| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2020/006/З |
| Дугаар | 221/МА2021/0465 |
| Огноо | 2021-09-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2021/0465
О.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.З, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч А.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу О.О-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7/, 12 дугаар зүйлийн 1/, 5/, 6, 27 дугаар зүйлийн 1/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О-ээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/751 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг эс зөвшөөрч, уг хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр давж заалдах журмаар дараахь гомдлыг гаргаж байна.
Нэг. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Анхан шатны шүүх нь шийдвэртээ “... Захиргааны байгууллага нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, албан шаардлага, танилцуулгад тусгасан зөрчлүүдийг үндэслэн О.О-ийн 5511,68 метр квадрат газрыг хүчингүй болгосон нь зөв гэж үзжээ.
Энэ зөв гэж үзсэн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5-д заасныг баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг уг маргаанд хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдээс маргаан бүхий актыг зорилгодоо нийцээгүй гэж үзээгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын зорилго О.О-ийн газар ашиглах эрхийг цуцлах зорилготой гарч уг зорилгодоо хүрсэн байгааг талууд мэдэж байгаа ба энэ талаар огт маргаагүй тул энэ маргаанд уг хуулийн заалтыг хэрэглэх шаардлага байгаагүй тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх шийдвэртээ “... маргаан бүхий актыг мэргэжлийн байгууллагын шийдвэрийг үндэслэсэн нь хуульд нийцсэн” гэх агуулгатай дүгнэлт хийсэн, мөн “... хариуцагчийн гаргасан А/158 дугаар тушаал нь Богдхан уулын Зайсангийн аманд байрлах 7 тусдаа газарт нэгэнт баригдсан барилгуудыг цаашид эзэмших, ашиглахыг нэхэмжлэгчид зөвшөөрсөн” гэж дүгнэсэн байгаа.
Дээрх хоёр дүгнэлт нь өөр хоорондоо зөрчилтэй байна.
Учир нь анхан шатны шүүхийн “нэгэнт баригдсан барилгуудыг цаашид эзэмших, ашиглахыг нэхэмжлэгчид зөвшөөрсөн” гэх дүгнэлт зөв, учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц нь уг газарт 90 хувийн гүйцэтгэлтэй 13 давхар барилга, цутгаад барьчихсан барилгын суурь, барилгын суурь цутгахаар газар шорооны ажлыг хийсэн хэсгийг сэргээсэн болно.
Учир нь эдгээр барилгын ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулагдсан бөгөөд энэхүү хөрөнгийг үргүй болгох, түүнчлэн газар ашиглах эрхийг өөрийн буруутай ажиллагааны улмаас цуцалсантай холбоотой тус яамнаас их хэмжээний нөхөн төлбөр төлөх нөхцөл үүсэх зэрэг байдлыг харгалзан үзэж барилгын ажлыг үргэлжлүүлэхээр 0,55 га газрыг сэргээсэн.
Энэ нь нэхэмжлэгч О.О-ийн хувьд нэгэнт баригдаж эхэлсэн барилгын ажлуудаа гүйцээж дуусгахыг ажил явагдаж байгаа болохоос уг газарт нэмж барилга барих гэсэн явдал огт байгаагүй.
Нөгөө талаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаалаараа архитектур төлөвлөлтийн дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг ашиглах эрхийг сэргээсэн байхад анхан шатны шүүх дээрх захиргааны актын талаар ийнхүү дутуу дүгнэлт хийсэн, үйл баримтыг буруу ойлгож, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
Учир нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ гэжээ.
О.О нь арихтектур төлөвлөлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд баригдаж байгаа суурьт тодорхой цутгалт орсноороо барилгын суурь болж, энэ нь үл хөдлөх хөрөнгөд хамаарч байгаагаас гадна, суурийн цутгалт хийх нүх ухсан газрыг сэргээснээс үзвэл уг газар ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаалд хамаарч байгаа юм.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаалаараа О.О-ийн 2,041 га газрыг сэргээхдээ уг газар дээр:
а/98 хувийн гүйцэтгэлтэй баригдчихсан, одоо улсын комисс хүлээн аваагүй байгаа барилга бүхий газрыг орчны газрын хамт;
б/барилгын суурийн ажлыг эхлүүлж, суурийн цутгалтыг хийчихсэн хөрөнгө оруулалт бүхий газрыг орчны газрын хамт,
в/барилгын суурийг ухаад цутгалт хийхэд бэлэн болчихсон буюу барилгын ажлыг эхлүүлчихсэн газрыг орчны газрын хамт сэргээсэн бөгөөд эдгээр нь нэгэнт баригдаж эхэлсэн барилгуудын ажлыг үргэлжлүүлэх зорилготой байсан гэдгийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа эдгээр барилгын ажлуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаал гарсны дараа эхэлсэн гэж үйл баримтыг буруу ойлгож дүгнэсэн.
Нэхэмжлэгч О.О нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаалыг үндэслэн шинээр барилга байгууламж нэмж огт бариагүй, ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/458 дугаар тушаал гарснаас хойш нэхэмжлэгч О.О-г шинээр барилга барьсан мэт буруу дүгнэлт хийж нэхэмжлэгчийг буруутгасан нь илтэд үндэслэлгүй болно.
Дээрхээс гадна Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу нэг өдөр гарсан, байцаагчийн энэ өдрийн 01-04-014/267 дугаартай албан шаардлага нь О.О рүү чиглэсэн бөгөөд уг шаардлагаа О.О-д гардуулсан учраас уг албан шаардлагын дагуу зөрчлөө арилгасан.
Харин байцаагчийн мөн өдрийн 01-04-065/356 дугаартай дүгнэлт нь “О.О рүү чиглээгүй”, Байгаль орчны яаманд хүргүүлсэн байсан учраас тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хариуцагчаас уг захиргааны актыг хавтаст хэрэгт авагдах хүртэл огт мэдээгүй захиргааны акт юм.
Гэтэл анхан шатны шүүх 01-04-065/356 дугаартай дүгнэлтэд гомдол гаргаагүй, уг дүгнэлтээр албан шаардлагаас өөр асуудал дүгнэсэн байхад дүгнэлтэд заасан зөрчлийг арилгаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал нэхэмжлэгч О.О нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсныг огт мэдээгүй, зөвхөн албан шаардлагыг гаргасан гэж ойлгож ирсэн байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт өгсөн байна.
Нөгөө талаас Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, танилцуулга нь энд барилга шинээр эхлүүлсэн гэж дүгнээгүй барьж байгаа барилгын ажлын талаар дүгнэсэн тул барилга барих гэж байгаа мэтээр анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт өгсөн байна.
О.О-ийн маргаж буй актаар эрх нь хязгаарлагдсан газар нь “Улаанбаатар хотын 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлага” нэртэй төлөвлөгөөнд орон сууцны бүсээр төлөвлөгдсөн, мөн Улсын Их Хурлын 2013 оны 02 сарын 08-ны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т уг газрын орон сууцжуулах суурьшлын бүс болгон баталсан байхад анхан шатны шүүх “дархан цаазат газар хориглох үйл ажиллагаа явуулсан” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурлын 2013 оны 23 дүгээр тогтоолд заасан үйл баримтыг үнэлж дүгнээгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гарсан, түүнийг үндэслэсэн учраас маргаан бүхий актыг буруу биш” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгчээс албан шаардлагад заасан зөрчил арилсан гэж маргаж байгаа тохиолдолд уг үйл баримтыг шүүх шалгаж, тогтоох үүрэгтэй.
Шүүхийн үзлэгээр хөрсний нуралт үүссэн, барьсан хашаа нь борооны ус хуримтлагдаж, хог хаягдал овоорч, үнэр орж тухайн орчныг бохирдуулсан байдлууд тогтоогдоогүй. Энэ нь мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 02- ны өдрийн албан шаардлагад туссан байсан бөгөөд харин уг зөрчлийг арилгасан талаар О.О-ээс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн бичгээр нотлогддог билээ.
Ухсан 2 нүхний дунд байрлах авто зам хөрсний нуралтаас цөмөрсөн гэх байдал анхан шатны шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй.
Энэ үйл баримт нь хариуцагчаас уг барилгын газрыг хүчингүй болгосноос үүдэн 2020 оны хавар 4 дүгээр сараас барилгын ажил нь үргэлжлэх ёстой /2019 оны намар суурийг ухаж, 1 суурьт нь суурийн цутгалт эхэлсэн байсан/ барилга барих ажиллагаа зогсож, энэ зун их хэмжээний бороо орсны дараа барилгын суурийг ухсан газарт хөрсний гулгалт үүссэн ба энэ нь маргаан бүхий захиргааны акт гарснаас үүдсэн шууд сөрөг үр дагавар байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг буруутгасан нь илт хууль бус байна.
Дахин хэлэхэд барилгын ажил хэвийн явагдаж, О.О-ийн газар дээр 2020 оны 4 дүгээр сараас барилгын суурийн цутгалтын ажлыг хийж, төлөвлөсөн хугацаандаа дуусгасан бол барилгын суурь хэсгийн газар битүүрч уг газарт хөрсний нуралт үүсэхгүй байснаас гадна суурь тавьсан болон ухсан газруудын хооронд явж байгаа авто зам нь оршин суугчдын орц, гарцны цорын ганц зам биш байсан, оршин суугчид өөр газраас орох, гаргах гарцтай байхад анхан шатны шүүх уг байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
“П”, “А” хотхоны оршин суугчдын төлөөлөл, СӨХ-оос Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар, Богд хаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргад үүссэн нөхцөл байдлыг арилгуулах талаар удаа дараа хандсан гэж маргадаг,
Гэтэл “П”, “А” хотхоны оршин суугчид нь бүхэлдээ биш хэдэн хүнээр итгэмжлэл хийлгэж, “А” ХХК-д газар эзэмших хүсэлт гаргасан нь нотлох баримтаар нотлогддог. Эндээс үзвэл гуравдагч этгээдийг төлөөлж байгаа гэх 2 этгээд нь О.О-ийн газрыг хураалгаж, уг газар дээр “хүүхдийн тоглоомын талбай, автомашин зогсоол барих асуудлыг өөрсдөө хүсдэг болохыг нотлох баримтаар” хурлын тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Иймд эдгээр оршин суугчид нь өөрсдийн аюулгүй байдлыг хангуулахаар биш хүүхдийн тоглоомын талбай, автомашин зогсоол барих ашиг сонирхлоор захиргааны байгууллагуудад хандсан байдаг бөгөөд нэхэмжлэгч талаас өмнөх шүүх хуралдаанууд дээр гуравдагч этгээдийн байр суурийг няцааж эхэлмэгц “өөрсдийн аюулгүй байдал зөрчигдсөн” гэх байдлаар тайлбар гаргаж эхэлсэн болно. /Шүүх хуралдааны тэмдэглэлийг харна уу/
Анхан шатны шүүх ийм үйл баримтад бодитой дүгнэлт хийсэнгүй, нийтийн аюулгүй байдлын эрх ашгийг хамгаалагч болж үндэслэлгүй дүгнэлт хийж байна.
Анхан шатны шүүх нь Ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Улаанбаатар хотын ерөнхий архитектурын болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан төлөвлөгөө, эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар зэргийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн нь хууль бус байна.
О.О нь уг газар дээр аялал жуулчлалын зориулалт бүхий орон сууцны барилга барихаар Ерөнхий төлөвлөгөөг батлуулсан, давж заалдах шатны шүүх ч уг газарт барилга баригдсан, баригдаж байгааг шийдвэрээрээ тогтоосон байна.
Ерөнхий төлөвлөгөө нь захиргааны бие даасан акт мөн бөгөөд уг батлагдсан төлөвлөгөөг хэн нэгэн иргэн, хуулийн этгээдээс буруутгах, эсхүл зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, мөрдөхгүй байх эрх байхгүй болно.
Анхан шатны шүүх уг газар дээр 12 давхар барилга баригдсантай холбогдуулан уг барилгын доорх газрыг дээр дурдсан үндэслэлтэйгээ хэрхэн уялдуулж үзсэн, маргаан бүхий актаар 0.55 га газрын эрхийг цуцалснаар уг 12 давхар барилгыг цаашид ашиглах, эзэмших талаар огт дүгнэлт хийгээгүй, Газрын тухай хууль, Барилгын тухай хуулийг огт хэрэглэсэнгүй.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, ... үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих” бүрэн эрх эдлэхээр заасан.
О.О-ийн захиалгаар “О” ХХК-ийн барьж дуусгасан 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг газар ашиглах эрх нь цуцлагдсан гэх үндэслэлээр Барилга байгууламжийг ашиглалт хүлээн авах улсын комисст хүлээлгэж аваагүй бөгөөд одоо газар ашиглах эрхгүй барилгыг улсын коммис хүлээн авахгүй тул уг барилга ашиглалтад орох боломжгүй болж барилгад орон сууц захиалсан иргэд, ажил гүйцэтгэгч нарт их хэмжээний хохирол үүсэх нөхцөлд бүрдээд байхад энэ байдалд огт дүгнэлт өгсөнгүй.
Барилгын норм, дүрэм, Улсын стандартаар бол “барилгын суурийг цутгах талбай”-н нэгт нь суурийн цутгалтын ажил эхэлсэн байсан нь шүүхийн үзлэгээр авсан фото зурагт тодорхой туссан байгаа. Энэ суурийн цутгалтад их хэмжээний хөрөнгө орсон тул уг хөрөнгийн хэмжээгээр нэхэмжлэгч хохирч байхад ахан шатны шүүх эрх зөрчигдөхгүй гэж дүгнэсэн нь илт хууль бус болсон.
О.О нь Богд хаан уулсын дархан цаазат газрын энгийн хамгаалалтын бүс болон Зайсангийн суурьшлын бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй 14000 гаруй бусад иргэн, аж ахуйн нэгжтэй адил, эрх тэгшээр газар эзэмших эрхтэй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж, захиргааны байгууллага нь бусадтай адил газар эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын үйлчлэлд хамаарах байхад анхан шатны шүүх О.О-г буруутгаж байгаа хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байна.
Нэхэмжлэгч О.О-ийн хууль бус ажиллагаа гэж юу байсан талаар, О.О Зайсанд барилга барьсан нь бусад иргэн, хуулийн этгээдээс, үүний дотор оффисын барилгаа барьсан Үндсэн хуулийн цэцээс, тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амарсайханы одоо амьдарч байгаа Зайсан дахь хаусаас, Улсын Их Хурлын гишүүнээр сая сонгогдсон Өнөрболор гэгчийн Зайсанд бариад худалдаж борлуулж байгаа хаусуудаас /анхан шатны шүүх ийм барилга барьсан нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн байгаа/, Зайсангийн амаар дүүрэн олон зуун орон сууцны хороолол барьсан үйл ажиллагаанаас юугаараа ялгаатай хууль бус ажиллагаа болохыг дүгнэж өгсөнгүй.
Маргаан бүхий захиргааны акт гарсны дараа буюу шүүхэд энэхүү О.О-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/618 дугаар захирамжаараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаалыг үндэслэн, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасныг болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02-07-094/1763 дугаар дүгнэлтийг баримтлан О.О-ийн зөрчилтэй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэж, улмаар уг актад маргах боломж олгохгүйгээр суурийн цутгал хийсэн хэсэг, суурийн цутгалт хийхээр бэлтгэсэн газрыг шороогоор дарж булсан болно.
Ийнхүү Нийслэлийн Засаг дарга дээрх хууль бус үйл ажиллагаагаараа маргаан бүхий газрыг дарж битүүлснээр, анхан шатны шүүхээс дүгнээд байгаа “нүх ухнаас үүдэн хөрсний гулгалт үүсэх болзошгүй аюул арилсан, борооны ус хуримтлагдаж, хог хаягдал овоорч, үнэр орж тухайн орчныг бохирдуулсан” гэх зөрчил нь байхгүй болсон байсан тул уг газрыг эзэмших эрхийг цуцлах үндэслэл арилсан байсан болно.
Нэгэнт Нийслэлийн Засаг даргын явуулсан үйл ажиллагаагаар хариуцагчийн “аюул” гэж үзсэн нөхцөл байдал арилсан гэх логик бий болсон байхад нэхэмжлэгчийг буруутган, газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд нэхэмжлэгч зөрчилгүй газрыг зохих зориулалтаар хойшид ашиглах эрхийг хязгаарлах үндэслэл шүүхэд тогтоогдоогүй гэдгийг анхаарсангүй.
Дээр байдлуудыг дүгнэвэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү”
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн байх тул шийдвэрт “хариуцагч захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн” өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгох тухай” А/158 дугаар тушаалаар “... иргэн О.О-ийн дуусгавар болгосон газрыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаварын дагуу баригдсан, үл хөдлөх эд хөрөнгө бүхий 2.041 га газрын ашиглах эрхийг сэргээж, аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгохыг зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.
Харин 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ”Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/751 дүгээр тушаалаар өмнөх 2019 оны А/158 дугаар тушаалаар О.О-д аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зөвшөөрөл олгосон 2,041 га газраас улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан 0.55 га газрын ашиглах эрхийг цуцалжээ.
Хариуцагч дээрх шийдвэрийг гаргахдаа Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н, Ө.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01-04-065/356 дугаар дүгнэлтийг үндэслэсэн боловч тухайн дүгнэлтэд дурдсан зөрчлүүд арилсан эсэх, арилгаж болох зөрчил мөн эсэх талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.
Учир нь дээрх дүгнэлтийг “П” СӨХ-ноос гаргасан гомдлын дагуу гаргасан байх бөгөөд дүгнэлтэд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын А/158 дугаар тушаалаар иргэн О.О-д газар ашиглах шийдвэр гаргахдаа А хотхоны 12 давхар орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа барилгыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 5-д заасныг, гурвалсан гэрээ байгуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэсэн, нэгж талбарын дугааргүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй, мөн дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан, хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчсөн О.О-ийн хууль бус үйл ажиллагааг дэмжсэн, П болон А хотхоны барилгын баруун талд нүх ухсан, борооны ус, хог хаягдал цугларч бохирдуулсан нь дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа явуулсан үйлдэл байна” гэжээ.
Дээрх дүгнэлтийг гаргасан мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н, Ө.М нар мөн өдрөө 01-04-014/267 дугаар албан шаардлагаар О.О-г Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/158 дугаар тушаалын хүрээнд газар ашиглах гэрээ байгуулах, гэрээнд заасан болзол нөхцөлийг хангах, ухсан нүхнүүдэд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, ариутгал халдваргүйтгэл хийж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж 2019 оны 10 дугаар сарын 15-ны дотор мэдэгдэхийг үүрэг болгожээ.
Өөрөөр хэлбэл, аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зөвшөөрөл олгосон хүрээнд гэрээ байгуулахыг шаардсан гэж ойлгогдохоор байна.
Нэхэмжлэгч нь уг албан шаардлагын дагуу зөрчлөө арилгасан гэж, хариуцагч уг албан шаардлага маргаан бүхий актыг гаргах хүртэл манайд ирээгүй гэж маргаснаас үзвэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 356 дугаар дүгнэлт, албан шаардлагад дурдсан зөрчил арилсан эсэхийг Мэргэжлийн хяналтын газраас тодруулаагүй, мөн А/158 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгохдоо ямар зорилгоор гаргасан, тухайн газар дээр баригдсан 12 давхар барилгыг ашиглахыг зөвшөөрсөн эсэх, маргаан бүхий актаар цуцалсан 0.55 га газарт тухайн барилга орсон эсэх зэргийг шалгаж, газар ашиглах эрхийг тусгай хамгаалалттай газарт анх олгосныг буруу гэж үзсэн, эсхүл нэхэмжлэгчийг газар ашиглах эрхээ зөрчсөн гэж үзэж, газар ашиглах эрхийг цуцалсан нь тодорхойгүй байна.
Хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэл болсон мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлт, албан шаардлагатай холбоотой асуудлыг шалгаж тогтоогоогүй, тухайн үеийн газар дээрх нөхцөл байдал нь өөрчлөгдсөн байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах замаар маргаан бүхий актыг хууль зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтууд, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, албан шаардлага, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, фото зургуудаас үзвэл нэхэмжлэгч нь тодорхой хэмжээнд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байх тул хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг шалгалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэх шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй, учир нь тухайн нөхцөл байдал тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж шууд үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэгэнт баригдсан байгаа 12 давхар барилгын тухайд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 01-04-014/267 дугаар албан шаардлагад дурдсанчлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/158 дугаар тушаалын хүрээнд газар ашиглах гэрээ байгуулах боломжтой эсэх, /жуулчид түр буудаллах, отоглох зориулалтаар/, мөн 0.55 га газарт нь тухайн барилга орсон эсэх зэргийг шалгах, шаардлагатай бол тухайн талбарт байрлах 0.55 га газрыг ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах боломжтой эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байжээ.
Иймд хариуцагч нь дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул дахин шинэ акт гаргах хүртэл уг актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “маргаан бүхий акт гарахаас өмнө мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг биелүүлсэн байсан” гэх, хэрэгт авагдсан мэргэжлийн хяналтын газрын албан шаардлага, түүнийг мэдээгүй гэх хариуцагчийн тайлбар зэргийг харгалзан үзэлгүй, хэргийн оролцогчдын маргасан тухайн асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байхад Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг зөвхөн үнэлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2021/0350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “... дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/751 дүгээр тушаал хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ