Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 30

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ  БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Ч.Н-ийн Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаарс арын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал буюу сумын Засаг даргыг сонгож уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н  захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ба одоо түдгэлзүүлсэн байгаа. Гэтэл Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлын 2-т сумын Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэн 6 дугаар тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хуралдаан оролцсон төлөөлөгчдийн 57.8 хувийн саналаар М.П-ийг Засаг даргад нэр дэвшүүлж, Ховд аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаарс арын 01-ний өдрийн Б/33 дугаар захирамжийг үндэслэлтэй эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй байхад сумын ИТХ-с Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг аймгийн Засаг даргад хүргүүлээгүй байхад өөр хүнийг Засаг даргад өргөн мэдүүлсэн нь хууль бус үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.С  шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д заасны дагуу 2017 оны 12 сарын 24-ний өдрөөс хойш 1 сарын хугацаа өнгөрч байхад нэхэмжлэгч нь ИТХ-д ямар нэгэн гомдол гаргаагүй.

Тус сумын ИТХ-ын төлөөлөгч нар Засаг даргыг огцруулах тухай санал оруулсан боловч тэргүүлэгчдийн хуралдаанаар 2-3 удаа хууль зөрчиж, ИТХ-аас хэлэлцүүлэхгүйгээр шийдвэр гаргаж байсан.2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ч.Н  олонхийн бүлгийг ахалж өөрөө зохион байгуулан хуралдуулан өөрөө зөвшөөрч хуралд асуудал оруулж нэр дэвшин өрсөлдөж олонхийн санал аваагүй. Хуралдаанаас гарсан тогтоол, тооллогын комиссын тогтоолыг өөрөө зөвшөөрч гар өргөн баталсан болно.Сумын Засаг даргыг сонгон уламжлах асуудлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэстэй зөвшилцөж сумын Засаг даргад шууд нэр дэвшүүлж өргөн барих чиглэл авсан болно гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Н  шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н  Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаарс арын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал буюу сумын Засаг даргыг сонгож уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Ч.Н-ийн Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаарс арын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал буюу сумын Засаг даргыг сонгож уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Н-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР