Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 982

 

 

 

 

 

 

 

  2020        05          26                                       2020/ШЦТ/982

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Аад холбогдох 1906 02142 0368 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 1989 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Хараа 5 дугаар хэсэг гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 8 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 capын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 capын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосон, А овогт Бы А /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.А нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Батнарангийн 11.83 грамм бүхий монетон бөгжийг хүч хэрэглэн авч 1.017.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өгсөн: “Н.Батнаран намайг “Эндо хэмээх зочид буудалд хэрэг гарсан бөгөөд тухайн өдөр намайг хоносон, Адуучинхүүтэй хамт байж байхад нь би очсон” хэмээн байцаалт өгсөн байна. Мөн хавтаст хэргийн 26 дугаар талд Адуучинхүү “Баянхошууны хөтлөөс ирж намайг авсан” гэх мэт зөрүүтэй байцаалт өгсөн байна. Соёлмандах, гэрч Пүрэвбаатар нарын мэдүүлгээр Адуучинхүүг зодсон гэдэг нь тогтоогддог. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 7 жилийн хорих ялаар шийтгэгдэж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр мөрдөгч ирж уулзаж байсан. Тухайн үед Адуучинхүүг зодсон нь тогтоогдсон, яаж таньдаг юм бэ? хажууд нь байсан уу? гэж асууж байсан. Би болсон үйл явдлыг бүгдийг нь хэлсэн. Гэтэл улсын яллагчийн зүгээс намайг бөгж дээрэмдэхдээ зодсон хэмээн ярьж байна. Буудлаас гарч явж байгаа бичлэгийг шалгуулмаар байна. Яагаад гэхээр өөр 7 жилийн ялтай, дахин 2-8 жилийн хорих ялын санкцтай хэрэгт уначихаад яллуулах гээд байж байна. Би Н.Батнаранг ямар ч хоолны газарт дагуулж ороогүй. Би өмнө нь түүнийг таньдаггүй байсан. Мөн Н.Батнарангийн мэдүүлэгт бид хоёрын дунд утасны аваа өгөө байдаг. Хэрэг гардаг өдрийн өмнө өдөр 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө бид нар “Эндо” хэмээх зочид буудалд хоносон, 100 иенээр худалдаа хийх гэсэн боловч худалдаа хийхгүй гэхээр нь замын эсрэг талын пабд орж 1 шил архи, 3 шил пиво авсан хэмээн мэдүүлсэн байдаг. Гэтэл 2019 оны 05 дугаар сард Адуучинхүү 2.700.000 төгрөгийн үнэтэй утсыг нь авахын тулд зодсон гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл өнөөдрийн хавтаст хэргийн материал дээр зөрүүтэй байна. Эдгээр зөрүүтэй мэдүүлгүүдийг нарийн шалгуулах шаардлагатай байна. Хүний эд хөрөнгийг авах гэж байхад таксины жолооч зүгээр хараад сууж байсан юм уу. Мөрдөн байцаагч надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлээд 1 жилийн ял нэмүүлээд явчих гэж хэлсэн. Таван шарын фрезер дээр гэр бүлийнхэнтэй чинь уулзуулъя гэсэн тохиролцоо хийх гээд байна гэдгийг Я.Сансар прокурорт бичгээр өгсөн. Өмгөөлөгч авах эрхээр хангасан хэмээн ярьж байгаа боловч миний хэргийн талаар мэдэхгүй Батсүх гэдэг өмгөөлөгчийг дагуулан орж ирээд циллодын цаанаас утсаар яриад байцаалтаа өг гэж хэлсэн. Тэр өмгөөлөгчтэй уулзаж хэргийн талаар нэг ч зүйлийг яриагүй. Дунд хуруун дээрээс чиний хурууны хээ илэрсэн хэмээн ярьж байна. Би үүнийг Ч.Түмэн-Өлзий улсын яллагчид хэлсэн. Тэгэхээр чи энэ хэргийг хийгээгүй байсан ч хийсэн гэж хэлсэн. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрвөл гэр бүлийнхэнтэй чинь уулзуулъя гээд таван шарын призер дээр ээжтэйгээ уулзсан. 461 дүгээр хорих ангийн гадаа очоод хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Эхний мэдүүлэгтээ согтуу байсан учраас ямар машинд сууснаа мэдэхгүй байна гэсэн боловч дараагийн мэдүүлэгтээ шаргал өнгийн приус маркийн машинд суусан гэж байна. Тэр хавьд битүү камерийн бичлэг байдаг ямар машинд сууснаа яагаад шүүлгэхгүй байгаа юм. Би тухайн үед 2 бөгж, утастай байсныг ч хараагүй. Хэрэг хам чинь 10 хоног ирсэнгүй. Хэрэв ирэхгүй бол та хоёрыг хоёуланг нь хорино гэж хэлсэн. Би буудлаар орсон гарсан дээр маргахгүй. Тийм байхад яагаад намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2-8 жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчилж байгаа юм бэ? Н.Батнаран ч надтай адил шоронд орж байсан. Хэрэв би үнэхээр тэр бөгжийг авах байсан бол бүгдийг авах байсан. Гэтэл яагаад нэг бөгжийг авна гэж? Таксины жолоочийг надад туслаад цагдаа дуудаад өгөөч гэхэд чимээгүй суугаад байсан гэж байна. Мөрдөн байцаагчийн хэлж байгаагаар шаргал өнгийн приус маркийн автомашины жолооч настайвтар хүн байсан гэж байна. Өөрийнх нь машин дотор гэмт хэрэг үйлдэж байхад яагаад намайг өөгшүүлнэ гэж? Энэ бүхнийг бодолцож үзэн хэргийг прокурорт буцааж өгч үнэн мөнөөр шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагаа явууулсан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл /хх.15-16/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Батнарангийн өгсөн: “... тэгээд унтаад 2019 оны 04 дүгээр сарын 04-нд сэрэхэд Адуучингийн найз, Пүрэвбаатар бид 3 байсан. Тэгэхээр нь “би харилаа” гээд ресепшн дээрээс монетон бөгж, 2 ширхэг утастай аваад гарах гэтэл Адуучингийн найз гэх залуу “танайх хаана байдаг юм” гэхээр нь “цайз 16” гэхэд “өө тэгвэл дөхөөд буучихъя, манайх Шар хаданд” гээд хамт шаргал өнгийн приус маркийн машинд суугаад явсан. Тэгээд цайз 16-ийн автобусны буудал дээр намайг буух гэтэл нөгөө залуу “манай найзынх энд ойрхон байдаг юм, очиж мөнгө авчихаад буцахдаа чамайг буулгачихъя” гээд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны уулан дээр гараад үгийн зөрөөгүй намайг машин дотор боож унагаад “таксины ахыг туслаач” гэж гуйхад чимээгүй суугаад байсан. Тэгээд нөгөө залуу миний баруун гарын дунд хуруунд байсан монетон бөгжийг гараас сугалж аваад миний баруун талын нүд рүү цохиод машинаас түлхэж унагаад нөгөө машинтайгаа хөдлөөд явчихсан... би тэр үед зодуулсан гээд мэдүүлчихсэн байна лээ. Би бол яг зодуулаагүй бөгөөд Адуучинхүү бид 2 маргалдаж байхдаа зууралдаад би гараа татахдаа нүдээ цохиод хөхрүүлчихсэн юмаа. Харин тэр намайг дээрэмдсэн залуу бол миний гарнаас хүчээр миний бөгжийг мулталж авсан бөгөөд миний баруун гарын дунд хуруу хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пүрэвбаатарын өгсөн: “... тэгээд бид 2 унтаж амарсан ба нэг сэрэхэд 30 орчим насны 170 см өндөр махлагдуу залуу орж ирчихсэн “Адуучин энд байна” гэж ярьсан, “би найз нь байгаа юм” гээд байсан. Би согтуу байсан учир унтаад өгсөн. Батнаран нөгөө залуу хоёр хамт гарсан байх гэж бодож байна. Намайг нэг сэрэхэд 2 цагдаа орж ирээд авч яваад саатуулсан. Тэгэхдээ Батнаран Адуучинг сураад орж ирсэн залуу намайг дээрэмдээд бөгж аваад явчихсан гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Нарандуламын өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчим нэг махлаг шар куртиктэй залуу ирээд Хандгайтай юм ярьж байгаад өрүү лүү орсон. 13 цагийн орчим Хандгайгийн нэг найз нь ирээд “2 бөгж, утсаа авъя” гэхээр нь 2 бөгж утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Соёлмандахын өгсөн: “... хүрэн шаргал өнгийн савхитай, 170 см орчим өндөртэй, махлаг эрэгтэй орж ирээд “Хандгай байна уу” гэж асуун орж ирэхэд нь манай буудлын хамгаалагч хийдэг Жавхаа 104 тоотод байгаа гээд оруулсан. Хандгайн нүд нь хөхөрчихсөн, “найз бөгжөө авъя” гэхээр нь 2 бөгжийг гар утастай нь өгсөн. Нөгөө залуу буцаад өрөө лүүгээ орсон. 13 цагийн орчимд Хандгайтай хамт байсан нүд нь хөхөрчихсөн залуу, Хандгайг сураглан орж ирсэн залуутай хамт гараад явсан... харин хамгийн цаана зогсож байгаа бүсэлхийгээрээ шар өнгийн хувцас ороосон махлаг залуу бол нөгөө дээрэмдсэн гээд байгаа залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Жавхлантөгсийн өгсөн: “... удалгүй нүд нь хөхөрчихсөн байсан залуу босч ирээд манай захирлаас “бөгж, утсаа авъя” гэхэд нь манай захирал “чи согтуу байна, эрүүлдээ ирээд ав” гэсэн чинь нөгөө залуу “би эрүүл байна” гэж хэлэн бөгжөө аваад Хандгайг сурж орж ирсэн залуутай гарсан. Тухайн үед Хандгай буудлынхаа өрөөнд унтаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх.36/,

“Дамно” ХХК-й 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б31-19-218 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.39-40/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4316 дугаартай:

“... 1. Н.Батнарангийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, духны зөөдөн эдийн няцрал, хүзүү, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах гэмттыйн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.А нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Батнарангийн 11.83 грамм бүхий монетон бөгжийг хүч хэрэглэн авч 1.017.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Таньж олуулах ажиллагаа явуулсан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл /хх.15-16/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Батнарангийн өгсөн: “... Тэгээд нөгөө залуу миний баруун гарын дунд хуруунд байсан монетон бөгжийг гараас сугалж аваад, миний баруун талын нүд рүү цохиод, машинаас түлхэж унаган, нөгөө машинтайгаа хөдлөөд явчихсан... Харин тэр намайг дээрэмдсэн залуу бол миний гарнаас хүчээр миний бөгжийг мулталж авсан бөгөөд миний баруун гарын дунд хуруу хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пүрэвбаатарын өгсөн: “... Батнаран Адуучинг сураад орж ирсэн залуу намайг дээрэмдэн бөгж аваад явчихсан гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Нарандуламын өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчим нэг махлаг, шар куртиктэй залуу ирээд Хандгайтай юм ярьж байгаад өрүү лүү орсон. 13 цагийн орчим Хандгайн нэг найз нь ирээд “2 бөгж, утсаа авъя” гэхээр нь 2 бөгж, утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Соёлмандахын өгсөн: “... 13 цагийн орчимд Хандгайтай хамт байсан, нүд нь хөхөрчихсөн залуу, Хандгайг сураглаж орж ирсэн залуутай хамт гараад явсан... харин хамгийн цаана зогсож байгаа бүсэлхийгээрээ шар өнгийн хувцас ороосон махлаг залуу бол нөгөө дээрэмдсэн гээд байгаа залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Жавхлантөгсийн өгсөн: “... нүд нь хөхөрчихсөн байсан залуу босч ирээд манай захиралаас “бөгж, утсаа авъя” гэхэд нь манай захирал “чи согтуу байна, эрүүлдээ ирээд ав” гэсэн чинь нөгөө залуу “би эрүүл байна” гэж хэлэн бөгжөө аваад Хандгайг сурж орж ирсэн залуутай гарсан...” гэх мэдүүлэг /хх.36/,

“Дамно” ХХК-й 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б31-19-218 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.39-40/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4316 дугаартай: “... Н.Батнарангийн биед ... баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх.44/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өгсөн: “... би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдах ба шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад эх сурвалжаар тогтоогдохгүй байна.

Харин хохирогч Н.Батнаран зочид буудлаас эд зүйлсээ авч гарсан, тэгэхэд түүнтэй шүүгдэгч Б.А хамт гарсан, хохирогч дээрэмдүүлсэн гэдгээ тэр даруй цагдаад мэдэгдсэн, энэ талаар гэрч С.Пүрэвбаатарт хэлсэн, мөн хохирогчийн сарвуу гэмтсэн зэрэг хоорондоо харилцан уялдаа холбоо бүхий үйл баримт, нөхцөл байдал болон хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогджээ.

Б.А нь “... гэрч,  хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, зочид буудлаас гарах үеийн камерийн бичлэгийг аваагүй, таксины жолоочийг шалгаагүй...” гэх боловч гэрч,  хохирогч нарын мэдүүлгүүд нь ноцтой зөрүүгүй байх бөгөөд хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийх шаардлагагүй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Б.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Б.Ааас 1.017.380 төгрөг гаргуулж хохирогч Н.Батнаранд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь олон удаа ял шийтгэгдэж байсан, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Б.Аад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.Аад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Б.Аыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. А овогт Бы Аыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Б.Аад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1124 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 7 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Аад оногдуулсан нийт 8 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Аыг урьд нь цагдан хорьсон 76 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Ааас 1.017.380 төгрөг гаргуулж хохирогч Н.Батнаранд олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Аад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР