Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 02

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багт байрлах Номин-Ундрага ХХК-д, холбогдох “хугацаандаа төлөөгүй татварын өр 509.649 / таван зуун есөн мянга зургаан зуун дөчин ес / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 3675629 тоот регистрийн дугаартай “Номин-Ундрага” ХХК нь 2011.01.07-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016.11.11-ний байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 244.027 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 20.390 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар тогтоосон алданги торгууль 65.232 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын нөхөн татвар 180.000 төгрөг, нийт 509.649 төгрөгийн урьд оны өртэй байна. Иймд Номин-Ундрага ХХК-ны хугацаандаа төлөөгүй татварын өр 509.649 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Номин-Ундрага ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Татварын хэлтсийн нэхэмжилсэн 509.649 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Номин-Ундрага ХХК-аас “хугацаандаа төлөөгүй татварын өр 509.649 / таван зуун есөн мянга зургаан зуун дөчин ес / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Номин-Ундрага ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамж 15.939 төгрөгийн 50 хувь болох 7970 төгрөгийг хариуцагч Номин-ундрага ХХК-аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн “хугацаандаа төлөөгүй татварын өр 509.649 / таван зуун есөн мянга зургаан зуун дөчин ес / төгрөгийг хариуцагч Номин-Ундрага ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 15.939 төгрөгийн 50 хувь болох 7970 төгрөгийг хариуцагч Номин-Ундрага ХХК-аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Ш.ОЮУНГЭРЭЛ