүд байгаа” гэж хэлсэн. Би тэрийг мэдүүлэгтээ хэлээгүй байгаа. Дараа нь “чи тэгвэл манайд ороод ирээч” гэсэн. Би хүүхдүүдтэйгээ Налайх дүүрэг рүү явах ажилтай байсан. Манай 2-3 хүүхэд ирэх гэж байсан. Дуудаад байхаар нь “би юу ч болсон цаг гаргая” гээд орсон. Урьд нь ч гэсэн шөнө 1-2 цагийн үед залгадаг байсан. Утас шалгаж үзвэл зөндөө юм байгаа. Дандаа л дохиж барьдаг байсан. Би хүргэнийхээ 1 нас хүрэх гэж байгаа хүүхдийг хардаг учраас өдөр яваад, орой ирж ядран унтаад өгдөг. Уулзаж чадахгүй явсаар байгаад “ерөөсөө нэг уулзаж учраа олъё” гэж бодоод дуудахаар нь орсон. Гадаа сүү өргөөд зогсож байхад утас дуугараад “чи хаана байна” гэхээр нь “би гадаа сүү өргөж байна” гэсэн чинь “чи манай гэрт ороод ир” гэхээр нь “за тэгье тэгье, би ямар ч байсан орно” гэхэд “чи боломж байвал архи аваад ирээч” гэсэн тэгэхээр нь “надад мөнгө төгрөг тааруу байна, пивоны мөнгө байна” гэж хэлсэн. Янз бүрийн үед утасдаад байх юм, учрыг нь олъё гээд орсон. Айлд яаж хоосон орох юм гээд 2 шил Сэнгүр авч орсон. Тэгсэн “мөнгийг чинь өгье” гэхээр нь “мөнгө төгрөг өгөөд яах юм, 2 пивоны мөнгө байгаа байлгүй” гэж хэлээд 2 шил Сэнгүр авч орсон. Орсон чинь цай хийж өгсөн. Б өөрөө 5 литрийн пиво уугаад тэрнийх нь сав нь байж байсан. Бид хоёр 2 шил Сэнгүрээ задлаад ууж байсан чинь Б нилээн үнэтэй маягийн гадаад архи гаргаж ирэхээр нь “өө яах юм, хоёулаа пивоо уучихаад ярилцаж байгаад гаръя” гэж хэлсэн чинь “уучих уучих” гээд 2 мөнгөн аяга тавиад хоёулаа архиа хийсэн. Би хүргэн, хүүхдүүдтэйгээ явах гэж байсан учраас учиргүй архи амсахад дургүй байдаг. Би мөнгөн аягаар 3 уусан. Б үлдсэнийг нь уусан. Манай хүү, бэр хоёр зах явчихсан байсан учраас дуудах байх гээд утсаа чагнаад байж байсан. Нөгөө архиа уугаад бараг дууссан байх нилээн больчихсон байсан. Гарахын даваан дээр эмэгтэй хүн утасдаад байсан. “Эмэгтэй хүн утасдаад байна, утсаа аваач” гээд хүчээр авахуулсан. “Тэнд явж байна, энд явж байна, танайд ормоор байна” гээд байсан. “Танайд зочин ирж байгаа юм шиг байна, чи зочноо хүлээн аваачээ, найз нь явъя” гэсэн чинь явуулахгүй байсан. Намайг бодоход дээд боловсролтой, Орос улсад онц төгссөн гайгүй соёлтой хүн. Сүүлдээ намайг “зайл” гэхээр нь би гайхсан. Би шартай хүн учраас “хүнд зайл гэж хэлүүлчихээд сууж байхдаа яахав гаръя” гэж бодоод босч нэг талынхаа гуталны цахилгааныг татаж байтал шууд босож ирээд үснээс татаад цохисон. Би тэгж цохиж зодуулна гэж бодоогүй. Намайг зодоод, нэг мэдсэн би шалан дээр хэвтэж байсан. Манай нөхөр ч намайг тэгж зодож үзээгүй. Аядуу зөөлөн хүн байсан. Нас бараад 12 жил болж байгаа. “За найз минь миний буруу байлгүй дээ, надад байрны л мөнгө байгаа, илүү юм байхгүй, би чамд том шар Чингис архи аваад ирье, тэгээд хоёулаа ууя” гэсэн “үнэн үү” гэхээр нь “үнэн үнэн” гэж хэлээд гарсан. Тэгж л гарахгүй бол ямар ч ааш гаргахыг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Энхтайваны өгсөн: “... 2020 оны 03 сарын 13-ны орой 17:00 цагийн орчимд манай танил Б гэх хүн манайд ороод ирээч гэхээр нь 2 шилтэй пиво аваад гэрт нь орсон, тэрийгээ уугаад 3 цаг орчим юм ярьж суусан, эмэгтэй хүн залгаад байсан, би “хүн ирэх юм байна” гээд явах гэтэл намайг явуулахгүй хориод байсан, би гутлаа өмсөж байтал үснээс зулгааж байгаад толгой руу 2 удаа, нүд рүү 3 удаа, гэдэс рүү 2 удаа цохиж зодсон, “би чамд архи авч өгье” гэж гуйж байгаад гэрээс нь гарсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

“... Д.Б намайг явуулахгүй гэж байснаа “за, чи яв” гэхлээр нь би баярлаад үүд рүү очоод өрөөсөн гутлаа өмсөж байхад Д.Б орон дээрээ сууж байснаа гэнэт босон ирж, намайг үсдээд нөгөө гараараа миний хамар луу 3 удаа, нүд рүү 3 удаа цохьсон. Би ухаан балартаад шалан дээр унасан ба гэдэс хавьд гараараа 3-4 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Сайнбаярын өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 308 тоотод 9 дүгээр орцны 1 давхарт Б гэх айлд манай ээж С.Энхтайван орсон гэсэн. Тэгээд 16 цагийн орчимд гэрээс нь гарах гэхэд гаргахгүй гээд манай ээжийг зодсон байсан. Манай ээжийг зодохдоо үснээс нь зулгаагаад нүүр, толгой хэсэг рүү 3 удаа цохисон гэсэн. Одоо ээжийн нэг нүд нь хөхөрсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.15-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3643 дугаар:

“1.2. С.Энхтайваны биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2020.03.13-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бы яллагдагчаар өгсөн: “... Би тасарсан болохоор санахгүй байна. Гэхдээ манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй, би гэмтэл учруулсан байх. Би маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

Хохирлын баримт /шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 38 дугаар байрны 314 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Энхтайваны нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Энхтайваны өгсөн: “... 2020 оны 03 сарын 13-ны орой 17:00 цагийн орчимд манай танил Б ... намайг явуулахгүй хориод байсан, би гутлаа өмсөж байтал үснээс зулгааж байгаад толгой руу 2 удаа, нүд рүү 3 удаа, гэдэс рүү 2 удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

“... өрөөсөн гутлаа өмсөж байхад Д.Б орон дээрээ сууж байснаа гэнэт босон ирж намайг үсдээд нөгөө гараараа миний хамар луу 3 удаа, нүд рүү 3 удаа цохьсон. Би ухаан балартаад шалан дээр унасан ба гэдэс хавьд гараараа 3-4 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Сайнбаярын өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 308 тоотод 9 дүгээр орцны 1 давхарт Б гэх айлд манай ээж С.Энхтайван орсон гэсэн. Тэгээд 16 цагийн орчимд гэрээс нь гарах гэхэд гаргахгүй гээд манай ээжийг зодсон байсан. Манай ээжийг зодохдоо үснээс нь зулгаагаад нүүр, толгой хэсэг рүү 3 удаа цохисон гэсэн. Одоо ээжийн нэг нүд нь хөхөрсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.15-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3643 дугаар:

“1.2. С.Энхтайваны биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2020.03.13-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бы яллагдагчаар өгсөн: “... манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй, би гэмтэл учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Д.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч С.Энхтайваны  баримтаар нэхэмжилсэн 338.930 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн, харин цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Улмаар хохирогч С.Энхтайван нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Д.Бд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Ч овогт Дын Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Бд сануулсугай.

5. Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 340.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч С.Энхтайван нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР