Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00399

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06791 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б.Батчимэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 257 447 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Батдэлгэр, Б.Алтыннур,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Б.Алтыннур нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Мөнхдулам нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Хас” банктай 1010016276 дугаар гэрээ байгуулж, 9 500 000 төгрөгийн зээлийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эмнэлгийн эмчилгээний төлбөрийн зориулалтаар авсан. Уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Батчимэг оролцсон. Гэтэл зээлдэгч Д.Мөнхдулам нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан байх ба зээлийн барьцаанд цалин барьцаалсан. Зээлдэгч Д.Мөнхдулам, Б.Батчимэг нар нь зээлийн 1010016276 дугаар гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.Батчимэг нь 2014 оны 5 сараас 2015 оны 3 cap хүртэлх хугацаанд үндсэн зээл 2 638 888,90 төгрөг, хүүд 1 491 754,67 төгрөг нийт 4 130 643,57 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөр төлөлт хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд хамтран зээлдэгч Б.Батчимэгийг гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, өөртэй нь утсаар ярьж шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи санаачилга гаргалгүй өнөөг хүрсэн. Иймээс 1010016276 дугаар зээлийн гэрээний 4.7, 4.8, 5.1.1. 5.1.4-т заасныг үндэслэн банкны санаачилгаар түүнтэй 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр цуцалж байна. Зээлдэгч Б.Батчимэг нь зээлдэгч Д.Мөнхдуламыг нас барсан тул зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй талаар болон хүүг зогсоолгох хүсэлтийг гаргаж байгаагүй. Б.Батчимэг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ тайлбарлахгүй байх бөгөөд тэрээр хүү зогсоосонгүй гэх гомдлоо гаргаж байна гэж ойлгож байна. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч Б.Батчимэгийн 1010016276 дугаар гэрээний дагуу үндсэн зээл 6 861 111,10 төгрөг, хүү 2 234 029,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 807 төгрөг нийт 9 250 947 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Б.Батчимэгтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү   9 250 947 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6 500 төгрөг нийт 9 257 447 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Д.Мөнхдулам нь 2014 оны 5 сард “Хас” банкнаас 9 500 000 төгрөгийн цалингийн зээл авах үед би хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Ээж маань 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас гэнэт нас барсан. Миний бие Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг боловч 2014 оны 1 сараас 6 сарын чөлөө авсан, үргэлжлүүлэн жирэмсний амралтаа авсан бөгөөд одоо хүүхэд асрах чөлөөтэй, ажилдаа эргэж ороогүй байна. Ээжийгээ нас барснаас хойш тодорхой хугацаанд “Хас” банкнаас авсан зээлээ төлж байсан боловч эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй учраас зээлийг эргүүлэн төлөх боломжгүй болсон. Нэхэмжлэгч “Хас” банк нь 2015 оны 12 сараас хойш надтай огт холбоо бариагүй байж байгаад гэрээ цуцлах тухайгаа 2016 оны 11 дүгээр сард өгсөн. Үндсэн зээлдэгч Д.Мөнхдуламыг нас барсан гэдгийг тухайн үед банкинд хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд миний зүгээс зээлийн хүү зогсоолгох болон ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй. Надтай 2015 оны сүүлчээр банкнаас ярьж байсан боловч би өөрөө очиж уулзаж чадаагүй юм. Гэтэл үүнээс хойш бүтэн жилийн дараа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Үндсэн зээлдэгч нас барсан, би өөрөө тодорхой орлогогүй байгаа зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгөхийг хүсч байна. Дээрх зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 5 сараас 2015 оны 3 cap хүртэлх хугацаанд үндсэн зээл, хүүд 4 130 643,57 төгрөг төлсөн, өөр төлөлт хийж чадаагүй юм. Иймд “Хас” банкны зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрч байгаа бөгөөд уг гэрээний хамтран зээлдэгч учраас нэхэмжлэлээс үндсэн зээл 6 861 111,10 төгрөг, 2015 оны 12 дугаар cap хүртэлх хугацааны хүүд 900 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 50 000 төгрөг нийт 7 811 111,10 төгрөгийг тодорхой график гарган төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 1 446 335,90 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453
дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Батчимэгээс үндсэн зээл
6 861 111,10 төгрөг, хүү 2 234 029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 807 төгрөг нийт
9 250 947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн
шаардлагаас 6 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 162 965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хас банк" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

                   Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нийт 9 250 947 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь “Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл заалтыг тайлбарлах тухай” 53 тоот тогтоолын 2.2-т зааснаар "Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан "үндсэн хүү" гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн зүйл, заалтын "нэмэгдүүлсэн хүү" гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ. Мөн тогтоолын 2.3-т "үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэдгийг зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно” гэж тайлбарласан байна. Энэхүү зээлийн үйл ажиллагааг тухайлан зохицуулсан хуулийн хэм хэмжээг тайлбарласан дээд шүүхийн тайлбар тогтоолоос үзвэл зээлдэгч миний бие нэмэгдүүлсэн хүү гэх 155 807 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлвэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн 155 807 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шнйдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Б.Батчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9 257 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснын хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Хас банк” ХХК нь цалингийн зээлийн зориулалтаар 9 500 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Д.Мөнхдулам, Б.Батчимэг нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг 36 сарын хугацаанд, жилийн 20,4 хувийн хүүтэй төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5-9 дүгээр тал/                                         

                                                                                                           

            Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зээлдэгч Д.Мөнхдулам нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул зээлдүүлэгч “Хас банк” ХХК нь  зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Б.Батчимэгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

                        Хариуцагч Б.Батчимэг нь зээлийн гэрээний үүрэгт нийт 4 130 643 төгрөг төлсөн талаар болон 2015 оны 3 дугаар сараас зээлийн эргэн төлөлт хийгээгүй талаар зохигчид маргаагүй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үүрэг, гэрээнээс татгалзсантай  холбоотой гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

 

Талууд зээлийн гэрээний 1.1-т зээлийн хүү төлөх хуваарийг, 4.1-т нэмэгдүүлсэн хүү төлөх хуваарийг тус тус нарийвчлан тохиролцсон нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар биелүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч Б.Батчимэг нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс татгалзаж, маргасан байх боловч тэрээр татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцээгүй байх тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Батчимэгээс үндсэн зээл 6 861 111 төгрөг, хүү 2 234 029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 807  төгрөг нийт 9 250 947 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотариатын зардалд 6 500 төгрөгийн хохирол учирсан гэх шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэж энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн зохицуулалтыг орхигдуулсан, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамж хуваарилах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөв.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж  заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06791 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтын “… 453.1 …” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж,

 

2 дахь заалтын “… 57.1 …” гэсний дараа “56 дугаар зүйлийн 56.2” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                  ШҮҮГЧИД                                               А.МӨНХЗУЛ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ