Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 908

 

М.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Намдаг,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ч.Н,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан давж заалдах гомдлоор М.Сд холбогдох 1705002470027 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Х овогт М.С, 1994 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, +25 бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ____________тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ____________________/,

 

          М.С нь 2017 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Н.Аг тус бааранд согтуугаар агсам тавьлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, цээжин дээр нь дарж суух зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  Баянгол дүүргийн Прокурорын газраас: М.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Сг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нийт 5 сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Ч.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх М.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн бодитой үнэлж чадаагүйгээс шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргаж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Үүнд:

1. Шүүх шүүгдэгчийн ямар үйлдлээс шалтгаалж, тодруулбал хохирогчийн биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисноос болж түүнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод байгаа ямар, ямар гэмтэл учирч болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Тухайлбал, хэрэгт авагдсан “хохирогч Н.А “... найз охин бид хоёр жаахан муудалцаад 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр би найз нартайгаа хамт гадуур 1 шил 0.75 литрийн архи хувааж уучихаад найз охиныхоо ажил руу ганцаараа очсон. Баар луу ороод баарны зөөгчийг таньдаг болохоор “юу байна” гээд хацар луу нь гараараа алгадаад өнгөрсөн. Тэгээд ширээн дээр Чойр аймгийн миний хоёр найз сууж байхаар нь “юу байна” гээд ярьж зогсож байгаад тэр хоёртой маргалдтал баарны хоёр хамгаалагч хүрч ирээд намайг салгасан. Со намайг цохиод бид хоёр харилцан зодолдоод байсан. Хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун дээд зовхинд шарх, цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэлтэй...”, гэрч Ц.Б “... манай баарны бармены нөхөр Н.А согтуу ганцаараа ороод ирчихсэн, эхнэр М.Мтайгаа маргалдаад яваад байсан...”, гэрч Б.Ө  “... найз охинтойгоо муудалцаад ийм зүйл болчихлоо. Би шоронд суугаад гарч ирсэн, хутга шаана шүү гэхээр нь хүлсэн...”, гэрч М.М “... бид хоёр муудалцчихсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 00 цагийн орчим ажил дээрээ байж байтал Н.А орж ирээд үүдэн дээр таньдаг хоёр залуу сууж байхаар нь тэр хоёртой юм ярьж байгаад муудалцаад... тухайн үед хоёр хамгаалагч Н.Аг өчөөд авч явсан. Н.А мөн М.Стэй харилцан маргалдаад байсан. Миний харснаар М.С түүний нүүр лүү хоёр удаа цохисон... Н.А согтуу байсан болохоор хамгаалагч нарын өөдөөс дайраад байсан...”, гэрч С.Б  “... бармены найз залуу Н.А орж ирээд ширээн дээр сууж байсан хоёр хүнтэй маргалдахаар нь хамгаалагч М.Сгийн хамт очиж Н.Аг баарны хойд заал руу авч явж байтал Н.А зогсоод намайг тавь гэхээр нь тавьсан чинь намайг хоолойноос боогоод, заамдаад нүүр лүү нэг цохисон. Н.А бармен М.Мтай хамт явж байгаад заалны толийг гараараа цохисон. Тэгээд цааш нь М.Мтайгаа хамт вип өрөө рүү орж сууж байгаад гарч ирээд надтай маргалдаж, над руу болон М.С рүү дайрсан. Н.А нь М.Сгийн нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд түүнтэй бид хоёр зууралдаад байж байтал ширээн дээр байсан пивоны шил  аваад цохих гэхэд нь шилийг нь аваад унагаагаад гарыг нь тэлээгээр нь хүлсэн...”, Яллагдагч М.Сгийн: “... манай барменаар ажилладаг М.Мгийн найз залуу нь утсаар яриад хардаад байсан, тэгээд удалгүй орж ирээд манай зөөгчөөр ажиллаж байсан залууг ямар нэг үг хэлэлгүй цохиод авсан. Тэгээд текэн дээр байсан 2 залуу руу дайраад байхаар нь очоод болиулаад тэвэрч авахад эргэж хараад миний зүүн шанаа руу цохисон. ... хойд талын өрөөний сандал өшиглөөд толь хагалаад, ... 00 өрөө рүү орж байсан хүмүүстэй муудалцаад ... над руу дайраад болихгүй байхаар нь би шанаан тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд дахин дайраад болихгүй байхаар нь дахин нүүр шанаа руу нь цохисон...”, Шинжээчийн дүгнэлтэд “... Н.Агийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун дээд зовхинд шарх, цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэснээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хохирогчийн хууль бус, идэвхитэй, тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл /нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж/ хийсэн байна.

2. Шүүх шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, ялангуяа дуу дүрсний бичлэгээс үзвэл хохирогч өөрийн найз охин М.Мтай муудалцаж, улмаар түүний ажлын газарт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ирж, бусадтай хэрүүл маргаан үүсгэж, нийгмийн хэв журам зөрчиж, бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, танхайрсан байх ба шүүгдэгчийн зүгээс түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор ажлын үндсэн чиг үүрэг болох нийгмийн хэв журам хамгаалах, цэнгээний газраар үйлчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх үүргээ биелүүлж, хохирогчийн танхайрсан үйлдлийг таслан зогсоохоор хууль ёсны шаардлага тавьсан байдаг.

Тодруулбал, шүүгдэгч болон тухайн цэнгээний газрын бусад ажилчдын зүгээс хохирогчийг хууль бус үйлдлээ зогсоохыг удаа дараа гуйж, шаардсан ч тэрээр удтал үргэлжлүүлж, шүүгдэгчийг хэд хэдэн удаа нүүрэн тус газарт нь цохисон байдаг боловч шүүгдэгч хариу үйлдэл үзүүлээгүй нь харагддаг. Улмаар хохирогч хэсэг хугацааны дараа дахин шүүгдэгчийг цохиход буюу довтолгоо хийгдсэн, хийгдэх нь тодорхой болсон, үргэлжилсэн үед өөрийн болон бусдын Монгол улсын Үндсэн хуульд заасан “амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” эрхийн эсрэг хийсэн түүний хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ. Харин шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийн биед үүссэн гэх “...цээжинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт...”-ыг шүүгдэгч үүсгэсэн, түүний үйлдлээс болж хохирогчид тийм гэмтэл үүссэн эсэх нь гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.Сгийн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, шүүхэд ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч М.С тус шүүх хуралдаанд тайлбаргүй гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... М.Сгийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэсэн нөхцөл байдал харагдахгүй байна. Хэрвээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол оногдуулсан ялыг тэнсэх, эсхүл хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлнө гэж заасан. Гэхдээ М.Сгийн хувьд Эрүүгийн хуульд заасан дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.С нь 2017 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Н.Аг тус бааранд согтуугаар агсам тавьлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, цээжин дээр нь дарж суух зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Агийн “... Манай найз охин М.М нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” бааранд бармен хийдэг. Найз охин бид хоёр жаахан муудалцаад 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр би найз нартайгаа 1 шил 0.75 литрийн архи хувааж уучихаад, найз охиныхоо ажил руу ганцаараа очсон. Бааранд ороод зөөгчийг нь таньдаг болохоор “юу байна” гээд хацар луу нь гараараа алгадаад өнгөрсөн. Тэгээд ширээнд Чойр аймгийн хоёр найз маань сууж байхаар нь тэр хоёртой ярьж зогсож байгаад маргалдахад баарны хоёр хамгаалагч ирж салгасан. Түүнээс болж хоёр хамгаалагчтай нь муудалцаад, тэр хоёр намайг дагуулаад заал руу оруулсан. Эхлээд Со гэдэг залуу миний шанаа руу цохисон. Би гарыг нь тавиулаад зөрүүлээд нүүр лүү нь цохисон. Гэтэл намайг хоёулаа барьж байгаад гар, хөлнөөс өчөөд вип өрөө рүү явсан. Манай найз охин больцгоо гээд байсан. Со намайг цохиод бид хоёр харилцан зодолдоод байсан. тэгтэл нөгөө хамгаалагч нь хажуунаас орж ирээд миний нүүр лүү цохиод гарнаас өчөөд элгэдээд байсан. Мөн дижи Тулга ирээд намайг нүүр лүү цохиод байсан. Мөн намайг хавирч унагаагаад өшиглөөд байсан. Тэгж байтал зохион байгуулагч Өсөхбаяр ирээд “наадах чинь ямар овоо пизда вэ, оруулаад ир” гээд өөр ажилчдын өрөө рүү оруулаад нэг хамгаалагч, дижитэй хамт гарнаас бариад Со гэдэг хамгаалагч, Өсөхбаяр нар намайг өшиглөж, цохиод байсан. Тухайн үед манай найз охин өрөөнд байгаагүй. Тэгж байтал цагдаа нар ирсэн...” /хх-12-13/,

   Гэрч М.Мгийн “... 2017 оны 7 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн үед ажил дээрээ байж байтал Н.А ирэхэд түүний танил хоёр залуу сууж байсан ба тэр хоёртой юм ярьж байгаад муудалцсанаас болж баарны хамгаалагч Бөхтулга, М.С нар хүрч ирээд Н.Аг аваад вип өрөөрүү явсан. Тухайн үед хоёр хамгаалагч Н.Аг өчөөд авч явсан ба явж байх үедээ М.С Н.Аг гараараа нүүр лүү нь нэг удаа цохих шиг болсон. Би битгий цохиод бай гэж хэлсэн. Н.А мөн М.Стэй харилцан маргалдаад байсан. Тэгээд вип өрөө рүү Н.Аг оруулаад хоёр хамгаалагч гараад явсан. Би хамт байж байгаад буцаад ажлаа хийж байгаад дахин вип рүү очиход тэр М.С, Б нартай маргалдаж байсан. 00-н өрөөний орчим М.С Н.Агийн нүүр лүү нэг удаа цохисон. Би очиж салгаад Н.Аг вип өрөө рүү оруулаад байтал Ө ирээд намайг очиж ажлаа хий гээд гаргасан. Би өөрийн хариуцсан ажлаа хийж байтал Н.Агийн төрсөн дүү ирэхээр нь вип өрөөрүү очиход бид хоёрыг оруулахгүй байсан. Дүү нь цагдаа дуудах шиг болсон. Цагдаа удалгүй ирсэн ба вип өрөөрүү ороход Н.Агийн нүүр, нүд нь цус болчихсон байсан ...” /хх-18-19/,

Гэрч С.Б-ын “... Би +25 бааранд хамгаалагчаар ажилладаг бөгөөд тэр шөнө бааранд ажиллаж байтал бармены найз залуу Н.А орж ирээд явган ширээн дээр сууж байсан 2 хүнтэй маргалдахаар нь М.С бид хоёр очиж Н.Аг баарны хойд заал руу авч явж байтал Н.А зогсоод тавь гэхээр нь тавьсан чинь намайг хоолойноос боогоод, заамдаад нүүр лүү нэг удаа цохисон. Н.А бармен М.Мтай хамт явж байгаад заалны толийг гараараа цохисон. Тэгээд М.Мтай хамт вип өрөөрүү орж сууж байгаад гарч ирсэн. Н.А нилээн согтуу явж байсан. Гарч ирээд надтай маргалдаж, над руу болон М.С рүү дайрсан. Н.Аг М.С нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд түүнтэй бид 2 зууралдахад тэр ширээн дээр байсан пивоны шил аваад цохих гэхэд нь шилийг нь авч унагаагаад, гарыг нь ард нь тэлээгээр хүлсэн. Тэгээд вип өрөөрүү оруулсан. Тэгж байтал зохион байгуулагч Өсөхбаяр ирсэн, дижи Тулга бас байсан. Би тэгээд өрөөнөөс гарсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” /хх-22-23/,   

М.Сгийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо +25 бааранд хамгаалагчаар ажиллаж байхад манай барменаар ажилладаг М.Мг найз залуу нь утсаар хардаад байсан. Тэгээд удалгүй М.Мгийн найз залуу Н.А нь орж ирээд манай зөөгчөөр ажилладаг залууг ямар нэгэн үг хэлэлгүй цохиод авсан. Тэгээд текэн дээр байсан 2 залуу руу дайраад байхаар нь би очоод болиулаад тэвэрч авахад эргэж хараад миний шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхэд найз охин М.М нь ирээд хойд талын заал руу авч явсан. Тэгээд Н.А нь хойд талын өрөөний сандал өшиглөөд, толь хагалаад байхаар нь М.М цаад талынх нь өрөөрүү оруулаад их удаан байсан. тэгээд Н.А гарч ирээд 00 өрөөрүү орж байсан хүмүүстэй муудалцаад, намайг очиход болихгүй байхаар нь газарт унагаагаад дарж байгаад “одоо боль” гэж гуйж байгаад босоход Н.А нь над руу дайраад байхаар нь би шанаан тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл болихгүй дахин дайраад байхаар нь нүүр, шанаа руу нь цохисон. Тэгээд гадаа гаргая гээд гаргах гэхэд зохион байгуулагч Ө  болиулсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” /хх-33-34/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Н.Агийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун дээд зовхинд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9179 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-24/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-40/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

М.Сд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс М.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Ч.Н-оос “... шүүгдэгч М.Сгийн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан ба шүүгдэгч М.Сгийн хувьд түүний амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгоон хийгдээгүй, мөн гэрч М.М “битгий цохиод бай” гэж хэлсээр байтал нэг бус удаа Н.Агийн нүүр лүү цохиж байгаа үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг хангахгүй байх ба гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Ч.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН