| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0898/Э |
| Дугаар | 965 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 965
2020 05 22 2020/ШЦТ/965
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Хохирогч Л.Отгонболор,
Гэрч Г.Бат-Эрдэнэ, Б.Наранбат,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мад холбогдох 2006 00000 0989 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, “Грэативэ тренд” студид менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 9 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Ю Би Таун-2” хотхоны 37 дугаар байр 41 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Мын М /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан цагдаа хотхоны 75 дугаар байрны 4-21 тоотод иргэн Л.Отгонболортой маргалдаж үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Отгонболорын өгсөн: “М намайг үсдэж, хөлөөрөө хөлөн тус газар нилээд хэдэн удаа өшиглөж, миний нүүрийг маажин, миний хамран тус газар гараараа цохиж хамарнаас цус гарсан... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед найз залуутайгаа гэрт нь амьдардаг байсан. 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Цагдаагийн хотхонд М намайг дуудаад очсон. Тухайн үед бүгдээрээ согтуурулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсэн. Энэ хэрэг гараад 1-2 сар болж байна. Би Мыг өмгөөлөгч авсан гэхээр нь би ч гэсэн өмгөөлөгч авъя гэж бодож байсан. Тэр өдрөөс хойш цээж хөндүүрлээд зүрх савладаг болсон. Би ажилтай учраас үзүүлээгүй байгаа. Би өөрөө хувиараа үзүүлчихнэ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Бат-Эрдэнийн өгсөн: “Мыг Наранбатын машинд байхад Отгонболор түрүүлж үсдэн буулгасан. Отгонболор эхлээд Мад гар хүрсэн. М Отгонболорын нүүр лүү хоёр удаа цохисон нь үнэн. М Отгонболорын цээж рүү өшиглөж зодсон асуудал болоогүй. М, Отгонболор хоёр машин дотор маргалдаж, ноцолдсон. Гэрт бол тийм зүйл болоогүй. Отгонболорын хамарнаас шууд цус гойжоод дух хавьцаа нь шалбараад урагдсан байсан. Юм ярьж байгаад нэг нэгнийхээ гар хуруу луу цохих маягийн зүйл болсон. Тухайн хэрэг болох үед шүүгдэгч Маас өөр хохирогч Отгонболортой маргалдсан хүн байхгүй. Машин дотор маргалдахад үл ойлголцол болоод Наранбаатар урд сууж байснаа болиод ард суусан, М урагшаа суусан. Юм ярьж байгаад нэг нэгнийхээ гарыг холдуулаад байсан. Би тамхинд явчихаад буцан орж ирсэн. Тэр хооронд юу болсон талаар би мэдэхгүй. М Отгонболорын нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. Өөр газар нь цохиж харагдаагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Наранбатын өгсөн: “Гадаа муудалцаад гэр лүү орох үеийг би санахгүй байна. Газар унасан эсэхийг нь би мэдэхгүй байна. Хоорондоо зууралдаад байсан. М Отгонболорын толгой руу 2 удаа гараараа цохисон. Толгойноос нь өөр газар цохиогүй байх. Гар, хөлөө ашиглаж нилээн зодолдсон. Бие биенийхээ үснээс зулгааж доош нь дараад байсан. Эхлээд машинд маргалдсан, тэгээд орцны гадаа, дараа нь гэрт маргалдсан. Анх машин дотор явж байхад англиар яриад байсан тэгээд “ойлгож байна, ойлгохгүй байна” гэдгээс болж маргаан эхэлсэн. Үнэн худлыг нь мэдэхгүй байсан учраас Маас асуусан. Би Маас “Ганбаа гэж ямар учиртай хүн юм бэ” гэж асуусан. Тэрний дараагаас маргаан үүссэн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Отгонболорын өгсөн: “... Наранбат, Мад хандаж “чи хөгшин хүнтэй явалддаг гэсэн биз дээ? Тэр чинь үнэн юм уу” гэж асуусан. Тэгтэл М уурлаж “юу яриад байгаа юм, хэн намайг тэгж хэлж байна” гэж хэлтэл Наранбат, Мад хандаж “чамайг Отгонболор хөгшин хүнтэй явалддаг гэж надад хэлсэн” гэж хэлсэн. Тэгээд л М над руу уурлаж, М бид хоёр машин дотор маргалдан, М машины арын суудал дээр намайг шууд үсдэж авсан... Энэ үед М намайг үсдэж, хөлөөрөө хөлөн тус газар нилээд хэдэн удаа өшиглөж, миний нүүрийг маажин, миний хамран тус газар гараараа цохин хамарнаас цус гарсан. Тэгсэн манай найз залуу болох Наранбат, Мыг надаас салгаж Бат-Эрдэнэ намайг жижиг өрөө лүү авч ороод тайвшруулсан...” гэх мэдүүлэг /хх.12-15, 17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бат-Эрдэнийн өгсөн: “... Отгонболор, М хоёр англиар хоорондоо яриад байсан чинь Наранбат уурлаж, та хоёр англиар ярьж намайг доромжлоод байгаарай гэсэн. Тэгсэн Отгонболор, Наранбатын нүүр лүү ууж байсан пиво цацчихсан. Тэгсэн Наранбат уурлаж Отгонболорт хандан “чи наад янхан найзаа аваад буу гэж хэлсэн. Тэгсэн М, Наранбатад хандан “чи яагаад намайг янхан гээд байгаа юм бэ” гэж асуусан. Тэгсэн Наранбат, Мад хандаж “чи наад Отгонболор найзаасаа асуу, Отгонболор надад чамайг Ганбаа гэх хөгшин хүнтэй явалдаж мөнгө төгрөг авдаг” талаар ярьсан. Тэр ярианаас болж Отгонболор, М хоёр хоорондоо мууцалдаж, хоёр биенийгээ “ална, тална” гэж орилоод Отгонболор, Мыг үсдээд авсан... Наранбатын гэрт ороод том савтай пиво М, Отгонболор гурав хувааж уусан. Тэгсэн Наранбат хятадын “Талын хар” архи гаргаад ирсэн. Тэр архинаас бүгд нэг нэг уусан. Тэгсэн М, Отгонболор хоёр дахиад нөгөө машинд яригдсан асуудлаас болоод хэрэлдэж, маргалдаад унасан. Тэгснээ М босч ирээд “тэр Ганбаа чинь миний төрсөн ах байгаа юм. Муу гичий минь” гэж хэлээд Отгонболорын толгойноос зүүн гараараа үсдэж байгаад, баруун гараараа Отгонболорын нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тэгсэн Отгонболорын хамарнаас шууд цус гоожоод, дух хавьцаа нь шалбарч урагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.24-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Наранбатын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны 75/4-21 тоотод байрлах манай гэрт орчихсон байсан. Тэгсэн М бас Отгонболор луу дайрч тэр хоёр хоорондоо үсдэлцээд, М, Отгонболорын үснээс зулгааж байгаад Отгонболорын нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгсэн Отгонболорын хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.29-32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4327 дугаартай:
“1. Л.Отгонболорын биед нүүр, цээж, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын яллагдагчаар өгсөн: “... Би эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг /хх.99-100/,
Гэрэл зургууд /хх.85-89/,
Зөрчлийн материалын хуулбар /шинээр гаргасан 10 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан цагдаа хотхоны 75 дугаар байрны 4-21 тоотод иргэн Л.Отгонболортой маргалдаж үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Отгонболорын өгсөн: “... М намайг үсдэж, хөлөөрөө хөлөн тус газар нилээд хэдэн удаа өшиглөж, миний нүүрийг маажин, миний хамран тус газар гараараа цохиж хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.12-15, 17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бат-Эрдэнийн өгсөн: “... М босч ирээд “тэр Ганбаа чинь миний төрсөн ах байгаа юм. Муу гичий минь” гэж хэлээд Отгонболорын толгойноос зүүн гараараа үсдэж байгаад, баруун гараараа Отгонболорын нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тэгсэн Отгонболорын хамарнаас шууд цус гоожоод, дух хавьцаа нь шалбарч урагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.24-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Наранбатын өгсөн: “... М, Отгонболорын үснээс зулгааж байгаад Отгонболорын нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгсэн Отгонболорын хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.29-32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4327 дугаартай:
“1. Л.Отгонболорын биед нүүр, цээж, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.99-100/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Отгонболорын өгсөн: “... М намайг үсдэж, хөлөөрөө хөлөн тус газар нилээд хэдэн удаа өшиглөж, миний нүүрийг маажин, миний хамран тус газар гараараа цохиж хамарнаас цус гарсан... Тэр өдрөөс хойш цээж хөндүүрлээд зүрх савладаг болсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Бат-Эрдэнийн өгсөн: “... М, Отгонболор хоёр машин дотор маргалдаж, ноцолдсон... Отгонболорын хамарнаас шууд цус гойжоод дух хавьцаа нь шалбараад урагдсан байсан. Юм ярьж байгаад нэг нэгнийхээ гар хуруу луу цохих маягийн зүйл болсон... М Отгонболорын нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Наранбатын өгсөн: “... Хоорондоо зууралдаад байсан. М Отгонболорын толгой руу 2 удаа гараараа цохисон... Гар, хөлөө ашиглаж нилээн зодолдсон. Бие биенийхээ үснээс зулгааж доош нь дараад байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
М.М нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан болно.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
М.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Л.Отгонболор нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч М.Мыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
М.Мад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Мад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овгийн Мын Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Мад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Мад сануулсугай.
5. М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Отгонболор нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР