Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 04

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, нэхэмжлэгч Д.Сайнбилэг, нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Алтан овоо гэдэг газарт нутаглах Доржийн Сайнбилэгийн “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг  2016.12.13-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч Д.Сайнбилэг шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчин саальчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тэтгэвэрт гарах гэтэл 1 сар дутаад байгаа гэсэн. Би дандаа малчин байсан юм. Би 10 хүүхэд төрүүлснээс 2 хүүхэд маань 1 нь 10 настайдаа, нөгөө нь 13 настайдаа эндсэн. Одоо 8 хүүхэд маань байгаа. Би малчнаас өөр ажил хийж үзээгүй. Иймд намайг 1981-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хуучид овогт Доржийн Сайнбилэг нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1981-1991 оныг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, аймгийн архивын тасгийн 2016.10.17-ны өдрийн 239/15 тоот архивын лавлагаа болон тухайн үед ажиллаж байсан талаар мэдэх гэрч Б.Эрдэнэ-Очирын шүүхэд өгсөн: Сайнбилэг нь ах Төмөрбаатарын хамт Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оноос хонин суурь маллаж 1986 оноос Ганбаатарын суурьт туслах малчнаар ажиллаж үхэр маллаж байсан. Д.Сайнбилэг нь 1981-1990 оныг дуустал тасралтгүй мал маллаж байсан. Эднийх Хар говиор голдуу нутагладаг байсан. Би тухайн үед Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчин байсан. Бид нэг нэгдэл, нэг бригадад хамт ажиллаж айл саахалт нутаглаж байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ гэх мэдүүлэг, гэрч Н.Гончигийн “. . . Д.Сайнбилэгийг бага байхад аав ээж нь нас барж, ах Төмөрбаатартайгаа мал маллаж байсан. 1981-1990 оныг дуустал мал малласан. Эднийх хонь голдуу маллаж байсан. Жаргалантын адгаар хаваржиж, Хар говиор өвөлждөг байсан. Би Жаргалын зам нэгдэлд тракторчин, дизельчнээр ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талааар нь сайн мэднэ гэх мэдүүлэгүүд зэргээр нотлогдож байх тул 1981-1991 оныг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хуучид овогт Доржийн Сайнбилэгийг 1982 оны 02 дугаар сарын 01-ээс 1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай. 

 

2. Монгол улсын  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сайнбилэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

4. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ