Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 987

 

 

 

 

 

 

 

  2020        05          27                                       2020/ШЦТ/987

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дт холбогдох 1906 02878 0930 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мига макс” барилгын компанид мужаан ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 8 дугаар гудамжны 191 тоотод оршин суух бүртгэлтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан, Б овогт Сийн Д /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Д нь 2019 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай цайз” зочид буудлын гадна хохирогч Г.Пүрэвсүрэнг “чи намайг ахаа гэж дуудсангүй” хэмээн түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед би эхнэр Б.Цэцэгдэмбэрэл, найз нь болох М.Ариунзул нарын хамт Асайт худалдааны төвийн эсрэг талын буудалд орсон. Тэгээд манай эхнэрийн найз М.Ариунзул нь “би эрэгтэй найзыгаа дуудлаа” гэж хэлсэн. Удалгүй сахалтай, бор царайтай, 165 см өндөртэй, махлагдуу залуу орж ирсэн. Тэгээд бид нар танилцаад, тухайн залуу буудлын доод талын караокеноос 0.5 литрийн Хараа, 8 ширхэг шилтэй Нийслэл нэртэй пиво авч уусан. Тэгээд буудалдаа унтах гэхэд М.Ариунзулын найз С.Д /Улаанаа/ гэх залуу намайг буудлаас гаргаж ирээд “чи намайг ахаа гэж дуудсангүй” гэж хэлээд миний нүүр лүү гараараа олон удаа цохиж, газар унагаад толгой руу дэвссэн. Тэгж байхад найз М.Ариунзул салгасан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ариунжаргалын өгсөн: “... Асайт худалдааны төвийн урд талд байрлах буудалд орж байж байгаад найз С.Д /Улаанаа/-ыг дуудсан. Буудалд караокеноос авсан архиа аваад уух гэж байхад Г.Пүрэвсүрэн нь эхнэр Б.Цэцэгдэмбэрэлтэй маргалдаад эхэлсэн ба зодох гээд байхаар нь С.Д /Улаанаа/ боль гээд салгасан. Тэгээд би ариун цэврийн өрөө ороод гарч ирэхэд Г.Пүрэвсүрэнгийн найз гараад явсан. Тэгэхэд С.Д /Улаанаа/ Г.Пүрэвсүрэнг хавсарч унагаад нүүр лүү нь нэг удаа цохих шиг болсон. Тэгээд бид нар хөөгдөөд гарсан. Тухайн үед Г.Пүрэвсүрэнгийн амнаас нь цус гарч байсан. Харин буудлын гадна Г.Пүрэвсүрэн, С.Д /Улаанаа/ нар заамдалцаж байгаад салсан. С.Д /Улаанаа/ тухайн үед эрүүл ирсэн ба буудалд авч ирсэн архинаас уусан...” гэх мэдүүлэг /хх.21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхжаргалын өгсөн: “... 2019 оны 05 сард болсон зодооны талаар хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан С.Д /Улаанаа/ нь “би эхнэр, нөхөр хоёр зодолдоод байхаар нь салгах гэж байгаад нөхрийг нь ганц хоёр цохьчихлоо, тэгэхэд эхнэр нь өмөөрөөд цагдаад өгчихлөө” гэж хэлж байсан Өөрийнх нь биед гэмтэл байсан эсэхийг би анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5772 дугаар:

“1. Г.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарын нуруу, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Д нь 2019 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай цайз” зочид буудлын гадна хохирогч Г.Пүрэвсүрэнг “чи намайг ахаа гэж дуудсангүй” хэмээн түүний нүүрэн тус газар гараараа цохиж, тархи доргилт, хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... Тэгээд буудалдаа унтах гэхэд М.Ариунзулын найз С.Д /Улаанаа/ гэх залуу намайг буудлаас гаргаж ирээд “чи намайг ахаа гэж дуудсангүй” гэж хэлээд миний нүүр лүү гараараа олон удаа цохиж, газар унагаад толгой руу дэвссэн...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ариунжаргалын өгсөн: “... С.Д /Улаанаа/ Г.Пүрэвсүрэнг хавсарч унагаад нүүр лүү нь нэг удаа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх.21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхжаргалын өгсөн: “... С.Д /Улаанаа/ нь “би эхнэр, нөхөр хоёр зодолдоод байхаар нь би салгах гэж байгаад нөхрийг нь ганц хоёр цохьчихлоо, тэгэхэд эхнэр нь өмөөрөөд цагдаад өгчихлөө” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5772 дугаар:

“1. Г.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарын нуруу, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.31/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

С.Дын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Г.Пүрэвсүрэнгийн баримтаар нэхэмжилсэн 128.000 төгрөгийг шүүгдэгч С.Доос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Г.Пүрэвсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Доос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.Дт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Д нь эрхэлсэн тодорхой ажилтай гэх боловч энэ талаар нотлох баримтгүй учир түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч С.Дт оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 Шүүгдэгч С.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Сийн Дыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Дт сануулсугай.

4. С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Доос 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Пүрэвсүрэнд олгосугай.

          6. Хохирогч Г.Пүрэвсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Доос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР